Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 464

 

                                                        Г.Ад холбогдох                                                               

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 663 дугаар магадлалтай, Г.Ад холбогдох 1908031581075 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бүргэд овогт Г.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Алтанбаганыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Дын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 663 дугаартай магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Хэргийг бүх талаас нь бодитой судалж үнэлж дүгнээгүй.

2.Хуулийг буруу хэрэглэж, үүний улмаас эрүүл мэндээрээ хохирч 3 шүд нь хугарч, одоо болтол эмчилгээ хийлгэж чадаагүй.

3.Г.А нь олон нийтийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах, “Шөлөндөө” хоолны газарт Д.Дыг зодож танхайрсан байхад хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хууль буруу хэрэглэсэн.

Д.Д нь УБТЗ-ын зүтгүүрийн депод галт тэрэг жолооддог, хүнд онцгой объектод ажилладаг. Жилийн 360 хоногийн 180 хоногт томилолтонд явж, гэрийн хоол хүнсээ идэж хэрэглэх боломжгүй дан гуанзны хоол иддэг тул ходоод гэдэс, элгэнд өөрчлөлт орж, шүдээ хийлгэж чадахгүй хохирч байна. Ам бүл 6, эхнэр ажилгүй, бага насны 4 хүүхэдтэй, бүгд хэрэглээ өндөртэй, авсан цалин нь гэрэл цахилгаан, орон сууц, СӨХ, хоол унд, хүүхдүүдийн хэрэглээнээс илүү гардаггүй, амьдрал нь өвчин зовлон гарсантай холбогдуулан хүндэрч байна.

Г.А нь Д.Дын үүдэн гурван шүдийг хугалсан хохирол төлбөр төлөөгүй, одоо болтол уучлал гуйгаагүйд гомдолтой байна. Суулгацтай имплант шүд хийлгэхэд 12 сая төгрөг орох тухай эмчилгийн баримтыг үндэслэн хохирол төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгчээс хохирогчид үзлэг, эмчилгээ, хиймэл шүдний төлбөр гэж 185.000 төгрөг төлсөн байна. Шүүх хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхээр нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Иймд шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газарт хохирогч Д.Дтай маргалдан, түүний нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Анын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, Г.Аыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Харин шүүгдэгч Г.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Дын биед 2 шүдний булгаралт, 2 шүдний сулрал, буйл, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7084 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд “Мондент” шүдний эмнэлгээс хохирогч Д.Дт 3 хиймэл шүд /имплант/ хийх эмчилгээний төлбөр 7.590.000 төгрөг болохыг тодорхойлсон баримт хавтаст хэрэгт /хх-161/ авагдсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй нь хамтруулан шийдвэрлэхгүй орхиж, эмчилгээг хийлгэсний дараа гарсан зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон ... хиймэл эрхтэн хийлгэх... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан тул шүүгдэгч Г.Аас хохирогчийн эмчилгээний зардалд шаардлагатай 7.590.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Дт олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 663 дугаар магадлалд “Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аас 7.590.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Дт олгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Б.БАТЦЭРЭН           

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН