Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/00665

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00665

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22ы өдрийн 101/ШШ2019/00323 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Б, А нарт холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 86 095 022.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани хариуцагч Б, А нартай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 78 000 000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлсэн.

Мөн талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон ...байрлах 80 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалахаар тохирсон. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан хэдий ч 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн үүргээ ноцтой зөрчих болсон.

Бид зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр шаардаж, энэ тухай тэдэнд мэдэгдэл өгч байсан. Талуудын байгуулсан гэрээнд зааснаар хариуцагч нар сар бүр 1 271 068.48 төгрөгийг тогтмол төлөх ёстой байснаас үндсэн зээлд 843 574.55 төгрөг, зээлийн хүүнд 18 058 682.83 төгрөгийг тус тус төлсөн.

Гэвч хариуцагч нар энэ хугацаанд бодогдсон нийт хүүгийн төлбөр 26 985 779.80 төгрөгөөс 18 058 682.83 төгрөгийг л төлсөн ба хамгийн сүүлд төлсөн төлбөрөөс үндсэн зээлд 202 357.00 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хуримтлагдсан хүүгийн төлбөрт 599 950 төгрөгийг тус тус суутгасан.

  Үндсэн зээлд 12 890.27 төгрөг, зээлийн хүүнд 1 336 791.82 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Гэтэл зээлдэгчид зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд бүрэн төлөгдөх хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдсон ба илүү төлсөн гэж маргаж буй төлбөрийг үүнд суутгасныг ойлгохгүй байна.

  Иргэний хуулийн 225 дугаар зүйл, зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 77 156 425.45 төгрөг, зээлийн хүү 8 924 400.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 696.25 төгрөг, нотариатын зардал 11 500.00 төгрөг, нийт 86 095 022,42 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэв хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай.

  Нэхэмжлэгчээс 86 095 022,42 төгрөгийг 6 сарын хугацаанд буцаан төлөх нөхцөлөөр эвлэрэх санал болгосныг хариуцагчид зөвшөөрсөнгүй. Зохигчид уг зээлийг анхнаасаа жилийн 19,20 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирсон бөгөөд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулах талаар ярилцаж байгаагүй. Иймд, хариуцагч нараас дээрх төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ

Хариуцагч нарын тайлбарт: Хариуцагч Б, А бид ...байрлах 80 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг О ХХК-аас худалдан авах зориулалтаар нэхэмжлэгч Х ХХК-аас 78 000 000 төгрөгийн зээл авч, уг орон сууцыг барьцаалуулсан.

  Бид нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч, харин үндсэн зээлээс 12 890.27 төгрөг, зээлийн хүүгээс 1 336 791.82 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний үүргээ шударгаар биелүүлж байсан хэдий ч 2018 оны хавар эдийн засгийн бололцоогүйгээс эргэн төлөлтийн хуваарийг 05 дугаар сарын 26-ны өдрөөс зөрчиж эхэлсэн нь үнэн.

  Гэвч зээлдэгч нар өнгөрсөн хугацаанд нийт 20 150 425,27 төгрөг төлсөн байхад үүнийг нэхэмжлэгч тал буруу тооцсон. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 15 сарын төлөлт хийж, 77 143 535.18 төгрөгийн зээл үлдэх ёстой.

  Энэ хугацаанаас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Учир нь, хариуцагч А өвчний улмаас олон сар эмчлүүлсэн, одоо ч бие нь муу байна. 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ямар төлөлт хийгээгүй, 15 сарын хугацаанд нийт 19 066 027 төгрөгийг төлөх ёстойгоос 20 150 452 төгрөг төлсөн.

  Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хуулбар хувиас үйлдэл хийхийг хориглосон. Гэтэл нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариат гэрчилсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирлын орлогчоор н.Оргодол гэх хүнийг томилсон тушаал авагдаагүй байх тул түүнийг итгэмжлэл олгох эрхтэй этгээд гэж үзэхгүй.

  Иймд тус нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Б, А нараас 86 095 022.42 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... хаягт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 625 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 658 625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын давж заалдах гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж залдах гомдлыг журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б, Г.Аптантуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86 095 022.42 мөнгө гаргуулах тухай шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдолтой байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 86 095 022.42 төгрөгөөс 1 527 618.19 төгрөг хасагдаж тооцогдох ёстой гэж үздэг. Тухайлбал, 86 095 022.42 төгрөгийн задаргаа болох үндсэн зээлийн үлдэгдэл 77 156 425.45 төгрөгөөс 77 143 535.18 төгрөгийг төлөх үүрэгтэй, мөн үндсэн зээлийн хүүгийн үлдэгдлээс 8 924 400.72 төгрөгөөс 252 363.82 төгрөг төлөх ёстой Харин нэмэгдүүлсэн хүү болох 2 696.95 төгрөг бас шүүхэд нэхэмжпэлтэй холбогдон гарсан зардал 11 500 төгрөгийг төлөх ёсгүй. Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банкинд нийт 20 150 425.27 төгрөг төлсөн атал 86 095 022.42 төгрөгийг төлөхийг шаардаад байгаад гомдолтой байдаг. Уг 20 150 425.27 төгрөг нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 15 сарын зээлийн эргэн төлөлтийн мөнгө юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1,41.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа 1 527 618.19 төгрөгийн хууль зүйн үндэслэл нь гэвэл, хариуцагч нар гэрээний дагуу нийт 15 сарын төлөлт хийхэд үндсэн зээлийн үлдэгдэл 77 143 535.18 төгрөг болсон. 15 сарын төлөлт хийснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй атлаа үндэслэлгүйгээр 12 890.27 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл дээр нэмж шаарддаг, зээлдэгч нар нь гэрээний нөхцөлийг 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс зөрчиж эхэлсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хүү 8 924 400,72 төгрөг гэдэг. Гэтэл уг сард хуваагдсан 7 сарын хүү нийт 8 672 036.9 төгрөг байтал үндэслэлээгүйгээр 252 363.82 төгрөгийг нэмээд 8 924 400.72 төгрөгийг шаардаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэмэгдүүлсэн хүү болох 2 696.2 төгрөг нь аль сарын хэдэн төгрөгийн хүүгийн хүү нь тооцогдож байгаа нь нотлогдохгүй тогтоогдохгүй байгаа. Ийм учраас мөн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зөвшөөрөх боломжгүй. Шүүхэд нэхэмжлэлтэй холбогдон гарсан 11 500 төгрөгийн зардлыг гэрээний нөхцлийн ямар зүйл, заалт, хэсгээр шаардаад байгаа нь уг зардал нь гэрээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд зээлдэгчээс нөхөн гаргуулах тухай ямар давуу эрх гэрээний зохицуулалт бий талаар нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээс гадна бүхэлд нь хянан хэлэлцэж өгөхийг хариуцагчийн зүгээс хүсч байна. Мөн дээр дурдсан 1 248 167.85 төгрөг нэхэмжпэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэл бүхий нөхцөл бий гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч А, Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86 095 022.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 78 000 000 төгрөгийг сарын 1,60 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлд... тоот хаягт байршилтай 80 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, 2017 оны 02 дугаар 03-ны өдөр хариуцагч Бын ... тоот зээлийн дансанд нэхэмжлэгч Х ХХК 78 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. Зээлийн гэрээний 6.2.4-т зээлдэгч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн төлбөрийг гэрээний 3.1-д заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүүгийн хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлнө гэж талууд тохиролцсон байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцогдох тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй. /хх11-12, 15, 28, 95/

 

Хэргийн 13-14 дэх талд талуудын харилцан баталгаажуулж, гарын үсэг зурсан зээл эргэн төлөх хуваариар хариуцагч тал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 1 081 907.26 төгрөг, зээлийн хүүд 26 881 599.24 төгрөг нийт 27 963 506.5 төгрөг төлөхөөр байх боловч нэхэмжлэгч талаас гаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлдэгчийн ... тоот зээлийн дансны 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хуулга зэргээс үзэхэд хариуцагч тал үндсэн зээлд 843 574.55 төгрөг, зээлийн хүүнд 18 058 682.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 164.99 төгрөг, нийт 18 903 422.37 төгрөг төлсөн байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх20, 95-98/

 

Шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн зээл 77 156 425.45 төгрөг, зээлийн хүүд 8 924 400.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 696.25 төгрөг, шүүхийн зардалд 11 500 төгрөг, нийт 86 095 022.42 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгтэй нийцжээ.

 

Хариуцагч тал нийт 20 150 425.27 төгрөг төлснийг дутуу тооцоолсон гэж давж заалдах гомдол гаргасан байна. Хэргийн 106-107 дугаар тал дахь хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот харилцах дансны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны хуулгаас үзэхэд нийт 20 151 380.36 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн, үүнээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 18 899 401.51 төгрөг, банкны үйлчилгээний шимтгэл, даатгал, зээл судалсны шимтгэл, хүүний орлогын татварт 512 978.85 төгрөг, зээлдэгчийн худалдан авалт, зарлагын гүйлгээнд 739 000 төгрөг суутгагдсан байна. 20 151 380.36 төгрөгөөс хариуцагчийн өөрийнх нь хийсэн худалдан авалт, бэлэн мөнгөний зарлагаас бусад гүйлгээ нь талуудын тохиролцооны үндсэн дээр буюу гэрээний 6.2.14, 6.2.18 дахь хэсэгт үндэслэгджээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22ы өдрийн 101/ШШ2019/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ