Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ШЗ2017/00158

 

П.Түмэндэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаар шийдвэртэй,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар магадлалтай,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2016/01090 дүгээр тогтоолтой,

Нэхэмжлэгч П.Түмэндэлгэрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Дуламсүрэнд холбогдох,            

Гэм хорын хохирол 1 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Түмэндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Түмэндэлгэр нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Nissan X-trial машин унаж замын хөдөлгөөнд оролцон зогсож байтал ар талаас Д.Дуламсүрэн гэх эмэгтэй жолооч Prius-11 маркийн машинаар хүчтэй ирж мөргөн миний машины эд ангийг эвдэлсэн. Хэргийн газар замын цагдаа н.Эрдэнэбаяр ирж танилцсан. Д.Дуламсүрэн гэгч нь зохицоод засуулж өгье гэж хэлээд өнөөг хүртэл миний хохирлыг барагдуулаагүй сураг чимээгүй алга болсон. Иймд Д.Дуламсүрэн гэгчээс хохирол 1 600 000 төгрөг нэхэмжилж байна. Эвдэрсэн Nissan X-trial машины эд анги түүнийг дахин авч засварлахад гупер 350 000 /зөвхөн худалдан авах үнэ/, арын хаалга 300 000 төгрөг /худалдаж авах үнэ/, яндан /кушител/ 250 000 төгрөг /худалдаж авах үнэ/, тэнхлэгийн гажилт засах 100 000 төгрөг, дээрх эд ангийг Улаанбаатар хотод /Вьетнам засвар/ засуулах үнэ, замын зардал /ирж очих/, бензиний өртөг, машины эвдэрсэн цагаас өнөөг хүртэлх зорчсон таксины мөнгө, эдгээрийг тооцож 1 600 000 төгрөгийг Д.Дуламсүрэнгээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 01-нд жолооч П.Түмэндэлгэр нь Nissan X-trial маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зогсох дохио өгөхгүйгээр аймгийн Цагдаагийн газрын өмнөх замын хэсэгт гэнэт зогссоны улмаас осол гарсан. Энэ осолд жолооч П.Түмэндэлгэр өөрөө буруутай, осол гарах тухайн үед осол гарангуут бидний хажууд ирсэн цагдаагийн газрын орлогч дарга н.Уртбаяр гэгчид таныг авах гэж гэнэт зогсоод л ийм асуудалд орчихлоо шүү дээ гэж хэлж байснаар нотлогдоно. н.Уртбаяр нь тэгэхэд наадах машин чинь сүртэй гэмтээгүй байна, зохицоод л засварын газар очоод засуулчихаач гэж байсан. Тухайн үед бид 2 хоёулаа 102-т дуудлага өгөхөд н.Эрдэнэбаяр гэдэг замын цагдаа ирж үзсэн боловч хэмжилт хийж тэмдэглэл үйлдээгүй, ул мөрийг бэхжүүлж аваагүй. Тухайн үедээ би машинаа зогсоох арга хэмжээ авсан, тормозлосон мөр нь ч тодорхой байсан. Энэ машин миний машины урд хөдөлгөөнд оролцож байхдаа маш удаан эсвэл гэнэт хурд аваад явсан. Үүнийг миний машинд зорчиж явсан н.Үнэнбат, н.Хандармаа нар гэрчлэх бөгөөд тухайн үедээ машин дотор хоорондоо энэ машин чинь явах гээд байгаа юм уу, зогсох гээд байгаа юм уу дохио ч өгөхгүй ухас ухас гээд байх юм гэж ярилцаж явсан. П.Түмэндэлгэрийн машины хойд гуперын зүүн булан цуурсан боловч машиндаа бэхэлгээтэй хэвээр байсан. Тухайн үедээ П.Түмэндэлгэр бид 2 тохироод хамгийн сайн засварын газар гэж үзээд Анхаагийн засварын газар очсон. Засварын хүн үзээд 120 000 төгрөгийн төлбөрөөр засаж хэвийн байдалд оруулж болно гэж үзсэн. Би тэр үед нь засварчинд 80 000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. П.Түмэндэлгэрт 40 000 төгрөг өгөөд салсан. Ингээд энэ асуудал шийдэгдсэн гэж үзсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан гэмтэл тухайн машинд үүсээгүй байсан. Хэрэв ийм гэмтэл учирсан байгаа бол тухайн ослоос хойш болсон нь тодорхой байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагчаас 496 000 төгрөгийг гаргуулан П.Түмэндэлгэрт олгож, нэхэмжлэлээс 1 104 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан П.Түмэндэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “496 000 /дөрвөн зуун ерэн зургаан мянга/” гэснийг “200 000 /хоёр зуун мянга/ гэж, “1 104 000 /нэг сая нэг зуун дөрвөн мянга/ төгрөгийг” гэснийг “1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/” гэж, 2 дахь заалтын “хариуцагч П.Түмэндэлгэрээс 15 530 /арван таван мянга таван зуун гуч/” гэснийг “хариуцагч Д.Дуламсүрэнгээс 6 650 /зургаан мянга зургаан зуун тавь/” гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2016/01090 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Д.Дуламсүрэнгээс 480 000 төгрөг гаргуулж П.Түмэндэлгэрт олгож, нэхэмжлэлээс 1 120 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...15 530 /арван таван мянга таван зуун гуч/ төгрөгийг ...” гэснийг “...15 050/ арван таван мянга тавь/ төгрөгийг...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр 6 650 /зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөг төлснийг П.Түмэндэлгэрт захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай шүүхэд гаргасан хүсэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид гэм хорын хохирол буюу автомашингүй байх хугацаандаа иргэн Д.Гончигшараваар үйлчлүүлсний хөлс 496 000 төгрөгийг гаргуулахаар, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 200 000 төгрөгийг гаргуулахаар, Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор гэм хорын хохирол буюу автомашин засварласан хөлс болох 480 000 төгрөгийг миний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр автомашины ослоос автомашин нь эвдэрснээс болж гэм хорын хохирол 1 600 000 төгрөгийг хариуцагч надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг мөнгөн дүнгээ задалж нэхэмжлэхдээ 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ажил болон гэрийнхээ хооронд таксигаар үйлчлүүлсний хөлс 496 000 төгрөг, автомашиндаа Улаанбаатар орж засвар хийлгэх зардал 1 000 000 төгрөг, бензины зардал 372 000 төгрөг, нийт 1 868 000 төгрөг болж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрүүдийг гаргасан.

Гэтэл нэхэмжлэгч 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ажил болон гэрийнхээ хооронд таксигаар үйлчлүүлсний хөлс 496 000 төгрөгийн нотлох баримт болох хэргийн 80 дугаар талд авагдсан иргэн Д.Гончигшараваар таксигаар үйлчлүүлсний хөлсийг төлсөн баримтыг нотариатаар гэрчлүүлж анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт байрлах Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт их эмчийн ажлаа хийж байсан гэдэг бөгөөд Мөрөн сумын 58 дугаар багийн нутагт байрлах гэрээсээ ажлынхаа хооронд таксигаар үйлчлүүлсэн хөлч гэж нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байгаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай Улаанбатар хотод сургалтанд хамрагдсан талаар би 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн. Сургалтанд хамрагдсан болох нь Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1113 тоот албан бичиг, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр П.Түмэндэлгэрт сургалтанд хамрагдсан талаар олгосон гэрчилгээ, Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна. Иймд шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянуулах тухай хариуцагч Д.Дуламсүрэнгийн хүсэлтэд хавсаргасан Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1113 тоот албан бичиг, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр П.Түмэндэлгэрт сургалтанд хамрагдсан талаар олгосон гэрчилгээ, Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ гэсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.            

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлэлцэгдсэн нөхцөл байдлын талаар шинэ баримт гаргах нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэл болохгүй болно.

Нэхэмжлэгч П.Түмэндэлгэр нь хариуцагч Д.Дуламсүрэнгээс машиныг засуулахад гарах зардал, Улаанбаатар хотод очиж засуулахад гарах замын зардал, машинаа ашиглах боломжгүй болсны улмаас такси хөлсөлсний зардал нийт 1 600 000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ. Шүүх нэхэмжлэгч нь 600 000 төгрөгөөр машинаа засуулсан тул дээрх бодит хохирлоос хариуцагчийн төлсөн 120 000 төгрөгийг хасч, хариуцагчаас 480 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.            

Хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод сургалтанд хамрагдаж байсан байх тул таксины хөлс төлж хохироогүй байна” гэсэн агуулгаар, өөрийн гаргасан баримтуудыг шинэ нөхцөл байдлыг илрүүлсэн гэж үзсэн байх боловч тухайн үед энэ талаар нотлох үүрэгтэй байснаас гадна шүүх нэхэмжлэлийн шаардлагаас таксины зардал 496 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг баримтууд ач холбогдолгүй байна.

Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:          

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2016/01090 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хариуцагч Д.Дуламсүрэнгийн хүсэлтийг хангахаас татгалзсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА