Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00223

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02852 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” БСБ-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1 493 563 759 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2012 оны 04 сарын 13-ны өдөр 8 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нь 897,000,000 төгрөгийг цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар жилийн 19.20 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлж авсан. Нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн 000000000000 тоот харилцах дансанд 2012 оны 04 сарын 16-ны өдөр 538,000,000 төгрөг, 2012 оны 04 сарын 26-ны өдөр 385,800,000 төгрөг, нийт 897,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж үүргээ биелүүлсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай 35 м.кв үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай 165 м.кв үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай 155 м.кв үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 0-000000000 1 дугаартай 45 м.кв үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай 200 м.кв үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 0-000000000 3 дугаартай 200 м.кв үл хөдлөх хөрөнгө, гэрчилгээний 00/0000 дугаартай 239 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэргийг барьцаалсан.

Зээлдэгч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн төлбөрт нийт 653 165 805 төгрөг төлсөн боловч 2013 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөх тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч одоог хүртэл биелүүлээгүй.

Иймд хариуцагч “Б” БСБ-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 704,200,249.75 төгрөг, хүү 762,381,248,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,982,260.65 төгрөг нийт 1,493,563,759.06 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: “Т” ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар бус боловсролыг дэмжих зээл авсан. Зээлийн төлбөрийг үл хөдлөх хөрөнгөөр биш үйл ажиллагаанаас олсон ашгаас төлөх ёстой. Зээл төлөх үед зээлийн эдийн засагч нь орлого гэх утгаар хийлгүүлж байсан зээлийн үндсэн төлбөрөөс огт төлөгдөөгүй, зээлийн хүүг төлсөн байсан. Нийт 897,000,000 төгрөгөөс 662,712,000 төгрөг төлсөн боловч зээлийн төлбөрийн хэмжээ буурахгүй байгаа нь маш хохиролтой байна. Цэцэрлэг бол ашгийн төлөө байгууллага биш боловсролын төлөө ажиллаж байгаа ашгийн бус байгууллага юм.

Эргэн төлөлтийн хуваарь тохирохгүй манай байгууллагад дарамт учруулж байгаа талаар банканд удаа дараа хандсан боловч хүлээж аваагүй. Манай байгууллага 2012 онд 162,758,500 төгрөг, 2013 онд 189,074,500 төгрөг, 2014 онд 199,904,000 төгрөг, 2015 онд 23,575,000 төгрөг, 2016 онд 400,000 төгрөг, 2017 онд 8,000,000 төгрөг, 2018 онд 53,000,000 төгрөг, 2019 онд 26,000,000 төгрөг, нийт 662,712,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн 72 хувийг төлсөн байхад зээлээс төлөгдөөгүй хүүд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй.

2022 оны 04 сар хүртэл зээлээ төлөөд дуусна гэсэн бодолтой байсан. Бид боловсролын салбарын төлөө өөрсдийн чадлаараа зүтгэж 450 хүүхдийг үнэ төлбөргүйгээр сургасан. Банкнаас олгодог зээлийн хүү өндөр байдаг учраас боловсролын салбарт хувь нэмрээ оруулах гэж байгаа зээлдэгчийн хувьд маш их дарамт шахалтыг үзүүлж байна. Зээлийн төлбөрийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үйл ажиллагаанаас олсон орлогоороо зээлийн төлбөрийг төлөх ёстой. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүүгээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” БСБ-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,493,563,759.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Б” БСБ-ын өмчлөлийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, ... тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 165 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай ... хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 35 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 0-000000000 3 дугаартай, ... тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, .... тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 0-000000000 1 дугаартай, .... хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 45 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, Баянгол дүүрэг, ... тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 155 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 0000/0000 дугаар бүхий, ... хаягтай 239 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 7,625,770 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 7,625,770 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн, мөн тус хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” зэрэг нь тогтоогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Гэтэл нэхэмжлэгч нь өмнө нь хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04785 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 1611 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хуралдааны танхимын 2016 оны 12 сарын 09-ны өдрийн 001/ХТ2016/01367 тоот тогтоолоор тус тус хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэн, өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын биелэлтийг хангах үүрэг хэвээр хадгалагдсаар байтал дахин энэхүү маргааны асуудлаар иргэний хэрэг үүсгэн хариуцагчид дахин үүрэг үүсгэсэн явдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй, хууль зөрчсөн шийдвэр болохыг нотолж байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Тодруулбал, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б.Б нь хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж чадаагүйн улмаас шүүх хуралдааны танхимд тэгш мэтгэлцэх зарчим алдагдсан. Б.Б нь хууль зүйн сайн мэдлэггүйн улмаас шүүх хуралдааны явцад хүсэлт гаргах, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломж хомс байсан төдийгүй шүүгч хэргийн үйл баримтыг шинжлэх явцад хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй байдаг.

Жишээлбэл, гэрээнээс үүдэлтэй харилцааны давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд хэрхэх талаар огт авч хэлэлцээгүй. Тодруулбал, Дэлхий нийтээр аюулт цар тахал нүүрлэж, үүнтэй холбогдуулан Монгол улсын хэмжээнд бүх нийтээр хол хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбогдуулан бүх шатанд эдийн засгийн хүнд нөхцөл байдал бий болсон, нэн ялангуяа сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг цэцэрлэгийн хувьд Нийслэлийн Засаг Даргын 2020 оны 01 сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамж болон Монгол Улсын Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 0/00 дугаар тушаалаар тус тус үйл ажиллагаа нь тодорхой хугацаанд зогссоноор эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон. Энэ үеэр мөн Хорио цээрийн хугацаанд банкны хүүг түр хугацаанд зогсоох тухай асуудал ч бий болж байсан бөгөөд банкны зүгээс тухайн цаг хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэн, зээлийн хүүгийн ямар бодлого баримталсан талаар шинжлэн судлаагүй.

Түүнчлэн, өмнө нь шийдвэрлэгдсэн энэхүү маргаан дээр дахин нэхэмжлэлийг хүлээн авч шүүх хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байсныг хариуцагчийн зүгээс мэдсэн бол шүүх хуралдааны явцад хүсэлт гаргах зэргээр эрхээ хамгаалах байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хууль зөрчин хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэрэг дээр дахин иргэний хэрэг үүсгэн үүрэг давхар болгож буй энэхүү явдал нь ээдрээ төвөгтэй байдлыг бий болгож байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.4-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Б” БСБ-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 704,200,249.75 төгрөг, зээлийн хүү 762,381,248.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,982,260.65 төгрөг, нийт 1,493,563,759.06 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргаснаас хариуцагч үндсэн зээлийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2012 оны 04 сарын 13-ны өдөр 8 тоот “Зээлийн гэрээ” болон 8 тоот “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, 897,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэн авах, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээнд нэрлэн заасан тодорхой байршил бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалах, барьцаалуулахаар харилцан тохиролцсон үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоож, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон барьцааны гэрээний харилцаа үүссэн хэмээн зөв дүгнэж, тэдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. /хх 14-17, 18-19/

 

Хариуцагч “Б” БСБ нь зээлийн мөнгөн хөрөнгө 897,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрдөг боловч “зээлийн гэрээг ялимгүй зөрчсөн”, “зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй”, “зээлийн гэрээний үүрэгт нийт 662,712,000 төгрөг төлсөн боловч зээлийн хэмжээ буурахгүй, банк ипотекийн зээлийн нэгэн адил хүүгийн төлбөрийг эхэлж авахаар гэрээ хийснийг мэдээгүй” гэсэн агуулгаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй хэмээн маргажээ. /хх 1-3, 75-76, 128, 128-арын нүүр/

 

Хариуцагчийн татгалзал тус бүрт дараах эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй:

 

а/. Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарь /хх 16-17/, зээл, хүүгийн тооцооны хуудас /хх 57-60/ зэргийг харьцуулан үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 05 сарын байдлаар зээлдэгч “Б” БСБ-ын төлөх үндсэн зээлийн төлбөрийн үүрэг 334,656,712.97 төгрөг байх ёстой байтал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөрийг оролцуулахгүйгээр 704,200,249.75 төгрөгийн үүрэг хуримтлагдсан байгаа болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, дээрх зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчилд хамааруулан үзэх үндэслэлгүй юм.

 

б/. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх 113-115/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх 120/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх 121-124/-оор зээлдүүлэгч “Т” ХХК-ийг зээлдэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгоогүй гэж, харин зээлдэгч “Б” БСБ-ыг гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрүүд нь талуудын 2015 оны 01 сар хүртэлх харилцааг дүгнэсэн байх ба үүнээс хойших хугацаанд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК нь зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлж /хх 37-56/, нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл бүрдсэн байх тул “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй” гэж үзэх боломжгүй юм.

 

в/. Талууд 2012 оны 04 сарын 13-ны өдөр “Зээлийн гэрээ”-ний хавсралтаар зээл, зээлийн төлбөрийн эргэн төлөгдөх хуваарийг харилцан тохиролцож баталсан байдаг. /хх 16-18/ Түүнчлэн, хариуцагч “Б” БСБ-ын захирал С.А нь 2018 оны 12 сарын 11-ний өдөр Тны холбогдох албатай уулзалт хийсэн байх ба “2018 оны 12 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 735,200,250 төгрөг, нийт 1,328,048,799 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй. Цэцэрлэгийн үйл ажиллагаагаар зээлийг төлөх боломжгүй болсон...” гэсэн тайлбарыг гаргасан нь хэргийн 55 дугаар талд авагдсан уулзалтын тэмдэглэлээр нотлогдож байна. Дээрх баримтуудаар хариуцагч талын гаргасан “зээлийн гэрээний үүрэгт нийт 662,712,000 төгрөг төлсөн боловч зээлийн хэмжээ буурахгүй, банк ипотекийн зээлийн нэгэн адил хүүгийн төлбөрийг эхэлж авахаар гэрээ хийснийг мэдээгүй” гэсэн тайлбар няцаагдаж байхаас гадна зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн хариуцагчийн үйлдэл ийнхүү зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр хуримтлагдаж, үндсэн зээлээс хасагдах дүн багасах үр дагаварт хүргэсэн гэж дүгнэхээр байна.

 

Ийнхүү зээлдэгч “Б” БСБ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд зээлдүүлэгч “Т” ХХК нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч буюу хариуцагч “Б” БСБ нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,493,563,759.06 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ” нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хариуцагч “Б” БСБ нь нэхэмжлэгч талаас гаргасан зээл, хүүгийн тооцооны хуудаст дурдагдсан тооцооллыг үгүйсгэсэн баримт буюу тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн хариуцагч “Б” БСБ нь дэлхий нийтэд үүссэн цар тахлын нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөх хуваарь цар тахлын нөхцөл байдал үүсэхээс өмнө зөрчигдөж эхэлсэн, мөн “Т” ХХК-д удаа дараа хүргүүлсэн албан бичиг, уулзалтын тэмдэглэлд цэцэрлэг нь өөрийн үйл ажиллагаагаар зээлээ төлөх хэмжээний орлого олох боломжгүй тухай, цаашид орж ирэх хөрөнгө оруулалт болон уул уурхайн төслийн ажлаас зээлийг төлж барагдуулах тухай хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг учир тус үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийг багасгах хуульд заасан үндэслэлгүй гэж үзэв. 

 

Шүүх зохигчдыг өмгөөлөгчөөр хангах үүргийг хүлээдэггүй бөгөөд хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь хэргийн оролцогчийн хүсэл зоригийн асуудал юм. Мөн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч тал хууль зүйн туслалцаа авахтай холбоотой аливаа хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 625 768 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ                                                           

                                              ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Д.НЯМБАЗАР