Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01654

 

 

 

 

Б.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01365 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А ын хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан, гэм хорын хохирол 4 600 656 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.А нь “Э” ХХК-д 2016 оны 07 сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл төлөвлөлтийн инженерээр ажилласан ба “Э” ХХК-ийн захирлын 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 0-0000/00 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг 3 жил 3 сарын хугацаанд тасралтгүй төлсөн тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн. Ингээд ажилгүйдлийн тэтгэмж авах талаар өөрийн оршин суух Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч ажил олгогч нь 2018 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, өртэй гэсэн шалтгаанаар тэтгэмж олгох боломжгүй гэсэн. Энэ талаар 2019 оны 10 сарын 09-ний өдөр “Э” ХХК-ийн Санхүүгийн албанд өргөдөл гаргахад ажилгүйдлийн тэтгэмжийг компаниас өгнө гэсэн атлаа 4 сарын дараа олгох боломжгүй гэсэн. Хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Б.А Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан 4 100 656 төгрөгийг авч чадаагүй. Иймд ажилгүйдлийн тэтгэмж, өмгөөлөгч хөлсөлсөн зардал 500 000 төгрөг, нийт 4 600 656 төгрөгийг нэрээ өөрчилсөн ажил олгогч хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 6 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж олголт хийх үүргийг хүлээхээр тусгасан. Нэхэмжлэгч Б.А холбогдох материалыг хуулийн хугацаанд бүрдүүлэн харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч “Б” ХХК нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөлтийн өртэй гэсэн шалтгаанаар ажилтны материалыг хүлээн авалгүй буцаасан байдаг. “Б” ХХК-ийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг cap бүр тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай гэрээг Нийгмийн даатгалын байгууллагатай байгуулж, шимтгэлийн төлөлтийг хийж ирсэн. 2019 оны 2 дугаар хагас жилд гэхэд 2 798 331 969 төгрөгийн өрийг төлсөн байдаг. Нийгмийн даатгалын байгууллага болон аж ахуйн нэгж байгууллага хоорондын төлбөр тооцооны асуудлаас шалтгаалан даатгуулагч ажилтны эрх ашиг хохирох нөхцөл байдал бүрдсэн. Уг асуудлыг ажилтны эрх ашигт нийцүүлэн боломжит байдлаар шийдвэрлэхийг зорьж “Б” ХХК Нийгмийн даатгалын байгууллагад хандан удаа дараа хүсэлт гаргасан. Ингэхдээ нэхэмжлэгч Б.А т нийгмийн даатгалын сангаас олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийг компани өөрийн дотоод санхүүжилтээр шийдвэрлэн олгох, тухайн олгосон санхүүжилтийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2020 онд үүсэх нийгмийн даатгалын шимтгэлээс суутгуулан тооцуулах замаар асуудлыг шийдвэрлэхийг хүссэн боловч Нийгмийн даатгалын байгууллага хүсэлтийг хүлээн аваагүй болно. “Б” ХХК өөрийн үйл ажиллагааны хүрээнд 1300 гаруй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаа. Шимтгэл төлөлтийн хэмжээ их байгаагаас 2018, 2019 оны шимтгэл төлөлт хоцорсон нь үнэн. Гэвч хуульд заасан үүргээ ухамсарлан нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлөлтийг хийж ирсэн. Гэтэл нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзсан эс үйлдэхүйтэй холбоотой. Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар дээрх эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч гомдол гаргах боломжтой. Тус байгууллагын хариуцлагыг ажил олгогч дангаар үүрэх нь шударга ёсонд нийцэхгүй. Манай зүгээс тэтгэмжийн 50 хувийг төлөх саналтай байсан боловч 4 100 656 төгрөгийг эрх бүхий этгээд бус өмгөөлөгч тооцоолон тодорхойлсон байх тул зөвшөөрөхгүй. Мөн өмгөөллийн зардлыг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Б” ХХК-аас 4 100 656 төгрөг гаргуулж Б.А т олгож, үлдэх 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88 561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80 560 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 6 дугаар зүйлд тус тус зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн өргөдлийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авч шалгаж, тэтгэмжийн хувийн хэрэг нээж, олгох тэтгэмжийн хэмжээг холбогдох аргачлалын дагуу тооцох, тэтгэмжийн олголтыг хийх үүргийг хүлээхээр тусгасан. Гэтэл энэ журам аргачлалаар бодуулж баталгаажуулаагүй 4 100 656 төгрөгийн үнийн дүнг шүүх хангасан нь үндэслэлгүй байна. “Б” ХХК нь Нийгмийн даатгалын байгууллагад хандан удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд Б.А т нийгмийн даатгалын сангаас олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийг компани өөрийн дотоод санхүүжилтээр шийдвэрлэн олгох ба тухайн олгосон санхүүжилтийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2020 онд үүсэх нийгмийн даатгалын шимтгэлээс суутгуулан тооцуулах замаар асуудлыг шийдвэрлэхийг хүссэн боловч Нийгмийн даатгалын байгууллага хүсэлтийг хүлээн аваагүй. “Б” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаарх хуульд заасан ажил олгогчийн үүргээ ухамсарлан нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний хуваарийн дагуу төлөлтийг хийж ирсэн. Гэтэл нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзсан эс үйлдэхүйн улмаас үүсэх эрх зүйн үр дагавар, хариуцлагыг ажил олгогч дангаар үүрэх нь шударга ёсонд үл нийцнэ. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар дээрх эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар өөрийн оршин суух газрын харьяа Сонгино Хайрхан Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргах боломжтой тул манай компани тухайн ажилгүйдлийн тэтгэмжийг дахин давхардуулж олгох үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирсон гэж 4 100 656 төгрөг, үүнтэй холбоотой өмгөөлөгч авсан зардал 500 000 төгрөг, нийт 4 600 656 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нийгмийн даатгалын байгууллага мөн адил хариуцлага хүлээх учиртай, нэхэмжлэлийн дүнг эрх бүхий этгээд тооцож гаргаагүй хэмээн маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч байгууллагад 2016 оны 07 сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд маркшейдер, төлөвлөлтийн инженерээр ажиллаж байсан болох, мөн “Э” ХХК-ийн оноосон нэр 2020 оны 01 сарын 30-ны өдрөөс “Б” ХХК болон өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтаар тус тус нотлогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй. /хх 11, 23, 39/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг ажил олгогч хүлээдэг. Хариуцагч компани нь хуульд заасан уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тоот /хх 16/, нийгмийн даатгалын байгууллага болон хариуцагч компани нарын байгуулсан гэрээний хуулбар /хх 45, 48/, “Э” ХХК-аас нэхэмжлэгчид өгч байсан албан тоот /хх 49, 50/ зэрэг баримтаар тогтоогдсон, үүний улмаас Б.А нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангахгүй болж, улмаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдаж хохирсон байна.

 

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд тус тус заасны дагуу Б.А ын авах ёстой байсан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг зөв тооцон “Б” ХХК-аас 4 100 656 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөгийн тухайд энэ нь нэхэмжлэгч талын өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гарсан зардал байх тул үүнийг “Б” ХХК-д хариуцуулах үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 0000000000000 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 360 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 20 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ                                                         

                                       ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                            Д.НЯМБАЗАР