Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01491

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Э- нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/01553 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-ийн хариуцагч Ү ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү ХХК-д анх 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны өмчлөх эрх бүртгэлийн ажилтнаар 2 сарын туршилтын хугацаатай ажилд орсон бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны өмчлөх эрх бүртгэлийн ажилтан Б.Д-ыг ажилд эргэж орох хүртэл уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Улмаар 2019 оны 5 дугаар сараас эхлэн хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтан апбан тушаалд ажиллаж эхэлсэн. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ү ХХК-ийн Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтан албан тушаалд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/43 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд орон тоо бодитой цөөрүүлээгүй, нөгөө талаар орон тоо цөөрүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Тус тушаалын үндэслэх хэсэгт Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон байх бөгөөд орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд орон тоо цөөрүүлсэн бол тодорхой үндэслэл журмыг баримтлах ёстой бөгөөд нэг сарын өмнө мэдэгдэх, цөөрүүлж буй орон тоо хасагдсан нь бодитой байх хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн ямар үндэслэлээр намайг сонгож цөөрүүлсэн орон тоонд ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, үндэслэл шаардлагыг надад танилцуулаагүй. Ү ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн бүтцийг шинэчлэн батлах тухай 09 тоот тогтоолоор тус компанийн ажиллагсдын орон тооны дээд хязгаарыг 39 ажилтнаар батапсан. 2020 оны жилийн эцсээс 2021 оны 03 дугаар сарын байдлаар ҮЦТХТ ХХК нь 45 ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд батлагдсан орон тооноос даруй 6 хүний илүү орон тоотой ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн захирал, гүйцэтгэх захирал нарт албан даалгавар хүргүүлэх тухай А-1/354 тоот албан даалгавруудад дараах арга хэмжээг авч ажиллах буюу шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, нөхөн томилгоо хийхгүй байх, 3охион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал урамшуулал олгохгүй байхаар үүрэг болгосон. Ийм нөхцөл, төрийн гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага, төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас өгсөн үүрэг даалгавар, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс баталсан орон тооны дээд хязгаарыг баримтлан орон тоо, цалингийн зардлыг бууруулах шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Б.М-ийн хувьд өмнөх гүйцэтгэх захирлын үед 2019 оны 01 сарын 09-ний өдрийн Б/06 тоот тушаалаар түр ажилтнаар туршилтын хугацаагаар, 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б-29 тоот тушаалаар жирэмсний амралттай байгаа ажилтныг ажилдаа эргэж ортол түр ажилтнаар авсан байсан. Гэтэл жирэмсний амралттай ажилтныг ажилдаа эргэж орох хугацаа болоогүй, энэ тухай хүсэлтээ захиргаанд гаргаагүй байхад гүйцэтгэх захирлын 2019 оны 09 сарын 25-ны өдрийн Б/107 тоот тушаалаар Б.М-ийг Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны ажилтнаар томилсон нь өмнө түр ажилтнаар авсан тушаалаа зөрчиж гаргасан шийдвэр юм. Орон тоо хэтэрч оронд нь түр ажиллаж байсан ажилтан жирэмсний амралтаас эргэж орох хүсэлтээ гаргаад байгаа талаар Б.М-т тайлбарлаж гэнэт халагдсаны тэтгэмжийн хэмжээг 3 сараар тогтоож өгөх саналыг удаа дараа түүнд тавьж 30 хоногийн өмнө гүйцэтгэх захирал мэдэгдсэн боловч саналыг хүлээж аваагүй. Иймд Б.М-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-ийг Ү ХХК-ийн Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 199 963 төгрөгийг Ү ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ү ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн Дүрмийн 7.4.4-т Компанийн бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хязгаарыг батлах бүрэн эрхийг Төлөөлөн Удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр заасан. Үүний дагуу Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 4-р сарын 9-ний өдрийн Компанийн бүтцийг шинэчлэн батлах тухай 09 тоот тогтоолоор тус компанийн ажиллагсдын орон тооны дээд хязгаарыг 39 ажилтнаар баталсан. Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн захирал, гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирал нарт албан даалгавар хүргүүлэх тухай А-Ц354 тоот албан даалгаварт тус тус дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон. Үүнд шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй, нөхөн томилгоо хийхгүй байх, зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал урамшуулал олгохгүй байх зэрэг үүрэг даалгавар, албан тоотыг төрийн гүйцэтгэн захирамжлах дээд байгууллагаа өгсөн байдаг. Ингээд 2021 оны 03 дугаар сарын байдлаар Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төвХХК-нь 45 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд батлагдсан орон тооны дээд хязгаараас 6 хүний илүү орон тоотой ажиллаж байсан. Ингээд компанид туршилтын хугацаагаар амралттай байгаа хүний орон тоонд орсон зэргээр сүүлд орсон ажилтнуудыг судлан үзэхэд нэхэмжлэгч Б.М-ийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Б Д жирэмсний амралттай байгаа тул ажилдаа эргэж орох хүртэл томилсон байсан. Компаниас Б.М-т анхнаасаа түр хугацаагаар ажилд орсноо мэдэж байсан тул орон тоо хэтэрсэн, оронд нь түр ажиллаж байсан ажилтан ажилдаа орох хүсэлтээ гаргасан талаар 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Нөгөө талаар шүүхээс орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бодитоор үнэлж дүгнээгүй шийдвэрлэсэн. Өмнөх захирлын үед хэтрүүлсэн байсан орон тоог Гүйцэтгэх захирал компанийн дүрэмд заасан эрх хэмжээнийхээ дагуу хууль ёсны тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Компанийн бүтэц батлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн 09 дугаар тогтоолоор орон тоог 39 гэж баталсан байгааг зөрчих эрх хэмжээ гүйцэтгэх захиралд байхгүй. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авах нь компанийн дүрэм, Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан тоот, даалгавар заасныг зөрчиж байгааг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс Хөдөлмөрийн хууль болон компанийн дүрэм.журам болон Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан тоот даалгаврыг үл хүндэтгэсэн шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.М- нь Ү ХХК-д холбогдуулан Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 тоот тушаалаар Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны өмчлөх эрх бүртгэлийн ажилтан Б.Д жирэмсний амралтаас ажилдаа эргэж орох хүртэл 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны өмчлөх эрх бүртгэлийн ажилтнаар томилогдон, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/107 тоот тушаалаар дээрх ажлаас чөлөөлөгдөж, Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтны ажилд томилогдсон болох нь хэрэгт авагдсан тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 7-9, 27-28 дугаар тал/

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А-1/354 тоот, Албан даалгавар ҮЦТХТ ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Компанийн бүтэц батлах тухай 09 дүгээр тогтоол, ҮЦТХТ ХХК-ийн дүрмийн 8.1, 8.10.9 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.14, 3.15 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон, Б.Д-ны хүүхэд асрах чөлөө дууссан тул ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа, орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх агуулгаар татгалзлаа тайлбарлажээ.

Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэг жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гарсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно. гэж заасан. Иймд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар буюу 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл, мөн өдрөөс хойш дахин 1 жилээр буюу 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хуулийн дагуу сунгагдсанд тооцно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн, хариуцагч талаас Б.Д-ы хүүхэд асрах чөлөө дууссан гэх агуулгаар татгалзлаа тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь Б.Д-ыг жирэмсний амралттай байх хугацаанд түр ажиллаж байсан гэж үзэх боломжгүй. Учир нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/107 тоот тушаалаар нэхэмжлэгчийг уг ажлаас чөлөөлж, өөр албан тушаал буюу Хадгаламж өмчлөх эрх бүртгэл кастодианы албаны кастодианы ажилтны ажилд томилогдсон байна.

Мөн ажил олгогч Ү ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Компанийн бүтэц батлах тухай 09 дүгээр тогтоол баталснаас хойш орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнөх үйл баримт байна. Нөгөөтэйгүүр, уг тогтоолоор баталсан хариуцагч байгууллагын бүтэц, зохион байгуулалтад кастодианы ажилтны орон тоо байх бөгөөд орон тоо цөөрүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.М-ийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Ү ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/01553 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

С.Э-