Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/22

 

Г.Ч******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Содномишийг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Г.Ч******* холбогдох эрүүгийн 2531000000315 дугаартай, 316/2025/0264/Э/208/2026/0007 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Б******* овогт Г******* Ч*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр С***** аймгийн С******* суманд төрсөн, ** настай эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “********” ББСБ-д зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, охины хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын ** дүгээр баг** дугаар хэсэг, **** тоотод оршин суух хаягтай, урьд

-С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны * *дүгээр сарын **-ны өдрийн ** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

-С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн **** оны *** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай /РД: **********/

Шүүгдэгч Г.Ч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт “******* *******” улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Г.Ч*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Б******* ургийн овогт Г******* Ч******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолон,

Шүүгдэгч Б******* ургийн овогт Г******* Ч******* ын / ************** /- ийн “В” ангиллын ******** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалах, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Содномишийгийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийтгэх тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Г.Ч******* ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд шүүгдэгчид урьд 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Ч******* нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад буюу 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн.

Иймд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгээгүй нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” байна гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаан эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Шүүгдэгчийн давж заалдах гомдолдоо:

...Г.Ч******* миний бие нь 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн дагуу 2 жил жолооны эрхээ хасуулж, 400 цаг нийтэд тустай ажил хийхээр болсон. Шийдвэрийн дагуу 400 цаг ажил хийх нь Ч******* бие ам бүл 2-уулаа өөрийн 4 настай охины хамтаар амьдардаг. Хүүхэд харах хүнгүй. Ээж сахрын хүнд хэлбэрийн өвчтэй гэрээр байдаг. Нийтэд тустай ажил нь ажлын цагаар бодогдсон ажлын цагаар чөлөө өгөх боломжгүй, чөлөө аваад шийдвэрийн дагуу ажил хийх гэхээр цалингаа авч чадахгүй өр зээлээ төлөх боломжгүй.

Миний бие нь өрх толгойлсон өөрөө дээд боловсролтой эрх зүйн бүрэн чадамжтай ажил хөдөлмөр эрхэлдэг өөрийн сэтгэл санаа зан төлөв байдлаа удирдаж чадаагүйн улмаас үүдэж гаргасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсондоо маш их харамсаж буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул тус зүйлүүдээ үндэслэн 2 жилийн хугацаанд жолоодох эрхийг хүчингүй болгосноо хэвээр үлдээж нэмэлтээр нийтэд тустай ажлыг эрх зүйн байдлыг харгалзан байж болох хамгийн бага мөнгөн торгууль ноогдуулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.Ч******* холбогдох эрүүгийн 2531000000315 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокурорын газраас шүүгдэгч Г.Ч******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Ч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт “******* *******” улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тэмдэглэл, цагдаагийн дэд ахлагч Ц.М******* бичсэн “...Г.Ч******* нь согтуурсан, мансуурсан эсэхийг шалгахаар шаардлага тавихад шалгуулаагүй” гэх тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр тал/

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 055-058 дугаар тал/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 03 дугаар тал/, 

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 029-032 дугаар тал/,

-Шүүгдэгчийн иргэний баримт бичгүүдийн лавлагаа /хх-ийн 034-040 дугаар тал/,

-Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 041-043 дугаар тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ч******* ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар түүнд хуульд заасан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

5.Шүүгдэгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдолдоо“...анхны мэдүүлгээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн байна.  ....Шийдвэрийн дагуу 400 цаг ажил хийх нь Ч******* бие ам бүл 2-уулаа өөрийн 4 настай охины хамтаар амьдардаг. Хүүхэд харах хүнгүй. Ээж сахрын хүнд хэлбэрийн өвчтэй гэрээр байдаг. Нийтэд тустай ажил нь ажлын цагаар бодогдсон ажлын цагаар чөлөө өгөх боломжгүй, чөлөө аваад шийдвэрийн дагуу ажил хийх гэхээр цалингаа авч чадахгүй өр зээлээ төлөх боломжгүй. Миний бие өөрийн гэм бурууг ойлгож ухаарч байгаа тул торгох ялаар сольж өгнө үү” гэх талаар гаргасан гомдлыг

Прокуророос гаргасан “...Иймд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгээгүй нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” байна гэж үзэхээр байх тул зөвтгөн өөрчлөлт оруулж өгнө үү” гэх эсэргүүцлийг хүлээн авч тус тус хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгч Г.Ч******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өрх толгойлон бага насны хүүхдийн хамт амьдардаг, тухайлсан байгууллагад 8 цагийн ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн болон эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэрэгт 400 цагийн нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэх ял оногдуулсныг хөнгөрүүлэн хуульд заасан торгуулийн ял оногдуулан өөрчлөх боломжтой гэж дүгнэв.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ч******* өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн нэмэгдэл ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ял дээр нэмж нэгтгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэмж нэгтгэн өөрчлөх боломжтой гэж үзсэн.

6.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ч******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж,

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Г.Ч******* оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж,

4 дэх заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч Г.Ч******* өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хэмжээг 03 жилийн хугацаагаар тогтоон эдлүүлж, Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн гомдлыг тус тус хангасугай.  

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН                  

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                                                                

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ