| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2531000000379 |
| Дугаар | 2026/ДШМ/21 |
| Огноо | 2026-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/21
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Б.Урангоо,
Яллагдагч П.О******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЗ/26 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр П.О******* т холбогдох эрүүгийн 2531000000379 дугаартай, 208/2026/0013 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт П******* О*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын * дүгээр баг, ч************* ц****** * давхар байрны* давхарт оршин суух хаягтай, урьд
-С***** аймаг дахь сум дундын ****ээр шүүхийн 20**оны** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,
-С**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн №** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
-Сэ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дүгээр сарын **-ний өдрийн №*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
-С****** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн №** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай /РД: *******/
Яллагдагч П.О******* нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн С******* сумын ******* баг ******* хэсэг **** тоот айлын хашаанд орж хэрүүл маргаан үүсгэн хохирогч Д.М******* баруун нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний салстын цус харвалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: П.О*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.3-т зааснаар яллагдагч П.О******* т холбогдох эрүүгийн 2531000000379 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаан,
Яллагдагч П.О******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн,
Шүүгчийн захирамжийн хувийг оролцогч нарт гардуулах буюу хүргүүлэх ажиллагааг хийж, хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалган, ...шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурор Б.Урангоогийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:
...Анхан шатны шүүхийн хэргийн прокурорт буцаасан захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүгчийн захирамжид “... Прокуророос яллагдагчаар татах тогтоолоор тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяаллыг Сэлэнгэ аймаг аймгийн цагдаагийн газрын гэмт хэрэг зөрчил шалгах тасагт даалгасан байх ба яллагдагчаар татахаас өмнө дээрх ажиллагааг хийсэн болохыг анхаарах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах алба хэлтсийг дурдсан байх ба тус хэрэгт ямар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь албаны даргын эрх хэмжээнд хамаарч байна....” гэжээ.
Гэмт хэрэг, зөрчил шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадаваа нь яллагдагч П.О******* г яллагдагчаар татагдсаны дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/162 дугаартай “Эрүүгийн хэрэг шалгах харьяалал, чиг үүрэг тогтоох тухай” тушаалын дагуу хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба оролцогчийн эрхийг зөрчсөн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.Аймгийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Золжаргал нь яллагдагч П.О******* аас 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд шүүхээс дээрх мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох үүрэгтэй тул хүчингүй болгосны дараа хэргийг шийдвэрлэх боломжтой гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.35 дахь заалтад “... “мөрдөгчийн шийдвэр” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн гаргах тогтоолыг...” гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт прокурор мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилсан бөгөөд мөрдөгчийн дээрх гэрчээр мэдүүлэг авсан үйл ажиллагаа нь мөрдөгчийн шийдвэр биш байх тул прокурор хүчингүй болгох боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгчийн хууль зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул цагдаагийн дэслэгч Ц.Золжаргалын П.О******* аас 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх эсэх асуудлыг шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар эсхүл, бусад хэлбэрээр шүүх хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол, магадлал гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар хуулийн шаардлагыг зөрчсөнийг хамааруулан үздэг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасан эрхийг мөрдөн шалгах албаны дарга хэрэгжүүлээгүй нь процессын зөрчилд хамрагдах хэдий ч энэ нь хэргийг хянан шийдвэрлэх, шүүхийн тогтоолд нөлөөлөх, нотлох баримтын үнэлэмжийг үгүйсгэх ноцтой зөрчил биш байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн болно.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр П.О******* т холбогдох эрүүгийн 2531000000379 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.О******* холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
3.Яллагдагч Д.О******* т холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2026 оны 01дүгээр сарын 08-ны өдөр 20 тоот захирамжийг гаргажээ.
Захирамжид яллагдагчид холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлэлт дүгнэлт өгч мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, яллагдагчийн эрх зөрчигдсөн гэсэн хоёр агуулгыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцсэн хууль зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1-д “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад дараахь эрхтэй” гэж,
1.1-д “мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах замаар гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шуурхай зохицуулалт хийх”
1.2-д “мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах”
1.3-д “шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх”
1.4-д “хавтаст хэргийн материалтай биечлэн танилцах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, мөрдөгчид дэмжлэг үзүүлэх зорилгоор бичгээр зааварчилга өгч, биелэлтийг хангуулах”
1.5-д “шаардлагатай тохиолдолд мөрдөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх”
1.6-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” гэж тус тус хуульчилсан.
Гэтэл яллагдагч П.О******* т холбогдох хэрэгт томилогдсон алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эсэх нь ойлгомжгүй, ямар мөрдөгчид хэрхэн ажиллагаа явуулсан нь тодорхойгүй хууль зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эсэхийг тодруулж зөрчлийг арилгуулсны эцэст гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил нь процессын алдаанд хамаардаг ба хуульд заасан оролцогчдын эдлэх эрх, үүрэг нь Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх эрх чөлөөний зарчмуудад суурилагдсан байдгийг дурьдах нь зүйтэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, шүүх хуралдааны товын талаархи санал, шүүх хуралдаанд оролцогчдыг дуудах, шүүх хуралдааныг хаалттай явуулах санал, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
5.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЗ/26 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЗ/26 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй орхисугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ