Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0585

 

“Ю м э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0565 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ю м э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0565 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2-т заасныг тус тус баримтлан “Ю м э” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э нарын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 210000010 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 14.2-т “...хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэж заажээ. Миний маргааны тухайд Татварын ерөнхий газар нь хөрөнгө, чинээ бүхий Монголын Алт Корпораци зэрэг компаниуд нь баян учраас тэрбум, тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан авалт хийж болдог, харин жижиг компаниудад НӨАТ-ын буцаан авалт хийхгүй гэсэн бодлогын хүрээнд буцаан олголт хийгээгүй. Ингээд шүүхэд маргаан үүсгэхдээ Үндсэн хууль зөрчиж ялгаварлан гадуурхсан, хууль ёсоор хадгалуулсан мөнгө буюу НӨАТ-ыг буцаан авахаар нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр дараах зөрчилтэй байна. Татварын ерөнхий газар хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхсан нь зөв. Том хөрөнгөтэй компаниуд хамаагүй гэж Үндсэн хууль зөрчсөн. НӨАТ-ын хууль нь 2015 оныг хүртэл шууд татвар биш хяналтын татвар байсан ба 2015 оноос шууд болон хяналтын татварыг давхар гүйцэтгэх болсон. Шүүх үндэслэх хэсэгтээ хэрэглээний шууд татвар гэж үзсэн. НӨАТ-ын тухай хуулинд ашиглалтын лицензтэй бол НӨАТ-ын буцаан авалт хийгдэнэ, хайгуулын лицензтэй бол буцаан авалт хийхгүй гэсэн нэг ч өгүүлбэр огт байхгүй. Өөрөөр хэлбэл хайгуул хийхэд зарцуулсан түлшний НӨАТ-ын буцаан авалтыг хийхгүй, хэрэв ядаж 1 грамм алт олоод борлуулсан бол НӨАТ-ын буцаан авалтаа хийж болно гэдэг нь хууль эрх зүйн ойлголтоор ойлгомжгүй зүйл юм. НӨАТ нь анх гарахдаа НӨАТ төлөгч нь НӨАТ-ын падааныг оролцуулан борлуулалт хийх ба худалдан авагч мөн цаашаа дээрх зарчмаар борлуулаад эцсийн хэрэглэгч нь худалдан авсан барааны НӨАТ-ыг падаанаар буцаан авалтаа хийх ийм зарчмаар хууль гарсан. Гэтэл шүүх эцсийн хэрэглэгч буцаан авалт хийхгүй гэж шийдсэн нь өөрөө хуулийг буруугаар ойлгож буруугаар тайлбарлан шийджээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

          Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Б.Б, Ё.Э нар нь “Ю м э” ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000010 дугаар актаар “тухайн үйл ажиллагааны чиглэлээр борлуулалтын орлого олоогүй атлаа худалдан авсан бараа ажил үйлчилгээндээ ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авахаар тооцсон  630.820.258 төгрөгийн зөрчил”-д 63.082.025,80 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, тус компанийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 10.651.445,4 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 0 төгрөгөөр баталгаажуулжээ.

          Нэхэмжлэгч “Ю м э” ХХК дээрх актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ “ашигт малтмалын хайгуулын ажилд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн 63.082.025 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах эрхтэй” гэж маргасан.

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Тодруулбал,  

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “ашигт малтмал хайх  гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх” гэж тодорхойлсон бөгөөд үүнээс үзэхэд хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш, нэхэмжлэгч нь хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ хувьд эцсийн хэрэглэгч болох тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1 “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.1.2 “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж зааснаар хасалт хийх боломжгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг нь эцсийн хэрэглэгчийн хэрэглээндээ төлж байгаа татвар бөгөөд бизнес хийж бараа, үйлчилгээг худалдаж байгаа этгээдээр цуглуулагддаг татвар юм.

Хэрэглээ буюу худалдан авалтыг “эцсийн хэрэглээ” болон “завсрын хэрэглээ” гэж ангилж үздэг бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварыг зөвхөн эцсийн хэрэглээнд ногдуулдаг бол завсрын хэрэглээнд /эцсийн хэрэглэгчид бараа, үйлчилгээг хүргэхийн өмнөх шат дамжлагуудын худалдан авалт/ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг боловч тэрхүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа дараагийн борлуулалтын үед худалдан авагчийн төлж буй нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаад буцаагаад олж авдаг.

            Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасныг нэмэгдсэн өртгийн албан татварын гол зарчим буюу бүтээгдэхүүнийг бэлтгэж боловсруулах бизнесийн нэг шатнаас нөгөө үе шатанд  тухайн худалдан авалтанд төлж буй нэмэгдсэн өртгийн албан татвараа буцаан авах харилцааг зохицуулсан зохицуулалт гэж ойлгоно.

Нөгөөтэйгүүр, Татварын Ерөнхий газраас 2010-2015 онд Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуулийн дагуу илүү төлөлтөө баталгаажуулж буцаан олголт болон бусад төрлийн татварт суутган тооцоолол хийлгэсэн 10 аж ахуйн нэгжийн нэр бүхий баримтыг шүүхэд ирүүлсэн ч энэ нь маргаан бүхий Татварын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 210000010 тоот акт хууль бус болохыг нотлох нотолгоо болж чадахгүй, түүний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0565 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

              

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                 Ц.САЙХАНТУЯА

                ШҮҮГЧ                                                                 О.НОМУУЛИН