Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/24

 

Б.Э*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Урангоо,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б*******,

Шүүгдэгч Б.Э*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Э******* д холбогдох эрүүгийн 2531004010344 дугаартай, 316/2025/0259/Э/208/2026/0011 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б******* овогт Б******* Э*******, Монгол Улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* ХХК-д ачигч ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар баг, **** тоотод оршин суух хаягтай, урьд

-С***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн 2024/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай /РД: *******/

Шүүгдэгч Б.Э******* нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 1.81 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ ******* улсын дугаартай “ Т 11” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн  гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ерөнхий боловсролын сургуулийн явган хүний гарцаар зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Б мөргөж, түүний биед дух, зүүн хацар, эрүүнд зулгаралт, баруун талын шууны ясны зөрүүгүй хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.Э*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Б******* овогт Баатар ын Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “ Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б******* овогт Б******* Э*******  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******д шүүхээс оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******д Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял ялаас эдлээгүй үлдсэн 358 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг 5 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар хэсэгт зааснаар шүүгдэгч Б******* овогт Б******* Э*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолон,

Шүүгдэгч Б.Э*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч Б.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...Шүүгдэгчийн ар гэрийг харгалзаж үзээд мөн энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөр байхгүй нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Өрх бүлээ ганцаараа ажил хийж тэжээдэг, эхнэрийн хөл хугарч, 2025 оны 8 сараас хойш хэвтрийн дэглэмтэй байгаа. Давтан хөл нь хугарсан учраас хадуулсан, одоо 50% хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа.

Энэ хэргийн улмаас хохирогчийн биед учруулсан хүндэвтэр гэмтлийг бүрэн эмчлүүлсэн, эмнэлгээр Б.Э******* миний бие өөрөө хүүхдийг явч явж үзүүлсэн, эмчилгээний төлбөргүй болгосон. Мөн хохирогчид сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “ хохиролгүй, гомдол саналгүй болсон тухайгаа хэлсэн. Хохирогчоос миний бие уучлалт гуйсан тул надад хөнгөн шийтгэл ногдуулж өгөх” талаар саналаа хэлсэн. Одоо хохирогч талд энэ хэргийн улмаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болсон.

Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчийг гомдолгүй болгосныг мөн Б.Э******* миний ар гэрийн нөхцөл байдал болох ам бүл 8. 3-15 насны 6 хүүхэдтэй, гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, одоогоор эхнэр нь эрүүл мэндийн хувьд ажил хөдөлмөр хийх боломжгүй нөхцөл байдалд байгааг харгалзан үзэлгүй нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 24- ний өдрийн 2026/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг хохирол төлбөр төлсөн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан өөрчилж, Б.Э******* надад зорчих эрх хязгаарлах эрүүгийн хариуцлага ногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг 1 буюу түүнээс дээш удаа үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна. ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй гэсэн учир түүний ар гэрийн байдлыг харгалзаж зорчих эрх хязгаарлах ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.Э*******д холбогдох эрүүгийн 2531004010344 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.

3.Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.Э******* ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

4.Шүүгдэгч Б.Э******* нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 1.81 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ ******* улсын дугаартай “Т приүс 11” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ерөнхий боловсролын сургуулийн явган хүний гарцаар зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Б мөргөж, түүний биед дух, зүүн хацар, эрүүнд зулгаралт, баруун талын шууны ясны зөрүүгүй хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

-Насанд хүрээгүй хохирогч Б.Буянжаргалын “…явган хүний гарцаар сургууль хуугаа орох гээд явж байхад зүүн гар талаас нэг саарал өнгийн машин хурдан давхиж ирээд мөргөчихсөн.  Миний баруун гар хугарч зөөлөн эдийн гэмтэл үссэн…” 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б*******ын “...хуулийн маань хугарсан гар бүрэн эдгэрсэн ба мөр нь бага зэрэг өвдөж байгаа гэсэн. Буруутай этгээдээс эмчилгээний төлбөр төлөгдсөн. Хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйлгүй…”,

-Гэрч Ц.У “ …“ ” урд талын замаар явж байтал замаар хүүхэд гүйж гарч ирээд мөргүүлсэн. Манай нөхөр жолоо бариад явж байсан…”,

-Шинжээчийн “ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно 1.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ 2.а...эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн” гэсэн дүгнэлт,

-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн СЭЛ 0725/390 дугаартай: “...хохирогчийн биед дух зүүн хацар, эрүүнд зулгаралт, баруун талын шууны ясны зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

5.Шүүгдэгч Б.Э******* нь өөрийгөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй  гэдгийг мэдсээр байж  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноор бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршиг зэрэгт дүгнэлт хийсний эцэст шүүгдэгч Б.Э*******ийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Харин шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, эхнэр нь хүнд өвчний улмаас асаргаанд байдаг, бага насны хүүхдүүдтэй, гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг бөгөөд  шүүгдэгчид хорих ял оногдуулснаар бага насны 4 хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, 01 жил 08 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялын хүрээ хязгаарыг С******* сумаар тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Б******* овогт Б******* Э*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 01 жил 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хүрээ хязгаарыг Сэлэнгэ аймаг С******* сумаар тогтоож, ялыг биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай” гэж,  

3 дахь заалтыг:

”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Э******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг тайлбарласугай” гэж,

5 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б******* овогт Б******* Э*******ийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс  эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангасугай.  

3.Шүүгдэгч Б.Э*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т  зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 74 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулсан тооцсугай.

5.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                            

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН