Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1294

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн ҮД:08-13,

хохирогч Ц.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын  газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О.Г

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар овогт О.Гхолбогдох эрүүгийн 1803 0054 30303 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

О.Г нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны зам “Од” төвийн баруун замд Б.Мөнх-Алдарын эзэмшлийн “Nissan Condor” маркийн 57-41 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.10 “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-ээр энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ (эсвэл хөвөө)-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Баярмагнайгийн жолоодож явсан 57-41 УБС улсын дугаартай Х.Верна маркийн 63-08 ХЭА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц.Д эрүүл мэндэд хүнд, П.Энхсайханы эрүүл мэндэд хөнгөн, Э.Наранжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Х.Верна” маркийн тээврийн хэрэгсэлд 1.163.500 төгрөгийн шууд, 1.506.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: Хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр ярьсан тул ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Дмэдүүлэхдээ: Эмчилгээний зардлаа  болон цаашид гарах  эмчилгээний зардлаа гаргуулах саналтай байна   гэв.

          Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14 дүгээр тал/,

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ё.Энхтүвшингийн: ...Э.Наранжаргал миний төрсөн охин байгаа юм. Одоо 9 настай. Тухайн өдөр осолд орсон талаар сонсож мэдсэн. Биеийн байдал зүгээр байгаа. Жолооч О.Гаас охины эмчилгээнд мөнгө төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар тал/,

           Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч П.Энхсайханы: ...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Нарантуул” зах дээрээс Хэнтий аймгийн суудлын автомашинд суугаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум орохоор хөдлөөд явсан. Тухайн өдөр би ганцаараа явсан. Машинд жолоочоос гадна 2 том хүн, 2 хүүхэд явсан. Би жолоочийн хажуу талын урд сандалд сууж явсан. Машины жолооны хүрд нь зүүн гар талдаа байсан. Би тухайн өдөр урагшаагаа зам руугаа хараад явж байсан. “Нарантуул” захаас гараад урд замаар 2 дугаар эгнээгээр явж байхад миний баруун гар талд явсан том крантай ачааны автомашин зүүн гар тал руугаа жолоогоо дараад манай машины урдуур хөндөлдөөд ороод ирсэн. Манай машины жолооч нь тоормос гишгээд л нөгөө машины хажуу талаас  нь очиж мөргөөд зогссон. Би сууж явсан машиныхаа жолоочийг танихгүй. Дунд зэргийн хурдтай л явсан. Жолоочоос 500.000 төгрөг эмчилгээнд гэж өгсөн. Жолоочийн өгсөн мөнгийг эмчилгээнд зарцуулсан. Өөр баримт гараагүй байна. Эм тариа авсан мөнгөний баримт, гэрэл зураг зэргийг автобусанд хаячихсан. Одоо надад үзүүлэх юм байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Б.Мөнх-Алдарын: ...Машинаа үзэж харсан. Машиндаа үнэлгээ хийлгээгүй, эвдрэлийн үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. Машиныг засаж янзалсан. Танина. Манай “Өндөр сант” ХХК-д жолоочоор ажилладаг юм. Ганбат ажилдаа сайн, ямар нэгэн муу зуршил байхгүй. Жолооч өөрөө гэмтсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Баярмагнайн:... 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд “Нарантуул” зах дээрээс өөрийн нутгийн гурван том хүн, хоёр хүүхэд аваад өөрийн эзэмшлийн 63-08 ХЭА улсын дугаартай “Х.Верна” маркын автомашиныг жолоодоод ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийшээгээ Нарантуулын урд талын замаар 2-р эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтай 1-2км газар явж байхад 1-р эгнээнд явсан ачааны крантай автомашин гэнэт зүүн гар тийшээгээ буюу миний урдуур жолоогоо дараад ороод ирэхээр нь шууд тормос гишгээд л уг машины зүүн талд очиж мөргөж зогссон. Машины урд жолоочийн хажуу талд нэг настай эмэгтэй сууж явсан. Бусад нь арын суудалд сууж явсан. Би 102, 103 руу утсаар дуудлага өгсөн. Эхлээд түргэн ирээд  Дамчаасүрэн болон настай эмэгтэй эгч, нэг хүүхдийг аваад явсан. Дараа  нь замын цагдаа ирээд хэмжилт хийсэн...гэх мэдүүлэг /хх-н 85-86 дугаар тал/,  

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Ц.Д:...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Хэнтий аймаг явахаар “Нарантуул” зах орж “Х.Верна” маркын нутгийнхаа машинд суусан. Жолоочийг танина. Би тухайн өдөр ганцаараа явсан. Надаас гадна нэг эрэгтэй, нэг эмэгтэй, 10 насны 2 хүүхэд явсан. Би арын сандалд сууж явсан. Ингээд 16 цагийн орчимд “Нарантуул” захаас хөдлөөд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийшээгээ явсан. Би тухайн үед жолоочийг хэддүгээр эгнээгээр явсныг анзаараагүй. Гэнэт манай машины урдуур цагаан өнгийн машин ороод ирэх шиг болсон. Би нэг мэдэхэд ухаан алдсан байсан. Сүүлд харахад том цагаан машинтай манай машин мөргөлдсөн байсан. Гэмтлийн эмнэлэгт 10 гаруй хоног хэвтэж эмчлүүлсэн. Хагалгаанд орсон. Гомдолтой байна. Зүгээр явж байгаад осолд орж биедээ гэмтэл  авсан. Одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-н 19-20 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн О.Гын:...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд Мөнх-Алдарын эзэмшлийн 57-41 УБС улсын дугаартай “Н.Кондор” маркын автомашиныг жолоодоод ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийшээгээ 1-р эгнээгээр явж байгаад буцаж эргэхээр болоод зүүн гар тийшээгээ эргэх дохиогоо өгөөд зүүн талынхаа толиндоо харахад 2 дугаар эгнээгээр нилээд зайтай цагаан өнгийн “Х.Верна” маркын машин ирж байхаар нь амжина гээд зүүн гар тийшээ эргэж орох үед нөгөө машин миний зүүн хажуу талаас ирж мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-н 151 дүгээр тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрэлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №8021 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд:

          1. Ц.Д биед хүзүүний 2-р нугаламын их биеийн болон зүүн үеийн сэртэнгийн хугарал, хүзүүний 5, 6 нугаламын их биеийн болон арын нервал аркны хугарал, духанд шарх, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх духанд дахь шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал автын ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          3. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь  эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

          4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-н 115 дугаар тал/,

          - Ц.Д хохирлын баримт /хх-ийн 24-28, 30-49, 50-63 дугаар тал/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрэлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №7904 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд:

          1. П.Энхсайханы биед тархи доргилт, баруун нүдний ухархайн гадна хана, хамар, хамар ясны хугарал, доод, зовхи, хацар, шанаа, эрүү, баруун мөр, суга, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацаарт шарх, зулгаралт,  баруун дээд зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-н 131 дүгээр тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрэлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №7871 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд:

          1. Э.Наранжаргалын биед дух, хамрын зүүн угалз, баруун хацрын зулгаралт, цох, хамрын угийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-н 133 дугаар тал/,

          - Шүүгдэгч О.Гын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 152, 153, 157, 161, 163-166 дугаар тал/,

          - “Ашид-Билгүүн” ХХК-н автомашины хохиролд хийсэн үнэлгээ /хх-н 137-140 дүгээр тал/,

          - Хохирол төлсөн баримт /хх-ийн 167-169 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг   шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: О.Г нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны зам “Од” төвийн баруун замд Б.Мөнх-Алдарын эзэмшлийн “Nissan Condor” маркийн 57-41 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.10 “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-ээр энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ (эсвэл хөвөө)-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Баярмагнайгийн жолоодож явсан 57-41 УБС улсын дугаартай Х.Верна маркийн 63-08 ХЭА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц.Д эрүүл мэндэд хүнд, П.Энхсайханы эрүүл мэндэд хөнгөн, Э.Наранжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Х.Верна” маркийн тээврийн хэрэгсэлд 1.163.500 төгрөгийн шууд, 1.506.000 төгрөгийн нийт хохирол учруулсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч О.Г нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны зам “Од” төвийн баруун замд Б.Мөнх-Алдарын эзэмшлийн “Nissan Condor” маркийн 57-41 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.10 “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-ээр энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ (эсвэл хөвөө)-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Баярмагнайгийн жолоодож явсан 57-41 УБС улсын дугаартай Х.Верна маркийн 63-08 ХЭА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц.Д эрүүл мэндэд хүнд, П.Энхсайханы эрүүл мэндэд хөнгөн, Э.Наранжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Х.Верна маркийн тээврийн хэрэгсэлд 1.163.500 төгрөгийн шууд, 1.506.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, автмашины үнэлгээний тайлан, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

          Тээврийн Прокурорын газраас О.Гын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

Шүүгдэгч О.Гын гэм буруугийн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Шүүгдэгч О.Г нь хохирогч Б.Энхсайханы хохиролд 500.000 төгрөгийг төлсөн байна. /хх-н 167 дугаар тал/

Мөн иргэний нэхэмжлэгч Д.Баярмагнайд 1.510.000+400.000=1.910.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. /хх-н 96-97 дугаар тал/

Хохирогч Ц.Днь эмчилгээний зардлын баримт 2.174.846 төгрөгийн баримтыг хавтаст ирүүлсэн байх ба шүүгдэгч О.Г нь түүний хохиролд бэлнээр 1.500.000 төгрөгийг, банк хоорондын шилжүүлгээр 2.000.000 нийт 3.500.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь оролцогчдын тайлбар, “ХААН” банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-н 23-28 дугаар тал/

Харин Ц.Днь өдөр тутамын хүнсний зардалд зарцуулсан 4.210.915 төгрөгийн бичгийн нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлснийг шүүгдэгч О.Гаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. /хх-н 29-49 дүгээр тал/ Иймд О.Гыг нотлох баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ц.Днь бусад гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно. 

Шүүгдэгч О.Г нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 163-166 дугаар тал/

Шүүгдэгч О.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч О.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

          Шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Дамчаасүрэнд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлж, гэмшиж буйгаа илэрхийлж байх тул хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.  Шар овогт О.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд,  хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан О.Гтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д   зааснаар  О.Г  нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  О.Г  тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

          5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар О.Гын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  нарт  одоогоор  нотлох баримтаар төлөх  төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

            7. Хохирогч Ц.Днь бусад гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.     

         8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгт хураагдан ирсэн О.Гын “В” ангилалын 784157 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.

          10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба О.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          11. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

          12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.АЛТАНЦЭЦЭГ