Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/02399

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/02399

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02144 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 32 380 000 төгрөг, нөхөн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алданги 16 980 000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 1 437 500 төгрөг буюу нийт 50 797 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь Киа Грандбёрд маркийн **-** ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 45 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 20 000 000 төгрөгийг И ББСБ ХХК-аас 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж авсан. Тээврийн хэрэгслийг М ХК-д тээврийн хэрэгслийн даатгалд хамруулж 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний 2 дугаар зүйлд даатгалын зүйлийн ямар төрлийн эрсдэлээс даатгах талаар тусгаж өгсөн бөгөөд гэрээний 2.4-т даатгалын эрсдэлд хамаарахгүй хохирлуудыг даатгагчаас тодорхойлсон. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5 цагийн орчим Булган аймгийн Бугат сумын Цачиртын гүүр гэх газар тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан Б.Р нь Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд жолоодож яваад осол гарч даатгалын гэрээний 2.1.3.с, 2.2.2-д заасан эрсдэлийн улмаас даатгагдсан тээврийн хэрэгсэлд хохирол учирч бүрэн сүйрсэн бөгөөд тээврийн хэрэгслийг цаашид үндсэн зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон. Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр тээврийн хэрэгслийг жолоодож байсан Б.Р нь Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7.а дахь заалтыг зөрчсөн гэж тогтоосон. Д.У нь Даатгалын тухай хууль, даатгалын гэрээний дагуу М ХК-аас нөхөн төлбөр авахаар материалаа бүрдүүлж өгсөн боловч даатгалын гэрээний нөхцөлийг зөрчиж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/236 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг даатгалын гэрээний 2.4.5-д зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Гэтэл талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4.5-д жолооч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэснийг мэргэжлийн байгууллага тогтоосон, хэт ядарсан гэж заасан Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж хуульчилсан. Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан ...ядарсан... ба даатгалын гэрээний 2.4.5-д заасан ... хэт ядарсан гэх хоёр уг хоорондоо утга агуулга, шинж чанар, мөн чанарын хувьд ялгаатай. Үүнээс гадна даатгалын гэрээнд хэт ядарсан эсэхийг мэргэжлийн байгууллага тогтоосон дүгнэлт шаардлагатай талаар даатгагч тусгаагүй. Мөн 2.7.а-д заасан ...ядарсан... үед тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж даатгалын гэрээнд заагаагүй, талууд энэ талаар тохиролцоогүй. Үүнээс үзэхэд М ХК--ийн даатгалын гэрээний дагуу тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1.3.1-т хохирол үнэлгээний зардлыг даатгалын үнэлгээнд багтаан даатгагч хариуцна гэжээ.

Тээврийн хэрэгсэл цаашид зориулалтаар ашиглах боломжгүй болсон бөгөөд даатгалын хохирлын үнэлгээг 2 хувааж хийсэн ба М ХХК-аар их биед учирсан хохирол М ХХК-аар явах эд ангийн оношилгоо хийлгэсэн. Даатгуулагч нь М ХХК-д ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг, М ХХК-д 437 500 төгрөг тус тус төлсөн.

Даатгалын хохирлын үнэлгээний компани М ХХК-ийн гаргасан үнэлгээний дүгнэлтээр Д.У-өд 32 380 000 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү үнэлгээ нь зөвхөн гэмтсэн эд ангийг солих байдлаар үнэлсэн. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.7-д зах зээлийн бодит үнээр даатгуулсан тохиолдолд учирсан бодит хохирлыг 100 хувь нөхөн төлнө, 11.5-д даатгагч гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги даатгуулагчид төлнө гэж тус тус заасан.

Алданги тооцох хугацааг М ХК--ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/236 тоот албан бичиг дээрх огнооноос тоолж эхлэх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 104 хоног хугацаа хэтэрсэн ба өдөрт ногдох алдангийн хэмжээ нь 161 900 төгрөг байх бөгөөд хугацаа хэтэрсэн хоногоор тооцоолж үзэхэд гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу М ХК--ийн даатгуулагчид төлөх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 16 980 000 төгрөг болсон. Иймд М ХК--аас тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу шууд бодит хохирол болох 32 380 000 төгрөг, алданги 16 980 000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 1 437 500 төгрөг, нийт 50 797 500 төгрөг гаргуулж даатгуулагч Д.У-өд олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХК-ийн ********** тоот Тээврийн хэрэгслийн даатгуулагч И ББСБ ХХК-ийн эзэмшлийн **-** АААулсын дугаартай Киа Гранбирд маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Цачиртын гүүр гэх газарт Б.Р нь жолоодож яваад осол гарсны улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгуулах хүсэлт ирүүлсэн. Энэхүү тохиолдлыг шалгаж үзэхэд даатгуулагч нь ослын үед нойрмоглон эсрэг урсгалд орсноо мэдээд эргүүлж тэгшлэх гэсэн боловч шарваж онхолдох аюултай гэж үзсэн тул чигээрээ замын хажуу руу орсон талаараа мэдүүлсэн. Жолооч Б.Р нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхөн төлбөрийн хүсэлт гаргаж, тус хүсэлтдээ Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Э.Ө-гийн хийсэн үзлэг хэмжилтийн зураг, дүгнэлт, тодорхойлолт, жолооны үнэмлэх зэрэг материалыг ирүүлсэн. Ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд жолоочийг замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд уг осол гарах болсон шалтгааныг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын нөхцөл байдал зэргээс шалтгаалаагүй, жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож нойрмоглосны улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг үндэслэн ********** тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4.5-т заасны дагуу даатгалын эрсдэлд хамаарахгүй гэж үзэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзах шийдвэрийг гаргасан. Мөн нөхөн төлбөрийн хүсэлт гаргахдаа гэрээний 9.1.5, Даатгалын тухай хуулийн 8.4.3-т заасан хохирол үнэлгээний бичгээр гаргасан акт дүгнэлтийг ирүүлээгүй нь 2.4.3.b-д зааснаар даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөл байдал болсон.

Иймд манай байгууллага даатгуулагчийн ирүүлсэн материалын хүрээнд нөхөн төлбөрийн шийдвэрийг гаргасан бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй тул Даатгалын тухай хуулийн 8.5.3 дахь заалт болон Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4.3.b болон 2.4.5-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан М ХК--аас даатгалын нөхөн төлбөрт 33 817 500 төгрөгийг гаргуулж Д.У-өд олгож, Д.У-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 980 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 3 937.5 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 327 037.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02144 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёстой хууль, эрх зүйн актыг хэрэглээгүй. М ХК- нь Д.У-өд учирсан хохирлын хэмжээний талаар мэдэж байсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт, даатгалын харилцааг зохицуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрэм, журмаар тогтоогдож, ИХШХШтХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч нь даатгалын хохирлын хэмжээг мэдээгүй гэдгийг нотолж чадаагүй байхад шүүх зохих хууль, эрх зүйн актыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй бөгөөд М ХК- нь даатгалын хохирлын үнэлгээг мэдэж байсныг дараах үйл баримтаар нотолно.

1. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 48 тоот тогтоолоор Даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам-ыг баталсан. Уг дүрмийн 7.3.1-т Даатгагч даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг авсан даруйдаа даатгуулагчид хариу өгч, даатгуулагчаас авах арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд 72 цагийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж баримтжуулах өөрийн ажилтанг эсхүл даатгалын хохирол үнэлгээчийг томилно. гэжээ.

Д.У- нь даатгалын тохиолдлын талаар даатгагчид мэдэгдсэн бөгөөд М ХК- нь өөрийн нөхөн төлбөрийн ажилтныг даатгалын тохиолдлыг баримтжуулахаар явуулсан ба уг ажилтан нь тээврийн хэрэгслийг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй, бүрэн сүйрсэн байна гэж дүгнэж хохирол үнэлгээчинг томилох шаардлагагүй гэж үзсэн. Тийм учраас дээрх журмын дагуу М ХК- нь хохирол үнэлгээчинг томилоогүй ба хохирол үнэлгээний тайланг даатгуулагчаас анх нөхөн төлбөрийн материал өгөхөд шаардаагүй юм.

Д.У- нь Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 194 тоот тогтоолоор батлагдсан Даатгалын үнэлгээ хийх аргачлал-ын 2.1-т заасны дагуу даатгалын хохирлын үнэлгээг даатгалын үнэлгээгээр буюу 45 сая төгрөгөөр тооцож нөхөн төлбөр нэхэмжилж өргөдөл гаргасан. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ гэжээ. Даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам-ын 7.3.2-т Даатгалын хохирлын үнэлгээний тайланг баталгаажуулж ирүүлснээс хойш даатгагч 14 хоногийн дотор багтаан даатгалын нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг шийдвэрлэж бичгээр мэдэгдэх гэж заасан.

М ХК- нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18/236 тоот албан бичгээр Д.У-өд Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4.5, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Өөрөөр хэлбэл, даатгагч нь нөхөн төлбөрийн хэмжээг мэдэхгүй бол даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Даатгагч нөхөн төлбөрийн материалыг судлаж нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гарсан нь даатгалын хохирлын үнэлгээг мэдэж байсан гэж үзнэ.

М ХК-ийн нөхөн төлбөрийн өргөдлийн маягт нь хэрэгт авагдсан байгаа бөгөөд уг маягтын санамж хэсэгт шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авах, магадлагаа хийх гэж бичигдсэн байгаа бөгөөд үүний дагуу нөхөн төлбөрийн дүнг даатгагч мэдээгүй бол даатгуулагчаас тодруулах боломжтой байсан ба хохирлын мэдээлэл байхгүй буюу нөхөн төлбөрийн баримтын бүрдэл дутуу бол даатгагч шийдвэр гаргах боломжгүй тул нөхөн төлбөрийн материалын бүрдлийг бүрдүүлүүлэхээр даатгуулагчид буцаана.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлийг олгохоор заасан. Талуудын байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т бүрдүүлэх нөхөн төлбөрийн материалын бүрдүүлбэрийг жагсаасан. М ХКас Даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам-ын 7.3.1-т заасны дагуу хохирол үнэлгээчийг томилоогүй, нөхөн төлбөрийн ажилтан материал хүлээж авахдаа хохирол үнэлгээний тайлан шаардаагүй, нөхөн төлбөрийн материалын бүрдэл дутуу гэж буцаагаагүй, хохирлын үнэлгээний тайлантай хамааралгүй үнлэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гарсан, уг шийдвэрт хохирлын үнэлгээний тайлангийн талаар нэг ч үг дурьдаагүй байгаа тул даатгагч нь Д.У-өд 45 сая төгрөгийн хохирол учирсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба 45 сая төгрөгийн дүнгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

2. Д.У нь Даатгалын тухай хууль, Санхүүгийн хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд М ХК--ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсантай холбоотой гомдол гаргасан. Уг гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо нь гомдлыг хүлээн авч М ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан үйлдэлтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах зэрэг ажиллагаа хийж 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 9/2268 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг албан бичигт нөхөн төлбөрийн үнэлгээтэй холбоотой ямар нэгэн үйл баримт дурьдагдаагүй. Үүнээс үзэхэд явцад М ХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Д.У-өд даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар 32 380 000 төгрөгийн хохирол учирсныг мэдсэн бөгөөд хохирлын үнэлгээтэй холбоотой асуудал байсан бол шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад уг асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын үнэлгээг мэдээгүй байсан. Тиймээс алданги төлөх үндэслэлгүй гэж хэлж байгаа нь худал тайлбар бөгөөд ИХШХШтХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу мэдээгүй гэж нотлох баримт гаргаж ирээгүй, нотолж чадаагүй байна.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ, даатгуулагчаас нөхөн төлбөр хүссэн өргөдлийн маягт, даатгагчийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзсан албан бичиг зэргээс үзэхэд М ХК хохирол үнэлгээчинг томилох үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй, нөхөн төлбөрийн ажилтан нь хохирол үнэлгээний тайлан шаардаагүй, даатгуулагчаас даатгагчид анхан төлбөр олгохоос татгалзсан албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа хянуулах үйл ажиллагааны хүрээнд М ХК- нь Д.У-өд учирсан хохирлын хэмжээг мэдсэн байна. Үүнийг мэдээгүй гэдгээ нотлоогүй тул даатгуулагч Иргэний хуулийн 232 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журмын 7.4.3, талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 11.5 дахь заалтын дагуу гүйцэттээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардах эрхтэй.

Алдангийг тооцож нэхэмжлэл гаргахдаа анх мэдүүлж байсан даатгалын үнэлгээ болох 45 сая төгрөгөөс тооцоогүй. Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдолд хавсаргасан хохирлын үнэлгээний тайланд тусгасан 32 380 000 төгрөг, үнэлгээний зардал болох 1 437 500 төгрөгийн нийлбэр дүнгээс тооцож бодсон нь М ХК-ийн алдангид төлөх мөнгөний хэмжээ буурсан байгаа буюу 22 500 000 төгрөгийн алданги төлөх байснаас 10 980 000 төгрөгийн алданги төлөхөөр байна.

Шүүхийн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагын талаар Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар гаргасан. Хэрэг маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Харилцааг зохицуулсан хуулийн зүйл заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэх ёстой. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор тогтоосон хэм хэмжээг хэрэглээгүй, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ, даатгуулагчаас нөхөн төлбөр хүссэн өргөдлийн маягт, даатгагчийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзсан албан бичиг нотлох баримтыг тал бүрээс, зохих ёсоор үнэлээгүй, М ХК- хохирол үнэлгээчинг томилох үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй, нөхөн төлбөрийн ажилтан нь хохирол үнэлгээний тайлан шаардаагүй, даатгуулагчаас даатгагчид нөхөн төлбөр олгохоос татгалзсан албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах үйл ажиллагааны хүрээнд М ХК- нь Д.У-өд учирсан хохирлын хэмжээг мэдсэн үйл баримтыг үнэлээгүй, ИХШХШтХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу М ХК- нь хохирлын хэмжээг мэдээгүй гэдгээ нотлоогүй зэргийг шүүхээс үнэлээгүй.

Дээрх нотлох баримт, үйл баримтаас үзэхэд М ХК- нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэл нь хохирлын үнэлгээний тайлантай хамааралгүй бөгөөд гэрээнд заасан эрсдэл учраагүй гэх үндэслэлээр татгалзсан нь даатгалын үнэлгээний хэмжээгээр даатгуулагчид хохирол учирсныг зөвшөөрч татгалзсан хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул даатгуулагч Д.У- нь Иргэний хуулийн 232 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журмын 7.4.3, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 11.5 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардах эрхтэй байгаа тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 16 980 000 төгрөгийг даатгагч Манлал Даатгал ХК-аас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02144 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна

1. Ослын нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан хүсэлтийг шүүх буруу дугнэсэн тухайд

Талуудын тайлбар, ослын газарт үзлэг хийсэн цагдаагийн байгууллагын тодорхойлолтод осол нь замын хажуу руу орсон байдалтай байсан гэж бичигдсэн байхад онхолдсон, бүрэн сүйрсэн гэх агуулгаар хүч нэмж ослын нөхцөл байдлыг буруу дугнэж бичсэн. Шүүх Нэхэмжлэгч тал жолооч ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож нойрмоглосны улмаас осол гарсан гэх шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хариуцагчийн хүсэлтээр жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож нойрмоглосны улмаас осол гарсан гэх шинжээчийн дүгнэлтийг зам тээврийн ослын талаар шалгасан материалаас буюу Булган аймаг дахь Замын цагпаагийн тасгаас гаргуулан авсан гэж бичсэн. Гэвч хариуцагчийн зүгээс тийм хүсэлт гаргаагүй.

2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан бөгөөд ИХШХШТХ-иин 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан.

Хариуцагч 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гарган өгсөн шинжээчийн дүгнэлтийг хууль бусаар бүрдүүлсэн цуглуулсан эсэхийг шалгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэвч шүүх 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар мөн хуулийн 25.1.3-т заасанд нийцэхгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн шинжээчийн дүгнэлт нь Булган аймаг дахь Замын цагдаагийн газрын хэрэгт байсан шинжээчийн дүгнэлтээс өөр байсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр өөрөө 2018 оны 4 сард шинжээчийн дүгнэлтийг засуулсан, шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол гаргаагүй, өөр эрүүл мэндийн байгууллагаар шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байхад хариуцагчаас гаргасан нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хангахгүй орхиж, хууль бус аргаар гаргасан нэхэмжлэгчийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.

3. Булган аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Батбаярын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор томилсон шинжээчийг дүгнэлт гаргах боломжгүй, чиг үүрэгт нь хамаарахгүй асуудлаар дугнэлт гаргасан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.3-т зааснаар ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх үүргийг хэрэгжүүлэх бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д зааснаар ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 13.1.3, 31.1.1, 33.1.7-д тус тус зааснаар зам тээврийн ослыг шалгах нь цагдаагийн байгууллагын чиг үүрэгт хамааруулахаар хуульчилсан бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дугаар тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам, мөн цагдаагийн албан хаагчийн алхам бүрийг журамласан нь Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 207 дугаар код, Зам тээврийн сайды газрыг хамгаалах үзлэг хийх журам, Эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар тушаалаар батлагдсан жолооч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам, Зам тээврийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 339 тоот тушаалаар баталсан жолоочийн хөдөлмөр, амралтын горим, түүнийг мөрдөх тухай зөвлөмж, жолоочийн тайлбар мэдүүлэг зэргийг үндэслэн жолоочийн тухай үеийн ажилласан цаг хугацааг тодорхойлж эрх хэмжээний хүрээнд осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоосон байхад эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан гэж дүгнэсэн. Гэсэн атлаа шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Жолооч Б.Р нь согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь химийн шинжилгээний 104 тоот дүгнэлтээр тогтоогдсон, эм хэтрүүлэн хэрэглэсэн, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байдал нь осол гарах шалтгаан болсон гэж үзлээ гэж шүүх өөрөө ослын шалтгааныг тогтоосон нь ойлгомжгүй байна.

4. Хариуцагч нь гэрээний нөхцөлийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-тай шууд хамаатуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гарган өгсөн шинжээчийн дүгнэлтэд осол нь жолооч хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос болж гарсан байна гэж дүгнэсэн байсанд үндэслэсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгыг анхаараагүй гэх асуудалтай холбоотой зүйл байхгүй.

5. Шүүх Булган аймгийн Автотээврийн төвийн техникийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтээр гарсан эвдрэл хохирлыг замын хөдөлгөөнд оролцох ямар ч боломжгүй тул ослоос хойш өөр хүчин зүйлийн үйлчлэлээр дахин гэмтэл авсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт дээр замын хөдөлгөөнд оролцох ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт байхгүй бөгөөд үүнийг тодорхойлоход техникийн тусгай мэдлэг шаардагдана. Гэвч шүүх өөрөө эвдрэл хохирлын үр дагавар дахин хөдөлгөөнд оролцох боломжтой, боломжгүйг юуг үндэслэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Тус техникийн дүгнэлтээр 10 эд энгийн эвдрэл хохирол илэрсэн байсан боловч 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн МХХК-ийн хийсэн хохирол үнэлгээний тайланд 36 эд ангийн жагсаалтыг гаргасан байсан. Ийнхүү 36 болж нэмэгдэж эд анги эвдэрсэнийг шүүх ослоос хойш хөдөлгөөнд оролцоогүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Д.У хариуцагч М ХК-д холбогдуулан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нийт 50 008 850 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, даатгалын тохиолдол бий болоогүй тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй, хожим тогтоогдсон дүнгийн 0,5 хувиар алданги тооцох үндэслэлгүй гэж маргажээ.

 

Маргааны зүйл болох 89-89 ААА улсын дугаартай Киа Гранбирд маркийн автобусыг нэхэмжлэгч нь И ББСБ ХХК-аас 20 000 000 төгрөгийн зээл авч, үүргийн гүйцэтгэлд барьцаалан фидуцийн гэрээ байгуулсан ба уг тээврийн хэрэгслийг М ХК-д даатгуулж 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулсан тээврийн хэрэгслийн үнэлгээг 45 000 000 төгрөгөөр тохирч 540 000 төгрөгийн хураамжийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна. /хэргийн 7-14, 16, 17 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.У нь даатгуулсан тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр жолоодон явахдаа жолоодох эрхийг Б.Рагчаад шилжүүлсэн үед тэрээр Булган аймгийн Бугат сумын Цачиртын гүүр гэх газар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Булган аймаг дахь цагдаагийн тасгийн 6 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. /хэргийн 105 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.4-т даатгалын эрсдэлд хамаарахгүй тохиолдлуудыг тодорхойлсон байх бөгөөд 2.4.5-д жолооч эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэснийг мэргэжлийн байгууллага тогтоосон, хэт ядарсан байсан тохиолдолд даатгалын эрсдэлд хамаарахгүй. гэж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. гэж тус тус заасан байна. Энэ нь даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг даатгагч хариуцахгүй зохицуулалт болно.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж гаргасан Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэд жолооч ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар тус Цагдаагийн тасгаас гаргуулан авсан мөн өдрөөр огноолсон шинжээчийн дүгнэлтэд жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж зөрүүтэй бичигдсэн байх боловч жолооч Б.Р нойрмоглосны улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглосон зохицуулалтыг зөрчсөн буруутайгаас осол болж даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэл эвдэрч хохирол учирсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хэдийгээр талуудын байгуулсан даатгалын гэрээнд жолоочийн хэт ядарсан тохиолдлыг даатгалын эрсдэлд хамаарахгүй байхаар тусгасан боловч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар жолооч ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх үүрэгтэй байна.

 

Иймд дээрх хууль, дүрмийн агуулга болоод хэргийн нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч даатгалын гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн даатгалын нөхөн төлбөрт 32 380 000 төгрөг, нөхөн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алданги 16 980 000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 1 437 500 төгрөг буюу нийт 50 797 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02144 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул даатгалын нөхөн төлбөрт 32 380 000 төгрөг, нөхөн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алданги 16 980 000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 1 437 500 төгрөг буюу нийт 50 797 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.У-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 850 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 040 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХТӨР