Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1361

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Орхон ҮД:13-17 нарыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д холбогдох эрүүгийн 1806 0680 11573 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Д

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ус сувгийн удирдах газрын хажууд хохирогч С.Даваажаргалын “Ай Фоне-6 Плас” /I Phone-6 Plus/ маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн орчим Ботаникийн эцэсээс гэр рүүгээ харих  замдаа нэг согтуу ахтай тааралдаж пиво хувааж уусан. Тэгээд утсаар нь нэг ярьчихъя гэж аваад түүний гар утсаар нэг хүн рүү залгасан боловч залгасан хүн маань утсаа аваагүй, тэгээд утсыг нь түр халаасалсан байсан, машинтай хүмүүс гарч ирээд хүүе гээд дуудахаар нь зугтаасан. Тэр хүмүүс араас ирээд намайг барьж авахад миний кармаанаас  утас нь  унасан.  Би  энэ хэргийг үйлдсэн нь тодорхой тул  гэм буруу дээрээ маргахгүй байна.гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Даваажаргалын: ...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн орой 03 цагийн үед аав ээжийндээ очих гээд явж байтал уурын зуухны тэнд 2 залуу дагаж яваад тамхи нэхээд байхаар нь би ууж явсан пивоо хамт хувааж уугаад тэгээд би утсаа хартал байхгүй байсан. Тэгээд би миний утсыг өгчих өө гэтэл нөгөө 2 залуу зугтаагаад явсан. Тэгээд би туранхай өндөр залуугийн араас хөөгөөд гүйцээгүй. Тэгтэл манай дүү араас ирээд утсыг авсан хүн баригдчихсан байна гэж хэлсэн. Тухайн үед би согтуу байсан болохоор мэдүүлэг өгөөгүй, манай эхнэр мэдүүлэг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Өсөхбаярын: ...Тэр шөнө гэр рүүгээ харих гээд Дөлгөөнтэй хамт явж байсан. Тэгээд ботаник эцэс дээр буудал дээр нэг ахтай таараад тэр ах пиво бариад явж байсан. Тэгээд тэр ах бид хоёрыг пиво ууя гэхээр нь хамт пиво уусан хэдэн шил пиво авснаа мэдэхгүй байна. Тэгээд зам дээр юм яриад сууж байснаа Ус-15-аас машинтай хүмүүс орилолдоод гараад ирэхээр нь бид хоёр зугтаагаад тэгээд шууд гэр рүүгээ харьчихсан. Тэгээд маргааш өдөр Дөлгөөнийг хөлөө хугалсныг мэдсэн. Маргааш өдөр утас авсан машин хүргүүлсэн талаар ярьсан. Тэгээд гар утсыг цагдаад буцаагаад өгсөн талаар ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

  • “Тод үнэлгээ” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Дий: ...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр найз болох Өсөхбаяртай хамт Холбоо толгойн гудамжинд 1 шил архи ууж эхэлсэн. Тэгээд урагшаа ботаник ороод ботаник хүртэл 2-3 шил архи Өсөхбаяртай л хувааж уусан. Тэгээд ботаникас буцаж харих гээд алхаж байхад гудамжинд нэг согтуу ахтай тааралдсан. Тэр ах гартаа том савтай пиво барьчихсан байхаар нь тэр ахтай юм ярьж сууж байгаад тэр пивыг нь уусан. Тэгээд нэг мэдэхэд би нэг хүнээс зугтаж байсан, яагаад зугтаж байсан гэдгээ мэдэхгүй би зодох гэж байна гэж ойлгоод л зугтааж байгаад нэг мэдэхэд зам дээр машинд мөргүүлээд эргээд харсан чинь араас гүйж явсан залуу энэ дээрэм хийж байна гээд надаас унасан гар утсыг газраас авсан. Тэгээд цагдаа дуудаарай гэсэн. Тэгээд л цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх гээд эрүүлжүүлэх байрны гадаа очиход нь би хөл өвдөөд байна гэсэн чинь 103 дуудаад эмнэлэг нь намайг гэмтэл рүү аваад явсан. Ямар ч зорилго гээд байх юм байхгүй. Харих замд л пиво барьсан хүн явж байхаар нь пивоноос нь уусан. Яагаад гар утсыг авснаа мэдэхгүй байна. Өсөхбаяр намайг гар утас авсан гэдгийг мэдээгүй байсан. Ер нь гар утсыг нь авах талаар ерөөсөө ярилцаагүй байсан. Замын цаанаас машин дотроос хүн орилоод буугаад бид нар руу ирсэн чинь л би эхэлж гүйгээд л араас Өсөхбаяр бас согтуу байсан болохоор гүйчихсэн. Тэгээд маргааш өглөө нь Өсөхбаярыг над руу ярихаар нь би гар утсыг нь авчихсан байна лээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

           - Шүүгдэгч Ц.Дий иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 29, 30, 31-32 дугаар тал/,

           - Эд зүйл хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 63, 64 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ус сувгийн удирдах газрын хажууд хохирогч С.Даваажаргалын “Ай Фоне-6 Плас” /I Phone-6 Plus/ маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ус сувгийн удирдах газрын хажууд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч С.Даваажаргалын “Ай Фоне-6 Плас” /I Phone-6 Plus/ маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Ц.Дий гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ус сувгийн удирдах газрын хажууд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч С.Даваажаргалын “Ай Фоне-6 Плас” /I Phone-6 Plus/ маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

           Иймд Прокуророос Ц.Дий бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч буй гэм буруугийн санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Ц.Д нь урьд ял шийтгэл хүлээж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 30, 31-32 дугаар тал/

  Шүүгдэгч Ц.Д нь хохирогч С.Даваажаргалын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохиролд 280.000 төгрөгийг нэмж төлсөн, хохирогч С.Даваажаргал гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 63, 64 дүгээр тал/

       Шүүгдэгч Ц. Дөлгөөний  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

          Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Даваажаргалд учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлж, гэмшиж буйгаа илэрхийлж байх тул хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

          Шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ц.Д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дд мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

          3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ц.Дий тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ц.Дд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.АЛТАНЦЭЦЭГ