| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1374/Э |
| Дугаар | 1432 |
| Огноо | 2018-10-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Бу.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 1432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,
шүүгдэгч З.Б,
хохирогч Д.Баттулга, Г.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, З.Б
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 1806 0355 91555 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
З.Б нь иргэн Д.Баттулгын хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө хэмээн хуурч 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 600.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 50.000 төгрөг, нийт 1.150.000 төгрөг, иргэн Г.Цэцэгсүрэнгээс 2018 оны 02 дугаар сард бэлнээр 400.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн С.Намсрайгийн хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө хэмээн хуурч 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 25.000 төгрөг, нийт 295.000 төгрөг, иргэн Н.Баярмаагаас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 285.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баттулга мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Цэцэгсүрэн мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Баттулгын: ...Тэгсэн 2018 оны 01 дүгээр сарын дундуур Нансалням эгч З.Б гэх эмэгтэйг танилцуулсан. Тэгээд З.Бтай нь уулзсан чинь 62 дугаар цэцэрлэгт оруулж өгнө, нэг хүүхдийг 300.000 төгрөгөөр оруулна гэсэн. Ингээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны гадөө өөрийнхөө 2 ихэр хүүхдийг оруулаад өг гэсэн чинь надаас 600.000 төгрөг болно гэсэн, тэгэхээр нь тэр өдрөө өөрийнхөө данснаас интернет банкаар З.Бгийн 5019313778 дугаарын дансаар 600.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа З.Б над руу утсаар яриад дахиад оруулах хүүхэд байна уу нэг мөсөн цуг оруулах гээд байна гэхээр нь би дүү Ууганжаргал руу утсаар ярьсан чинь зөвшөөрсөн. Тэгэхээр нь би З.Б руу утсаар яриад нэг хүүхэд байна гэсэн чинь 500.000 төгрөгөөр оруулна гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө данснаас З.Бгийн дээрх данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэзээ оруулах юм бэ гэсэн чинь цагаан сарын дараа оруулна гэсэн тэгээд хүлээж байгаад дахиад л З.Б руу ярихаар арай болохгүй байна гээд хойшлуулаад байдаг байсан. Тэгж байгаад нэг ярьсан чинь хүүхдийн хичээлийн хэрэгслийн мөнгө гээд 50.000 төгрөг багшийнх нь данс руу шилжүүл гээд 5039569556 гэсэн дансыг өгсөн. Тэгэхээр нь тэр мөнгийг нь уг данс руу шилжүүлсэн. Тэгээд нэг өглөө хүүхдүүдээ аваад хүрээд ир гэхээр нь аваад очсон чинь З.Б утсаа авахгүй байсан тэгээд л худлаа залилсан байна гэж бодоод цагдаад гомдол гаргасан. Мөн 3 хүүхдийн шинжилгээ, улавчны мөнгө гээд 69.000 төгрөг би бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Г.Цэцэгсүрэнгийн: ...2018 оны цагаан сараас өмнө Нансалням хүүхдийнх нь ангийн хүүхдийн ээж нь гээд З.Б гэх эмэгтэйг танилцуулаад энэ хүнд цэцэрлэгт таньдаг хүн байгаа гэж байна гэсэн. Тэгээд би З.Бтай Наран-Амгалан байрны гадаа уулзсан чинь би хүүхдийг чинь 62 дугаар цэцэрлэгт оруулж өгье, надад таньдаг хүн байгаа, манай найз байгаа юм, мөнгийг нь бэлнээр авна, нэг хүүхдийг 400.000 төгрөгөөр оруулна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр хүүхдээсээ мөнгө аваад 400.000 төгрөгийг З.Бд бэлнээр өгөөд тэр өдрөө салсан. Тэгээд тэрнээс хойш З.Бгийн утсаар залгаад хүүхдээ хэзээ оруулах вэ гэж асуухаар цагаан сарын дараа оруулна гэж байсан, сүүлдээ эмэгтэйчүүдийн баярын дараа гээд л сүүлдээ утсаа ч авахгүй олдохгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Намсрайн: ...З.Б гэдэг хүн манай хадам эгч Хандмаатай уулзаад хүүхдээ цэцэрлэгт оруулах хүн байна уу гэж асуусан гэсэн. Эгч над руу залгаад танайх хүүхдээ цэцэрлэгт оруулах юм уу? Манай өрх дээр ирж үйлчлүүлдэг хүний утас, чи холбогдож асуу гээд надад 96696162 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би утсаар холбогдоод уулзая, хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн юм гэж хэлээд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед Давхарын буудал дээр уулзаад З.Бгийн 5019313778 данс руу 250.000 төгрөг мобайлаар шилжүүлсэн. Тэгээд манай хүүхдийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр оруулж өгөхөөр болоод салсан. Тэгсэн чинь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бараа материал авна гээд эхнэр Баасандуламаас 20.000 төгрөгийн бараа материал авсан, 2018 оны 03 дугаар сарын 26-ныөдөр хүүхдийн хөнжлийн орны даавууны мөнгө гээд 25.000 төгрөг мобайлаар өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Тэгээд хүүхдийг маань 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр оруулж өгье, одоо боломжгүй болчилоо гэсэн. Тэгэхээр нь мөнгөө авъя гэсэн чинь мөнгийг чинь өгье гээд утсаа унтраагаад алга болчихсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Баярмаагийн: ...Эгч над руу залгаад танайх хүүхдээ цэцэрлэгт оруулах юм уу? Манай өрх дээр ирж үйлчлүүлдэг хүний утас чи холбогдож асуу гээд 96696162, 88404226 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би утсаар холбогдоод хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн чинь хүүхдээ цэцэрлэгт оруулах хүмүүс их байна, мөнгө гялс шилжүүл гээд манай нөхөр рүү дансаа явуулаад 250.000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсэн. Манай нөхөр 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ З.Бгийн 5019313778 данс руу 250.000 төгрөг мобайлаар шилжүүлсэн. Тэгээд хэрэглээний мөнгө 35.000 төгрөг авч ирж өг гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай нөхөр 03 дугаар сарын 28-ныөдөр З.Бтай уулзаж өгсөн. Тэгээд манай хүүхдийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр оруулж өгөхөөр болсон. Тэгээд манай хүүхдийг 04 дүгээр сарын 10-ны өдөр оруулж өгье, одоо боломжгүй болчихлоо гэсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр нөгөө хүн рүү залгаад хүүхдээ оруулах уу гэсэн чинь одоо амжихгүй боллоо, 10-ны өдөр оруулж өгнө гэсэн. Тэгээд би 04 дүгээр сарын 09-ний өдөр маргааш хүүхдээ оруулах уу гэсэн чинь нөгөө хүн цэцэрлэгт салхин цэцэг гарчихсан гэж хэлээд хойшлуулах уу гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл мөнгөө буцааж авъя гэсэн чинь за мөнгийг чинь өгнө гээд утсаа унтраагаад алга болчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Нансалнямын: ...Би З.Бтай 2018 оны 01 сард З.Бтай хүүхдээ сургуулиас нь авч байгаад тааралдахад надаас цэцэрлэгт оруулах хүүхэд байна уу, би хүүхэд цэцэрлэгт оруулж өгдөг таньдаг багш байгаа гэж хэлэхээр нь манай танил нэг хашаанд амьдарч байгаа айлын хүн байгаа хүүхдээ цэцэрлэгт оруулмаар байна гээд байсан гэхэд асуудалгүй нэг хүүхдийг 300.000 төгрөг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн 4 хувь цээж зурагтай өгчих гэхээр нь би Баттулга, Цэцэгсүрэн нарт хэлсэн. Цэцэгсүрэн эгчийг 1 хүүхдийн мөнгө материалаа өгөхөд би хамт байсан. Бэлэн 400.000 төгрөг өгсөн. Баттулга 3 хүүхдийн мөнгө З.Бгийн данс руу хийсэн гэж байсан. Би З.Бг залилан хийгээд алга болно гэж бодоогүй. Цэцэгсүрэн, Баттулга нарт хэлж өөрсдөө уулзсан. Надад нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн З.Бн: ...2018 оны 03 дугаар сард л байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна өрхийн эмнэлэг дээр ажилладаг Хандаа эгчтэй тааралдаад хүүхэд цэцэрлэгт оруулах хүн байна уу гэж асуусан чинь манай нэг дүүгийн хүүхэд байгаа би асуугаад чамд хэлье гэсэн. Тэгээд маргааш нь над руу Хандаа эгч яриуллаа гээд Намсрайгийн эхнэр Бааска эгч надруу залгаад хүүхэд оруулах гэсэн юм гэсэн. Тэгээд би 62 дугаар цэцэрлэгт таньдаг хүн байгаа хүүхдийг чинь оруулаад өгье гэсэн. Тэгээд би 400.000 төгрөгөөр оруулж өгнө гэж хэлсэн чинь Бааска эгч чи 250.000 төгрөгөөр оруулаад өгчихөөч таньдаг юм чинь гэсэн. Тэгээд би өөрийнхөө дансны дугаарыг өгөөд миний дансанд 250.000 төгрөг орсон. Тэгээд дараа нь Намсрайгийн Бааска эгч дахиж залгаад манай нэг дүүгийн хүүхдийг бас оруулаад өгөөчээ би дүүгээ чамруу яриулчихъя гэсэн. Тэгэхээр нь за гээд би тэдний хүүхдийг бас 300.000 төгрөгөөр оруулж өгөхөөр болсон чинь надруу дансаар шилжүүлсэн тэгэхээр нь би Бааска эгчид 50.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Тэгээд дараа нь хэд хоногийн дараа улавч, хэрэглэлийн мөнгө гэж Намсрайгаас 45.000 төгрөг, Баярмаагаас нь 35.000 төгрөг нэмж авсан ингээд хүүхдүүдийг нь цэцэрлэгт оруулж өгч чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/,
- Хохирогч Д.Баттулгын “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 8, 9 дүгээр тал/,
- Хохирогч С.Намсрайн “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 34, 35 дугаар тал/,
- Шүүгдэгч З.Бн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 53-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд: З.Б нь иргэн Д.Баттулгаас хүүхдийг нь цэцэрлэгт оруулж өгнө хэмээн хуурч нийт 1.219.000 төгрөгийг, иргэн Г.Цэцэгсүрэнгээс 2018 оны 02 дугаар сард бэлнээр 400.000 төгрөгийг, мөн С.Намсрайгийн хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө хэмээн хуурч нийт 295.000 төгрөгийг, иргэн Н.Баярмаагаас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 285.000 төгрөгийг залилан мэхэлж авсан үйл баримт тус тус болсон байна.
Шүүгдэгч З.Б нь иргэн Д.Баттулгын хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө хэмээн хуурч 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 600.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 50.000 төгрөг, бэлнээр 69.000 төгрөг нийт 1.219.000 төгрөгийг, иргэн Г.Цэцэгсүрэнгээс 2018 оны 02 дугаар сард бэлнээр 400.000 төгрөгийг, мөн С.Намсрайгийн хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө хэмээн хуурч 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 25.000 төгрөг, нийт 295.000 төгрөгийг, иргэн Н.Баярмаагаас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 285.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын” ХААН” банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул З.Бг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос З.Бн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч З.Б нь иргэн Д.Баттулгын хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө хэмээн хуурч 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 600.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 50.000 төгрөг, бэлнээр нийт 1.219.000 төгрөгийг, иргэн Г.Цэцэгсүрэнгээс 2018 оны 02 дугаар сард бэлнээр 400.000 төгрөгийг, мөн С.Намсрайгийн хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө хэмээн хуурч 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 25.000 төгрөг, нийт 295.000 төгрөгийг, иргэн Н.Баярмаагаас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 285.000 төгрөгийг залилсан үйлдэл нь бусдын хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос З.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийгөө цэцэрлэгт хүүхэд оруулж өгөх танилтай хэмээн хохирогч нарыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч байгаа гэм буруугийн санаатай буюу идэвхтэй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч З.Б нь нэг төрлийн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн тул нэг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч З.Б нь хохирогч нарт хохирол барагдуулаагүй байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. З.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Бг 420 /дөрвөн зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Бд оногдуулсан 420 /дөрвөн зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар З.Бгаас /РД:ЦД86011507/-аас 1.169.000 /нэг сая нэг зуун жаран есөн мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Дугарын Баттулгад /РД:ЦД85012501/, 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Гочоогийн Цэцэгсүрэнд /РД:ЦД71011602/, 295.000 /хоёр зуун ерэн таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Намсрайд /РД:ДЗ80112518/, 285.000 /хоёр зуун наян таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Баярмаад /РД:УМ89110969/ тус тус олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж З.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ