| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/02696/И |
| Дугаар | 210/МА2018/02423 |
| Огноо | 2018-12-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2018/02423
| 2018 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2018/02423 |
Т.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03001 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Т.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ш сургуульд холбогдох
Ажилгүй байсан хугацааны олговорт 6 538 900 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш сургуульд нарийн бичгээр ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж буцаад ажилдаа томилогдсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар намайг Ш сургуулийн нарийн бичгийн ажилд эргүүлэн томилж, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг талууд эс зөвшөөрч гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Ш сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 тоот тушаалаар намайг ажилд эгүүлэн томилсон. Шүүхийн шийдвэр гарч хариуцагч тал намайг ажилд эгүүлэн томилох хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 7 сар 16 хоног /ажлын 165 хоног/ ажилгүй байсан хугацааны /7 сар х 869 095 = 6 083 665 төгрөг, ажлын 11 хоног х 41 385 = 455 235 төгрөг/ цалинд нийт 6 538 900 төгрөгийг Ш сургуулиас гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Х-ын нэхэмжлэлтэй Ш сургуульд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2832 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн ба шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... хариуцагчаас 6 456 060 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох гэж заасан. Уг шийдвэрийг үл зөвшөөрч хариуцагч тал давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийг 103 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1 778 612 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Магадлалыг Улсын дээд шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан өдрөөс эхлэн хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл байдал үүссэн. Энэ өдрөөс хариуцагч тал нэхэмжлэгчтэй уулзаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр түүний ******** дугаарын утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Түүний өмгөөлөгчөөс ******** дугаарын утастай гэж мэдээд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр холбогдож, мөн оны 06 дугаар сарын 07-ны өдөр Т.Х ажилдаа эргэж орох тухай хүсэлт гаргаж, мөн сарын 11-ний өдөр түүнийг тушаал гаргаж ажилд нь томилсон. Иймд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Ш сургуулиас 1 455 228 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Х-д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 083 672 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 119 572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38 572 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03001 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс эөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Шүүх шийдвэрийн үндэслэлдээ хэрэг маргаан давж заалдах болон хяналтын журмаар хянагдаж байх хугацааны ажилгүй байсан хугацаанд цалин олговор олгох үндэслэлгүй, харин Хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг төлүүлэх үндэстэй гэсэн дүгнэлт хийсэн нь ИХШХШТХ, Хөдөлмөрийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил албан тушаалд нь эргүүпэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.
Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан Шинэ Эхлэп лаборатори сургуулиас 6 538 900 төгрөг гаргуулж, дээрхи хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэн, бичилт хийхийг даалгаж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
Хариуцагч Ш сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 6 538 900 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Т.Х-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан тул давж заалдах гомдол гаргаж, 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Т.Х ажилдаа эргэж орох талаар хүсэлт гаргаагүй, шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т.Х-ын Ш сургуулийн нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02832 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 103 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/00641 дүгээр тогтоолоор Т.Х-ыг Ш сургуулийн нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 1 778 612 төгрөгийн олговрыг Ш сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр байна. /хэргийн 5-14 дүгээр тал/ Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагч байгууллагын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 тоот тушаалаар нэхэмжлэгчийг нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа эгүүлэн томилогдоогүй буюу цалин хөлс аваагүй болох нь тодорхой байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 120 дугаар зүйлийн 120.2.3-т зааснаар Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж дүгнэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олгворыг Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс тооцож хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаа нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг шууд тодорхойлохгүй юм.
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгчийн 1 өдрийн цалин, түүнтэй адилтгах орлогыг 40 423 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврэлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тогтоогдсон үйл баримт болох тул шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн томилсон 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 157 хоногийн цалин 6 346 411 /157 x 40 423 / төгрөгийг хариуцагч Ш сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш сургуулиас 6 346 411 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Х-од олгож, уг мөнгөнөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 192 489 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг 38 572 гэснийг 116 492 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
С.ЭНХТӨР