Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Д.Баянмөнх

            Шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал, Ж.Есбол

            Нарийн бичгийн дарга Б.Алтандөш нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч  З.Төмөрхүү, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн  2016 оны 10 дугаар  сарын 20-ны өдрийн 28 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн  прокурорын эсэргүүцлээр М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал, Ж.Есбол нарт холбогдох эрүүгийн 201512000131 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал, Ж.Есбол нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт, Ж.Есболд мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх:  

            Шүүгдэгч Тойн овгийн Маньбадарын Ганбаатар, Номгон овгийн Бямбасүрэнгийн Чинбадрал, Харнууд овгийн Баттулгын Өлзийбадрах, Шеруши бахат овгийн Жемисийн Есбол нарт холбогдох 201512000131 тоот эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт  хийлгэхээр Дундговь аймгийн Прокурорын газарт буцааж,

            Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж,

            Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал  шүүгдэгч нарт хилээс гадагш гарахыг хориглосон болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Баянмөнх эсэргүүцэлдээ:  Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.20-ны өдрийн 28 дугаартай шүүхийн  тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт мөрдөн байцаагч болон прокурор нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг  ноцтой зөрчсөн, буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн, мөн тогтоох хэсгийн 5 дахь заалтад: “...энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай ...” гэж заасан атлаа шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүй тохиолдлыг удирдлага болгон хэргийг нэмэлт  мөрдөн байцаалтад буцаасан нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 203.1.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд 28 дугаар шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 307 дугаар зүйлийг удирдлага болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал, М.Ганбаатар нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дэжидпэлийн өвөлжөөн дээрх ёмкость болон модон амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн мөнгөн тоноглолтой эмээл 4 ширхэг, мөнгөн хул 3 ширхэг, мөнгөн аяга 13 ширхэг, 30 кг борц зэрэг эд зүйлийг хулгайлж 47120000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, Б.Чинбадрал, Ж.Есбол нар нь давтан үйлдлээр бүлэглэн, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор  тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газраас Г.Отгондоржийн бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэргийг хулгайлж 3720000 төгрөгийн хохирол, мөн өдөр 3 дугаар багийн “Тахилт” гэх газраас С.Энхтайваны бууцан дээрх өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мотор 2 ширхэг, 60 кг борц, ааруул, 6 ширхэг “Болор” нэртэй архи зэрэг эд зүйл хулгайлж 1938000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх мөрдөн байцаагч болон прокурор нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, буруу хэрэглэсний улмаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дундговь аймгийн прокурорын газарт буцаасан нь үндэслэлтэй байна.

Прокурор эсэргүүцэлдээ ”...Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт мөрдөн байцаагч болон прокурор нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн, мөн тогтоох хэсгийн 5 дахь заалтад: “...энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай...” гэж заасан атлаа шүүхийн тогтоолд  гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүй тохиолдлыг удирдлага болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 203.1.3 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.” гэжээ.

Анхан шатны шүүхийн тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийг удирдлага болгосон байх боловч прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор Давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ. Хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.    

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

1. Прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал, Ж.Есбол нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Энэ магадлалд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА

                                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ