| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1317/Э |
| Дугаар | 1370 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч М.Хандармаа ҮД:11-60 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г холбогдох эрүүгийн 1806 0663 01587 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Г
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Г.Г нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчины 05-08 тоотод хамтран амьдрагч С.Насандэлгэрийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Насандэлгэрийн: ...2018.08.06-ны өдөр хамтран амьдрагч Г.Г зодуулснаар дээд уруул язарсан, 2 шүд хөдөлгөөн орсон, баруун гарны бугалга хөхөрсөн, баруун гарын шуу овойж хавдсан нуруу нэлэнхүйдээ хөхөрч няцарсан, баруун гуя дагаж хөх няц хэвлий хөхөрсөн, зүүн хөлний булчин хөхөрсөн, баруун нүд хөхөрсөн, эрүү, нүүр хөхөрсөн ер нь бүх бие хөх эрээн болсон. Намайг өмдний тэлээгээр зодсон, чулуу шидээд, үсдээд туг тугаар нь зулгааж унагаасан. Одоо тархи толгой байнга өвдөөстэй нуруу хөл байнга өвдөж өвчин намдаагчаар байж байна. Эмнэлгээр яваагүй гэрээр өвчин намдаах эм уугаад байж байгаа. Эмчилгээний зардалд 30 гаран мянган төгрөг гарсан. Энэ гэмтлээсээ болж гэртээ хэвтээд ажилгүй болсон. Өдрийн 22.000 төгрөгийн ажил хийдэг байсан, хуушуурын тогооч “Уран тогоо” хоолны газрын ширхэгийн хоолны тогооч. Сард би 700.000 гаран мянган төгрөгийн цалин авдаг. Энэ мөнгөө Гс нэхэмжилмээр байна...Тухайн өдрийн өглөө 50.000 төгрөг Гантулга надад өгсөн.Тэгснээ надад 5000 төгрөг өгчих ганц юм уумаар байна гэхээр нь би өгсөн. Тэгтэл намайг гэнэт ер нь чи миний олсон мөнгийг авдаг хэн юм бэ гэж хэлээд гарсан.тэгснээ нэг шил архи аваад 2 өвгөн дагуулаад гэртээ орж ирээд архи уухаар нь би чи олсон мөнгөөрөө архи уухаар яаж амьдрах юм бэ гэхэд шууд намайг барьж аваад зодсон. Өмдний тэлээгээ тайлаад толгой түрүү бие бүхий л хэсэг рүү ороолгоод би доошоо нүүрээ дараад суухад үсдэж чирээд банзал, янхан гэж дуудаад дахиад тэлээгээр зодсон. Тэгтэл тэр хавиар явж байсан хоёр танихгүй хоёр залуу ахаа та болиоч наад эгч чинь үхлээ шдээ гэхэд та нарт ямар хамаатай юм гэж хэлээд дахин зодсон. Гэртээ оруулж байгаад за чи сонго тэлээгээр зодуулах уу, халуун тогооны залгуураар зодуулах уу гэхээр нь би гуйсан чи битгий зодооч гуйж гэж хэлсэн. Намайг бараг 2-3 цаг зодсон. 12-15 цагийн хооронд болсон. Тэр хавийн хүмүүс дуудсан бололтой цагдаа ирээд намайг аваад явсан. Гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-н 17-18 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Г: ...Тухайн өдөр гэртээ байж байтал Нарандэлгэр урд нь мөнгөтэй хүний нууц амраг байна байсан, чиний олж байгаа мөнгийг хар даа, хүрэлцэхгүй байна гээд уурласан. Би ч гэсэн урдаас нь би чадлаараа олж хичээж байна гэсэн. Тэгтэл энэ үгээ хэлээд уурлаад байхаар нь би уураа барьж чадахгүй зодсон. Би дүгнэлттэй танилцсан, миний цохилтоос үүссэн гэмтэл мөн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 9694 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. С.Нарандэлгэрийн биед дух, баруун шанаа, баруун нүдний зовхи, уруул, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, эрүү, баруун бугалга, бүсэлхий, баруун, зүүн өгзөг, баруун гуя, тахим, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 41 дүгээр тал/,
- Шүүгдэгч Г.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37, 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Г.Г нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчины 05-08 тоотод хамтран амьдрагч С.Насандэлгэрийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Г.Г нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчины 05-08 тоотод 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч С.Насандэлгэрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт зэргээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Г.Г гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Г нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчины 05-08 тоотод 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч С.Насандэлгэрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Г.Г гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 37 дугаар тал/
Хохирогч С.Насандэлгэр гомдол саналгүй гэдгээ хэргийн материалтай танилцахдаа илэрхийлсэн байна. /хх-ийн 48 дугаар тал/
Хохирогч С.Насандэлгэр нь хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ
Шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г. Г.Г оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ