| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0464/Э |
| Дугаар | 481 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Л.Х,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,
нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Л-гийн Х-т холбогдох эрүүгийн 1810 0179 90537 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Л.Х нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэн С.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшин хууль бусаар нэвтрэн орж монетон гинжийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Л.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би тэр өдөр хохирогчийн гэрийн цоожийг эвдсэн төмрийг газраас олж аван хөшиж онгойлгон эвдэж орсон. Би хулгай хийх зорилгоор айлд орсон. Урьд хохирогчийнд 1-2 удаа орж байсан. Авсан зүйлээ өөрийнхөө нэрээр ломбарданд тавьж, 210.000 төгрөг авсан. Тэгээд тухайн үед асуудалтай байсан учир уг мөнгөөрөө архи уугаад дуусгасан. Би архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй юм. Би 1.000.000 төгрөгийн цалинтай, барилгын компанид шаварчин хийдэг. Уг цалингаараа хохирогчийн гинжийг ломбарднаас авч хохирогч Б-д буцаан өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1810017990537 дугаартай хэргээс:
1. Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-8х/,
2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 28.5 см урттай, 1.5 см диаметртэй зэвэрч өнгө алдсан хуучин төмрийг Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 9х/,
3. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад эхнэр А-ийн хамт гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан. Үдээс хойш 17 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн эд зүйл байрнаасаа нээх хөдлөөгүй байсан ч хулгай орсон байж магадгүй гээд цагдаад дуудлага өгсөн. Гэтэл гэрээс юм алдагдаагүй байсан тул цагдаад өгсөн дуудлагаа буцаасан. Тэгтэл манай эхнэр “гудсан доор хийсэн монетон гинж байхгүй байна” гээд хайгаад олоогүй. 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хөрш айлын залуу Х-аас монетон гинжээ асуухад “би ломбарданд тавьчихсан байгаа, цалингаа буухаар аваад өгнө” гэж хэлэхээр нь цагдаад мэдэгдсэн.
Л.Х-ыг манай хөрш айлын залуу гэдгээр нь зүс танина, хааяадаа манай гэрээр орж гардаг байсан. Гэхдээ манай гэрийг эзэнгүй байхад дураараа орж гарах эрхтэй хүн биш. Би алдагдсан монетон гинжийг 3-4 жилийн өмнө 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай гэрээс монетон гинжнээс өөр эд зүйл алдагдаагүй. Гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгосон боловч эвдрээгүй байсан учраас цоожоо нэхэмжлэхгүй. Надад хэрэгтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй, монетон гинжээ буцаан авсан учраас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-16х/,
4. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Х-ыг зүс танина. Манай охин Э-тэй үерхэж байсан, мөн манай хөрш айлын залуу гэдгээр нь танина. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө нөхөр Б-ын хамт гэрээсээ гараад явсан. Орой 17-18 цагийн хооронд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн байсан. Тэгэхээр нь хулгай орсон байх гээд цагдаад дуудлага өгсөн чинь гэрээс юм алдагдаагүй байсан тул цагдаад өгсөн дуудлагаа буцаасан. Тэгээд дараа нь би гудсан доор байсан монетон гинжээ ломбарданд тавих гээд хайгаад олоогүй. Манай нөхөр хажуу айлын залуу Х-ын гэрт нь орж миний монетон гинжийг асуухад ломбарданд тавьчихсан байгаа, цалингаа буухаар аваад өгнө гэж хэлсэн учраас цагдаад мэдэгдсэн.
Х нь манай охинтой удаан үерхээгүй. Гэрээр орж гарч байгаагүй. Манай гэрийг эзэнгүй байхад хаалгыг эвдэж орох, эд зүйл дураараа авах эрх Х-т байхгүй. Монетон гинжийг би зүүдэг боловч нөхөр бид хоёрын дундын өмч гэсэн үг. Би элэгний хавдрын хагалгаанд орсон, одоо дахиад хагалгаанд орох гэж байгаа учраас нөхрөө хохирогчоор оролц гэсэн юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,
5. Хэрэгт шинжээчээр ажилласан хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХУ2-18-520 тоот дүгнэлтэд:
“...Хохирогч С.Б-ын гэрээс алдагдсан гэх монетон гинжний үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 07 сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 28-29х/,
6. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 10-11х/,
7. Шүүгдэгч Л.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би бага зэрэг уншиж чадна, бичихдээ муу. Надад ...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажлынхантайгаа архи уугаад гэртээ хоносон. Тэгээд маргааш нь миний гар утас алга болчихоод гар утсаа хайгаад олоогүй. Намайг архи ууж байхад манай хажуу айлын Б ах гэрт орж ирээд гарч байсныг би санаад 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б ахаас утсаа асуухаар гэрт нь очиход гэр нь цоожтой байсан учраас би газраас төмөр аваад гэрийнх нь цоожны цүүг эвдэж гэр рүү нь ороод утсаа хайтал байхгүй байсан.
Утсаа хайж байхдаа орны гудсан доор монетон гинж байхыг хараад тэр гинжийг аваад гэрийнх нь цоожийг буцааж хийгээд хаалгыг нь хаагаад гарсан. Тэгээд би гэртээ хариад Сансар луу яваад гинжийг нь ломбарданд 210.000 төгрөгөөр тавьсан. Мөнгөөрөө архи авч уучихаад Б ахад монетон гинжийг нь авсанаа хэлэхээ мартсан байсан. Би уг мөнгийг хэрэглэчихээд цалингаа буухаар буцаагаад өгье гэж бодсон юм.
Би ганцаараа явж байгаад ломбарданд гинжийг тавьсан. Дараа нь өөрийнхөө бичиг баримтаар очоод монетон гинжийг ломбарднаас аван Б ахад буцааж өгсөн. Би дахиж ийм хэрэг хийхгүй, дахиж алдаа гаргахгүй, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-42х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 48х, 51-53х/, иргэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 46х/, гэрч Л.Б, М.Г нарын мэдүүлэг /хэргийн 20-22х, 25-26х/, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 57х/, “Г” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 56х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Х-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Х нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэн С.Б-ын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж гэрт нь нэвтрэн орж, улмаар орны гудсан дор байсан монетон гинжийг хулгайлан авч, барьцаалан зээлдүүлэх газарт 210.000 төгрөгийн барьцаанд тавьж, мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- хохирогч С.Б-ын: “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад эхнэр А-ийн хамт гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан. Үдээс хойш 17 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн эд зүйл байрнаасаа нээх хөдлөөгүй байсан ч хулгай орсон байж магадгүй гээд цагдаад дуудлага өгсөн. Гэтэл гэрээс юм алдагдаагүй байсан тул цагдаад өгсөн дуудлагаа буцаасан. Тэгтэл манай эхнэр “гудсан доор хийсэн монетон гинж байхгүй байна” гээд хайгаад олоогүй. 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хөрш айлын залуу Х-аас монетон гинжээ асуухад “би ломбарданд тавьчихсан байгаа цалингаа буухаар аваад өгнө” гэж хэлэхээр нь цагдаад мэдэгдсэн.
Л.Х-ыг манай хөрш айлын залуу гэдгээр нь зүс танина, хааяадаа манай гэрээр орж гардаг байсан. Гэхдээ манай гэрийг эзэнгүй байхад дураараа орж гарах эрхтэй хүн биш. Би алдагдсан монетон гинжийг 3-4 жилийн өмнө 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай гэрээс монетон гинжнээс өөр эд зүйл алдагдаагүй. Гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгосон боловч эвдрээгүй байсан учраас цоожоо нэхэмжлэхгүй. Надад хэрэгтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй, монетон гинжээ буцаан авсан учраас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-16х/,
- гэрч Б.А-ийн: “...Би Х-ыг зүс танина. Манай охин Э-тэй үерхэж байсан, мөн манай хөрш айлын залуу гэдгээр нь танина. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө нөхөр Б-ын хамт гэрээсээ гараад явсан. Орой 17-18 цагийн хооронд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн байсан. Тэгэхээр нь хулгай орсон байх гээд цагдаад дуудлага өгсөн чинь гэрээс юм алдагдаагүй байсан тул цагдаад өгсөн дуудлагаа буцаасан. Тэгээд би гудсан доор байсан монетон гинжээ ломбарданд тавих гээд хайгаад олоогүй. Манай нөхөр хажуу айлын залуу Хын гэрт нь орж миний монетон гинжийг асуухад “ломбарданд тавьчихсан байгаа, цалингаа буухаар аваад өгнө” гэж хэлсэн учраас цагдаад мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,
- хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-8х/,
- хэргийн газрын үзлэгээр хураан авсан 28.5 см урттай, 1.5 см диаметртэй зэвэрч өнгө алдсан хуучин төмрийг Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 9х/,
- хохирогч С.Б-ын гэрээс алдагдсан гэх монетон гинжийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 07 сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХУ2-18-520 дугаартай үнэлгээний тайлан,
- шүүгдэгч Л.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж үнэ төлбөргүйгээр, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр авсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцох ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болно.
Шүүгдэгч Л.Х нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэн С.Б-ын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж хууль бусаар нэвтрэн орж, гэрийн доторхи орны гудсан доор байсан монетон гинжийг авч, улмаар уг эд зүйлийг барьцаалан зээлдүүлэх газарт 210.000 төгрөгийн барьцаанд тавьж, мөнгийг нь өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Х нь хохирогч С.Б-ын гэрт нэвтрэн ороход ашигласан гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28.5 см урттай, 1.5 см диаметртэй зэвэрч өнгө алдсан хуучин төмөр нь тухайн өдөр хохирогч С.Б-ын хашаан дотор газарт байсныг шүүгдэгч авч ашигласан гэх ба уг гэмт хэргийг үйлдэхийн тул тухайн төмрийг зориуд тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулаагүй байх тул уг хэрэгсэл буюу төмөр нь “..., эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан ..., эд зүйл, хэрэгсэл буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэх ойлголтод хамаарахгүй юм.
Хэрэгт шинжээчээр ажилласан эд хөрөнгийн үнэлгээ тогтоох эрх бүхий хөрөнгийн үнэгээний “Д” ХХК-ийн үнэлгээчээс хохирогч С.Б-ын хулгайд алдагдсан монетон гинжийг 430.000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээний тайлан баримт /хэргийн 29х/ хэрэгт авагдсан ба уг үнэлгээг хохирогч, шүүгдэгч талууд хүлээн зөвшөөрч, маргаагүй, зохих дадлага, туршлага бүхий, эрх бүхий мэргэжлийн үнэлгээчин дүгнэлт гаргасан байх тул шүүх хууль ёсны үнэн зөвд тооцож, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нийт 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гэж тогтоосныг үндэслэл бүхий гэж үзэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Х-ын дээрх гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Л.Х-ыг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Хэргийн шүүгдэгч Л.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох бөгөөд “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” замаар гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээж хохирлыг нөхөн төлүүлэх талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.
Хэргийн шүүгдэгч Л.Х нь өөрийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-д учирсан эд хөрөнгийн хохирол болох 430.000 төгрөгийн үнэ бүхий монетэн гинжийг түүнд биет байдлаар нь буцаан өгсөн нь хэрэгт авагдсан Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримт /хэргийн 10-11х/, хохирогч С.Б-ын “...Гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгосон боловч эвдрээгүй байсан учраас цоожоо нэхэмжлэхгүй. ...монетон гинжээ буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/ нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Х нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр таван сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, уг ялыг биеэр эдэлж 2016 оны 08 сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 48х, 51-53х/ баримтууд тус тус хэрэгт авагдсан.
“Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн өмнө хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй юм.
Шүүгдэгч Л.Х нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх, шүүгдэгч Л.Х-т эрүүгийн харуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28.5 см урттай, 1.5 см диаметртэй зэвэрч өнгө алдсан хуучин төмөр 1 ширхэгийг зохих журмын дагуу устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй. хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж овогт Л-гийн Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Л.Х-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Х-т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28.5 см урттай, 1.5 см диаметртэй зэвэрч өнгө алдсан хуучин төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт Л.Х нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Л.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД