| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1269/Э |
| Дугаар | 1317 |
| Огноо | 2018-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Д.Уянга,
шүүгдэгч Ш.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Г холбогдох эрүүгийн 1806 0539 21438 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ш.Г
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Ш.Гнь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Чойжилсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Гмэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Чойжилсүрэнгийн: ...2018 оны 05 дугаар сарын сүүлээр би өөрийн машиныхаа өвлийн 4 дугуйг солиулах гээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын газарт очиж үйлчилгээ хийлгэсэн. Ингээд би ээжийгээ эргэх гээд 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум руу машинтайгаа явсан. Буцаж Улаанбаатар хот руу явах замд засмал зам дээр машины хойд талын нэг дугуйны /шпилк/ боолтнууд хуга үсэрч дугуй нь боолтон дээрээ явж байсан. Тухайн үед хурдтай явж байсан, хэрэв дугуй салж унасан бол ямар ч гай, зовлон, аюул учрах байсныг хэлж мэдэхгүй байна. Ингээд би 2018 оны 06 дугаар сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын газарт ирээд намайг хөдөө явах замд дугуй салж унах авул гарах дөхлөө, та нар ажилдаа хариуцлагатай бай л даа, хүний амь настай холбоотой ажил хийдэг байж гэж хэлсэн. Тэгтэл дугуй засварын газрын ажилтан чи тэгээд үхээгүй л байна шүү дээ, дугуй сольж өгсөн хүн чинь байхгүй байна, надад хамаа байхгүй, тэр хүнтэйгээ ярь гэж хэлсэн. Тухайн үед би дугуй засварын газрын нэг засварчинтай маргалдаж барьцалдаж аваад дугуйн дорцов аваад түүн рүү далайсан. Гэтэл засварчин намайг нүүр рүү гараараа цохиж унагаад, уначихсан байхад нүүрэн дээрээс дэвсэж зодсон. Мөн хоолойноос боосон. Ингээд би цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлсэн юм. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ууганбаатарын: ...Би 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байгаад ажлынхаа гадаа гарч ирэхэд хажуу талын дугуй засвар дотор хүмүүс маргалдаад байсан. Сонссон чинь машины дугуй дутуу боосноос болж машины дугуй салж унасан. Би амьд үлдсэндээ баярлаад явж байна гэж хэлээд миний зүс таних ах Гомбодорж ах руу дайрч байсан. Дугуй засварын ажилчдыг ална гэж хэлээд миний зүс таних ах дугуй засварын газраас гарч ирэхэд Гомбодорж ахыг дагаад гадаа гараад ирсэн. Гарч ирээд Гомбодорж ах руу дахиад дайрч байгаад эхлээд нүүр рүү нь 3, 4 удаа нулимсан. Дараа нь маргалдаж байх явцдаа Гомбодорж ахын толгой руу гараараа цохиод байсан. Энэ үед Гомбодорж ах нөгөө хүний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед би очоод салгаад 2 тийш нь болгоход хоёулаа цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ш.Г:... Чойжилсүрэн гэдэг хүнийг би танихгүй. Гэхдээ миний ажиллуулдаг дугуй засварын газар хааяа ирж машиныхаа дугуйг янзлуулдаг хүн учир зүс танина. Би 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байхад Чойжилсүрэн 21:00 цагийн үед манай ажил дээр согтуу хүрээд ирсэн. Согтуу ажил дээр ирээд танай ажилтантай тооцоо хийх гэж ирлээ гэж хэлэхээр нь би юу болсон талаар асуухад Сэлэнгийн замд машинтайгаа явж байхад танайхаар янзлуулсан миний машины дугуй суларсан, тийм болохоор амьд гарсны баяр хийх гэж дугуй засварынхныг ална гэж хэлсэн. Би согтуу байсан болохоор таны машины дугуйг зассан хүн маргааш ээлжтэй гэж хэлээд маргааш ирэхээр нь уулз гэж хэлсэн. Тэгсэн Чойжилсүрэн миний дугуй засварын хажууд байдаг автомашины засварын газрын ажилчин Ууганаатай ганц юм хувааж ууя гэж хэлээд гуйгаад зогсоод байсан. Ууганаа би уухгүй, та яв гэж хэлээд байж байхад манай дугуй засварын газраар хүмүүс үйлчлүүлэх гээд ирсэн. Тэр үед Чойжилсүрэн дугуй засуулах гэж ирсэн хүмүүсийг битгий янзлуул надад ийм зүйл тохиолдсон гэж хэлээд өөрт тохиолдсон зүйлээ яриад байсан. Би чимээгүй сонсоод байсан. Би дугуй засварынхаа дотор байж байхад миний араас орж ирээд гартай товчлууртай утас барьж байгаад миний толгой руу хоёр удаа цохиод нэг удаа миний шанаа руу цохиход миний завьж язарсан. Би боль гэж хэлээд согтуу байсан учраас үг хэлэлгүй яв гэж хэлсэн. Энэ үйлдлийг миний зүс таних хүн харсан. Одоо хаана байгаа талаар мэдэхгүй. Чойжилсүрэн намайг цохисны дараа миний нүүр рүү нулимахаар нь би яаж байгаа пизда вэ гэж хэлэхэд дахиад миний нүүр рүү нулимаад чамайг шиг гуйлгачинг яасан ч яадаг юм гэж хэлэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед Чойжилсүрэнгийн амнаас цус гарсан. Тэр үед бид хоёрын хажууд байсан миний зүс мэдэх хүн цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-н 31-32 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7730 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. П.Чойжилсүрэнгийн биед уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,
- Шүүгдэгч Ш.Гиргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Ш.Гнь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Чойжилсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Ш.Гнь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Чойжилсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч болон гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Ш.Ггэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ш.Гнь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Чойжилсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Ш.Ггэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Ш.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Гнь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 24 дүгээр тал/
Хохирогч П.Чойжилсүрэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 8-10 дугаар тал/
Шүүгдэгч Ш.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Гнь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ш.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Ш.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ