Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1402

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

            улсын яллагч Ц.Гантулгабат,

            шүүгдэгч Л.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.М яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0575 41534 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Л.М

             Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

           Л.Мнь 2018 оны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг Өргөө” хотхоны гадна тавьсан иргэн Д.Номин-Эрдэнэийн эзэмшлийн “Мерседес Бенз” загварын 31-31 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг, иргэн Ш.Энхцэцэгийн “Ниссан Жюк” загварын 03-67 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шил, толь, хөгжим зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ммэдүүлэхдээ: Ш.Энхцэцэг бид хоёр улсын шигшээ багт хамт явдаг. Мөн нэг байранд амьдардаг юм. Бид хэсэг уулздаг байсан. Тухайн үед маргалдсан. Би тэмцээнд ороогүй удсан болохоор “Би ормоор байна. Нөхөр чинь уурлаад байвал чи хэсэг орохоо больчих” гэж хэлсэн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энхцэцэг өглөө 8 цагт өөрөө дуудаж надтай уулзсан юм. Хохирлоо бүрэн барагдуулсан. Хохирол барагдуулсныхаа дараа уучлалт гуйсан. Мөн нөхөр нь цагийн дараа ирээд түүнтэй яриад хохирлоо бүрэн барагдуулна гэж хэлээд тохиролцсон. Гэтэл энэ хэргийн талаар ахдаа хэлсэн байсан. Ах нь “цагдаад мэдэгд” гэж хэлсэн байсан. Тэгээд энэ хэргийн талаар мэдүүлсэн байсан. Эгчийнх нь тээврийн хэрэгслийн дугуй эвдэрсэн байсан эсэхийг мэдээгүй. Сүүлд дугуйн эвдрэлийг засаж хохирлыг барагдуулсан гэв. 

            Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ш.Энхцэцэгийн: …Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө гэрээсээ гараад хадам эгч Номин-Эрдэнийн 31-31 УНҮ улсын дугаартай хар өнгийн” Бенз” маркийн автомашин дээр ирэхэд тухайн автомашины зүүн талын хоёр дугуйны хий гарсан байсан. Тэгээд Л.М гар утас руу залгаж тэнэг юм уу чи миний автомашины дугуйг хагалахгүй, хүний автомашины дугуйг урт төмрөөр хатгаад хагалсан. Тэгээд би уйлаад автомашин дотор сууж байхад Л.М автомашин дотор орж ирээд чи одоо уйлаад яах вэ дээ тэр олон залуучуудаа дуудаад дугуйгаа нөхүүл гэж хэлэхээр нь чи хүсээд байгаа бол өөрөө дуудахгүй юу гэж хэлэхэд Л.М би чиний тэр залуучуудыг яагаад дуудах ёстой юм бэ гэж орилоод гартаа барьж байсан бахиар автомашины хөгжим болон толийг эвдсэн. Тэгээд би айгаад автомашинаас буугаад Л.Мод хандан чи яагаад ийм тэнэг юм бэ гэхэд мөн дахин автомашины урд талын салхины шилийг хагалсан. Тэгээд би Л.М ээж Болормаагийн гар утас руу залгаж энэ талаар хэлэхэд удахгүй яваад очно гэж хэлсэн. Хохирсон эд зүйлийн үнэлгээг бичгээр гаргаж өгсөн байгаа. Тухайн үед  миний гаргаж өгсөн үнэлгээн дээр “Дамно” үнэлгээний газар үнэлгээ хийж дүгнэлт гаргасан байсан. Тухайн дүгнэлттэй танилцаж, хохирлоо бүрэн барагдуулсан байгаа. Мөн “Ниссан Жюк” автомашины хагарсан 1 ширхэг дугуйнд үнэлгээ хийлгээгүй байгаа. Учир нь тухайн дугуйг одоо болтол хэрэглэж байгаа. Ямар нэгэн байдлаар үнэлэх шаардлага байхгүй байна. Мөн миний хувьд ямар нэгэн гомдол байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажилагааны явцад хохирогч Д.Номин-Эрдэнийн: ....2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Мөнхсайхан надад хандаж манай автомашины 2 ширхэг дугуйг Энхцэцэгтэй хувийн харилцаатай байсан Л.М гэх залуу хагалсан байна гэж надад хэлсэн. Автомашины хагарсан дугуйг би өөрөө бол хараагүй, тухайн автомашиныг манай нөхөр Мөнхсайхан болон хадам дүү Энхцэцэг нар унаж байгаа. Энэ хэргийн талаар өөр ямар нэгэн мэдэх зүйл байхгүй байна. Автомашины 2 дугуйг үнэлсэн үнэлгээтэй танилцлаа. 400.000 төгрөгөөр үнэлсэн дугуйг 110.000 төгрөгөөр үнэлсэн байна. Миний хувьд мөнгө төгрөг бол авахгүй. Дугуйг дугуйгаар нь авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар тал/,

  • “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Л.Л.М: ...Би урд гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар ярьсан байгаа, дахин мэдүүлэг өгөхгүй. Мөн хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/,

- Шүүгдэгч Л.Л.М иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 24, 25, 27 дугаар тал/,

- Хохирол төлсөн баримт /хх-ийн 28 дугаар тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 29-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд Л.Мнь 2018 оны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг Өргөө” хотхоны гадна байрлуулан тавьсан иргэн Д.Номин-Эрдэнэийн эзэмшлийн “Мерседес Бенз” загварын 31-31 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг, иргэн Ш.Энхцэцэгийн “Ниссан Жюк” загварын 03-67 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шил, толь, хөгжим зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт болсон байна.

            Шүүгдэгч Л.Мнь 2018 оны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг Өргөө” хотхоны гадна тавьсан иргэн Д.Номин-Эрдэнэийн эзэмшлийн “Мерседес Бенз” загварын 31-31 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг, иргэн Ш.Энхцэцэгийн “Ниссан Жюк” загварын 03-67 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шил, толь, хөгжим зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирлын баримт болон хохирол төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Л.Л.М гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Л.Мнь бусдын өмчийн эрхэнд халдан гэмтээж, эд хөрөнгөнд нь   багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Прокуророос шүүгдэгч Л.Л.М гэм буруугийн үйлдлийг  зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Мнь цагдан хоригдсон хоноггүй байна.

            Хохирогч Ш.Энхцэцэг нь өөрт учирсан хохирлыг барагдуулж авсан, гомдол саналгүй гэдгээ хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ илэрхийлсэн тул шүүгдэгч Л.Л.Мыг хохирогч Ш.Энхцэцэгт төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Хохирогч Д.Номин-Эрдэнэ нь дугуйны үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй талаар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө илэрхийлсэн боловч хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаад мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй, түүнчлэн 2 ширхэг дугуйг бүрэн бүтэн биет байдлаар хүлээн авсан талаар бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Л.Л.Мыг хохирогч Д.Номин-Эрдэнэд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзлээ. /хх-ийн 75-76 дугаар тал/

            Шүүгдэгч Л.Л.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн  1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэн үзэх үндэстэй байна

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял  хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас  багаас дээш хэмжээний  хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Л.Мод оногдуулсан 300 /гурван  зуун/ цаг нийтэд тустай  ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Л.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Л.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ч.АЛТАНЦЭЦЭГ