Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/744

 

2026             06          04                                                                        2026/ДШМ/744

З.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-ын өмгөөлөгч Б.Ангараг,

шүүгдэгч З.О-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/984 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.О-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2503000001182 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн З-ын О- /РД: УЗ-/, 2002 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, Улаанбаатарт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, З- эко ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ..........тоотод оршин суух,

Урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлээр шийтгүүлсэн.

Шүүгдэгч 3.О- нь Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын хойд замд 2025 оны 10 дугаар сарын сарын 29-ны шөнө 04 цаг 30 минутын орчимд Toyota Prius-20 маркийн З- УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын зорчих хэсэг дээр явж байсан явган зорчигч М.Х-ыг мөргөж амь нас хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: З.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэг,  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.О-т Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/зургаа/ жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, Иргэний хуулийн 499.1, 4, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5, 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Б.С-аас амь хохирогчийн оршуулгын зардал 9,696,705 төгрөгийг, шүүгдэгч З.О-аас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт 79,200,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-д олгож, шүүгдэгч З.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад ямар нэг саад учруулалгүй дэмжлэг үзүүлсэн, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтэй маргалгүй гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас үүссэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эргүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж заасан байдаг. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар , хувийн байдал, мөрдөн шалгах үйл ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. Энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсвэл хорих ял оногдуулалгүйгээр таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, албадлагын гэж заасан байна. Иймд надад оноосон ял  шийтгэлийг 6.7 дугаар зүйлээр зүйлчилж хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна... Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Иймд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.О-ын өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....З.О-ын гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-ын өмгөөлөгч Б.Ангараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ангарагаас: Шүүгдэгч гэмт хэргээс учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа боловч бодид боломж хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч 3.О- нь Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын хойд замд 2025 оны 10 дугаар сарын сарын 29-ны шөнө 04 цаг 30 минутын орчимд Toyota Prius-20 маркийн З- УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэг дээр явж байсан явган зорчигч М.Х-ыг мөргөж амь насыг нь хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  болох нь:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-26/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-ын “...Миний ээж болох М.Х- нь 53 настай, 26 дугаар хорооны Мандал овоонд миний хоёр төрсөн дүүгийн хамтаар амьдардаг. Хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй тийм хүн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-41/,

Гэрч Г.Х-ын “...Содон хорооллын гэрлэн дохиотой 4 замын уулзвараар баруун гар зүгт эргээд нэгдүгээр хороолол руу өгсөх шинэ замаар явж байтал гэнэт л урд нэг хүн цаашаа алхаж байгаа байдалтай харагдахаар нь би “...хүүе урд чинь хүн...” гээд сандарсандаа баруун гараа саваад З.О- руу харсан чинь тоормос гишгэсэн боловч “түс тас” хийх чимээ гарахаар нь айгаад шууд нүүрээ дарсан... Тухайн замын голоор алхаж байсан хүнийг мөргөчихлөө гэж бодсон... З.О- машинаас буухаар нь би дээшээ өндийгөөд харсан чинь машины урд салхины шил тэр чигтээ хагарсан цуурсан байхаар нь манай найз залуу бид хоёр машинаас буугаад ирсэн чинь машины урд талд хар бараан өнгийн куртикатай эмэгтэй хүн хэвтэж байсан... З.О- толгойгоо бариад “...яанаа би бүр ийм юм болно гэж мэдээд байсан юм аа одоо яах вэ андаа...” гээд дороо үсрээд байсан... Би “...за андаа одоо тайван байгаарай, цагдаад дуудлага өгье...” гэж хэлсэн... З.О- “...хэрэггүй ээ андаа би айгаад байна...” гэж хэлсэн. Тэгээд хэсэг мөргөсөн хүнээ харж байгаад З.О-ыг жаахан тайвшруулж байгаад зам дээр хэвтэж байсан хүн дээр манай найз залуу очоод цээж нь дээр нь хэд хэдэн удаа дараад “эгчээ” гээд дуудсан боловч амьсгалж байгаа эсэх нь сайн мэдэгдэхгүй байсан... З.О- “...за за андуудаа наад хүнийг чинь зам дээр хэвтүүлж байхаар замын хажуу тал руу болгоод тавьчихъя...” гээд манай найз залууг “...хоёулаа хамт өргөе...” гэж хэлсэн чинь манай найз залуу газар унасан байсан эмэгтэй хүний хоёр мөрөн дээрээс нь татаж чирээд замын нэгдүгээр эгнээнд байсан 2 машины голоор оруулсан тухайн үед О- яг хаанаас нь яаж өргөсөн эсэхийг нь мэдэхгүй байна миний санаж байгаагаар манай найз залуу хоёр мөрнөөс нь чирж байсныг л харсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн 77-80/,

Гэрч Б.С-ын “...Хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна 21-ээс дээш өгсөөд буюу Содон хорооллын арын замд дээр явж байтал юм мөргөх шиг дуу гарахаар нь би хэвтэж байгаад арын суудлаасаа босож ирээд хартал урд салхины шил хагарсан байсан. З.О-, Х- хоёр түрүүлж буугаад би араас нь буутал хүн мөргөчихсөн байсан. Тухайн хүн нь машины урд дээшээ харчихсан толгой нь ертөнцийн зүгээр урд зүг руу харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Очоод амьсгалыг нь үзтэл миний гар хүйтэн байсан тул юм мэдэгдэхгүй болохоор нь цээж нь дээр нь амьсгаа оруулах зорилгоор 4 удаа дараад Х- бид хоёр “эмнэлэг дуудъя” гэж хэлтэл З.О- “...андаа би 1 удаа алдсан одоо дахиж алдмааргүй байна...” гэсэн... Х- утсаа гаргаж ирээд эмнэлэг дуудах гэтэл “...андаа утсаа далд хийчих...” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би “...чи тэгээд яах гээд байгаа юм...” гэж хэлтэл “...андаа хоёулаа хажуу тийшээ гаргаж тавиад зугтаая...” гэхээр нь би “...юу яриад байгаа юм бэ” гэж хэлтэл З.О- намайг өргөчих гээд байхаар нь би тухайн мөргүүлсэн хүний зүүн мөр хэсгээс нь бариад З.О- хаанаас нь ч юм мэдэхгүй байна өргөөд бид хоёр замын 1 дүгээр эгнээнд байх 2 тээврийн хэрэгслийн дунд оруулаад орхиод явсан. Тэгээд Х- З.О- бид гурав манай гэрт очоод машинаа хашаандаа хийгээд цонхыг нь бүтээгээд. Би З.О-ыг “...одоо яах юм бэ...” гэж хэлтэл З.О- “...маргааш би утсаа ломбардад тавиад мөнгө өгье чи салхиныхаа шилийг солиулаарай...” гэсэн. З.О-ыг явахын өмнө бид гурав хүн мөргөсөн газар дээрээ очоод хажуугаар нь алхаж явж харахад мөргүүлсэн хүн тавьсан газартаа байж байсан ба бид гурав буцаад гэр рүүгээ такси бариад харьсан тэгээд З.О- гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн 87-89/,

“...2-р эгнээгээр явж байгаад зорчих хэсэг дээр зогсож байсан хар өнгийн куртикатай хүнийг мөргөөд зогсов...3 хүн бууж ирээд газарт мөргөж унагаасан хүнийг чирээд замын зорчих хэсгээс гаргаад 2 машины голд үлдээгээд зугтаж байгаа нь харагдана...” гэх мэдээлэлтэй хяналтын камерын дүрс бичлэгт хийсэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл/1хх-ийн 28-32/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч О.Нансалмаагийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0625/3486 дугаартай “...1. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүзүүний 1-2-р нугалмын үеэрээ салсан хугарал мултрал, нугас бүрэн тасрал, хүзүүний булчингийн цус хуралт, хоёр зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, хоёр зулай дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн ховдлын цус харвалт, духанд няцарсан шарх, дагзны хуйханд цус хуралт, дух, хамар, хоёр хацар, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой байна. 4.5. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч тогтоогдсонгүй. 6. М.Х- нь хүзүүний 1-2-р нугалмын үеэрээ салсан хугарал мултрал, нугас бүрэн тасарсны улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 7. Цус нь АВО системээр 3-р бүлэг байна. 8. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт/1хх-ийн 142-146/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Митохондрийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн Э.Мөнхбилэгийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0325/7743 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслээс үс илэрсэн. 3. Шинжилгээний үр дүнгээр үснээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч М.Х-ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 7-11/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Б-ын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1449 дугаартай “... Toyota Prius-20 маркийн З- УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн хүлээх үүргүүдээ биелүүлээгүй... 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон...” гэсэн агуулгатай мөрдөгчийн магадлагаа  /1хх-ийн 172-173/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 2-20/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч З.О-ын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь насыг нь хохироосон болон зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргээ санаатайгаар биелүүлэлгүй ослын газрыг орхиж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон...” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч З.О- “...ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

          Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүй дэх гэмт хэрэг, ял тохирсон байх зарчмын илэрхийлэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5/тав/ жилээс дээш 8/найм/ жил хүртэл хугацаагаар хасаж 1/нэг/ жилээс 5/тав/ жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1/нэг/ жилээс 5/тав/ жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...450/дөрвөн зуун тавь/ нэгжээс 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 /хоёр зуун дөч/ цагаас 720 /долоон зуун хорь/ цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 /нэг/ сараас 6 /зургаа/ сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж тус тус хуульчилжээ.

Анхан шатны шүүхийн дүгнэлтэд тусгагдсанаас өөр ямар нөхцөл байдал нь шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл болох талаар баримт хэрэгт авагдаагүй, хохирол, хор уршигтай холбоотой төлбөр хийгдээгүй, ослын улмаас хүний амь нас хохирсон, жолоочийн хувьд хүлээх үүргээ биелүүлэлгүйгээр хэргийн газрыг санаатайгаар орхин зугтаасан буюу 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүчин зүйлс, нийтлэг зарчмуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял тус тус оногдуулсныг буруутгах эсвэл өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Эдгээр ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу нэмж нийт эдлэх ялыг тогтоожээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг болгосон шинжтэй хэм хэмжээ биш, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзээд хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэрэглэж болох шүүхэд эрх хэмжээ олгосон зохицуулалтад хамаарна. Эрх олгосон энэ төрлийн хэм хэмжээг шүүх хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Мөн шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэл нь түүний үг эсвэл бичгийн баталгаа төдийхнөөр бус тодорхой нотлох баримтад үндэслэсэн хохирлоо төлөх цаг хугацаа, эх үүсвэр, боломжоо бодитойгоор харуулсан итгэл үнэмшил төрүүлэхүйц байх шаардлагатай.

Гэтэл шүүгдэгч З.О-ын хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэргийн хянан шийдвэрлэх явцад хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндсэн шаардлагыг хангаагүй байгааг тайлбарлах нь зүйтэй.

Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зам тээврийн осол гарсан, хүний амь насанд нь аюултай нөхцөл байдал үүссэнийг бодитоор мэдэж байсан атлаа хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх алхмыг хийгээгүй, зохих байгууллагад нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, шүүгдэгчийн хэргийн газрыг орхин зугтаах үйлдэлд нь дэмжлэг үзүүлсэн бусад хүмүүсийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж, хариуцлага хүлээлгэх талаар мөрдөгч, прокурор анхаарч ажиллавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч З.О-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/984 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О- нь 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР

 

                      ШҮҮГЧ                                                          Л.ОДОНЧИМЭГ

 

                    ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА