| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431001480151 |
| Дугаар | 2026/ДШМ/23 |
| Огноо | 2026-03-09 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/23
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Д******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Б.Содномиший
Хохирогч Н.Б*******,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
Иргэний хариуцагч Б.М******* /цахим/
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэ-Очир /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/296 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн нарын давж заалдах гомдлоор Н.Т******* холбогдох эрүүгийн 2431001480151 дугаартай, 316/2025/00032/Э/208/2026/0009 индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С******* овогт Н******* Т*******, Мон Улсын иргэн, ****оны ** дугаар сарын **-ний өдөр Д******* аймгийн Д******* суманд төрсөн, **настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн оператор мэргэжилтэй, “Т**********” ХХК-д өрмийн оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д******* аймгийн Д******* сумын * дүгээр баг, ** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:*******/
Шүүгдэгч Н.Т******* нь Сэлэнгэ аймаг ******* сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ******* ” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “ ган ” ХХК-ний өрөмдлөгийн оператор ажилтай Н.Т******* нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр уурхайн бүсийн өрөмдлөгийн талбайд дохио өгөөгүй байхад өрмийн машины базагчийг ажиллуулж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасныг зөрчсөний улмаас тус өрмийн машиныг засварлаж байсан Тэсэлгээний өрмийн туслах ажилтан, хохирогч Н.Б*******ын биед зүүн гарын IV, V дугаар хурууны хугарал / IV, V дугаар хурууны уг хэсгээр тайрагдсан мэс заслын дараах байдал/ бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Н.Т*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч С******* овогт Н******* Т******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т******* 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулан,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.2, 228.3, 228.4, 229.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Т******* ийн зүгээс 1,812,000 төгрөг, иргэний хариуцагчийн зүгээс 2,629,150 төгрөгийг хохирогчид нөхөн төлснийг дурьдаж, энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б******* ад учирсан хохирол, хор уршгийн зардалд цалин 20,025,000 төгрөг, протез мөнгө 15,000,000 төгрөг, нийт 35,025,000 төгрөгийг “ ган ” ХХК-аас гаргуулан, хохирогч Н.Б******* ад олгон,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,173,400 /арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг “ ган ” ХХК-аас гаргуулан, хохирогч Н.Б******* ад олгон,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогчийн өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.Т******* ээс гаргуулан хохирогч Н. Б******* ад олгон,
Шүүгдэгч Н.Т******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,
Шүүгдэгч Н.Т******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Шүүгдэгч Н.Т******* нь мөрдөн байцаах болон шүүхийн шатанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруу дээр маргаагүй.
Шийтгэх тогтоолын 1-д “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т******* ийн өгсөн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол нэхэмжилсэн тохиолдолд цалин дээрээс суутгаж өгнө, төлөхөө илэрхийлж байна. Би өөрийн зүгээс 1,812,000 төгрөг өгсөн, гэж мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Н.Т******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр барагдуулсан бөгөөд энэ тухай шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасны харгалзан үзэж торгуулийн ялын доод хэмжээгээр шийтгэж өгөхийг хүссэн.
Гэвч шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй” байна гэж дүгнэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт “..Улсын яллагчийн саналтай /торгуулийн ял оногдуулах/ танилцлаа шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн хариуцлагын доод хэмжээгээр хариуцлага хүлээлгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх байдал харагдаж байгаа. Манай үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг харгалзаад ял оногдуулж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.
Шийтгэх тогтоолын Шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт “...урьд ял шийтгэлгүй” гэж дурдсан бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй буюу санамсар болгоомжгүй, буруу ойлцсоноос үүдэн уг хэрэг үйлдэгдсэн, өмнө нь хэрэг үйлдэж байгаагүй нөхцөл байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн эмнэлгийн анхан шатны түргэн тусламж үзүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад баримтаар шаардсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч миний гаргасан санал хүсэлтийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байсан гэж үзэж байна.
Учир нь шүүгдэгч Н.Т***** нь цаашид хохирогчид учирсан хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор ажлаа хийж цалин орлого олох, гэр бүлээ тэжээх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн Н.Т******* нь Д******* аймагт амьдардаг гэмт хэрэг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд харьяаллын дагуу тус аймгийн шүүхээр шийдвэрлэгдэж тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад харьяалагдахаар байна. Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд байнга Д******* аймгаас Сэлэнгэ аймаг руу ирж очих шаардлагатай болж байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт байх төрөл садан байхгүй, ар гэрийн амьдрал нь Д******* аймагт байдаг юм.
Иймд шүүгдэгч Н.Т**********ын гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн хэрэг зэргийг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан нөхцөл бүрдсэнг тус тус харгалзан анхан шатны шүүхийн Хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг өөрчилж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг торгуулийн ял болгон өөрчилж өгөхийг хүсье.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д шүүгдэгчээс хохирогчийн өмгөөлөгчийн зардалд 1,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шууд бус хохирол, төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь, мөн өмгөөллийн хөлсийг ямар дансаар, хэрхэн яаж төлсөн нь тодорхой бус зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хохирогчийн өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрх нь хуулиар чөлөөтэй боловч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар үйлчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Н.Т******* ийн зүгээс хохирогч Н.Б******* ад 1,812,000 төгрөг, иргэний хариуцагчийн зүгээс 2,629,150 төгрөгийн хохиролд өмнө төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна гээд үүн дээр нэмж хохирогч Н.Б******* ад учирсан хохирол, хор уршгийн зардалд цалин 20,025,000 төгрөг. протезийн зардал 15,000,000 төгрөгийг, нийт 35,025,000 төгрөгийг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,173,400 төгрөг нийт 50,198,400 төгрөгийг “ ган ” ХХК-иас гаргуулан, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь энэхүү хэрэгт иргэний хариуцагч нь “ ган ” ХХК биш, ХАБЭА-ын ажилтан Б.М******* миний бие иргэн байдаг. Гэтэл энэхүү хэрэгт оролцогч биш хуулийн этгээдээс энэхүү төлбөрийг гаргуулна гэж шийдсэн огт үндэслэлгүй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5-ийн 2-т “...Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ...” гэж зааснаар хохирогч Н.Б******* нь иргэний нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх хуулийн 36.3-ийн 1-т заасанчлан иргэний нэхэмжлэлийг шийдсэн мэтээр тогтоол гаргаж шийдвэрлэсэн хуулийн уг заалтанд үл нийцнэ. Хэргийн оролцогч бус этгээдээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь илтэд хууль бус.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд Иргэний хариуцагч гээд 1-д “...Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасны дагуу “ ган ” ХХК иргэний хариуцагчаар татагдаагүй бөгөөд Б.М******* татагдсан байхад татагдаагүй этгээдээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийтгэл тогтоол үндэслэлгүй.
Хоёрдугаарт: Хохирогчийн зүгээс протезийн зардал 15,000,000 төгрөг болох юм байна гэж түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Үүнийг нотлох баримт байхгүй. Гэтэл өмгөөлөгчийн амаар тайлбарласан тайлбарыг үндэслэж түүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн.
Мөн Н.Б******* ад учирсан хохирол, хор уршгийн зардалд цалин 20,025,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд Нотлох баримт гээд 1-д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Хуулийн 16.1-р зүйлийн 8-д “...Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. 9-д Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заасныг зорчсон.
Учир нь Хохирогчийн протезийн зардалтай холбогдох 15,000,000 төгрөг баримт хэрэгт байхгүй, түүнийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй, хавтаст хэрэгт авагдаагүй байтал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа нь өөрөө хуулийн дээрх заалттай зөрчилдсөн үндэслэлгүй шийдвэр гарсан болох нь нотлогдож байна.
Түүнчлэн шүүх Н.Б******* ад учирсан хохирол, хор уршгийн зардалд цалин 20,025,000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ сарын цалин хэдэн төгрөгөөр бодож, яаж хангаж шийдвэрлэсэн нь тодорхой нөхцөл байдлыг бичсэн байдаг. Энэ нь мөн л хохирогч болон түүний өмгөөлөгчийн амаар тайлбарласныг ямар ч хэрэгт авагдсан баримтгүйгээр 20,025,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байдаг.
Ингэхдээ Иргэний хуулийн 228.2-т “...Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно...”, 228.3-т “... Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй...” 228.4-т “... Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүр бүхий этгээдээс шаардах эрхтэй...” эрхтэй гэснийг 229 дүгээр зүйл. Гэм хорыг арилгах хэмжээ 229.1-д “... Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй...”, мөн хуулийн 497 дугаар зүйлд Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл гээд 497.1-д “... Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэснийг, 498 дугаар зүйлд Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага гээд 498.1-д “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэснийг 505 дугаар зүйлийн Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах 505.1-д “... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэсэн заалтуудыг үндэслэж шийдвэрлэсэн байдаг.
Хуулийн дээрх заалтуудаас харахад Н.Б******* нь ажиллаж байгаад авч чадаагүй, дутуу авсан цалингаа авахаар заасан бөгөөд ажлаагүй осолд орсноос хойш Шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2025 оны 12 сарыг хүртэл бүтэн жилийн хугацааны цалинг олгохоор хуульд тусгайлан заагаагүй байхад гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.
“Сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж заасныг үндэслэж шийдвэр гаргасан байдаг.
Гэтэл хуулийн 497.1-т ч тэр, 511.3-т ч тэр гэм хор учруулсан этгээд нь буюу Н.Т******* хүлээж төлөхөөр заасан байтал, компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр олгох гээд 1-д “... Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй. 2-т “...Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална...” гэж заасныг зөрчсөн. Хохирогчийн зүгээс Н.Т******* холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй байтал мөн гаргасан мэтээр шийдвэрлэсэн.
Мон Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07-р сарын 03-ны өдрийн 25 дугаартай Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоолын Хавсралтын Дөрөвт заасан хүснэгтийн баримтлахдаа анхан шатны шүүх Н.Б******* ын сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтэд үндэслэж Гуравдугаар зэрэглэл гээд “...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосныг баримтлахдаа хамгийн дээд утга буюу 22,99 дахиныг баримталж шийтгэх тогтоолыг гаргасан байдаг.
Үндсэндээ бол уг хэрэг нь дээр дурдсанаар Компаниас ч тэр иргэний хариуцагч ХАБЭАжилтнаас ч тэр Н.Т******* болон Н.Б******* нарт ХАБЭА зааварчилгаануудыг нь өгч ажилд гаргасан бөгөөд тэдгээр нь өөрсдийн хайхрамжгүй үйлдэл үйлдэл үйл ажиллагаанаас болж уг гэм хэрэг үүсэх болох нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг. Гэрч Г.Х нь найз Н.Б******* ын өөрийн найз гэж авчир ч улмаар компанид өрмийн туслах хийж чадна туршлагатай мэтээр тайлбарлаж ажилд оруулсан байдаг бөгөөд энэ чиглэлээр ажиллах ямар ч туршлага байхгүй хүнийг ажилд оруулсан. Үүний улмаас Н.Т******* тэй бүрэн ойлцож ажиллаж чадаагүй, тухайн техникийг ямар дэс дарааллаар ажилчдыг хоорондын ойлцол аваагүй, зохих зааварчилгааг ахлах нь өгөөгүйгээр эвдэрсэн тоног төхөөрөмжийг засварлахаар ажилласан байдаг. Тэгвэл нөхөн төлбөрийг компаниас бус гэм хор учруулсан этгээдээс гаргуулахдаа шүүх хамгийн дээд угга 22,99 бус 13 дахин нэмэгдүүлж гаргах боломжтой байтал нэхэмжлээгүй, гэм хор учруулсан этгээд хувь хүнээс бус компаниас 22,99 гаргуулж шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд сонгох боломжтой нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн байтал хамгийн дээд утгаар нь бүх хохирлыг компаниас гаргуулна гэдэг гэдэг итгэл үнэмшлийг өөртөө төрүүлж хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдал харагдаж байгаа тул 13 дахин нэмэгдүүлснээр буруутай этгээдээс гаргуулж өгөхийг хүсье.
Дөрөвдүгээрт: Хэргийн шийдвэрлэхээс өмнө гарсан 2025 оны 11-р сарын 07-ны өдрийн 21/а яллах дүгнэлт нь яллагдагчаар татагдсан этгээдийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2025 оны 11-р сарын 17-ны өдрийн 16 дугаартай тогтоол гарч 2025 оны 11-р сарын 07-ны өдрийн 21/а яллах дүгнэлт хүчингүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт нь Н.Б******* нь 2024.7-р сард ажилд орсон 7 сарын цалингаа авсан. Түүний өмгөөлөгч хохирлоо тайлбарлахдаа: 2024 оны 8, 9, 10-р саруудын цалин 1,500,000 төгрөг авах байсан нийтдээ 3 сарынх 4,500,000 төгрөг, 11 сараас групт орсон 2025 оны 2-р сар хүртэл тэтгэмж 375,000 төгрөг авсан. Уг тэтгэмжийн мөнгийг 1,500,000 төгрөгөөс хасахлаар сарын сарын 1,125,000 төгрөгийн цалинг компаниас авах ёстой байсан. Үүнийг 2024 оны 11, 12, 2025 оны 01, 02 сар нийт 4 сараар үржүүлэхээр 4,500,000, үүнээс хойш 2025 оны 3 сараас тэтгэмж 397,500 болсон үүнийг 1,500,000 төгрөгөөс хасахлаар сарын цалин 1,102,500 төгрөг болж байна. Үүнийг 2025 оны 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11 сарыг бодоход нийт 9 сарын хугацааны цалинг 1,102,500*9-9,922,500 төгрөгийг цалинг авах ёстой гэж маргасан.
Дээрх цалингуудыг нэмэхэд 4,500,000 +4,500,000-9,000,000 + 9,922,500 = 18,922,500 төгрөгийн цалин авах ёстой гэж маргадаг. Гэтэл шүүх Түүнээс илүүг буюу 20,025,000 төгрөгийг хангаж цалингийн тооцооллыг буруу бодсон байдаг.
Үндсэндээ бол Н.Б******* компанид 7 хоног л ажилласан бөгөөд 7 сарынхаа цалинг тэрээр авсан байдаг. Түүнээс хойш огт ажлаагүй, ажлаасаа гарсан.
Компаниас эмчилгээний гарсан бүхий л зардлуудыг шаардсан хугацаанд нь төлсөн. Гэтэл Шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх түүний өмгөөлөгчийн аман тайлбараар ажлаагүй хугацааны цалинг олгохдоо группээс авсан мөнгийг хасалт хийх замаар бодож компаниас гаргуулах нь үндэслэлтэй гэж түүнчлэн нэхэмжлээгүй үнийн дүнгээс илүү 1,102,500 төгрөгийг олгохоор шийдвэрлэж буруу шийдвэр гаргасан зэргээс үзвэл хэргийн нөхцөл байдлыг сайтар ойлгоогүй, зөвхөн хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарт хөтлөгдөж шийдвэр гаргажээ гэж үзэхээр байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “...Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно...” гэж заасан бөгөөд уг заалтаас харвал Н.Т******* болон Н.Б******* 2-ын хоорондын үл ойлцол, болгоомжгүй үйлдлээс болж эрүүл мэнд эд эрхтэнд учруулсан хохирлын зардлыг иргэний хариуцагч биш этгээдээс гаргуулахаар шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй.
Тавдугаарт: Хохирогч Н.Б******* ын сэтгэцэд учирсан хор уршигт тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,173,400 төгрөгийг мөн л иргэний хариуцагч биш этгээд болох “ ган ” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Энэхүү хэрэг нь Н.Т******* болон Н.Б******* 2-ын хоорондын үл ойлцол, болгоомжгүй үйлдлээс болж, ХАБЭА зааварчилгааг мөрдөөгүйн улмаас үүссэн байдаг.
Гэтэл шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлд Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл гээд 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэснийг, мөн 511-р зүйлд заасан Эдийн бус гэм хорыг арилгах гээд хуулийн 511.3-т “...Энэ хуулийн 230.2-т заасан хүчингүй болцон. Шүүхээс 1-р шатны гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ мэдээгүй бөгөөд түүний дараа шүүх хуралдаан дууссаны дараа энэ яллах дүгнэлт чинь хүчингүй болцон юм байна ш дээ гэдэг. Үүнийг улсын яллагчийн зүгээс өмнөх яллах дүгнэлт нь хүчинтэй гэж үзэж байгаа гээд шүүх хуралдааныг дууссаны дараа улсын яллагчаас тайлбарлаж, улмаар шүүх хэргийг шийдвэрлэсэн байдаг. Энэ нь бас иргэний хариуцагч биш этгээд компаниас төлбөрийг гаргуулсан, хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдлыг үүсгэж улмаар буруу шийдвэр гаргасан байх магадлалтай.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12-р сарын 05- ны өдрийн 2025/ШТ/296 дугаартай шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлын хангаж өгөхийг хүсье гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Өмгөөллийн зардал 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад өмгөөллийн зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орохоор хуульчилсан байдаг. Үүний дагуу мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцвол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар хуульчилсны дагуу өмгөөлөгчийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь ямар нэгэн хууль зөрчсөн, үндэслэлгүй зүйл байхгүй гэж үзэж байна. Иргэний хариуцагчаас гаргасан гомдлын тухайд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын үүргээ биелүүлж байхдаа бусдад гэм хор учруулсан тохиолдолд учирсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж хуульчилсан гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Н.Т******* т холбогдох эрүүгийн 2431001480151 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүгдэгч Н.Т******* нь Сэлэнгэ аймаг ******* сумын* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ******* ” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “ ган ” ХХК-ний өрөмдлөгийн оператороор ажиллаж байхдаа 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр уурхайн бүсийн өрөмдлөгийн талбайд дохио өгөөгүй байхад өрмийн машины базагчийг ажиллуулж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасныг зөрчсний улмаас тус өрмийн машиныг засварлаж байсан тэсэлгээний өрмийн туслах ажилтан, хохирогч Н.Б******* ын биед зүүн гарын IV, V дугаар хурууны хугарал / IV, V дугаар хурууны уг хэсгээр тайрагдсан мэс заслын дараах байдал/ бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3.Иргэний хариуцагчаас хэргийн оролцогч бус этгээдээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь илтэд хууль бус гэсэн үндэслэлээр, шүүгдэгч нь анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тусдаа ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон өөрчлөх тухай давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдгээрийн тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоожээ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл хэмжээгээр буюу 500 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнтэй нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Т******* ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Харин иргэний хариуцагч “ Ган ” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь: тухайн гэмт хэрэгт “ Ган ” ХХК-ны үйлдвэрлэлийн буюу уурхайн хэсэгт гарсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухайн компанийг төлөөлүүлэн Хөдөлмөрийн аюулгүй байдлын албаны дарга Б.М*******г иргэний хариуцагчаар татсан байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын албаны дарга Б.М*******г тухайн хэрэгт хуулийн этгээдийг төлөөлж иргэний хариуцагчаар оролцуулсан байх ба иргэн хүний хувьд иргэний хариуцагчаар оролцоогүй болохыг анхаарах нь зүйтэй.
Иргэний хариуцагч “ Ган ” ХХК-ий ажилтан нь уурхайн бүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн заалтыг зөрчсний улмаас бусдын биед болгоомжгүй хүндэвтэр гэмтэл учруулсан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасны дагуу хохирогчид учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д “хохирогч эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” зааснаар хохирогч нь хиймэл эрхтэн хийлгэх буюу протезын үнэ 15,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан үндэслэлтэй бөгөөд гар сарвууны протезын үнэ 15,000,000 төгрөг болох нь Сити Их сургуулийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэхээр тогтоогдож байна.
Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 148 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Б*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа талаар тогтоосон бөгөөд шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогч эд эрхтнээсээ хагацсан зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,173,400 төгрөгөөр тогтоосон нь нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд заасан журмын дагуу хэмжээ тогтоосон хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/296 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Т*******ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж, иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН