| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/25001/И |
| Дугаар | 197/ШШ2026/01883 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2026/01883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, *******,******* тоотод оршин суух ******* овогт ******* /рд:*******/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, *******,*******,*******,, тоотод оршин суух /рд:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, , тоотод оршин суух овогт /рд:/-д холбогдох,
Хохирол 5,772,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.******* /хамтран нэхэмжлэгч С.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/, хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Г.******* нар нь хариуцагч П.ад холбогдуулан “...2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 392,400 төгрөг, мотоциклд учруулсан хохирол 4,744,000 төгрөг, үнэлгээний зардал 316,000 төгрөг, оношилогооны хөлс 100,000 төгрөг, үнэлгээ хийлгэхээр хүргүүлсэн 120,000 төгрөг, ачилтын газрын төлбөр 100,000 төгрөг, нийт 5,772,400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “...нэхэмжлэгч Г.******* нь хурд хэтрүүлж явсан, миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, мөн Г.******* нь замын цагдаагийн албан хаагчид нөлөөлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн татгалзжээ.
2. 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 09:48 цагт Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо сонор плазагийн урд замд нэхэмжлэгчийн эзэмшлийн УН улсын дугаартай kawasaki ninja маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч П. УБЗ улсын дугаартай prius маркийн авто машинаар мөргөж Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.4 дэх заалтыг зөрчсөн болох нь Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан 2025 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн магадалгаа, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Талууд дээрх осол хэний буруугаас болсон эсэхэд маргасан бөгөөд хариуцагч талаас “...нэхэмжлэгч Г.******* нь хурд хэтрүүлж явсан, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон, замын цагдаагийн албан хаагч дүгнэлт гаргахад хөндлөнгөөс нөлөөлсөн” гэж тайлбар гаргах боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул татгалзал үндэслэлгүй.
4.1 П. Замын цагдаагийн газрын осолтой холбоотой магадалгаа, тэмдэглэл зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэдий ч эрх зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, П.ад шийтгэл оногдуулсан, хариуцагч шийтгэлийн дагуу торгууль 100,000 төгрөгийг сайн дураар биелүүлсэн нь 0991149 дугаар шийтгэлийн хуудас, төлбөрийн баримтаар тогтоогдсон болно.
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0725/10043 тоот шинжээчийн дүгнэлтээр ослын улмаас нэхэмжлэгч Г.*******ын биед зүүн мөрөнд няцарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл, зүүн мөр, бүсэлхий, баруун шуу, зүүн бугалгат зулгаралт, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогджээ.
2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 13:09 цагт нэхэмжлэгч Г.******* “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д үзүүлсэн зөвлөгөөнд бусад шинжилгээтэй харьцуулан дүгнэлт хийж онош тавина уу гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Медтравма” эмнэлэгт дүрс оношилгооны шинжилгээ өгч төлбөрт 330,000 төгрөг төлсөн нь и баримтын тасалбар, үзлэгийн хуудас зэргээр нотлогдсон, гарын шууны бэхэлгээ 62,400 төгрөг гэх баримт хавсарган уг төлбөрийг нэхэмжилсэн нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтэд дурдсан гэмтэлтэй таарч байх тул эрүүл мэндэд учруулсан хохирол хэмээн эдгээр 392,400 төгрөгийг шаардсан нь хуульд нийцсэн байна.
6. УН улсын дугаартай kawasaki ninja маркийн тээврийн хэрэгсэлд 4,744,000 төгрөгийн хохирол учирсан нь “Бэст эстимэйнт” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлангаар нотлогдож байх тул уг нэхэмжлэл үндэслэлтэй.
6.1 “Бэст эстимэйнт” ХХК-иар тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд үнэлгээ хийлгэсэн зардал 316,000 төгрөг, оношилогооны хөлс 100,000 төгрөг, үнэлгээ хийлгэхээр хүргүүлсэн 120,000 төгрөг, ачилтын газрын төлбөр 100,000 төгрөг тус тус Г.******* төлсөн болох нь кассын орлогын ордер, нэхэмжлэх төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт /х.х 38-42 тал/ зэргээр нотлогдсон, эдгээр зардал нь гэм хорын улмаас учирсан хохиролд тооцогдох тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл С.ийн эзэмшил болохыг нотлохоор нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар нэхэмжлэлд ирүүлж, Г.*******од нэхэмжлэгчийн бүх эрхийг олгосон итгэмжлэл өгсөн болно.
7. Иймд хариуцагч П.аас 4,744,000 төгрөг гаргуулж С.д, 1,028,400 төгрөг гаргуулж Г.*******од тус тус олгож шийдвэрлэв.
8. Шүүхийн зардал: Нэхэмжлэл хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч П.аас 4,744,000 төгрөг гаргуулж С.д, 1,028,400 төгрөг гаргуулж Г.*******од тус тус олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 107,309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.аас 107,309 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт /Г.*******од/ олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН