| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2021/00616/И |
| Дугаар | 210/МА2021/01339 |
| Огноо | 2021-08-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2021/01339
Ц.О ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01212 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.О ын хариуцагч БХЗХТБА-д холбогдох 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 0000 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2007 оны 10 сарын 31-ний өдрийн 1236 дугаар шүүхийн шийдвэрээр Ц.О , А.Р нарын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 07 сарын 02-ны өдөр төрсөн хүү О.М ыг эх А.Р гийн асрамжид үлдээж, О.М ыг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Ц.О нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш хүү О.М ыг тэжээн тэтгэх үүргээ биелүүлж, нийт 2,173,500 төгрөг төлсөн. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүү О.М болон эх болох А.Р нар нь 2008 оны 04 сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр гарснаас хойш буцаж ирээгүй, холбоо бариагүй.
Хариуцагч байгууллагаас 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 0000 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар эрэн сурвалжлагдаж байгаа эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Ц.О төлбөр төлөхөөс ямар нэгэн аргаар зайлсхийгээгүй, хөрөнгөө нуун дарагдуулсан зүйл байхгүй.
Иймд Ц.О ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 0000 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 1236 дугаар шийдвэрээр Ц.О аас нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж А.Р д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Ц.О нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацаанд хүүхдийн тэтгэлгийн 19,685,100 төгрөг төлөх ёстойгоос 2,633,650 төгрөг төлж, үлдэгдэл 17,451,050 төгрөгийн хуримтлагдсан өртэй байна. Төлбөр төлөгчтэй уулзахад ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг тул хуримтлагдсан тэтгэлгийг сар бүр 1,000,000 төгрөг төлөх байдлаар хэсэгчлэн төлье гэх тайлбар гаргасан. Мэдэгдэл өгснөөс хойш 460,000 төгрөг төлсөн бөгөөд Ж ХХК-д инженер ажилтай, хөдөлмөр эрхэлдэг атлаа сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгааг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн үйлдэл юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгч, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, тоо бүртгэл хөтлөх журмын 2.4-т заасны дагуу төлбөр төлөгч Ц.О ад 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 00000000000000 дугаартай мэдэгдэх хуудсыг түүний бүртгэлтэй хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Дээрх журмын 2.1-т заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа А.Н ад төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж, 0000 дугаартай тогтоолоор түдгэлзүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 0000 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид заасан 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийн төлбөр 19,685,100 төгрөгийг төлөхөөс санаатайгаар зайлсхийгээгүй төлбөрөөс 2,633,650 төгрөгийг төлж барагдуулсан. Хүүхдээ 18 насанд хүрэх үед эцэг хүний үүргээ биелүүлж гэр, орон сууц бэлдэж өгөх зорилготой байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн 2,633,650 төгрөг төлбөр авагчид шилжигдээгүй байгаа болно.
Өөрөөр хэлбэл А.Р , хүү О.М нь 2008 оны 04 сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан боловч буцаж ирээгүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн төлбөр шилжээгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан үндэслэлүүдийн аль нь тогтоогдсон тохиолдолд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлэхээр хуульчилсан байхад шийдвэр гүйцэтгэгч болон шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдлийн хувьд хэвээр үлдээж, харин шийдвэрийн үндэслэх хэсэгт орхигдсон дүгнэлтийг нэмж, тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад гаргасан техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 10 сарын 31-ний өдрийн 1236 дугаар шийдвэрээр А.Р , Ц.О нарын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 07 сарын 02-ны өдөр төрсөн хүү О.М ыг эх А.Р гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг Ц.О аар тэжээн тэтгүүлж, хариуцагч Ц.О аас 15,664,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Р д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 01 сарын 02-ны өдрийн 7 дугаар магадлалаар хариуцагч Ц.О аас 23,497,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Р д олгосон өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. /хх 28-29, 30-31/
Дээрх шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад 212 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс гаргасан саналын дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 0000 дугаар тогтоолоор Ц.О ын гадаадад зорчих эрхийг хүүхдийн тэтгэлгийн хуримтлагдсан төлбөрийг бүрэн төлөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байх ба уг тогтоолыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргажээ. /хх 37, 39/
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш нийт 2,173,500 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт төлсөн, мөн төлбөр төлөгч нь эрэн сурвалжлагдаж байгаа, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй гэж тайлбарладаг бол хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа гэж маргажээ. /хх 1-2, 90-91/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тодорхой үндэслэлүүдийг нэрлэн заасан байдаг.
Төлбөр төлөгч Ц.О нь 2007 оны 10 сараас 2021 оны 03 сар хүртэлх хугацаанд нийт төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 19,685,100 төгрөгөөс 2008 онд 176,000 төгрөг, 2010 онд 1,115,150 төгрөг, 2011 онд 555,500 төгрөг, 2016 онд 327,000 төгрөг, 2020 оны 09 сард 460,000 төгрөг, нийт 2,633,650 төгрөгийг төлж, 17,051,450 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлөгдөөгүй хуримтлагдсан үйл баримт хэрэгт авагдсан хүүхдийн тэтгэлэг төлөлтийн тооцоо бүхий баримтаар тогтоогдож байх ба төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч уг хуримтлагдсан төлбөрийн хэмжээний талаар маргаагүй. /хх 17/
Иймд төлбөр төлөгчөөс сүүлд төлсөн хүүхдийн тэтгэлгийг төлөгдөөгүй хуримтлагдсан өмнөх төлбөрт шилжүүлэн тооцох тул нэхэмжлэгч Ц.О аас хүүхдийн тэтгэлэг гэж төлсөн нийт 2,633,650 төгрөгийг 2007 оны 10 сараас 2009 оны 12 сар хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгт хамааруулан үзэх үндэслэлтэй, улмаар төлбөр төлөгчийг 2010 оны 01 сараас хойших хугацааны хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй гэж үзнэ.
Дээрх үйл баримт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан ...тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй..., 59.1.1-д заасан ...төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн... гэсэн үндэслэлд хамаарч байх тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч Ц.О ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 0000 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.15-д заасан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх ажиллагааны талаарх гомдлоо мөн зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах, 44.4 дэх хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах журмыг тогтоосон байдаг.
Дээр дурдсан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч хэрэгжүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх боловч энэ журмыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал байсан учир шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Тайлбарлавал, төлбөр төлөгч Ц.О ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гаргасан байх тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх хуульд заасан журмыг нэхэмжлэгч хэрэглэх боломжгүй байсан гэж үзнэ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ц.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтад гаргасан техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01212 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...зүйлnay... гэснийг ...зүйлийн... гэж, 2 дахь заалтад ...заасан... гэснийг ...төлсөн... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР