Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0596

 

                                              “Н л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                    захиргааны хэргийн тухай

                                                       

Захиргааны хэргийн давж шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0495 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Н л” ХХК-ний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0495 дугаар шийдвэрээр: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийн цуцлах тухай” А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч “Н л” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Н л” ХХК-ийн ерөнхий захирал Б.Г давж заалдах гомдолдоо: “Н л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0495 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчиж байхгүй нотлох баримтад тулгуурлаж дүгнэлтээ гаргасан.

Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз баталж өгөөгүй байдал нь хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй талаар шүүх дүгнэхдээ хариуцагчийн тухай бүрт нь боломжгүй талаар хариу хүргүүлж байсан гэж дүгнэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт хариуцагч хуульд заасан үүргээ хэрхэн биелүүлж, ажилласан талаар шүүх нягтлаагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлах боломжгүй талаар албан бичиг нэхэмжлэгчид хүргүүлж байсан талаарх нотлох баримт хэрэгт нэг ч авагдаагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскизийг батлуулах талаар ямар арга хэмжээ авсан талаарх нотлох баримт цуглуулах үүргээ шүүх биелүүлээгүй, хариуцагчийн үүргийг нэхэмжлэгчийн үүрэг мэт ойлгож дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

2. Барилгын ашиглалтад өгөх хугацааг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, барилгын суурийн болон давхрын тоог тус тус нэмэгдүүлсэн нь тогтоогдсон тул Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахгүй байсан нь сууц өмчлөгчтэй гэрээ байгуулахад хүндрэлтэй байсан гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 3.9-д “Аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын алба нь сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэх ажлын даалгаврыг 14 хоногт боловсруулж, тухайн шатны Засаг дарга ажлын 3 өдрийн дотор батална” гэж заасныг зөрчиж хариуцагч ажлын даалгаврыг батлахгүй байгаа нь төслийг хэрэгжүүлэхэд саад болсон.

Нэхэмжлэгч төсөлд шалгарч төслийг хэрэгжүүлэх эрх авсны маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 017/017, 017/018 дугаартай албан бичгээр архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлтийг өгөөд байхад батлахгүй байна.

Мөн журмын 4.10-д “шалгарсан гэрээ байгуулах эрх бүхий хуулийн этгээд нь тухайн орон сууцны барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчидтэй хоёр талт гэрээ байгуулна. Хоёр талт гэрээ нь гурван талт гэрээний хавсралт баримт байна” 4.11-д “Хоёр талт гэрээнд дараах зүйлсийг заавал тусгасан байна”, 4.11.4-д “солих орон сууцны давхар, өрөөний тоо, сууцны талбайн хэмжээ, орон сууц ашиглалтад орох хугацаа” заасан байна.

Мөн журмын 5.1-т “Журмын 4.10-т заасан гэрээ байгуулсан төсөл хэрэгжүүлэгч нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан төлөвлөгөөг боловсруулж, “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна. 5.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь хуулийн этгээдээс ирүүлсэн төлөвлөгөөг хянаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.в-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна.

Дээрх заалтуудын дагуу иргэдтэй байгуулах 2 талт гэрээнд “солих орон сууцны давхар, өрөөний тоо, сууцны талбайн хэмжээ, орон сууц ашиглалтад орох хугацаа”-г заахаар журамласан байхад нийслэлийн архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр иргэд оршин суугчтай гэрээ байгуулах боломж бүрдэхгүй байгааг шүүх харгалзаж үзнэ үү.

Учир нь нэхэмжлэгч байгууллага иргэдтэй гэрээ байгуулах явцад оршин суугчид өөрсдийн одоо байгаа байрыг бидний анх тооцоолж тендерт орсон төслөөс илүү талбайгаар авах хүсэлт гаргаж байсан тул бид анхны төслийг өөрчлөх талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт санал хүргүүлсэн.

Хэрэв энэ саналыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хүлээн авах боломжгүй байсан талаар татгалзсан хариу бидэнд өгөх байсан, нөгөө талаас төсөлд шалгарсан анхны хувилбарыг батлах бүрэн бололцоотой байсан. Бид төсөлд шалгарсан хувилбараар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулахаар өгсөн нь хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст байгаа Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт иргэдээс хүргүүлсэн хүсэлтэд тодорхой байгаа.

Мөн сонгон шалгаруулалтад тэнцсэн өдрийн маргааш бид төсөлд өгсөн хувилбараар архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулахаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн. Үүнээс хойш Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь энэхүү төлөвлөгөө зургийг батлах талаар ямар ч арга хэмжээ аваагүй.

Мөн тус төсөлд хамрагдах иргэдтэй ойр ойрхон уулзалт зохион байгуулах шаардлагыг харгалзаж энэхүү төслийг хурдан явуулах зорилгоор манай компани байрладаг газраасаа өөр байршилд төсөлд хамрагдсан байрнуудын ойролцоо давхар байр түрээсэлж, өдөр болгон уулзалт зохион байгуулдаг байсан.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.б-т “энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах”-аар хуульчилсан байдаг.

Тиймээс  төслийн дагуу иргэдэд 40 м.кв байр санал болгоод гэрээ байгуулах санал гаргахад иргэд байгаа талбайгаасаа илүү их 20 м.кв байр хүсэж, төслийг анх шалгарсан төслийн дагуу хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдал үүсч байсан тул төсөлд иргэдийн саналыг тусгаж боловсруулан саналаа Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн.

Нөгөө талаас Хариуцагч анхны шалгарсан төслөөр төслөө хэрэгжүүлэх санал тавиагүй гэж байгаа нь өргөдөл гаргаад байгаа иргэдийн хүсэлт, хэрэгцээнд нийцэж байгааг анхаарч үзээгүй бөгөөд энэ байдал нь хуулийн 14.7.2.а-д зааснаар байрны нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт өөрчлөгдөх боломжтой байгааг шүүх анхааралдаа аваагүй, хариуцагч байгууллага иргэдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлаагүй, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төслийг хэрэгжүүлэхээр биднээс шаардаж хариу тайлбар өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Гуравдагч этгээд болох иргэн Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-ийн итгэмжлэл болон түүний шүүхэд гаргасан тайлбарын талаар:

Б.Т төсөлд хамрагдсан иргэдийг төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд гуравдагч этгээд нь өөрийн нөхөр Э.А-д итгэмжлэл олгохдоо хавтаст хэргийн 196 дугаар хуудаст нотлох баримтаар авагдсан итгэмжлэлд Э.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоор итгэмжлэл хэрэгт авагдсан байгаа нь хэргийн бус оролцогчийг итгэмжлэлээр шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн гэдгийг зөрчиж эрх ашиг сонирхол нь зөрчигдөөгүй этгээдийг шүүхэд төлөөлүүлэн оролцуулсан байна.

Мөн нэхэмжлэгч компани нь сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаж, төслийн хэрэгжүүлэх мөнгө санхүүгийнхээ баталгааг өгч шалгарсан байхад “Хөрөнгө мөнгө нь хэзээ ч тодорхойгүй”, “Төслийг хэрэгжүүлэх чадамжгүй” хэмээн бүх оршин суугчийг төлөөлөх эрхгүй атлаа “Бүх оршин суугчид татгалзаж байгаа” талаар шүүхэд тайлбар өгч үүнийг хүлээн авч шүүхийн шийдвэрийнхээ дүгнэлтэд оруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга нь анх төслийн байруудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа тендерт оролцогчдын санхүүгийн чадавхийг шалгаж, улмаар “Н л” ХХК-ийг төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж, төслийн хэрэгжүүлэх эрх олгосон байх бөгөөд одоо “Н л” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэх хөрөнгөгүй болсон гэдгийг бодитоор тогтоосон зүйл байхгүй.

4. Сонгосон талбайд төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон.

Мөн анх төсөлд 0.3+0.67 га буюу нийт 970 м.кв талбайд төсөл хэрэгжүүлэхээр төсөл сонгон шалгаруулсан атлаа бодит байдал дээр төсөл хэрэгжүүлэх талбайн 300 м.кв талбайд “Х х төв” баригдаж хашаа татсан байгаа нь анхны 970 м.кв талбайд төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад орсон манай компанийн нөхцөл өөрчлөгдөж төсөл хэрэгжүүлэх талбай нь 670 м.кв болсон нь төслийг хэрэгжүүлэх хүндрэлтэй болсон.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж үүн дээрээ үндэслэж шийдвэр гаргасан.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах үүднээс байрнуудад үзлэг хийхэд хүн амьдрах нөхцөлгүй болсон, иргэдийн амь нас эд хөрөнгөнд аюул учирсан хүнд нөхцөл байдал тогтоогдсоныг үзлэгийн тэмдэглэлд тусгасан гээд хариуцагч байгууллага “иргэдийн 80 хувийн санал авч чадаагүй үндэслэлээр” төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь үндэслэлтэй хэмээн нэхэмжлэгч байгууллага иргэдийг хүнд нөхцөлд оруулсан мэтээр буруутгаж дүгнэсэн.

Шүүх “ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны оршин суугч иргэдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй” мөртлөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргаагүй байхад эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзэж байрнуудад үзлэг хийхэд хүн амьдрах нөхцөлгүй болсон, иргэдийн амь нас эд хөрөнгөнд аюул учирсан хүнд нөхцөл байдал тогтоогдсоныг үзлэгийн тэмдэглэлд тусгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэснийг зөрчсөн.

Нөгөөтээгүүр хэрвээ хүн амьдрах нөхцөлгүй болсон, иргэдийн амь нас эд хөрөнгөнд аюул учирсан байсан гэж дүгнэсэн бол гуравдагч этгээдээр байрны оршин суугчийн төлөөлөх эрхтэй этгээдийг оролцуулах, гэрээ байгуулах талаар нэхэмжлэгч болон гэрээ байгуулах үүрэгтэй иргэд ямар санал санаачлага гаргаж ажиллаж байсныг шүүх тогтоох байсан.

Гэтэл шүүх энэ үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын зүгээс иргэдтэй олон удаагийн уулзалт зохион байгуулж, санал авч гэрээ байгуулахаар санал санаачлагатай ажилласан байдлыг шүүх харгалзаж үзээгүй мөртлөө гэрээ байгуулах эрх нь дан ганц нэхэмжлэгчийн үүрэг мэтээр ойлгож дүгнэсэн.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22.1.4-д “төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах үүргээ иргэд хэрхэн хэрэгжүүлсэн талаар шүүх нягталж үзээгүй.

6. Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хууль бусаар зохион байгуулсан.

Сууц өмчлөгчид нэгдмэл байр суурьт хүрээгүй буюу өөр компаниар орон сууцаа бариулна гэх мэт шалтгаанаар сууц өмчлөгчид, тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга “Н б” ХХК-тай хамтран айлуудаар зар тарааж өмчлөгчдийн санаа бодлыг үймүүлж байсан нь бид айлуудтай уулзалт зохион байгуулахаар очих үед “Н б” ХХК байрнуудын орцонд төслийг хэрэгжүүлэхээр зар тавьсан байгаагаар нотлогдож байсан нь манай эрх цуцлагдахаас өмнө болсон үйл явдал юм.

Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.3-т Хэрэгжүүлэх үе шатыг заасан байдаг. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.а-т “энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан Хяналтын хороог байгуулах” 26.1-т “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид “хороо” гэх)-г тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна” гэж заасан байдаг.

Гэтэл тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга өмчлөгч, эзэмшигчдийн төлөөлөл, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан Хяналтын хороог байгуулалгүй оршин суугчдийн санаа бодлыг өөрчлөх зорилгоор “Н б” ХХК төслийг хэрэгжүүлэх талаар  зар түгээж, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол гаргаж, хөндлөнгийн хяналтын чиг үүргийг хууль бусаар зохион байгуулсан нь хуулийн дээр дурдсан 26 дугаар зүйл болон 22.1.11-д заасан хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргаагүй байхад шүүх үүнийг үнэлж шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас “төсөл хэрэгжүүлэх байруудын сууц өмчлөгч иргэдээс төслийн явц удаашралтай байгаа талаар удаа дараа өргөдөл, гомдол ирсэн” гэх боловч хэрэгт тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар уламжлуулан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт сууц өмчлөгч иргэдээс өргөдөл ирүүлсэн байгаа нь тус төслийг бүхэлд нь зогсоох хангалттай үндэслэл болохгүй.

7. Маргаан бүхий акт болон шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Маргаан бүхий акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

19.3.Төсөл хэрэгжүүлэгч нь сонгон шалгаруулалтад оролцох санал, төслийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ. 19.5-т Энэ хуулийн 19.3-т заасан санал, төслийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлэн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна” 19.5.3.төсөл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх” 20.1.4-д “Сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх” гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагч төсөл хэрэгжүүлэгч дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзээд төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан атлаа буцаад 20.1.4-д “Сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх гэдгийн хангаагүй гэж үзэж эрхийг цуцлах нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан өөрийнхөө буруу гаргасан шийдвэрийг хүчингүй болгох хуулийн заалтыг үндэслээгүй байна.

Иймд анхны төслийн дагуу төсөл хэрэгжүүлэх талбай нь 300 м.кв-аар багассан, төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хууль бусаар зохион байгуулсан , шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж үүн дээрээ үндэслэж шийдвэр гаргасан, эрх ашиг сонирхол нь зөрчигдөөгүй этгээдийг шүүхэд төлөөлүүлэн оролцуулсан, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлт гаргаагүй, хариуцагчаас архитектур төлөвлөлтийн даалгаврыг зохих журамд заасан хугацаанд баталж өгөөгүй, маргаан бүхий акт болон шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байгаа зэргийг харгалзаж үзэж анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Н л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: ““Н л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга С.Батболдод холбогдох “Нийслэлийн засаг даргын 2018 оны 04 дүгээр р сарын 06-ны өдрийн А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08-р сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0495 дугаар шийдвэр нь захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөсөн шинжтэй гарсанаараа нийгэмд буруу жишиг тогтох нөхцөлийг бүрдүүлж, улмаар бусдын тэр тусмаа нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шинжтэй болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Тус “Н л” ХХК нь төсөлд оролцохын тулд:

1.       2017 оны 5 дугаар сарын 17-25-ны хооронд оршин суугчдаас санал асуулга авч,

2.       2017 оны 6 дугаар сарын 05-нд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар/цаашид НХТЕТГ гэж товчлох/-т тухайн байршлын дэвсгэр зураг гаргуулж авах талаар хүсэлт хүргүүлсэн боловч гаргасан дэвсгэр зураг байхгүй учир өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд уг дэвсгэр зураг нь ерөнхий төлөвлөгөөний зураг хийлгэхэд зайлшгүй шаардлагатай учир бид өөрсдөө хийлгэн,

3.       Улмаар 2017 оны 06 дугаар сарын 05-15-ны хооронд ерөнхий төлөвлөгөөний зураг, эскиз зураг зэргээ хийлгэсэн бөгөөд

улмаар төсөлд шалгарч 2017 оны 06 дугаар сарын 14-нд манай компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан Нийслэлийн засаг даргын захирамж гарсан учир, захирамж гарсаны маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 15-нд Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах, мөн эскиз батлуулахаар өөрийн хүсэлтээ эскиз зургийн хамт хүргүүлж, 2017 оны 06 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд айл өрхүүд, оршин суугчдад зар тарааж 2017 оны 06 дугаар сарын 29-нд “Н” зочид буудлын хурлын танхимд оршин суугчидтай анхны уулзалт зохион байгуулж тухайн байршилд хэрэгжихээр төлөвлөсөн “Г з” төслийн талаарх танилцуулгаа хийж, оршин суугчдын саналыг сэтгэгдлийг сонсох зэрэг ажлуудыг цаг алдалгүй хийсэн юм.

Гэвч эхнээсээ НХТЕТГ-аас архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөөгүйгээс, эскиз батлахгүй байснаас сууц өмчлөгчидтэй хоёрлосон болон цаашлаад гуравласан гэрээ хийхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Учир нь эдгээр нь батлагдахгүй бол айлууд бодит сонголт хийх боломжгүй, манай хийсэн батлагдаагүй зургаар сонголт хийх юм бол эцэстээ сунжирсан маргаан үүсэх магадлал их болох юм. Өөрөөр хэлвэл батлагдаагүй зурган дээр гэрээ хийх юм бол хууль зөрчсөн хэрэг болж цаашилбал залилан маягийн эрүүгийн хэрэгт ч холбогдож болох талтай юм. Айлуудын сонгосон байрнуудын план, төлөвлөлт дараа нь өөрчлөгдөж хүндрэл үүссэнээр гэрээг өөрчлөх шаардлага гарвал үүнээс үүдэн маргаан үүсч төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч болзошгүй байсан ч бид үүргээ биелүүлж, 2017 оны 06 дугаар сарын 25-аас 07 дугаар сарын 14-ны хооронд талбайн инженер-геологийн судалгаа хийлгэн, улмаар 2017 оны 07 дугаар сарын 02-06-ны хооронд тухайн байрнуудын бодит талбайн хэмжилтийг хийлгэж, 2017 оны 09 дүгээр сарын 15-нд НХТЕТГазрын хурлын танхимд хоёрдох гурвалсан уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг амжуулсан.

Гэтэл 2017 оны 9 дүгээр сараас эхлэн тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын дэмжлэгтэйгээр “Н б” гэх компани тухайн байрнуудын оршин суугчидтай уулзан дахин төлөвлөлтийн ажлыг үймүүлж эхэлсэн ба 2017 оны 10 дугаар сард 4 дүгээр хорооны Засаг дарга, “Н б” ХХК-тай хамтран айлуудаар зар тарааж гурвалсан уулзалт зохион байгуулах, “Н б” ХХК-тай хамтран 30 оршин суугчдыг зохион байгуулалттайгаар автобусаар гэрээс нь авч явж оршин суугчдын сэтгэл санааг үймүүлэн янз бүрийн юм амлаж, төсөл хэрэгжүүлэхэд саад учруулж байсан боловч бид үүргээ биелүүлсээр төслийг хэрэгжүүлэхээр өөрөөс шалтгаалах бүхнийг хийж ирсэн боловч НХТЕТГ-ын зүгээс элдэв шахалт үзүүлсээр эцэст нь маргаан бүхий актыг гаргуулсан байсан.

Энэ бүх нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх захиргааны байгууллагын хууль бус ажиллагааг үл хэрэгсэн, нотлох баримтуудыг дутуу үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0495 дугаар шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан, хэргийн зарим оролцогчийн итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, шүүхийн  шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.    Шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримт дутуу цуглуулсан тухайд:

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн маргаан бүхий А/302 дугаар захирамжаар “... газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах боломжгүй болсон ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Н л” ХХК-д төсөл хэрэгжүүлэх эрх олгосон  2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/438 дугаар захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалжээ. 

Нэхэмжлэгч тус захирамжийг эс зөвшөөрч “... иргэдийн санал хүсэлтийг үндэслэн өөрчлөн хүргүүлсэн манай компанийн хэрэгжүүлж буй төслийн архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар батлахгүй байснаас сууц өмчлөгчидтэй гэрээ байгуулахад хүндрэл учирсан, хорооны Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааг дэмжээгүй, ... саналыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хүлээн авах боломжгүй байсан талаар татгалзсан хариу бидэнд өгөөгүй, нөгөө талаас төсөлд шалгарсан анхны хувилбарыг батлах бүрэн бололцоотой байсан. Бид төсөлд шалгарсан хувилбараар архитертур төлөвлөлтийн даалгавраа батлуулахаар өгсөн нь хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст байгаа ... төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ...” гэж маргасан байх бөгөөд хариуцагч “... нэхэмжлэгч нь архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургаа батлуулах хүсэлт ирүүлэхдээ барилгажилтын төслөөс барилгын суурийн хэмжээ болон өндөр зэргийг нэмэгдүүлсэн, норм дүрэмд нийцэхгүй байхаар ирүүлж байсан бөгөөд тухай бүрт нь боломжгүй талаар хариу хүргүүлж байсан ...” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.  

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна”, 20.1.4-т “сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх”, 14 дүгээр зүйлийн 14.7-д “Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална” үүнд төслийн бэлтгэл үе шат, төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шат, хэрэгжүүлэх үе шат, төсөл хэрэгжүүлж дуусах үе шат гэж дөрөв ангилсан байх бөгөөд төслийн бэлтгэл үе шатад буюу 14.7.1-ийн “г”-д “төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах”, 16 дугаар зүйлийн 16.3-т “Барилга байгууламж өмчлөгч нь тухайн барилга байгууламжийг ашиглахыг хориглосон шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас хүлээн авмагц түүнийг дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтээ 14 хоногийн дотор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ”, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.2-т “Сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаархи шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн олонхийн саналаар гаргаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Журмын 3.4-т заасан хүсэлтийг тухайн орон сууц өмчлөгчийн 80-аас доошгүй хувь дэмжсэн байна”, 3.4-т нь “Орон сууц өмчлөгч нь Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтээ 14 хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ” гэж заасан байна.

Шүүх маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл, “сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх” гэх хуулийн шаардлага нь анх төсөл сонгон шалгаруулах үед хэрэглэгдэх хуулийн зохицуулалт эсэх, төсөл сонгон шалгаруулалт явагдсаны дараа өмчлөгч, эзэмшигчдийн саналыг авахад хамаарах эсэх, хэрэв өмчлөгч, эзэмшигчид төслийн аль ч үе шатанд тухайн төслийг хэрэгжүүлэгчээр шалгарсан этгээдийг зөвшөөрөхгүй байх тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан шийдвэрийг цуцлах үндэслэл болгоход хамаарах зохицуулалт эсэх, түүнчлэн хариуцагчийн “... нэхэмжлэгч нь ... даалгавар батлуулах хүсэлт ирүүлэхдээ барилгажилтын төслөөс барилгын суурийн хэмжээ, өндөр зэргийг нэмэгдүүлсэн, норм дүрэмд нийцэхгүй байдлаар ирүүлж байсан боломжгүй талаар хариу хүргүүлж байсан ...” гэх тайлбар, үндэслэлд хамаарах зохицуулалт эсэх талаарх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.1.1-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаарх хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах”, 8.1.5-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх” гэж хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл сонгон шалгаруулалтад хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Анх төсөлд оролцсон санал бодит байдалд барихаар ирүүлсэн эскиз зураг нь нийцэхгүй байсан ... сонгон шалгаруулалт зарлах үед бид нар барилгажилтийн төсөл гэж хавсаргаж өгдөг. Барилгажилтийн төсөл нь Улаанбаатар хотын ерөнхий хөгжүүлэлт, 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлагад нийцүүлээд батлагдчихсан төсөл байдаг. Энэ төслийн хүрээнд л барилга барих боломжтой гэсэн давхрын тоо, суурийн хэмжээ заасан зураг төсөл байдаг ...” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08/3707, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08/4214 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгүүд нь үйл ажиллагааны төлөвлөгөөг шаардлага ханган ирүүлэхийг шаардсан буюу архитектур төлөвлөгөө, эскиз зураг шаардсан агуулгагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан “...төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга”[1][1] гэх баримтад оролцогчийн саналд барилгажилтын төсөл /эскиз, гадна шугам сүлжээний шийдэл/-ийн талаарх баримт хавсаргагдсан байхаар заасан байна.

Хэрэгт Барилгажилтын төсөл[2][2] гэх баримт авагдсан байх хэдий ч эрх бүхий этгээдээр батлагдсан хүчин төгөлдөр баримт мөн эсэх, тус баримтын дагуу анхнаасаа төсөлд оролцогч барилгажилтын төслийг хийж ирүүлэхээр шаардсан эсэх, нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалтад оролцохдоо барилгажилтын төслийг буюу барилгын хэмжээ, суурийн хэмжээг хэрхэн заасан талаарх баримтыг хавсаргаж хүргүүлсэн эсэх, мөн сонгон шалгаруулалт явагдсаны дараа нэхэмжлэгчээс “архитектур төлөвлөгөө, эскиз зургаа батлуулах талаар хандах үед “барилгажилтын төсөл төлөвлөгөөний дагуу архитектурын төлөвлөгөө, эскиз зургийг батлуулж ирүүлэхийг шаардсан эсэх талаар, түүнчлэн нэхэмжлэгчээс анх төсөл сонгон шалгаруулалтад оролцохдоо гаргасан барилгын төсөл, өөрчилсөн загвараар хүргүүлсэн гэх архитектурын төлөвлөгөө, эскиз зураг болон нэхэмжлэгчийн “оршин суугчид барилгыг 16 давхар орон сууц барихаар өөрчлөх талаар талаар санал, хүсэлт гаргасан, энэ талаар хариуцагчид удаа дараа хүсэлт гаргасан” гэх тайлбартай холбоотой баримтуудыг цуглуулж, маргааны үйл баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэж, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Н л” ХХК-аас төсөл хэрэгжүүлэхээр шалгарсны дараа 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахаар, мөн эскиз батлуулахаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд анх төсөл сонгон шалгаруулах үед барилгын хэмжээг нарийн тодорхой заасан эсэх, түүнчлэн нэхэмжлэгч архитектур төлөвлөлтийн даалгаврыг төсөлд шалгарсан анхны хувилбараар батлуулахаар хүргүүлсэн эсэхийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэл хууль бус тухайд:

Анхан шатны шүүх эрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гуравдагч этгээд Б.Т-аас иргэн Э.А-д олгосон Э.Б-ийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай итгэмжлэл[3][3]-ээр Э.А-г гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, түүнд хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, хурлын тов мэдэгдэж, түүнчлэн хэргийн хянан шийдвэрлэх хуралд биечлэн оролцуулж, холбогдох тайлбарыг авч, тайлбарыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдаж, тэрхүү тайлбартай холбогдуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 27.4-д “Итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байна”, 27.4.4-д “захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах”, 27.5-д “Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна”, 28 дугаар зүйлийн 28.2-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдлэнэ” гэж тус тус хуульчилсантай нийцээгүй байна.

3. Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:

Нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүгч С.Т хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн, улмаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэргийг шүүгч С.О-д шилжүүлсэн талаарх Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол хэрэгт авагдсан байх боловч хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг буюу шүүх хуралдааныг даргалах даргалагч шүүгчээр албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжгүй байхад шүүгч С.О шүүх хуралдааныг даргалж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасантай нийцээгүй, тус алдаа нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг шүүгч С.О-д шилжсэнийг “тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарч томилогдсон шүүгчид хуваарилагдсан” гэж үзэж болох боловч энэ нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг даргалах шүүгчийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч захирамжаар албажуулсан байхыг шаардсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.  

4. Шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд ... шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар бичнэ”, 88.5-д “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачлагаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр гурван хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэж, 128/ШШ2018/0495 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэтэл тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон” гэж шүүхийн  шийдвэрээс зөрүүтэй тэмдэглэгдсэн, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрлэгдсэн байдал тэмдэглэлд засварлагдаж ороогүй алдааг давж заалдах шатны шүүх засаж, залруулах боломжгүй байна.

Түүнчлэн хэрэг шүүгч С.Т-с 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр  шүүгч С.О-д шилжсэн байхад шүүгч С.Т 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” шүүхийн мэдэгдэх хуудсыг хэргийн оролцогчид хүргүүлэх ажиллагааг хийсэн, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхээс үзлэг хийхдээ үзлэгийн товыг нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсэн байх боловч гуравдагч этгээдэд мэдэгдээгүй, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болох шүүх хуралдааны товыг зөвхөн нэхэмжлэгчид мэдэгдэж, хариуцагч, гуравдагч этгээдэд мэдэгдээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүйг, мөн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр болох шүүх хуралдааныг товыг нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсэн байх боловч гуравдагч этгээдэд мэдэгдээгүй атлаа 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч “Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй” гэж үзсэн, улмаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах эсэх талаар хэргийн оролцогчдоос асууж, улмаар нэхэмжлэгч, хариуцагч нараас гуравдагч этгээдийг оролцуулах шаардлагатай гэсэн санал гарснаар шүүх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан зэрэг нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүйг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа давхардуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэйг тус тус дурдав.

 Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0495 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

 

 

 


[1][1]  2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал

[2][2]  1 дүгээр хавтаст хэргийн 213 дугаар тал

[3][3]