| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2410000000312 |
| Дугаар | 2026/ДШМ/732 |
| Огноо | 2026-06-04 |
| Зүйл хэсэг | 16.2.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/732
2026 06 04 2026/ДШМ/732
Д.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах,
хохирогч М.С-ын өмгөөлөгч Т.Эрдэнэбат,
хохирогч Б.Н-ийн өмгөөлөгч Л.Батбаяр,
хохирогч Г.О-гийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг,
хохирогч Н.У-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,
яллагдагчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЗ/2341 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сүрмандахын бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлээр Д.Э-д холбогдох эрүүгийн 2410000000312 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С- овгийн Д-ийн Э-, 1977 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 2, эхийн хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 8 жил 9 сар 1 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 12 жилийн хугацаагаар тогтоож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 525 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хорих ял болгон, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасаж, хорих ялын хэмжээг 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгож, нийт эдлэх хорих ялын хэмжээг 12 жилийн хугацаагаар тогтоосон,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 7 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 12 жилийн хугацаагаар тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, /РД:ТД-/;
Яллагдагч Д.Э- нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Г-” хотхоны оршин суугчдын фейсбүүк группт “Ремакс” үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Д.Д-гийн байршуулсан зарын дагуу холбогдож, тус хотхоны Д- дугаар байрны 5 давхрын 01 тоот, 16 давхрын 01 тоот, А- дугаар байрны 21 давхрын 05 тоот, 12 давхрын 03 тоот, 58/5 дугаар байрны 18 давхрын 02 тоот, 58/3 дугаар байрны 13 давхрын 04 тоот, К4 блокийн 58 дугаар байрны 4 дүгээр орцны 601 тоот орон сууцнуудыг өмчлөгчтэй нь түрээслэх гэрээ байгуулж, түрээслэн авсан хэрнээ бусдад худалдахаар үзүүлж, тус хотхонд байр өмчилдөггүй бодит байдлаа нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож, итгэл төрүүлж, хохирогч нарыг төөрөгдөлд оруулж
1. хохирогч Д.У-гаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 461.200.000 төгрөгийг,
2. хохирогч Д.У-аас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 710.000.000 төгрөгийг,
3. хохирогч Б.Ч-ээс 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 119.000.000 төгрөгийг,
4. хохирогч М.С-аас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 215.000.000 төгрөгийг,
5. хохирогч Ж.Б-гаас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны хооронд 89.400.000 төгрөгийг,
6. хохирогч Г.О-гаас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 59.200.000 төгрөгийг,
7. хохирогч Б.О-, Б.Н-э нараас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 168.500.000 төгрөгийг,
8. хохирогч Н.У-ээс 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 229.000.000 төгрөгийг,
9. хохирогч Б.Х-аас 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 250.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нэр бүхий хохирогч нарыг залилж, нийт 2.301.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан ба мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байна. Хохирогч Б.Н-ийн өмгөөлөгч Л.Батбаяраас “...миний үйлчлүүлэгч сэтгэцийн хор уршиг тогтоолгох хүсэлт гаргасан байхад биелүүлээгүй...” гэсэн хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” гэсэн хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасан тул хохирогчид учирсан сэтгэцийн хор уршиг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд яллагдагч Д.Э-д холбогдох хэрэгт хохирогч нарын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийг томилон дүгнэлт гаргуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.
Нөгөө талаас давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хүмүүсийн хамтран оролцооны хэлбэр байгаа эсэхийг шалгах шаардлагатай.
Түүнчлэн, хохирогч нарт учирсан хохирлыг бодитой тогтоож чадаагүй гэсэн хүсэлтийг анхаарч, нотолбол зохих ажиллагааг хангалтай явуулж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр, нэг мөр мөрдөн шалгах ажиллагаагаар шалган тогтоох, оролцогч нарын хууль ёсны эрх ашгийг хангах, хэргийн материал танилцуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, яллагдагчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Сүрмандах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нэр бүхий хохирогч нарт тэдний хүсэлтээр сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоох шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Зарим хохирогч нарын хувьд дуудахад ирээгүй шалтгааны улмаас шинжээчийн дүгнэлт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана. Нэгэнт энэ ажиллагааг хийсэн тул дахин заавал хохирогч нарт учирсан сэтгэцийн хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа явуулах шаардлагагүй. Б.Х-ыг дуудахад ирээгүй талаарх албан бичиг нь 8хх-82-83 талд авагдсан. Б.Н-э, Д.У- нарыг шинжилгээний байгууллагаас дуудахад очоогүй талаарх баримтыг мөрдөгч хэрэгт хийгээгүй байна. Үүнийг хэрэгт нөхөж хийх боломжтой. Өмнө хэргийг хэлэлцэж, прокурорт буцаасан захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан буюу уг хэрэгт яллагдагч Д.Э-аас гадна өөр бусад хүмүүс оролцоотой гэх асуудал нь Д.Э-тай хохирогч Д.У-ийн Налайх дүүрэгт байх үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэх асуудлаар уулзахад Д.У-тэй хамт явсан Н.С-, В.Э- нарын хүмүүсийн тухай яригдаж, хэргийг буцаасан захирамж болон магадлалд эдгээр хүмүүсээс мэдүүлэг авах талаар тусгагдсаны дагуу Н.С-ийг нэмж гэрчээр асуусан /4-р хх 200-201/, В.Э- нь урьд гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа /4-р хх 195-197, 6-р хх 72-74, 7 хх 8-9/. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтуудыг дүгнээд, прокуророос Н.С-, В.Э- нарыг Д.Э-тай бүлэглэн, хамтран оролцож залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзсэн тул эдгээр хүмүүсийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно. Харин 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон хохирогч Б.О-, Б.Н-э нарын өмгөөлөгч Л.Батбаяр нь урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд уг хэрэгт З.Г- гэх хүн оролцоотой гэж ярьсан асуудлыг үндэслэн хамтран оролцооны хэлбэр байгаа эсэхийг шалгах гэж буцаасан нь үндэслэлгүй. Учир нь З.Г- хохирогч Г.О- хохирсон хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсан бөгөөд хохирогч Б.О-, Б.Н-э нар хохирсон хэрэгт огт хамааралгүй, З.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, тогтоол хүчин төгөлдөр болсон. Өмнөх анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт ч З.Г-ын талаар огт яригдаагүй, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй. Иймээс уг хэрэгт яллагдагч Д.Э-аас гадна хамтран оролцсон хүний талаар шалгах гэж буцааж байгаа нь үндэслэлгүй, шүүгчийн захирамжид ямар нотлох баримтаар хэн гэх хүнийг шалгах талаар тодорхой дурдаагүй байгааг анхаарч үзнэ үү. Н.Ариунаа гэдэг хүн нас барсан. Нас барсан талаарх лавлагааг мөрдөгч хэрэгт хийгээгүй гэж ойлгож байна.
Хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр, эсвэл эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон байхад хохирлыг нэг мөр тогтоогоогүй гэсэн нь үндэслэлгүй, харин хохирогч нар төлөх болон төлөгдсөн хохирлын хувьд маргаантай байгааг үгүйсгэхгүй, энэ асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой, заавал нэмэлт ажиллагаагаар тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хохирогч нарт хэргийн материал танилцахыг мэдэгдэж, танилцах боломж, нөхцөлөөр хангасан, хэргийн материал танилцаагүй гэх хохирогчийн хувьд прокурорын хяналт болон цаашлаад шүүхийн шатанд танилцах бүрэн боломжтой байсан. Тиймээс зөвхөн хэргийн материал танилцуулаагүй, оролцогчдын эрхийг зөрчсөн гэж хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдал болон хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох талаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.
Хохирогч М.С-ын өмгөөлөгч Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
Хохирогч Б.Н-ийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж байна, прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй. Прокурор Б.Н-ийг шинжилгээний байгууллагаас дуудсан гэж байна. Б.Н-э, Б.О- нар нь эгч, дүү хоёр, нэг дор шахуу байдаг. Б.Н-эд хэлээгүй, түүнийг дуудаагүй. Би өөрөө анх Б.Н-ийн сэтгэл санааны хохирлыг тогтоолгох хүсэлт гаргаж байсан. Тэгэхээр дуудахад ирээгүй гэх мөрдөгчийн тайлбар, тэмдэглэлийг хууль бус гэж үзэж байна. 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн магадлалд ийм ажлууд хий гээд тодорхой заачихсан байгаа, үүнийг чухам яаж хийсэн эсэхийг прокурорын шатанд мэдээгүй, анхан шатны шүүх хуралдаан зарлагдахад урьд өдөр нь мэдэгдсэнээр мэдээлэл авсан. Түүнээс өмгөөлөгч надад болон хохирогч нарт мэдэгдсэн зүйл байхгүй. В.Э- гэдэг хүний асуудал яригдаад байгаа. З.Г- Б.Н-этэй уулзахад З.Г-тай хамт В.Э- явж байсан байдаг. Тийм учраас би үүнийг тодруулах нь зүйтэй гэж хэлсэн юм.” гэв.
Хохирогч Г.О-гийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Яагаад гэвэл хэргийг дутуу шалгасан, нэг мөр болгож байж шүүх рүү шилжүүлэх нь зүйтэй.” гэв.
Хохирогч Н.У-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж байна. 8 хавтас хэргийн 138 дугаар талд авагдсан хохирлын тооцоонд 229.000.000 төгрөгийн хохиролтой, хохирол төлөгдсөн гэсэн агуулга байдаг. Д.Э- нь 2024 оны 11 дүгээр сард хохирол, төлбөр дууссан гэсэн бичиг хийж өг, ингэвэл мөнгийг чинь өгнө гэхээр нь аргаа бараад бичээд өгсөн. Хохирлын тооцооллыг бүрэн гаргаагүй. Н.С- гэгч нь хамгийн анх уулзуулж, турхирч явж байсан хүн нь байдаг. В.Э- үл хөдлөх хөрөнгийг шилжүүлээд өгчихсөн гээд байгаа боловч барьцаанд тавьчихсан, шилжүүлж өгөөгүй л байгаа. Тэгэхээр энэ үл хөдлөх хөрөнгө дээр ямар ч дүгнэлт хийгээгүй.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Миний бие шүүхэд хохирлын хэмжээг бүрэн тогтоогоод өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтээ ч өнөөдөр дэмжиж байгаа. Анхан шатны шүүхээс хохирлыг бүрэн тогтоогоогүй гэж дүгнэсэн байдаг. Д.Э-ыг хохирогч Б.Х-аас 250.000.000 төгрөг авсан гэж прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан. Д.Э-ын хувьд Б.Х- гэдэг хүнийг танихгүй, Б.Х- нь 100.000.000 төгрөгийг Ж.Г- гэж хүний дансанд хийсэн байдаг. Ж.Г- гэж хүнийг нь ч мөн танихгүй. Ж.Г- нь Б.Х-аас орсон мөнгийг хэн гэж хүн рүү шилжүүлсэн талаараа мэдүүлэг, тайлбараа өгсөн байдаг. Мөн Б.Х-аас Д.Э-д бэлнээр 150.000.000 төгрөг өгсөн гэсэн тайлбар байдаг. Д.Э- бол тэр мөнгийг аваагүй, энэ хүнийг танихгүй, энэ хүнтэй нүүрэлдэн байцаалт өгье гэдэг. Өөрөөр хэлбэл, яагаад гүтгээд байгаа талаар мөрдөн байцаалтад шалгаж тогтоогоогүй. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Прокурор яг энэ хохиролтой холбоотой эсэргүүцэл гаргаагүй. Харин хэргийн материалтай танилцах болон нэмж хүн татах зэрэгтэй холбоотой эсэргүүцэл гаргасан. Үүн дээр хэлэх саналгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.
Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/3025 дугаар захирамжаар “...хэргийн зүйлчлэл тохироогүй, өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан асуудлуудыг анхаарч нотолбол зохих ажиллагааг хангалттай явуулж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр, нэг мөр мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох ...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан ба прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэж, захирамжийг хэвээр үлдээснээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ хүрээнд хохирогч нараас сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох санал, хүсэлтийг нь хүлээн авч, зарим хохирогч нарт холбогдох шинжээчийн дүгнэлт гаргуулжээ. /8 хх 79-81, 84-86, 90-92 тал/
Харин хохирогч Б.Н-э, Д.У-, Г.О- нар хүсэлт гаргасан боловч дүгнэлт гаргуулаагүй байх ба анхан шатны шүүх нэр бүхий хохирогч нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах замаар санал, хүсэлтийг шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн, прокурорт хэргийг буцааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж, тодруулбал Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, мөн хохирогч нараас дахин мэдүүлэг авч, Н.С-ийг нэмж гэрчээр асуужээ. /8 хх 42-43 тал/
Прокурор ”... хэрэгт Н.С-, З.Г-, В.Э- нарын гэрчээр урьд өгсөн мэдүүлгүүд байгаа, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтуудыг дүгнээд, Н.С-, В.Э- нарыг Д.Э-тай бүлэглэн, хамтран оролцож залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй тул эдгээр хүмүүсийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, н.А- гэгч нь нас барсан, энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөх боломжтой” гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд эдгээр нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Д.Э-ын үйлдэлд бусад этгээдийн үйлдэл оролцоо байгаа эсэхэд зохих мөрдөн шалгах ажиллагаануудыг хийсэн, энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Д.Э-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЗ/2341 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН