Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/731

 

2026            06            04                                                                        2026/ДШМ/731

 

Г.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Солонго,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/762 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2406071844202 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овогт Г-ын Э-, 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, хүүхдийн хамт .........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УГ-/;

Г.Э- нь 2024 оны 04 сараас 05 сарын 20-ны хооронд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Г-” гоо сайхны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа иргэн С.А-ын бараа бүтээгдэхүүнийг завшиж, 20.558.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Г-ын Э-ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ын цагдан хоригдсон 10 /арван тав/ хоногийн 01 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 01 /нэг/ хоногоор тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 05 /тав/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоож, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э-аас 12.558.450 төгрөгийг гаргуулан хохирогч С.А-д олгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Прокурор Л.Солонго эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх “...шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг түүний оршин суугаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, цагдан хоригдсон 15 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож...” шийдвэрлэсэн.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э-ын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийн 01 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 01 /нэг/ хоногоор тооцож, нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил 05 /тав/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.” гэж зөв дүгнэсэн атал тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...цагдан хоригдсон 10 /арван тав/ хоногийн 01 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 01 /нэг/ хоногоор тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 05 /тав/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж зөрүүтэй дүгнэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлт нь тогтоох хэсэгтэй зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн ... ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал...” гэх үндэслэлд хамаарч байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг заавал тусгахаар заасан. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг дурдаагүй, зөвхөн хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг дурдаж гэм буруутайд тооцсон нь дээрх хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд 15 гэж бичихийг 10 гэж бичсэн техникийн шинжтэй алдааг өмгөөлөгч миний бие бас анзаарч хараагүй юм байна. Хэрэв анзаарсан бол залруулга хийлгэх боломжтой байсан. Мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 гэж бичих шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурор Л.Солонгын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Э- нь 2024 оны 04 сараас 05 сарын 20-ны хооронд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Г-” гоо сайхны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа С.А-ын бараа бүтээгдэхүүнийг завшиж, 20.558.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.А-ын “...би “А-” ХХК-ийн захирлаар ажилладаг. Г.Э- нь манай Халдвартын “Номин” дэлгүүр доторх салбарт худалдагчаар ажилладаг байсан. ...барааны тооллого явуулахад Г.Э- 20.274.175 төгрөгийн бараа дутаасан байсан. Бараа болон мөнгийг яасан талаар асуухад хувьдаа хэрэглэсэн гэж хэлсэн. ...” /хх-24-25/,

Г.Э-ын яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Тухайн барааг өөртөө хэрэглэсэн. ...” /хх-91-92/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б31-25-893 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-120-146/,

“М-” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-14/, зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Э-ын “Г-” гоо сайхны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа 20.558.450 төгрөгийн бараа бүтээгдэхүүн завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-ын учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсаныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Прокурор Л.Солонго “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг бичээгүй, ...3 дахь заалтад “...цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийн...” гэхийг “...цагдан хоригдсон 10 /арван тав/ хоногийн...” гэж зөрүүтэй бичсэн. ...” гэх агуулгаар эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 762 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Г.Э-ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүх тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, улмаар Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтаар эрүүгийн хариуцлага оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлийг орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй.

 Харин шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Г.Э-ын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийн 1 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тооцож түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцон зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт “...цагдан хоригдсон 10 /арван тав/ хоногийн...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж, прокурор Л.Солонгын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/762 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...цагдан хоригдсон 10 /арван тав/ хоногийн...” гэсэн хэсгийг “...цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийн...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Л.Солонгын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН