| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1254/Э |
| Дугаар | 1303 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 1303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч А.Ганбат ҮД:06-56 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.Э
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э холбогдох эрүүгийн 1803 0000 10262 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Г.Э нь 2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Намъяанжүгийн гудамж “Баясах трейд” ХХК-ийн баруун замд “Тоёота Ланд-Круйзер” маркийн 00-26 УБР улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Г.Лхамыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт,
мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонцэцэгийн: ...Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр талийгаачийг осолд орсон байна гээд Лхамжав над руу хэлж мэдсэн. Баримтаар 3.455.250 төгрөг зарцуулсан байгаа. Мөн буяны ажлын үеэр такси барих, буяны ажилд явсан жолооч нарт өгсөн мөнгө болох 300.000 төгрөг баримтгүй байгаа. Жолооч 3.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн байгаа. Одоо үлдсэн хоёр хүүхдийг нэг өөрийн гэсэн орох оронтой болгочихмоор байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Мижидсамдангийн: ...Тэгтэл тэр залуу Халдвартын тэнд нэг Ланд-Круйзер 105 маркийн 00-26 дугаартай автомашин миний урд явж байгаад хүн мөргөөд зугтаахаар нь би араас нь хөөгөөд Торгоны зам худалдааны төвийн урд зогсоол дээр машиныг хашаад зогсчихсон байна гэж ярьсан. Тэгтэл цагдаагийн оператор нь манайх наад дуудлагыг чинь хүлээгээд авчихсан байгаа, цагдаа гарчихсан байгаа гээд 93021023 дугаартай цагдаа очиж байгаа, холбогдоорой гэж хэлсэн. Тэгээд би 93021023 гэсэн дугаар руу нь залгаж өгөхөд холбогдохгүй байсан. Энэ дуудлагыг 02 цаг 06 минутанд өгсөн байсан ба дараа нь 02 цаг 10 минутанд тэр залуу дахиад 102 руу залгаад ирж байгаа цагдаагийн утсыг дахиад өгөөч гэсэн чинь цаанаас нь цагдаа очиж байгаа гээд утсаа салгачихсан. Тэгээд би тэр хүнээс гар утсаа аваад цааш Сансарын тунел орох гээд явсан, харин тэр залуу тэндээ үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Цогжавхлангийн: ...2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 3-нд шилжих шөнө цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна, 12 цаг өнгөрсөн байсан. Би өөрийн саарал өнгийн “Т.Приус-30” маркийн машинтайгаа “Баясах трейд” ХХК-ийн баруун замаар урдаас хойшоо чиглэлтэй явж байтал явган хүний гарцны хойд талд 2-р эгнээнд төмөр хашааны хажууд нэг хүн хэвтэж байсан ба би уг хүний хажуугаар нь гарахад тэр хүний хажууд хүмүүс зогсож байсан ба цагдаа дуудсан уу гэсэн чинь цагдаа дуудчихсан, сая энэ хүнийг нэг том хар өнгийн жийп машин мөргөөд явчихсан гэж байсан. Тэгээд би цааш яваад зүүн 4 замын уулзвараар буцаж эргээд урагшаа гэр рүүгээ орох гэж явах замдаа осол болсон зам дээр зогсоод машинд мөргүүлсэн хүн дээр яваад очиход машинд мөргүүлсэн хүн ухаангүй байсан ба амьсгаатай байсан. Би өөрийн 99810522 дугаарын утсаар 102, 103 руу дуудлага өгөөд зогсож байгаад цагдаа нар ирэнгүүт би цааш гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Эын :.... 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр манай хадам талын хүүхэд Г.Мөнгөнцацралын хурим болоод хурим нь Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын зааланд болсон. Би хуриман дээр голчлон зохион байгуулалтын ажил хийж байсан ба хуримын үйл ажиллагаа дуусаад юмнуудаа цэгцлээд миний хоолой өвдөөд халуураад байсан болохоор 2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гаднаас өөрийн эзэмшлийн 00-26 УБР улсын дугаартай Тоёото-Ланд-Круйзер маркын автомашинаа жолоодоод ганцаараа түрүүлээд гэр лүүгээ харих гээд хөдөлсөн. Би тэндээс хөдлөөд ертөнцийн зүгээр зүүн тийшээ гараад Баянмонгол хорооллын дундуур гараад “Нарантуул” захын уулзвараар ертөнцийн зүгээр хойшоо гараад зүүн дөрвөн замыг чиглээд явж байгаад Халдвартын уулзвар гараад хойшоо чиглэлтэй явж байтал зүүн дөрвөн зам руу дөхөж явтал автомашины зүүн талд түг гээд чимээ гарсан. би цааш явахдаа толиндоо харсан чинь юм харагдаагүй тэгээд би зогсолгүй зүүн дөрвөн замаар зүүн гар тийшээ эргээд “Торгоны зам” худалдааны төвийн урд буюу байрныхаа урд зогсоол руу ороод машинаа тавиад юу болов гээд машинаасаа буугаад хартал миний машины зүүн урд эвэр толь хугарсан байсан. Би “түг” гэх чимээ гарсан газар юу болсныг очиж үзэхээр зүүн дөрвөн замын явган хүний гарцаар гараад замын баруун талаар доошоо уруудаад алхаад явж байтал “Баясах трейд” ХХК-н орчим байдаг явган хүний гарцан дээр хүмүүс бөөгнөрсөн байсан. Би явган хүний гарц руу дөхөж очоод харсан чинь нэг хүн хэвтэж байхаар нь хараад хүн мөргөснөө мэдсэн. Тэгээд тэр хавьд байсан хүмүүс түргэн тусламж болон цагдаа дуудаж байсан. Би хүн мөргөснөө мэдээд зүрх дэлсээд гар хөл салганаад бие тавгүй болохоор нь долоогоны ханд болон валокардинт гэдэг эм ууж бага зэрэг тайвшраад байж байтал түргэн тусламж ирээд гэмтсэн хүнийг аваад явсаны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэргийн газар үзлэг хийгээд намайг цагдаагийн машинд суулгаад аваад явсан...гэх мэдүүлэг /хх-н 137 дугаар тал/,
-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:
...Дискийг компьютероор уншуулж үзэхэд дүрс бичлэг нь хар цагаан өнгийн ялгаралтай харагдах ба дүрч бичлэг нь 06-30-2018 01:43:16 цагт эхлэх ба дүрс бичлэгт Баянзүрх дүүргийн нутаг Зүүн 4 замаас Халдварт орох зам харагдах ба эсрэг урсгалыг тусгаарласан хашаатай явган хүний зохицуулдаггүй гарцтай зам харагдаж байлаа. 01:46:40 цагт явган зорчигч замын баруун талаас ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэлтэй зам хөндлөн гарах гээд зам руу орж явган хүний гарцаар явсаар замын голд ирээд цааш алхаад урдаас хойш явах урсгал руу ороход 2-р эгнээгээр урдаас хойшоо чиглэлтэй хар бараан өнгийн жийп автомашин 2-р эгнээгээр орж ирээд явган зорчигчийг мөргөж байна. Дүрс бичлэг 01:46:58 цагт дуусч байна. Хөндлөнгийн гэрч нарт тэмдэглэлийг уншуулахад санал хүсэлт байхгүй гэв. /хх-ийн 29 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгэний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1483 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Таалийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны дэлбэнд тархмал, баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнд тархмал, аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховдол болон 3-4-р ховдлын цус харвалт, толгой, хуйхны дух, баруун чамархайн хэсгийн дотор гадаргуугийн цус хуралт, баруун 1-2-3-4-6-7-8-р хавирга, зүүн 2-3-4-5-р хавирганы хугарал, элэгний язрал, няцрал, толгой хуйхны шарх, баруун дунд чөмөгний хугарал, нүүр, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь дээрх хавсарсан битүү гэмтлийн улмаас нас барсан болно.
5. Эмнэлгийн бичиг баримтанд бичигдсэнээр 2018.06.30-ны 04 цаг 00-д нас барсан гэжээ.
6. Талийгаач нь О/I/ бүлгийн цустай байжээ.
7. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-н 93-95 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4419 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 28 хэсэг зүйл нь эвэр толины хагархайнууд байна.
2. Тоёота Ланд-Круйзер-100 маркийн автомашины эвэр толь байж болно.
3. Шинжилгээнд ирүүлсэн 28 хэсэг зүйл нь 00-26 УБР улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота Ландкрузер-100 маркийн автомашины зүүн далбааны урд хэсэгт байсан эвэр толины хагархайнууд байна. /хх-н 105-109 дүгээр тал/,
-Мөрдөгчийн магадлагаанд:
1. 00-26 УБР улсын дугаартай Тоёота Ланд-Круйзер-100 маркын автомашиныг жолоодож явсан Гүрдондогийн Эрхэмбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, 2.7а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” 2.5а.б.в-д заасан “2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дзрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Гаанжуур Лхам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. Магадлагаа гаргасан: Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Бямбадорж гэх магадлагаа /хх-ийн 129-130 дугаар тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-н 4-9 дүгээр тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-н 10-11 дүгээр тал/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-н 13-17 дугаар тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-26 дугаар тал/,
- Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын PCJF16445878 дугаартай дуудлагын утасны дуудлага бүртгэсэн талаарх баримт /хх-н 83 дугаар тал/,
- Түргэн тусламжийн MCJF15664208 дугаарын дуудлагын утасны бүртгэл /хх-н 87 дугаар тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 39-51 дүгээр тал/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 165 дугаар тал/,
- Шүүгдэгч Г.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 139-р тал/,
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх-н 140-142 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Г.Э нь 2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжунгийн гудамж, “Баясах трейд” ХХК-н баруун замд “Тоёота Ланд-Круйзер” маркийн 00-26 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явган хүний гарцаар зорчиж явсан явган зорчигч Г.Лхамыг мөргөж амь насыг хохироосон үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжунгийн гудамж, “Баясах трейд” ХХК-н баруун замд “Тоёота Ланд-Круйзер” маркийн 00-26 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарцруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв уг гарцаар явган зорчигч явж байвал зам тавьж өгнө”2.7...”Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох “.2.5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээн: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, оёлын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дзрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль таарсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохтолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэх, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх.., гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Гаажуурын Лхамыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, камерын бичлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1483 дугаартай шинжээчийн дүгнэлт, зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Тээврийн Прокурорын газраас Г.Эын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Эын гэм буруугийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Г.Э нь оршуулгын зардалд 3.000.000 төгрөг, мөн 10.000.000 төгрөгийг нийт 13.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонцэцэгт хүлээлгэн өгсөн байх тул одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 165 дугаар тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонцэцэг нь гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Эын нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 139 дугаар тал/
Шүүгдэгч Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э нь санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Г.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь хохирсон хохирол учруулсан гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Г.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Эт оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Э нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.Эын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонцэцэг нь гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн Г.Эын “В,С,D,E” ангилалын №126144 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүл сүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ