| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2308027572005 |
| Дугаар | 2026/ДШМ/745 |
| Огноо | 2026-06-04 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/745
Б.Б-аад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр, М.Мэндбаяр,
шүүгдэгч Д.Б-аа, түүний өмгөөлөгч Л.Батаа,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Н.Анхбаярын бичсэн 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Д.Б-аагийн өмгөөлөгч Л.Батаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц- нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б-аад холбогдох эрүүгийн 2308027572005 дугаартай хэргийг 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
М- овгийн Д-ы Б-аа /РД: УД-/, 1999 оны 01 дүгээр сарыг 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Д.Б-аа нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Д-” нэртэй засвар үйлчилгээний төвийн орчим HO25 маркийн тракторыг хадуурын иж бүрдлийн хамт кранаар өргөж хашааны гадна байрлуулсан чиргүүл дээр ачих үедээ “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.1.1, 5.2.1, 5.5.9, 5.5.10 дахь хэсэг, “ Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2, 2.4 дэх хэсэг, Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг зөрчин уг чиргүүл дээр хүн гарсан эсэхийг нягтлаагүй, ачиж буулгах хэсгийн дээгүүр цахилгааны шугам байгаа нь краны эд ангид хүрэх боломжтой эсэхийг тооцоолоогүйн улмаас иргэн Ц.О- тогонд цохиулж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-аагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Д.Б-ааг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д. Б-ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Д.Б-аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аагаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 82,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 500,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Б-аагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Д.Б-аагийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/973 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-ааг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутай гэж үзэн түүнд 02 жил, 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч М- овогт Д-ы Б-ааг” хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсугай” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах талаар хуульчилжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл талаар заажээ. Прокуророос яллах буй үйл баримт, зүйлчлэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдсон энэ нь эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа эсэхэд нэг бүр хууль зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцэх бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж үндэслэлтэй болно. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 2026/ШЦТ/973 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.
Шүүгдэгч Д.Б-аагийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Б-аа нь 2023 оны 8 дугаар сарын 28 өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Д-” нэртэй засвар үйлчилгээний төвийн орчим “НО 25” маркийн трактор хадуурын иж бүрдлийн хамт кранаар өргөж хашааны гадна байрлуулсан чиргүүл дээр ачих үедээ чиргүүл дээр хүн гарсан эсэхийг нягтлаагүй, ачиж буулгах хэсгийн дээгүүр цахилгааны шугам байгаа нь краны эд ангид хүрэх боломжтой эсэхийг тооцоололгүй нь улмаас иргэн Ц.О- тогонд цохиулж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Шүүхээс шүүгдэгч Д.Б-аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж 02 /хоёр/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлттэй хууль зүйн болон нотлох баримт дээр үндэслэж мэтгэлцсэн. Шүүгдэгч Д.Б-аа нь гэм буруу дээрээ маргахгүй гэх байр суурь дээр эцэслэн тогтсон. Д-ы Б-аа нь 1999 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........ тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй. Шүүгдэгч Д.Б-аа нь хэрэг учрал гарсны дараа 20,000,000 төгрөг, шүүх хурал болохоос өмнө 20,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөгийг хохирогчид төлбөр төлсөн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц- нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлээр тогтоогдсон. Шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82,500,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдсэн. Шүүгдэгч Д.Б-аа нь гэм буруу дээр маргахгүй хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болох 82,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. Иймд шүүгдэгч Д.Б-аа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал оршуулгын зардал болох 40,000,000 төгрөгийг төлсөн зэрэг байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх зааснаар хорихоос өөр төрлийн, зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж хөнгөрүүлж өгнө үү.... Анхан шатны шүүх хуралд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэх талаар маргаж оролцсон. Шүүгдэгч өмгөөлөгчтэй ярилцсаны үндсэн дээр цаашид гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Анх хэрэг гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө мөн 20,000,000 төгрөг өгсөн. Нийт 40,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршиг 3 дугаар зэрэглэлээр тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу тухайн үеийн 550,000, төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, 82,500,000 төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ... “ гэжээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг үйлдэгдсэнээс хойш өдийг хүртэл хугацаа нь 2 жил 9 сар болох гэж байна. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь удааширсан явдал нь мөрдөгч Э.У- гэгч нь хэргийг удаашруулж хэргийн будлиантуулах гэж оролдсонтой шууд холбоотой. Хэрэг ийм удаан шалгагдах хугацаанд амь хохирогчийн ар гэрт, сэтгэл санаа хэрэг шийдэгдээгүйн улмаас хоорондоо маргаж, уй гашуй, эрүүл мэндээрээ дээд зэргээр хохирч байна. Энэ хэрэг манай удамд нөхөн сэргэшгүй уй гашуй болж үлдэж байна. Олон хүнд сэтгэл санааны зовлон амсуулчхаад шүүгдэгч Д.Б-аагийн ээж Э.Н- нь анхан шатны шүүх хурлаас гараад миний хүүхдийг яагаад шоронд суулгаж байна гэж бид нар руу дайрч байгаа нь илүү их дарамт, гомдол гаргах шалтгаан болж байна. Э.Н- хүүгээ шоронд суусан ч хараад уулзаад байж байх боломжтой байхад миний хань, бид хоёр хүүтэйгээ хэзээ ч уулзаж чадахгүй үлдэж нөхөн сэргээгдэхгүйгээр хохирч үлдлээ. Төрүүлж өсгөсөн насанд хүрсэн ганц түшиг тулгуур болдог хүүгээ алдчихаад би гомдолгүй гэж хэлэх ёстой байсан мэтээр Э.Н- нь даварчихсан үг хэлж байгаадаа ичих хэрэгтэй гэж бодож байна. Э.Н-ийн энэ хэрэг учрал болсон газар 00000Н- дугаартай 1409 м.кв газрын гэрчилгээтэй газар нь 2022 оны 6 дугаар сарын 28-нд 18 иргэний гомдол, хүсэлтийг цуцалж өөрт нь олгогдсон байдаг. Гэтэл 2023 оны 8 дугаар сарын 28- нь энэ хэрэг болох үед буюу 2250 м/кв болж хэмжээ нь томорсон нь цахилгааны шугам дор өөрөө дур мэдэн зөвшөөрөлгүйгээр шуналын сэтгэлээр газраа сунгаж барьсан тул хүүгийн минь алтан амь хохирох эх үүсвэрийг Э.Н- бий болгосон. Ийм ноцтой хэрэг хийсэн Э.Н- хуулийн хариуцлага хүлээж ёстой. Одоо хүртэл энэ газрынхаа хэмжээг өөрчлөөгүй хууль журмын зөрчилтэй хүний амь насанд аюултай байдлаар нь ажиллуулсаар л байна. Э.Н- хашаагаа томруулж дур зоргоороо аашлаагүй бол би өнөөдөр элэг бүтэн хүүтэйгээ хамт байх байсан. Тиймээс энэ газрын талаар мэдээлэл авахаар хавтас хэрэгтэй танилцсаны дараа холбогдох мэргэжлийн байгууллагад нь гомдол гаргасан боловч тодорхой хариу огт өгөөгүй. Хамаг хэрэг явдал энэ газартай холбоотой болох нь тодорхой байгаа. Энэ газрыг зөвшөөрөлгүйгээр хэмжээгээ томруулж хашаалахдаа цахилгаан шугамны дагуу хашааг давхардуулж барьсан байсан. Энэ хэргийн шүүгдэгч Д.Б-аа энэ хэргийг санаатай үйлдсэн хүн мөн болно. Хэрэгт мэдүүлэг өгөхдөө дандаа худлаа ярьж шүүх хурал дээр надаас болж энэ хүн нас бараагүй. Хэрэв тэр хүнд цахилгаан нөлөөлсөн бол би бас тогонд цохиулах байсан гэх утгатай зүйл ярьсан. Энэ краны оосор нь тусгаарлагдсаныг мэдсээр байж нууж байгаа. Хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүдэд энэ нөхцөл байдал тодорхой байгаа болно. Миний хүү 2023 оны 8 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд энэ газар дээр очиж бичлэг хийж явуулсан байсан. Э.Н-д 2023 оны 8 дугаар сарын 23-нд тракторын 8,000,000 төгрөгийг өгч байхад Э.Н-д хадуур, тармуур байгаагүй. Үүнээс хойш 6 дахь өдөр бууна гээд хүүг маань хүлээлгэсэн бас гэрч М.Н-аас 2 аптирик авч үлдээд чиргүүлийн порчиг онгойлгохоор амь хохирогч үлдсэн байдаг. Гэрч М.Н- ярихдаа газрын эзэн авгайн хүү гэх краны жолоочтой ярьж байгаад краны жолооч залуу яг энд дээр чиргүүлээ тавь гэж тавиулсан гэдэг. Ийм баримт гэрч байсаар байтал мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгч мөрдөгчтэй тохирч камерыг нуун дарагдуулж хуулийг уландаа гишгэж олон хүний цаг алдагдуулж, худал мэдүүлэг өгсөн. Энэ хүмүүс буюу мөрдөгч Э.У-, Э.Н-, Д.Б-аа нар хуулийн хатуу хариуцлага хүлээх ёстой. Д.Б-аа нь инженер мэргэжилтэй хүн цахилгааны утас хашаа хоёр давхацсан байдалтай 1.5-2 метрийн зайнд чиргүүл тавиулж, трактор ачиж байгаа бол санамсаргүй хэрэг биш байгаа. Тиймээс магадгүй Д.Б-аа болон Э.Н- нар нь амь хохирогчтой маргаан болж улмаар хүүг маань санаатайгаар тогонд цохиулж алсан байж болзошгүй. Учир нь энэ хоёр хүн мөрдөгч Э.У-той нийлж хяналтын камерын бичлэгийг санаатайгаар нуун дарагдуулж байгаа нь энэхүү хардлагыг бий болгож байгаа юм. Инженер мэргэжилтэй хүн 10 кв-ын хүчдэлд 2-3 метр ойртоход орчиндоо маш их аюултай гэдгийг анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч Д.Б-аа өөрөө хэлж байсан. Д.Б-аа нь мөрдөгч Э.У-той тохирч хэргээ худал мэдүүлж ял авч байгаа нь хохирогч болон хууль ёсны төлөөлөгч надад асар их гомдлыг бий болгож байна. Энэ хэрэгт авагдсан зураг анхны мэдүүлэг, гэрч Н- болон кабинд нь явсан 2 зэргээс мэдүүлэг авхуулж нягтлан шалгаагүй. Бас хэрэг болсон хашааны зөрчлийг үл ойшоож ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулсан. Хохирогчид энэ хэргийн улмаас нөхөн сэргээгдэхгүй хор уршигтай, хохирогчид бид уй гашуутай насан туршдаа үлдэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа нь үхсэн хүн үг хэлэхгүй гэх байдлаа хандаж амь хохирогчийн хэтэрхий ихээр буруутгаж дайрч байгаад гомдолтой байна. Гэрч Э.Н- нь 2023 оны 08 дугаар сарын 23-нд трактороо авчхаад амь хохирогч мөнгө бүтэхгүй байна гээд 2023 оны 08 дугаар сарын 28-нд мөнгө өгсөн гэдэг худлаа үг болно. Эднийд тракторын хадуур, тармуур нь байгаагүй бөгөөд дараа нь нь ирсэн. Миний болон амь хохирогчийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн банкны дансны хуулгыг харахад дансанд мөнгө хангалттай байсан болох нь тогтоогдоно. Э.Н-ийн биднийг буруутгаж худал ярьж байгаад мөн гомдолтой байна. Д.Б-аад шүүхээс хорих ялын тал хувийг буюу 2.5 жилийн хорих ял оногдуулсан нь бидэнд учирсан уй гашуй, нөхөн сэргээгдэхгүй хохиролд тохироогүй байна. Хүү маань ид хөдөлмөрлөх насан дээрээ явсан аав, ээж, ах дүү нарынхаа ганц түшиг тулгуур нь байсан. Иймд Д.Б-аад оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, өөрийгөө өмөөрч хуулийг басамжилж, хохирогчийг үхсэн хүн үг хэлэхгүй гэх утгаар хандаж байгаа хандлагад нь тохирохгүй, хөнгөдсөн байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолтой холбоотой тайлбар байхгүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мэндбаяраас: Өмгөөллийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зарчмын дагуу үйлчлүүлэгчийн байр суурийг дэмжих талаар заасан учраас тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир юу гэвээс дээрх зүйл ангид оногдуулах ялын дээд хэмжээ 5 жил байдаг. Гэтэл 5 жилийн ял оногдуулахгүй, 2 жил 5 сарын ял оногдуулсанд гомдолтой байгаа талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ярьж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д.Б-аа нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Д-” нэртэй засвар үйлчилгээний төвийн орчим HO25 маркийн тракторыг хадуурын иж бүрдлийн хамт кранаар өргөж хашааны гадна байрлуулсан чиргүүл дээр ачих үедээ, уг чиргүүл дээр хүн гарсан эсэхийг нягтлаагүй, ачиж буулгах хэсгийн дээгүүр цахилгааны шугам байгаа нь краны эд ангид хүрэх боломжтой эсэхийг тооцоолоогүй хүргэсний улмаас амь хохирогч Ц.О- цахилгааны хүчдэлд цохиулж амь насыг хохирсон болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 27-38/,
2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3.Ц-гийн “...2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү маань өвч хадах зорилгоор Улаанбаатар хотоос пад трактор худалдаж авахаар явсан. Ингээд хотод очиж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл мөнгө төгрөг нь бүтэхгүй хүлээж байгаад нийт 13,800,000 төгрөгийг гүйцээн өгч трактороо авах гэж байна гээд хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг орчимд ярьсан. Тэгээд орой нь буюу 2023 оны 08 дугаар сарын 28-ны орой цагдаагийн байгууллагаас холбогдоод хүүг маань нас барсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг/1хх-ийн 39-43/,
Гэрч Э.Н-ийн “...талийгаач залуу “...намрын ажил хэцүүдчихлээ, хурдан явахгүй бол болохгүй байна, энэ кранаараа ачаад өгчхөөч...” гэж хэлээд гуйгаад байсан. Манай хүү Б-аа “...би явлаа, ажилтай байна...” гэхээр нь би “...хүн юм авч байхад, ачаад өгчхөөд яв...” гэж загнаад талийгаачийн худалдаж авсан тракторыг кранаар өргөж ачихаар болсон. Тэгээд Б-аа кранаараа пад тракторыг өргөж чиргүүлэн дээр өргөж тавьсан ба талийгаач залуу чиргүүл дээр гарчихсан байсныг мэдээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа хүн “ааа” гээд орилохоор нь би хүүдээ хандаж “...юу болоод байгаа юм бэ...” гэж хэлээд хартал талийгаач чиргүүл дээр гарсан байсныг мэдсэн. Тэгээд би Б-аад хандаж “...хүүхдийн хөл дарчхаж байгаа юм биш үү юу болов...” гээд Б-аа бид 2 гүйж очоод чиргүүлэн дээр гарч хартал талийгаач чиргүүлэн дээр тракторын хажууд уначихсан байдалтай ухаангүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн 49-50/,
Гэрч Б.О-ын “...Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “О- Автомашин” ХХК- с “О-” ХК-н 35/10КВ-н хүчдэлтэй “Гэрэл” дэд станцаас 1.5 км зайд татсан 10кв-н цахилгаан дамжуулах агаарын шугамыг бусад хөрөнгийн хамтаар 880.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-н товчооны урд зам дагуу 22 ширхэг цахилгаан дамжуулах агуурын шугам байдаг ба эдгээрийг 2008 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани сдандартын дагуу суурьлуулж тавьж байсан. Холбогдох бичиг баримт нь байгаа юм. Миний анзаарч харснаар тухайн агаарын шугамын зарим шонгууд айлын хашаанд орсон байдалтай, зарим аж ахуй нэгж байгууллагууд хашаагаа тулгаж барьсан байдалтай байсан ба тухайн аж ахуйн нэгж, хүмүүс мөн Газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөл авсан зөвшөөрөлтэй газрууд байсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн 55/,
Гэрч М.Н-ын “...Би хувиараа тээврийн жолооч ажилтай юм. 2023 оны 08 дугаар сарын 28-ны өглөө фейсбүүк харж байтал “...Дархан-Уул аймаг руу жижиг пад трактор ачуулж явуулна” гэсэн зар байхаар нь холбогдож ярьтал тухайн хүн эхэндээ хөдөө байгаа, хотоос трактор худалдаж авч байгаа, байгаа газраа нь очоод авчих гэж хэлж ярьж байснаа 2-3 цагийн дараа би хот руу ирчихлээ гээд 5 шар дээр уулзсан. Тэр залууг аваад трактор авахаар болсон Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-н товчооны урд зам дагуу байх трактор, том оврын машин зардаг газар ирсэн. Тухайн газарт ирэхэд манай машин тойрч орох боломжгүй байсан ба хоосон талбайд машинаа тавих гэсэн чинь “...өөр айлын талбай болохоор зогсоож болдоггүй юм...” гээд тэнд байсан тухайн газрын эзэн эмэгтэй, хүүхэд нь гэх залуутай ярьж байгаад хашааны гадаа хашааг нь дагуулж чиргүүлээ тавчихад би дахиад өөр ачаа авах гээд яваад өгсөн. Трактор ачихаар болсон залуу чиргүүлийн арын поорчикийг онгойлгохоор болоод надаас 2 автерки аваад үлдсэн юм. Тэгээд би ачаагаа ачихаар явж байгаад орой буцаж ирэх гээд нөгөө залуу руу залгатал утсаа ерөөсөө авахгүй байсан ба хэсэг хугацааны дараа цагдаагаас залгаад тухайн залууг нас барсан талаар мэдсэн. Надад энэ талаар ямар нэгэн зүйл хэлээгүй, талийгаач залуу хэлэхдээ таныг ачаагаа ачаад ирэхэд трактороо ачаад бэлдчихсэн байж байя гэж хэлж байсан. Өөрөөр ямар нэгэн харилцан яриа өрнөөгүй, би үлдээгээд л явсан юм...” гэх мэдүүлэг/1хх-ийн 57/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн №2305 дугаар шинжээчийн “...Талийгаачид хийсэн шинжилгээгээр “цахилгаан гүйдлийн гэмтэл: Хоёр гарын алганд цахилгаан тэмдэг орсон шарх, зүүн хөлийн шилбэний ар доод хэсгийн цахилгаан тэмлэг гарсан шарх”, “зүүн гарын бугуй, зүүн гарын сарвуу, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх “цахилгаан гүйдлийн гэмтэл: Хоёр гарын алганд цахилгаан тэмдэг орсон шарх, зүүн хөлийн шилбэний ар доод хэсгийн цахилгаан тэмлэг гарсан шарх” гэмтэл нь талийгаачийн шууд үхэлд хүргэжээ... Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн амь насыг аврах боломжгүй...” гэх дүгнэлт/1хх-ийн 60-64/,
2025 оны 08 дугаар сарын 15-ны 6 дугаартай шинжээчийн “...иргэн Д.Б-аа нь НО25 маркийн тракторыг хадуурын иж бүрдлийн хамт кранаар өргөж хашааны гадна байрлуулсан чиргүүл дээр ачих үед осол болсон байна. Д.Б-аа нь: Дээд боловсролтой, Авто инженерийн мэргэжилтэй, 2023 онд “НМХГ, Тэнгэрийн суудалтай хүмүүн сургалтын төв”-д сургалтад хамрагдаж “Аюулгүй ажиллагааны дүрэм”-ээр онолын, “Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй байдал”- сорилын ажлаар шалгуулж 23/81 кодтой №2023/88 дугаартай мэргэжлийн үнэмлэх авсан байна. Мөн 2023 онд “НМХГ, Тэнгэрийн суудалтай хүмүүн сургалтын төв”-д сургалтад хамрагдаж “Аюулгүй ажиллагааны дүрэм”-ээр онолын, “Краны бүрэн бүтэн байдал”- сорилын ажлаар шалгуулж 23/82 кодтой №2023/89 дугаартай мэргэжлийн үнэмлэх авсан байгаа нь аюулгүй ажиллагаа, ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших талаар тодорхой мэдлэгийг эзэмшиж үнэлүүлсэн байна. Тракторыг ачих үед чиргүүл дээр Ц. О- гарсан эсэхийг нягтлаагүй, ачиж буулгах хэсгийн дээгүүр цахилгааны шугам байгаа нь краны эд ангид хүрэх боломжтой эсэхийг тооцоолоогүй ажилласан нь “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм” болон Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна... Тус О-УЕН улсын дугаартай автомашин дээр суурилагдсан кран нь “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 1.3. /Энэхүү Дүрэмд дараах манипуляторт кранууд хамаарна. Үүнд: а) авто машин, хийн дугуй, богино арал, гинжит, тусгай явах анги дээр байрласан, гинжит болон хийн дугуйт тракторын арал, зам төмөр, төмөр зам, чиргүүл, байнгын суурь дээр суурилуулсан, зөөврийн болон өөрөө суурилагддаг/ заалтын дагуу манипуляторт кранд хамаарна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо ажиллах үед нь “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.5.9. /Манипуляторт кран 42КВ-аас дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын захын утаснаас 30 м-ээс ойр зайд байрлах тохиолдолд аюулгүй нөхцөлийг тодорхойлсон зөвшөөрөл-нарядыг бүрдүүлсний дараа ажиллуулна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо ажиллах үед зөвшөөрөл-наряд олгох ба ажилчдад зааварчилга өгөх журмыг кран эзэмшигч үйлчлэх хугацааг түүнийг олгосон байгууллага тогтооно. Ажил эхлэхийн өмнө манипуляторт краны операторт (машинч) зөвшөөрөл-нарядыг олгоно. Оператор (машинч) цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо өөрийн дураар манипуляторт краныг байрлуулахыг хориглоно. Манипуляторт краныг цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо ашиглахдаа ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн шууд удирдлага дор гүйцэтгэнэ. Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нь манипуляторт кран байрлуулах газрыг тодорхойлох, зөвшөөрөл-нарядад тусгагдсан ажлын нөхцөлийн биелэлтийг хангуулах, операторын (машинч) журнал дээр ажил эхлэх зөвшөөрлийг бичнэ. Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын бүсэд зөвхөн түүнийг ашиглагч байгууллагаас олгосон зөвшөөрөл- нарядаар ажиллана. Цахилгаан дамжуулдаг уян кабель шугамын ойролцоо манипуляторт кран ажиллах журмыг шугамыг эзэмшигч тогтооно... 5.5.10. /Манипуляторт кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийн тулд эзэмшигч ба ашиглагч байгууллагууд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд: цахилгаан дамжуулах агаарын шугам, хотын тээвэр ба явган хүний зам түүнчлэн барилга байгууламж, хураасан бараа материал хүртэл ойртож болох манипуляторт краны аюулгүй ажиллагааны зай хэмжээг хангах;/ гэсэн заалтуудыг тус тус баримтална. Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтад шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Мөн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2-т 1- 20 хүртэл кв-ын шугам сүлжээний захын утаснаас хоёр тийш хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд 2 метр зайнд хамгаалалтын зурвасыг хэмжээг баримтална мөн дүрмийн 2.4-т /Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн Эрчим хүчний тухай хуулийн 33.2-т заасны дагуу хамгаалалтын зурвасыг тогтооно/ заасны дагуу хамгаалалтын зурвасыг шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь тогтоолгуулсан байх шаардлагатай. Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм” 3.1/Хамгаалалтын зурваст инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг авсан байна/, “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 912 ПИХБ ба ЦДАШ-ын хамгаалалтын бүсэд автомашин, өргөх машин механизмыг шилжин явах, түүнчлэн суурилуулах ажлыг 4-өөс доошгүй групптэй шуурхай ажиллагаа, шуурхай үйлчилгээ-засварын ажилтан эсвэл ажлын удирдагчийн хяналт дор гүйцэтгэнэ/, 962 Хамгаалалтын бүсэд ажил гүйцэтгэх байгууллага нь ажил эхлэхийн өмнө байгууллагад ажил гүйцэтгэх хүмүүсийн мэдээллийг өгч бичгээр зөвшөөрөл авах ёстой дахь заалтуудын дагуу хамгаалалтын зурвас, бүсэд үйл ажиллагаа явуулах ажил гүйцэтгэх тохиолдолд шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл авч, мэргэжлийн байгууллагын ажилтны хяналтад дор гүйцэтгэнэ...” гэх дүгнэлт /1хх-ийн 124-128/ зэрэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Б-аа нь амь хохирогчийн гуйлтаар түүний худалдан авсан бага оврын тракторыг кранаар ачих үедээ кранаа цахилгаан дамжуулах шугамд хэт ойртуулж хүргэсний улмаас Ц.О- цахилгааны хүчдэлд цохиулж амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийн “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй... үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон...” хохироосон шинжийг хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэж “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.
Санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо гэм буруутай хүний сэтгэхүйн хандлагын илрэл буюу хүний амь нас хохироож болзошгүй болохыг мэдсээр байж, эсхүл мэдэх боломжтой байсан ч түүнд хүргэхгүй гэж хөнгөмсгөөр найдаж үйлдэл хийх, эсхүл хийвэл зохих үйлдлийг хийхгүй байх, нөгөө талаар тухайн үйлдэл, эс үйлдэхүйн уршгаар хүний амь нас хохирно гэж мэдээгүй боловч хэргийн нөхцөлөөс улбаалан мэдэх бололцоотой, мэдэх ёстой байсан ч хайхрамжгүй хандсан байдлыг ойлгодог болно.
Шүүгдэгчийн хувьд ажил үүргийн бус тухайн цаг хугацаан дахь амь хохирогчийн гуйлтаар түүнд туслах үүднээс худалдан авсан тракторыг нь өөрийн эзэмшлийн кранаар ачиж өгч байхдаа учирч болзошгүй эрсдэл, хор уршгаас урьдчилан сэргийлэх, кранаар ачаа ачих, буулгах үеийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг зохицуулсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заагдсан нийтлэг үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлээгүй нь Ц.О-ын амь нас хохирсон нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь кранаар ачаа ачих мэргэжлийг тодорхой сургалтад хамрагдсан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүний хувьд энэ үйл ажиллагааг явуулахыг хориглосон орон зайтай холбоотой хуулийн зохицуулалт/эрчим хүчний шугамын ойролцоо/ болон ачаа ачих, буулгах байршлаа хяналтдаа байлгах үүргийг хүлээлгэсэн захиргааны хэм хэмжээний актыг чанд мөрдөх үүргийг хүлээнэ. Энэ үүргээ эс биелүүлсний улмаас кранаар ачаа ачих үйл ажиллагааг явуулах үед аюулгүй байдлын горим алдагдан краныг цахилгаан шугамд хүргэж түүний металь хийцлэлийн хэсгээр цахилгаан хүчдэл гүйж түүнд хүрсэн хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн байна. Энэ нь амь хохирогчийн цахилгаан гүйдэлд цохиулж амь насаа алдсан шалтгаан ба шүүгдэгчийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо агуулагдаж байна гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа “...Шүүгдэгч Д.Б-аа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц- “...мөрдөгч Э.У-, Э.Н-, Д.Б-аа нар хуулийн хариуцлага хүлээх ёстой...Шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, өөрийгөө өмөөрч хуулийг басамжилж, хохирогчийг үхсэн хүн үг хэлэхгүй гэх утгаар хандаж байгаа хандлагад нь тохирохгүй, хөнгөдсөн байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд болон прокурор Н.Анхбаяр “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шийтгэх тогтоолд тусгаагүй... Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна...” гэх эсэргүүцлийг тус тус гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүй дэх гэмт хэрэг, ял тохирсон байх зарчмын илэрхийлэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... 1 /нэг/ жилээс 5/тав/ жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 /нэг/ жилээс 5 /тав/ жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилжээ.
Анхан шатны шүүх дээрх зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялуудаас хорих ялын төрлийн сонгон шүүгдэгч Д.Б-аад 02 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс буруутгах, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутайд тооцохдоо тухайн гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргээс ялгагдах, давхцахгүй үйлдлийн шинжийг тогтоох хэсэгтээ тусган гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцсон заалтад Эрүүгийн хуулийн зүйл, заалтын дугаарлалтыг нэмсэн өөрчлөлт оруулах шаардлагагүй байна.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь гагцхүү прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг тул мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжиглэн шалгагдаагүй, яллагдагчаар татагдаагүй этгээдүүд болох Э.У-, Э.Н- нарын үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх эрх хэмжээ шүүхэд олгогдоогүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Харин, анхан шатны шүүх прокуророос “...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон...” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэн шилжүүлснийг шүүгдэгч Д.Б-ааг “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. ...” гэж хэргийн хэмжээ хязгаараас хальсан буюу “...хэлцлээр хүлээсэн үүргээ...” гэж тухайн гэмт хэргийн нэг шинжийг нэмэлтээр оруулсан алдааг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “....хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах...” эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдсон бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлд заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...” гэсэн үндэслэлүүд бий болсон тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийг гаргана.
Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шүүгдэгч Д.Б-ааг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...шүүгдэгч Д.Б-ааг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-аагийн өмгөөлөгч Л.Батаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц- нарын гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч 50,000,000 төгрөг, 32,500,000 төгрөг төлсөн ХААН банкны шилжүүлгийн баримт гаргаж өгсөн тул энэ талаар магадлалд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Б-аагийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтын: “...шүүгдэгч Д.Б-ааг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Д.Б-ааг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчлөн, бусад хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-аагийн өмгөөлөгч Л.Батаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц- нарын гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Д.Б-ааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-д 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аагийн 2026 оны 04 дүгээр сарын 09-нөөс 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 56/тавин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА