Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2026/07046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 12-р хороо, *******,******* тоот хаягтай, ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 37-р хороо, *******,******* тоот хаягтай, ******* /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хохирол 1,830,750 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Буяндэлгэр, хариуцагч Г.*******, гэрч С.Одончимэд, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч нь 2025.10.02-ны 05 цагийн зам тээврийн осол гаргаж, УЕН улсын дугаартай автомашинд хохирол учруулсан...Ашид билгүүн ХХК нь хохирлыг 6,678,000 төгрөгөөр үнэлж, хариуцагч төлсөн хэдий ч уг мөнгөөр эвдрэлийг засах боломжгүй болсон...2025.11.02-ны өдөр Онцгой үнэлгээ ХХК-д 600,000 төгрөгөөр төлбөр төлж, дахин үнэлүүлэхэд 7,908,750 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон...иймд хариуцагчийн 6,678,000 төгрөгийг хасаж, үнэлгээний төлбөр 600,000 төгрөг, 1,230,750 төгрөг, нийт 1,830,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,

          Хариуцагч татгалзлын үндэслэлээ...2025.10.02-ны 05 цагийн үед осол гаргаж, хоёр тал хамтран Ашид билгүүн ХХК дээр очиж УЕН улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг 6,678,000 төгрөгөөр үнэлүүлсэн...төлбөрийг даатгалаас 5,000,000 төгрөгөөр, өөрийн зүгээс 1,678,000 төгрөг төлж барагдуулсан...мөн энэ хугацаанд журмын хашаатай холбоотой төлбөрт 160,000 төгрөг, 190,000 төгрөг, 140,000 төгрөг, хүүхдийн оношлогооны төлбөрт 318,000 төгрөг, автомашины үнэлгээний төлбөр 510,000 төгрөгийг тус тус төлсөн...гэтэл нэхэмжлэгч нь автомашиныг надад мэдэгдэхгүйгээр дахин өндөр үнээр үнэлүүлж, зөрүү төлбөр нэхэмжилж байгааг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

  1. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

          Хариуцагч Г.******* нь 2025.10.02-ны 05 цагийн үед өөрийн эзэмшлийн ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Хан-Уул дүүргийн 18-р хороо, Астра төвийн баруун талд зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Ч.*******ын эзэмшлийн УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны баримтуудаар тогтоогдож байна. 

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

          Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.******* нь дээрх ослын улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд осол хэрэг болсон даруйд буюу 2025.10.03-ны өдөр Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлсэн 6,678,000 төгрөг болон үнэлгээний төлбөр 510,000 төгрөг, бусад зардлын хамт нэхэмжлэгч Ч.*******ад нөхөн төлсөн болох нь банкны дансны хуулга болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.  

          Харин нэхэмжлэгч нь Ашид билгүүн ХХК-иар үнэлсэн үнэлгээний төлбөр 6,678,000 төгрөг болсныг зөвшөөрч, төлбөрийг хүлээн авсан хэдий ч хожим 2025.11.02-ны өдөр хариуцагч талыг оролцуулахгүйгээр дангаараа дахин үнэлүүлж, зөрүү 1,230,750 төгрөг, үнэлгээний төлбөр 600,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй юм.

          Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

          3.Тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 75дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Г.*******д холбогдох хохирол 1,830,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 44,240 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОН