Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 22

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга;

Гуравдагч этгээд: “*******” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжийн “*******” ХХК-д 266 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, нийтийн эзэмшлийн орц, гарцын газар болгон тогтоосон шийдвэр гаргахыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Амарын гудамжинд байх “Өргөө” кино театрын өмчлөгч бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 243 дугаар захирамж, Нийслэлийн газрын албатай байгуулсан гэрээний үндсэн дээр “Өргөө” кино театрын орчны 8315 м.кв газрыг 20 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон.

Манай компани нь олон улсын стандартын шаардлага хангасан, дэлхийн сүүлийн үеийн дуу, дүрсний технологийг Монголд нэвтрүүлж, дэлхийн технологитой хөл нийлсэн шинэ орчинг бий болгох, нийгмийн соёл урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор өөрийн “Өргөө” кино театрт дэлхийн хамгийн сүүлийн дэвшилтэт технологи IМАХ-ийг нэвтрүүлэхийн тулд кино театрын үндсэн барилгынхаа зүүн хойд талд IМАХ-ийн технологийн заалны өргөтгөлийг 2014 оноос эхэлсэн.

Ингэхдээ барилгын өргөтгөлийн зургийг өөрийн кадастрт нэгж талбарын 18640311114622 дугаар 8315 м.кв газарт багтаан “Криетив Монголиа” ХХК-иар 2014 онд хийлгэж, барилгын ерөнхий төлөвлөгөө болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан билээ.

Энэ нь манай компанийн “Өргөө” кино театрын өргөтгөлийн барилгын ажил, зураг, төсөл нь хуучин “Өргөө” кино театрын шинэчлэл, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан барилгын зураг төсөл болсон гэснийг нотлож байгаа болно.

Ийм учраас тухайн ондоо барилгын ажлыг эхлүүлж, барилгын суурийн хэсгийг тавихаар гүйцэтгэгчийг ажиллуулж эхлэх үед манай эзэмшил газрын хойд талд хөрш орших “*******” ХХК болон тус компанийн байранд байрлах Баянгол дүүргийн Ардчилсан намын зүгээс манай газар дээгүүр нийтийн эзэмшлийн 1 чиглэл 1 урсгалтай орц гарц гаргахыг хүссэн учир “Өргөө” кино театрын өргөтгөлийн барилгын ажлыг түр зогсоож уулзаж хамтран ярилцсан.

Манай талаас барилгын ажил явуулах богино улиралтай Монгол орны хувь цаг хугацаа маш үнэтэй байсан учир “*******” ХХК-иас манай газар дээгүүр өөрийн барилга руу орох нэг урсгалтай зам гаргах хүсэлт гаргасныг зөвшөөрч, “Өргөө” кино театрын өргөтгөлийн барилгын ажил дуустал “Өргөө” кино театрын барилгын түр хашаа барьж, Барилгын ажил дуусахаар орчны тохижилтыг хамтран хийж, орц гаргах ажлыг “*******” ХХК хийхээр талууд тохиролцон 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр №1 тоот гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээг талууд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлж, “*******” ХХК зөвшөөрсний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №130/2015 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг “*******” ХХК-д олгосноор барилгын ажил явагдсан.

Энэ тохиролцооныхоо хүрээнд манай компани нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан 266 м.кв газрыг орц гарцын зориулалтаар /нийтийн эзэмшилд/ шилжүүлэх хүсэлтээ албан бичгээр илэрхийлсэн болно.

Гэтэл Нийслэлийн Засаг даргаас манай дээрх хүсэлтийг шийдвэрлэхдээ орц гарцын зориулалт /нийтийн эзэмшилд/-аар шилжүүлэхээр гаргасан 266 м.кв газрын зориулалтыг манайд мэдэгдэхгүйгээр зүй бусаар өөрчлөн “*******" ХХК-д соёл урлагийн зориулалтаар дангаар нь шилжүүлэн эзэмшүүлсэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 21.2.4-т заасныг зөрчин, улмаар манай компанийг эрхийг хөндсөн үр дагавар үүсгэсэн юм.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3-т аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтдээ эзэмших газрын зориулалтыг заавал тусгахаар хуульчилсан байдаг.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаар баримтлах бодлогыг тодорхойлсоны дотор газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашигпах, хамгаалах, нөхөн сэргээх бодлого баримтлахаар заасан болно.

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 21,2.4 дэх заалтаас үзвэл Нийслэлийн Засаг дарга нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан зориулалтын дагуу иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх, бас үүрэгтэй учир манай компаниас орц гарцын зориулалтаар шилжүүлсэн газрыг “*******” ХХК-д соёл урлагийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн болно.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гэж эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо гаргахыг хуульчлан тогтоосон.

Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т заасны дагуу “*******” ХХК-ийг манайхаас эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг зөвшөөрч байгаа эсэх байдлыг хянаагүй, энэ талаар баталгаа гаргуулаагүй, эсхүл ийм үйлдэл хийхээс санаатай зайлсхийн газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг зөрчсөн хууль бус ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

“*******” ХХК нь нийслэлийн Засаг даргаар 266 м.кв газрыг өөртөө соёл урлагийн зориулалтаар эзэмших захирамжийг гаргуулж авсны дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний шүүхэд хандан манайхаас шилжүүлж авсан 266 м.кв газар дээр барилга барих гэж байгаа тул өөрийн эзэмшлийн гэх газрыг манай компаниар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан.

Учир нь манай компани өөрийн эзэмшлийн 266 м.кв газрын орц, гарцын зориулалтаар шилжүүлэхдээ барьж байгаа барилгын хийц, зураг төслийг өөрчлөхгүй байх нөхцөлөөр шилжүүлсэн бөгөөд энэхүү өргөтгөлийн барилгын 3 дугаар давхарын консоль хэсэг нь орц байх газар дээгүүр харалдаа 3 дугаар давхарт 1.4 м орчим орж баригдах байгаа, зураг төсөл нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, улсын экспертээр батлагдсан зураг билээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэгч этгээд нь энэ талаар хүсэлтээ гаргах эрхтэй тул манай компанийн газрыг орц-гарцын зориулалтаар шилжүүлэх хүсэлтийг хууль бусаар шийдвэрлэсэн тохиолдолд энэхүү хүсэлтээ дахин гаргах эрх хадгалагдаж байгаа гэж үзэж орц гарцын зориулалтаар гаргасан газрыг “*******” ХХК-ийн эзэмшилд бус нийтийн эзэмшилд шилжүүлэх хүсэлт гаргаж байгаа боловч зохих ёсоор шийдвэрлээгүй болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын “*******” ХХК-д дээр дурдсан 266 м.кв газрыг нийтийн эзэмшлийн орц гарцын зориулалтаар эзэмшүүлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, “*******” ХХК-иас шилжүүлсэн 266 м.кв газрыг заасан зориулалтын дагуу нийтийн эзэмшлийн орц гарцны газар болгон тогтоосон шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын нэгж талбарын 18640311114622 дугаартай 8315 м.кв газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар шийдвэрээр “*******” ХХК-д 20 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0231001 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

“*******” ХХК нь уг газрынхаа хойд хэсгээс 266 м.кв газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхээр “*******” ХХК-тай харилцан тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №1 гэрээг талуудын төлөөлөл болох Н.Г*******, Г.Энхболд нар байгуулсан байна.

Мөн “*******" ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 109 дүгээр албан бичгээр уг 266 м.кв газрын эрхийг шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд улмаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” захирамжаар 266 м.кв газрыг шилжүүлж гэрээ байгуулж гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан материалыг бүрдүүлж өгөөгүй нэг талын хүсэлтээр талбай хэмжээнд нэмэгдүүлж эзэмшүүлсэн газрын тухай хуулийг буруу хэрэглэж гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар шийдвэрийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, тус өдрөө газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах 266 м.кв газрыг 4 жил 8 сарын хугацаатайгаар хууль ёсоор эзэмшиж байна.

Манай компани нь тус газрыг соёл урлагийн зориулалттайгаар эзэмшиж, ашиглах ёстой бөгөөд удахгүй дээрх зориулалтаар газрыг ашиглахаар төлөвлөж байсан. Гэтэл биднийг газраа зориулалтын дагуу ашиглах гэж байтал манай компанийн эзэмшлийн газарт өөр компанийн барилга орсон байгааг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл манай компанийн эзэмшиж буй газрын урд талд “Өргөө” кино театр байрладаг бөгөөд тус театрын өргөтгөлийн барилга болох 4 давхар төмөр бетонон каркасан барилга баригдаж буй талбай нь манай компанийн эзэмшлийн газартай хил залгаа оршдог бөгөөд “Өргөө” кино театрын өмчлөгч болох “*******” ХХК нь өргөтгөлийн барилга барих нэрийдлээр бидний эзэмшлийн хууль ёсны газарт халдсан байна.

“*******” ХХК-ийн нэхэмжлэлд дурдагдсан зүйлс үндэслэлгүй байх бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт бус “******* ХХК-д 266 м.кв газрыг шилжүүлсэн бөгөөд уг шилжилтийг бүртгэж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан байдаг. Хэрэв нийтийн эзэмшилд шилжүүлэхийг хүссэн бол түүнийгээ нотлох хэрэгтэй. 

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын зориулалтыг тусгахдаа зөвхөн орц гаргах зориулалт гэж тусгах боломжгүй, тийм зориулалт байдаггүй.

Манай компани 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч “*******” ХХК нь тус шүүхэд уг маргааны зүйл болох газрын гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан тул 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 33151 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид дахин нэхэмжлэл гаргаж одоогоор тус иргэний хэрэг түдгэлзсэн байгаа болно.

Маргаан бүхий газар нь өөр ямар нэг барилга, байгууламж барих ямар ч боломжгүй жижиг газар бөгөөд өөр зориулалтаар ашиглахаар зураг төсөл хийлгэх, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахаар хандсан зүйл огт байхгүй. Цаашид гэрээнд заасан зорилгын дагуу нэг урсгалтай орц гарц гаргахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Орц гарцын зориулалтаар нийтийн эзэмшилд шилжүүлсэн 266 м.кв газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, нийтийн эзэмшлийн орц, гарцын газар болгон тогтоосон шийдвэр гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн шалгах явцад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжийн “*******” ХХК-д 266 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “...Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2.-т заасны дагуу “*******” ХХК-ийг эрхийн гэрчилгээ шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг зөвшөөрч байгаа эсэхийг хянаагүй, энэ талаар баталгаа гаргуулаагүй. “*******” ХХК нь манай компанийг хуурч мэхлэх замаар 266 м.кв газрыг манай компаниас өөртөө шилжүүлэх хүсэлт гаргуулан, улмаар хууль зөрчин газрын зориулалтыг өөрчлөн Нийслэлийн Засаг даргаар шийдвэр гаргуулж, орц байх 266 м.кв газрыг хашаалж барилга байгууламж барихаар хүч түрэмгийлж, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна...” гэж, гуравдагч этгээд “*******” ХХК “...мөн газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын зориулалтыг тусгахдаа зөвхөн орц гаргах зориулалт гэж тусгах боломжгүй, тийм зориулалт байдаггүй бөгөөд тухайн газар зөвхөн нэг урсгалтай орц замыг гаргана. Өөр ямар нэг байшин, барилга барих боломжгүй жижиг газар бөгөөд өөр зориулалтаар ашиглахаар зураг төсөл хийлгэх, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахаар хандсан зүйл байхгүй...” гэж маргажээ. 

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжаар “*******” ХХК-д Баянгол дүүргийн 13 дугаар хороонд 8315 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 

2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Ардчилсан нам, “*******” ХХК, нөгөө талаас “*******” ХХК-ийн удирдлагууд харилцан тохиролцож “Өргөө” кино театрын ард байх Баянгол дүүргийн Ардчилсан намын байр руу орох нэг урсгалтай орц замыг гаргах зорилгоор “*******” ХХК нь өөрийн эзэмшил газрын зүүн хойд талаас 266 м.кв газрыг “*******” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх, “*******” ХХК нь уг шилжүүлэн авсан газрын зам талбайн зориулалтаар ашиглахаар №1 тоот гэрээ байгуулжээ. 

“Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжийн “*******” ХХК-д 266 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч “*******” ХХК 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15/10 дугаар, “*******” ХХК 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 109 дүгээр албан бичгээр хүсэлт гаргаж, газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэхээр 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” /дугааргүй/-г хавсаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжаар “*******” ХХК-д 8048 м.кв, “*******” ХХК-д 266 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хэрэгт авагдсан “Иргэдийн хүлээн авах төв”-ийн иргэдэд үйлчлэх үйлчилгээний бүртгэлийн хуудасны 9 дэх мөрний төлбөрийн тооцоо нийлсэн акт  гэдэгт тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд нэр шилжүүлэхээр гаргасан өргөдөлд  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3.-т заасан хураамж төлсөн тухай баримт хавсаргаагүй байна. 

Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2.-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;” гэж зааснаас үзвэл газар эзэмших эрх шилжүүлэн авч байгаа тал үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч нотолгоо гарах учиртай бөгөөд “*******” ХХК нь нотолгоо гаргасан нь тогтоогдохгүй байна. 

Учир нь “*******” ХХК 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 109 дүгээр албан бичигтээ газар эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар дурдсан бөгөөд үүнийг эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа талаар нотолгоо гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. 

Иймд хуульд заасан баримтын бүрдэл дутуу байхад газар эзэмших эрх шилжүүлсэн байх тул “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжийн “*******” ХХК-д 266 м.кв эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

“Орц гарцын зориулалтаар нийтийн эзэмшилд шилжүүлсэн 266 м.кв газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, нийтийн эзэмшлийн орц, гарцын газар болгон тогтоосон шийдвэр гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2., Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуульд заасныг дагуу газрыг эзэмшиж, ашиглана. 

Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д заасан хуулийн зорилтоос үзвэл газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг тус хуулиар зохицуулах бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3.-т зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх нь Нийслэлийн Засаг даргад байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус тохиолдолд захиргааны акт гаргахыг даалгахаар зохицуулжээ.

Нийслэлийн Засаг дарга, “*******” ХХК, “*******” ХХК-иудаас гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт, гэрээг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хуваан өөрчилж захирамж гаргасан тул захиргааны акт гаргахыг даалгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “Орц гарцын зориулалтаар нийтийн эзэмшилд шилжүүлсэн 266 м.кв газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, нийтийн эзэмшлийн орц, гарцны газар болгон тогтоосон шийдвэр гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1., 106.3.4., 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 5 дугаар зүйлийн 5.1., 21 дүгээр зүйлийн 21.2.3., 38 дугаар зүйлийн 38.2.2., 38.2.3., 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжийн “*******” ХХК-д 266 м.кв эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, “Орц гарцын зориулалтаар нийтийн эзэмшилд шилжүүлсэн 266 м.кв газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, нийтийн эзэмшлийн орц, гарцны газар болгон тогтоосон шийдвэр гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2., 51 дүгээр зүйлийн 51.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн 2611184132 тоот данснаас, 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН