Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/752

 

2026           06            08                                                                        2026/ДШМ/752

 

Б.У-, Б.Э- нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч М.Хүдэрхүү, Д.Бэлгүүн,

цагаатгагдсан этгээд Б.Э-, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/789 дугаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч М.Хүдэрхүүгийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцэлд  тус тус үндэслэн Б.У-, Б.Э- нарт холбогдох 2506 00000 3493 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х- овогт Б-ы У-, 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, “Б- Оф Б- ХХК-д зураач ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: УБ-/,

 

 Ш- овогт Б-ийн Э-, 1988 оны 01 дүгээр сарын 02 өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Б- Б- ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эх, нөхөр, 2 хүүхдийн хамт ......... 110 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ИБ-/,

 

Шүүгдэгч Б.У- нь 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, “Б-” хотхоны цахилгаан шатанд хохирогч Б.Э-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн доод зовхи, зүүн чих, зүүн нүдний гадна булан чихний урд хэсэг, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол,

Б.Э- нь 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, “Б-” хотхоны цахилгаан шатанд хохирогч Б.У-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Х- овогт Б-ы У-, Ш- овогт Б-ийн Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.У-, Б.Э- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 000003493 дугаартай хэргээс шүүгдэгч Ш- овогт Б-ийн Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Э-ийг цагаатгаж, шүүгдэгч Х- овогт Б-ы У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У-д 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.У- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч  Б.У-гаас 4,710,200 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э-, Б.У- нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Э- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, хохирогч Б.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутайд этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, ...” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч М.Хүдэрхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолын 12-р талд түүний хамарт ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй болох нь нотлогдож байна гэж дүгнээд ХХ-ийн 41-42-р талд авагдсан ЕГ/275/130009 дугаартай дүгнэлтийг үндэслэж энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаан даргалагчаас Б.У-гаас хамар руугаа цохиулсны улмаас цус гарсан эсэхийг тодруулахад гараагүй гэж мэдүүлсэн бөгөөд хэрвээ цохиулсны улмаас хамрын туславч мурийсан бол хамраас цус гарах нь илэрхий юм гэж Б.У-гийн биед учирсан гэмтлийг үгүйсгэсэн байна.

ХХ-ийн 91-р талд авагдсан Супернова эмнэлгийн дүгнэлтэд хамрын таславч мурийлт зүүн тал руу бага хэмжээтэй илэрнэ гээд дүгнэлт хэсэгт мэдрэл, чих хамар оолойн эмчийн зөвлөгөө, шаардлагатай бол тархины МР хийлгэх шаардлагатай эсэн дүгнэлтийг гаргасан байхад “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлсэн талаарх баримтыг дангаар нь үнэлсэн нь учир дутагдалтай.

Шүүгдэгч хийгээд энэ хэргийн хохирогчийн хувьд Б.У-гийн зүгээс өвчний шинж тэмдэг тасралтгүй үргэлжилсэн талаараа шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлэгтээ дурдаж цаашлаад чих хамар, хоолойн чиглэлээр төрөлжиж мэргэшсэн эмнэлэгт хандаж нарийвчилсан оношилгоо гаргуулсан талаараа дурддаг. Гэтэл шүүхээс шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлсэн улмаар хамраас цус гараагүй нь таславчийн мурийлт хэрэг гарсан цуг хугацаанд үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг огт үнэлээгүй. Ийнхүү үнэлээгүй нь гэмт халдлага хэний үйлдлээс түрүүлж эхэлсэнд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.

2.Шүүхийн шийтгэх тогтоолын 10-р талд гэрч Д.Д-гийн мэдүүлгийг шууд үнэлсэн нь учир дутагдалтай. Гэрч Д.Д- нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн зөвшөөрөлтэйгөөс гадна тухайн хэрэгт үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болсон Б-ийн Э-ийн гэр бүлийн гишүүн буюу өөрөөр хэлбэл нөхөр нь юм.

Гэтэл 2023 оны 04 сарын 14-ний өдрийн Улсын Дээд Шүүхийн 16 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарын 1.11 дэх хэсэгт гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг нягталбал зохино гэж зааж тайлбарласан байхад илтэд гэр бүлийн гишүүн түүний нөхөр болох Д.Д-гийн мэдүүлгийг шууд үнэлсэн нь учир дутагдалтай.

ХХ-ийн 27-р талд гэрч Д.Д-гийн мэдүүлэгт хохирогч Б.Э-ийг .агдаагийн байгууллагад хандсан талаар мэдүүлэгтээ дурддаг боловч ХХ-ийн 15-р алд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3-р хэлтсийн дуудлагын лавлагааны хуудсанд миний үйлчлүүлэгч Б.У- өөрийн 8Д- дугаарын утаснаас дуудлага мэдээлэл өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Дээрхээс үзвэл гэрчийн мэдүүлэг эх сурвалж хийгээд хэрэгт авагдсан баримтын хүрээнд эргэлзээтэй болох нь харагддаг.

3.2025 оны 10-р сарын 21-ний өдрийн ЕГ0725/13009 дугаартай дүгнэлтэд зүүн ацар, баруун зулайн хуйх хавдсан, хуйх тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн хацарт 3x1,2см босоо байрлалтай, эрүүний зүүн хэсэгт 2.5x0.2 см, босоо байрлалтай, улаан өнгийн маажигдсан өнгийн зулгаралттай гээд дүгнэлтийн 1 дэх хэсэгт Б.У-гийн биед тархи доргилт, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... 2 дахь хэсэгт дээрх эмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр 1 удаагийн цохих, цохигдох, маажигдах үйлчлэлээр, гэмтэл учирсан гэх тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл Б.У-гийн биед учирсан тархи доргилт нь нэг удаагийн үйлчлэлээр, зүүн хацар дахь зөөлөн эдийн няцрал нэг удаагийн үйлчлэлээр, зүүн ацар эрүүн дэх зулгаралт нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой буюу эдгээр гэмтлийг 3 ба түүнээс дээш удаагийн хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тус бүр үүснэ гэсэн тусгай мэргэжилтний гаргасан шинжээчийн дүгнэлтийг илтэд үгүйсгэж дүгнэжээ.

Мөн тархины доргилт буюу тархи хавагнах үйл явц нь цохиулах, толгойн эсгээр унах зэрэг үйл явцаас үүсдэг гэмтэл бөгөөд үсдүүлж доош нь даруйлсан даруйд энэ гэмтэл үүсэх нь эрүүл мэндийн шинжлэх ухааны боломжгүй юм.

4.Б.У-гийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлгээсээ эхлээд тогтвортой мэдүүлэг өгсөн бөгөөд гацаж, түгдрэхгүй, тухайн хэрэг болсон цаг үеийг өөрийн ерөнхий санаж буй хэмжээнд тогтвортойгоор мэдүүлгээ өгдөг.

ХХ-ийн 78-р талд Б.Э- өөрийн маажуулсан гэх нүүрний зургийг хавсаргасан байдаг гэтэл түүний үс хойшоо чигтээ боолттой өөрөө хойшоо даруулж үдүүлсэн гэх боловч үсний ерөнхий байдал алдагдаагүй байдлаар хэргийн дараа шууд өөрийн зургийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдаг. Гэвч мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үсдүүлж хойшоо даруулсан гэдэг боловч 2025 оны 10 сарын 11-ний өдрийн 15:54 минутад дарсан гэрэл зургийн үзүүлэлтэд үсдүүлсэн эсэх нь харагдаагүй.

Б.У-гийн зүгээс 2025 оны 10 сарын 11-ний өдрийн 15:54 минутад дуудлага өгсөн болохыг ХХ-ийн 15-р талд авагдсан дуудлагын лавлагааны хуудсаар үүнийг харьцуулан дүгнэх боломжтой.

5.Эрүүгийн хариуцлагын талаар Б.У-гийн тухайд Б.Э-ийн биед учруулсан гэмтлийг бид хоёр зууралдаад ийм зүйл болсон байх гэдэг дээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд мөрдөн байцаалтын шатанд прокурорын аль алийг нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрсөн байдаг боловч шүүхээс прокурорын санал болгосон ялын хэмжээнээс илтэд өндрөөр шийтгэсэн учир дутагдалтай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкц бүхий гэмт хэрэг бөгөөд шүүхээс ял оногдуулахдаа тухайн торгох санкцаас хамгийн өндөр дүн буюу 1,350,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байдаг гэсэн атлаа хүндрүүлэх нөхцөл байхгүй талаар шийтгэх тогтоолдоо дурдсан атлаа тухайн гэмт хэрэгт ногдуулах хамгийн хүнд, их хэмжээний торгох ялаар шийтгэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/789 дугаартай шийтгэх тогтоолын 1, 2, 3 дахь хэсэгт заасныг хүчингүй болгож өгнө үү...”гэв.

 

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч Д.Билгүүнээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт үндэслэн үнэлэгдсэн нотлох баримт нь шинжээчийн хоёр дүгнэлт болон гэрч Д.Д-гийн мэдүүлэг юм. Анхан шатны шүүх гэрч Д.Д-гийн “цахилгаан шатны орчим очиход миний эхнэр нэрийг нь мэдэхгүй, танихгүй эмэгтэйд үсдүүлсэн байсан, улмаар миний эхнэр тухайн эмэгтэйн үснээс барьж авсан, мөн эхнэрийн зүүн хацраас багагүй хэмжээний цус гарсан байсан” гэх мэдүүлгийг үндэслэн Б.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг нэг талыг барьж үнэлсэн гэж үзэж байна. Учир нь гэрчийн мэдүүлгийн үргэлжлэл хэсэгт “миний эхнэр тухайн эмэгтэйг түлхсэн, цээжээ урагшлуулсан байдалтай байсан бөгөөд миний эхнэр зүүн гараараа нөгөө эмэгтэйн үснээс барьсан байхаар нь би түүний гарыг салгасан” гэж мэдүүлсэн байдаг. Энэхүү мэдүүлгээс талууд харилцан бие биедээ халдсан, өөрөөр хэлбэл харилцан зөрчилдөөн, ноцолдоон үүссэн нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх зөвхөн нэг талын үйлдлийг үнэлж, нөгөө талын үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна. Мөн Б.У- нь хохирогч руу ар талаас нь дайрсан гэх дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Хэрэв үнэхээр ар талаас нь дайрсан бол Б.Э- болон Б.У- нарын нүүр, толгойн хэсэгт тогтоогдсон гэмтлүүд үүсэх боломжгүй байсан гэж үзэж байна. Түүнчлэн хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн дуудлага, мэдээллийн бүртгэлд Б.У-гийн 8808-Д- дугаарын утаснаас өгсөн дуудлага бүртгэгдсэн байдаг. Харин Б.Э- өөрөө түрүүлж цагдаад дуудлага өгсөн гэж тайлбарладаг боловч энэ талаар бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл хэрэгт авагдаагүй байна. Мөн анхан шатны шүүх прокуророос санал болгосон 1,000,000 төгрөгийн торгох ялыг харгалзан үзэлгүйгээр ялын хэмжээг нэмэгдүүлж, 1,350,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Б.У- нь тогтмол эрхэлсэн ажилгүй, цагийн ажил эрхэлдэг бөгөөд насанд хүрээгүй нэг хүүхдээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Эцэст нь, энэхүү хэрэгт оролцсон хоёр этгээд хоёул хохирогч, шүүгдэгч байхад зөвхөн Б.У-г гэм буруутайд тооцож, нөгөө талын үйлдэлд эрх зүйн үнэлгээ өгөөгүй нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн, бодитой, тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 2, 3, 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй...” гэв.

Прокурор Д.Ганчимэг  давж заалдах шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Ш- овогт Б-ийн Э-т холбогдох хэргийг “...Б.У-г түрүүлж халдсан, Б.Э- уг халдлагыг таслан зогсоохын тулд өөрийгөө хамгаалсан...” гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар "гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Э-т холбогдох хэргийг "Аргагүй хамгаалалт" гэж дүгнэн цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэг. Шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл "Аргагүй хамгаалалт"-ын хууль зүйн шаардлага хангагдаагүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан "аргагүй хамгаалалт" нь зөвхөн тулгарсан бодит аюултай халдлагыг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай нөхцөлд хэрэглэгддэг.

Гэтэл Б.Э-, Б.У- нарын маргаан нь ахуйн хүрээний таарамжгүй харилцаанаас үүдэлтэй, харилцан бие биеэ зүй бус үгээр доромжилж, харилцан бие махбодод нь халдсан санаатай үйлдэл юм.

...Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаас харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд “аргагүй хамгаалалт” хэрэглэсэн гэж үзэхгүй... /УДШ-ийн 2019.12.02-ны №625 тогтоол/ гэж тайлбарласан.

Шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь зөвхөн халдлагыг таслан зогсооход чиглээгүй, харин Б.У-гийн үснээс татах, нүүр рүү нь цохих, хумсаараа самардах зэрэг идэвхтэй үйлдлээр хариу довтолгоо хийж, биед нь олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүхийн “аргагүй хамгаалалт” хийсэн гэх дүгнэлт нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Э-, Б.У- нарын хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан бие биенийгээ дийлэх, давж гарах зорилгоор уурсаж, нэг нэгнийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатайгаар гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс “...Б.У-г түрүүлж халдсан, Б.Э- түүний халдлагыг таслан зогсоохоор өөрийгөө хамгаалж, ...гэмтэл учруулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Лифт дотор ... маргааны явцад хоёр тал хоёулаа хууль бус халдлага үйлдэж, бие биедээ гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хэрэгт авагдсан хохирогч Б.У-гийн “...намайг нүүр лүү 1 цохисон, намайг үсдээд нүүр лүү цохиод байсан. 2-3 удаа цохисон..." гэсэн мэдүүлэг, гэрч Д.Д-гийн “...миний эхнэр (Б.Э-) тэр эмэгтэйг түлхэж, цээжээ урагшаа болгож, зүүн гараараа тэр эмэгтэй хүний үснээс барьж түлхэж авсан байдалтай байхаар нь би эхнэрийн үснээс тэр эмэгтэй хүний үсдэж байсан гарыг салгаж, тэр эмэгтэй хүний үснээс эхнэрийн үсдэж байсан гарыг салгаж авсан...” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0725/13009 дугаартай “Б.У-гийн биед тархи доргилт, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр 1 удаагийн цохих, цохигдох, маажигдах үйлчлэлээр, гэмтэл учирсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл” гэсэн дүгнэлтээр шүүгдэгч Б.Э- нь Б.У-гийн үснээс татах, нүүр рүү нь цохих зэрэг идэвхтэй үйлдлээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна.

Тодруулбал: Шүүгдэгч Б.У-гийн зүгээс: Лифтэнд хүүхдүүдээ суулгах гэсэн Б.Э-т "дараагийнхад нь суу" гэж зандрангуй хэлсэн. Улмаар маргаан үүсэхэд Б.Э-ийг "хөдөөгийн халтар бүдүүн авгай", "хөдөөдөө амьдрахгүй орк царайллаа", "хөдөө очоод амьдар" гэх мэтээр нутаг ус, гадаад төрхөөр нь доромжилсон үг хэлсэн.

Харин шүүгдэгч Б.Э- нь Б.У-гийн "багтахгүй" гэх шаардлагын өөдөөс "яахаараа бид нарыг суулгадаггүй юм, чи ер нь хэн юм, үнэхээр хотын боловсон хүн юм бол хаусандаа амьдрахгүй яасан юм бэ”, “сэвсээ унжуулсан хүүхэн чинь юун сүртэй юм” гэх зэргээр түүний эсрэг санаатай өдөөн хатгалт хийж, маргалдсан.  

Үйл хөдлөл, бие махбодын халдлагын хувьд: Б.У-гийн мэдүүлэгт “Б.Э-ийг түрүүлж баруун гараараа алгадсан, улмаар олон удаа алгадсан” гэж мэдүүлсэн. Өөрийгөө баруун гартаа хүүхдийн цүнх, зүүн гартаа гар утас барьсан байсан тул болиулах гэж оролдсон боловч дийлээгүй, үсдүүлээд доошоо дарагдсан байсан.

Б.Э-ийн мэдүүлэгт “Б.У-г үг хэлэхийн завдалгүй хойноос нь үсдэж, доош нь дарсан”, “Лифт явах 14-15 секундийн хугацаанд Б.У- нэг гараараа дарж, нөгөө гараараа нүүрэн дээр нь хумсаа шигтгэн самардаж, гэмтээсэн”, үүний улмаас Б.Э-ийн хацар, шанаан дээр хумсны гүн сорвинууд үлдсэн гэжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь зөвхөн халдлагыг таслан зогсооход чиглээгүй, харин Б.У-гийн үснээс татах, нүүр рүү нь цохих, хумсаараа самардах зэрэг идэвхтэй хариу довтолгоо хийж, биед нь олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байхад анхан шатны шүүх нь аргагүй хамгаалалтын хууль шаардлагыг хангасан гэсэн үндэслэлгүй дүгнэлт, тайлбар хийж Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/789 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй”, “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлсөн, нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлагатай гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Прокурор М.Анхбаяраас тус шүүх хуралдаанд бичсэн эсэргүүцэлдээ: “...хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь зөвхөн халдлагыг таслан зогсооход чиглээгүй, харин Б.У-гийн үснээс татах, нүүр рүү нь цохих, хумсаараа самардах зэрэг идэвхтэй үйлдлээр хариу довтолгоо хийж, биед нь олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүхийн “аргагүй хамгаалалт” хийсэн гэх дүгнэлт нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан "аргагүй хамгаалалт" нь зөвхөн тулгарсан бодит аюултай халдлагыг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай нөхцөлд хэрэглэгддэг. Иймд анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/789 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй”, “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлсөн, нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлагатай гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Э-ийн өмгөөлөгч У.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйл баримтыг өмгөөлөгч болон прокурорын зүгээс хэт гуйвуулж, үйл баримтыг дүрслэхдээ хэт ашигтай байдлаар гомдол, эсэргүүцэл гаргасан гэж үзэж байна. Хэргийн үйл баримтаас үзвэл Б.У- эхэлж лифтэнд орсны дараа Б.Э- хүүхдүүдийн хамт лифтэнд суусан байдаг. Б.Э- лифтэнд орж ирээд эргэн харж, товчлуур дарсны дараа лифт хаагдаж, талуудын хооронд маргаан үүссэн. Энэ үед Б.У- Б.Э-ийн зүүн талаас нь самардаж, үсдэж дардаг. Б.У- унахдаа толгойг нь дугуйтай хавсарч хамар ясны хугарал, хуйх үстэй нь хамт дарагдаж унадаг. Иймд Б.Э- нь Б.У-гийн биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулах субьектив санаа зорилго агуулаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед Б.Э- нь хохирогчийн байрлалыг тодорхой мэдэх боломжгүй, өөрөө хойшоо дарагдсан нөхцөлд байсан бөгөөд бусдын биед гэмтэл учруулахыг урьдчилан мэдэж, хүссэн шинж тогтоогдохгүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд лифт тавдугаар давхарт очиж зогсоход талууд харилцан бие биеийнхээ үснээс тавиагүй байсан бөгөөд энэ үед Б.Э- “авраарай” хэмээн тусламж хүсэж байсан нь тогтоогддог. Энэ нь тухайн үйлдлийг үргэлжлүүлэх бус, харин таслан зогсоохыг хүсэж байсан нөхцөл байдлыг илтгэнэ. Үүнийг Б.Э-ийн нөхөр Д.Д-гийн мэдүүлэг мөн давхар нотолдог. Тэрээр хүүхэд нь “ээжийг хүн зодчихлоо” гэж хэлэхэд гарах гэж байсан бөгөөд энэ үед эхнэрийнх нь “авраарай” гэж дуудах чимээ сонсогдсон гэж мэдүүлсэн. Улмаар очиж харахад талууд харилцан бие биеийнхээ үснээс зуурсан байдалтай байсан талаар тайлбарласан байдаг. Түүнчлэн Б.У- нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хуралдааны үед хэргийн бодит нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Мөн Б.У- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруудаа маргасан тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг хуульд заасан хэмжээнд тогтоосон нь үндэслэлтэй гэж үзнэ. Эцэст нь, Б.Э-ийн үйлдэл нь бусдын хууль бус халдлагаас өөрийгөө хамгаалах зорилготой байсан бөгөөд хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд аргагүй хамгаалалтын шинжтэй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгтэй холбоотой асуудал гарснаас хойш өнөөдрийг хүртэл ойролцоогоор зургаа, долоон сарын хугацаанд цагдаа, шүүхийн байгууллагаар удаа дараа явж байна. Миний хувьд өмнө нь ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагад шалгагдаж, шүүхийн ажиллагаанд оролцож байгаагүй. Энгийн иргэний хувьд шүүх, цагдаагийн байгууллагаар явах нь өөрөө сэтгэл зүйн дарамт учруулдаг. Тухайн үйл явдлын улмаас надад учирсан сэтгэл санааны болон гоо сайхны хохирол бүрэн арилаагүй байхад нөгөө талын гаргасан гомдлын дагуу хууль хяналтын байгууллагад дахин дахин ирж, тайлбар мэдүүлэг өгөх шаардлагатай болж байгаа нь миний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Ийм нөхцөл байдлын улмаас өөрийгөө хохирсон гэж үзэх, гомдох сэтгэгдэл төрж байгааг илэрхийлж байна. Өөр тайлбаргүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч М.Хүдэрхүүгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Б.У- нь 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, “Б-” хотхоны цахилгаан шатанд хохирогч Б.Э-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн доод зовхи, зүүн чих, зүүн нүдний гадна булан чихний урд хэсэг, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол,

Б.Э- нь 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, “Б-” хотхоны цахилгаан шатанд хохирогч Б.У-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн...” гэж дүгнэн тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Э-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Б.У-г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн" гэм буруутайд тооцож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.350.000 төгрөгөөр торгох  ял шийтгэсэн байна.

Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт, дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.

Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж буй сэтгэл зүйн хандлага, түүнчлэн хохирогчийн үйлдэл зэрэг хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан хянах үүрэгтэй бөгөөд тэдгээрийн үнэн зөв байдал, хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоох үүрэгтэй.

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын нэг төрөл бол аргагүй хамгаалалт байдаг бөгөөд аливаа этгээдийн довтолгооноос өөрийгөө болон бусдыг хамгаалах боломж бүх хүнд тэгш олгогдоно. Мөн довтолгооны үр дүнд өртөх эрх ашиг, гарах хохирол, хор уршиг нь хамгаалалтын үр дүнд гарсан хохирол, хор уршиг, өртөгдсөн эрх ашигтэй тэнцвэртэй байх учиртай.

Аргагүй хамгаалалт нь хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийгддэг, харин маргаан төдий зүйл, сэтгэл санааны цочролд автсанаас өөрийгөө хянах чадваргүй болсныг аффектын нөхцөл байдалд тооцдог.

Хэргээс үзвэл Б.Э-, Б.У- нар нь үл ялих зүйлээс шалтгаалан харилцан бие биеэ хэл амаар доромжилж, улмаар тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Б.Э-ийн үйлдлийг бусдын довтолгооноос өөрийгөө хамгаалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэхгүй юм.

Иймд прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч М.Хүдэрхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/789 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор тогтов.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Б.Э-, Б.У-  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын 2026 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч М.Хүдэрхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/789 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Э-, Б.У- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                                       Л.ГАЛБАДАР

ШҮҮГЧ                                                           Н.БАЯРМАА