| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1413/Э |
| Дугаар | 1475 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч М.Хандармаа ҮД:11-60 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О холбогдох эрүүгийн 1806 0564 71621 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ж.О
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Ж.О нь 2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 04-43 тоотод амьдардаг Ү.Рагчааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ү.Рагчаагийн: ...Би 2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 4-43 тоотод манай нөхрийн дүүгийн хашаанд түр гэрээ барьж амьдарч байсан юм. Тэгээд тухайн өдөр нөхөр Цэрэнбат, нөхрийн дүү Ж.О, бид хоёрын охины хамт байсан юм. Тэгсэн чинь манай худ Болормаа ирчихээд явсан юм. Тэгсэн Цэрэнбат, Ж.О, түүний найз гэх эмэгтэй бид 4 нийлж 0,75 граммын “Хараа” архи хувааж уусан юм. Тэгээд сүүлдээ Ж.Оын гэрт орж ууцгаасан. Тэгсэн би гэртээ ороод унтаж байсан чинь хэрүүл болсон байсан. Тэгсэн Ж.О, Цэрэнбат 2 хэрүүл маргаан хийсэн юм байна лээ. Тэгсэн чинь охин Эрдэнэцэцэг Ж.Оын гэрт ороод аавыгаа өмөөрөөд гэртээ ор гээд чанга татсан юм байна лээ. Тэгсэн Ж.О Эрдэнэцэцэгийг чи миний ахыг зодох гээд байгаа юм уу гээд хоорондоо муудалцсан байна. Тэгээд гадаа гараад хэрүүлээ хийж байгаад манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би босоод Ж.Отай муудалцсан. Тэгсэн намайг ор руу түлхээд, тэгсэн Эрдэнэцэцэг урдуур орж хаасан чинь ор руу түлхэж унагасан. Тэгээд миний 2 гар дээр гишгээд тэгэхээр нь би уур хүрээд ширээн дээр байсан тавгийг аваад шидсэн чинь Ж.Оын толгойг оночихсон. Тэгээд охин Эрдэнэцэцэг цагдаа дуудлаа гээд гарсан чинь араас нь дагаж гарсан чинь Эрдэнэцэцэгтэй хэрүүл хийгээд, Эрдэнэцэцэг рүү дайраад Ж.О хоолойг боож унагаагаад толгой руу нь цохиод байсан. Тэгээд намайг цээж рүү гараа атгаж байгаад цохиод дух руу болон цээж, гар руу гараа атгаж байгаад нилээн хүчтэй нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд миний хоолойг бас боогоод байсан. Тэгээд Ж.О алга болчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Нацагнямын: ...2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 4-43 тоотод би хамтран амьдрагч Ж.Оыг ажлаас нь аваад гэртээ ирсэн чинь Ж.Оын ахынх орж ирж хоол ид гээд бид хоёр орж хоол идсэн юм. Тэгсэн чинь Хараа нэртэй 0,75 граммын хагас шил архи гаргаж ирээд бид хоёрт өгөөд хувааж уусан юм. Тэгсэн Ж.Оын ах Цэрэнбат архи ууна гээд байсан, тэгээд манайх руу орж уусан. Тэгсэн хаалга цохисон нэг эмэгтэй хоёр жаахан хүүхэдтэй ирсэн, тэгсэн Цэрэнбат ахын худ гээд хүн байсан. Тэгээд гэртээ оруулчихаад манайх руу дагуулаад орж ирсэн тэгсэн худ гэх эмэгтэй нь 20.000 төгрөг өгөөд тэгсэн Цэрэнбат ах эхнэр Рагчаагийн хамт архи, пиво дэлгүүр яваад авчирсан тэгсэн Рагчаагийн хамаатны гэх Тулга гэх залуу согтуу орж ирсэн. Тэгээд архинуудаа хувааж ууцгаасан. Намайг уу гээд байхаар нь би үнэтэй эм ууж байгаа, уухгүй гэсэн чинь чи манай худыг хүндэлсэнгүй гээд байсан тэгээд би босохгүй хэвтсэн. Тэгсэн Тулга нь Цэрэнбат руу дайраад танай хоёр охин юм сурдаггүй, миний хүүхдүүд сурлагатай энэ тэр гээд байсан. Тэгээд Тулга нь Цэрэнбат руу гараа атгачихаад дайраад байсан. Тэгээд Рагчаа бүр тасраад уначихсан тэгээд Ж.О гэр рүү нь оруулж өгсөн. Тэгсэн Тулга Цэрэнбатыг зодох гээд байхаар нь Тулгыг Ж.О гэр рүү нь оруулж өгсөн. Тэгсэн гэрийн ард бөөн юм болоод тэгээд гарсан чинь Рагчааг охин Эрдэнэцэцэг, Баясах хоёр нь гарнаас нь татчихсан Рагчаа нь орилж хашигчаад бөөн юм болоод тэгээд Ж.О руу хоёр охин нь дайраад чи яах гэж архи уулгасан юм гээд байсан. Бид хоёр бол архи уулгаа ч үгүй өөрсдөө архи аваад ууцгаасан тэгээд гэрт оруулсан чинь Рагчаа нь бурхан, тахилаа авч шидээд, нөхөртэйгээ дээр доороо оролцоод байсан тэгээд муу ус нөхөр рүүгээ цацах гэхээр нь Ж.О булааж авах гэсэн Рагчаа усаа асгаад муу усан дээрээ халтирч унасан. Тэр үед нөхөр нь дүү хоёр охин нь бүх зүйлийг харсан. Тэгээд Ж.О руу нэг харсан чинь толгойноос нь цус гараад. Тэгсэн Тулга нь Рагчаа хоёр таваг шидээд байсан. Тэгсэн Рагчаагийн шидсэн таваг Ж.Оын толгойг оносон. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг рүү Ж.Оыг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Р. Баясахын:... 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 43 тоотод манайх аавын дүү Ж.Оын хашаанд гэр барьж амьдарч байсан. тэгсэн аав Цэрэн, ээж Рагчаа,ах Ж.О, түүний найз гэх эмэгтэй нар нийлж архи уугаад аав, ээж, Ж.О ах нар хоорондоо муудалцсан гэсэн. Тэгсэн эгч Эрдэнэцэцэг рүү Ж.О дайраад гөлөг минь энэ тэр гээд дайрсан тэгснээ чи хэний хашаанд байгаагаа мэдэж байна уу гээд Ж.О ах чамайг унтаж байхад чинь алнаа гээд хэрүүл хийгээд байсан. би ээжийгээ аваад гэр лүүгээ орсон . Ж.О ах араас гэрт орж ирээд та нар хэний хашаанд байгаагаа мэдэж байна уу гээд байсан, тэгээд дахиад намайг холдож бай ярилцаадахъя гээд байсан. тэгсэн ээжийг хөл рүү нь өшиглөөд хоёр гар дээр нь гишгээд хоолойг нь боогоод цээж рүү өшиглөөд зодсон тэгээд би болиулсан чинь Ж.О ах больчихоод хэсэг зогссон. Тэгээд дахиад намйг холд гээд цохиод байсан. би хамгаалж чадахгүй байсан чинь толгой руу цохьсон. Тэгээд ээж орилж босч ирээд ширээн дээр байсан тавгийг шидсэн чинь Ж.О ахын толгойг оносон. Хамт архи уугаад байсан эмэгтэй орж ирээд Ж.О ахыг аваад явсан.... гэх мэдүүлэг /хх-н 29-30-р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7975 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ү.Рагчаагийн биед дух, зүүн сарвуу, баруун гарын 4-р хуруу, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/,
- Шүүгдэгч Ж.О урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 43, 44, 61 дүгээр тал/,
- Хохирогч Ү.Рагчаагийн Ж.Отай эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар бичгээр гаргасан хүсэлт, Ж.Оын мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх хүсэлт /хх-ийн 62, 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд: Ж.О нь 2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 04-43 тоотод амьдардаг Ү.Рагчааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Ж.О нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 04-43 тоотод амьдардаг Ү.Рагчааг 2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Ж.Оын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.О нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалант 4-42 тоотод амьдардаг Ү.Рагчааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Ж.Оын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Ж.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 43 дугаар тал/
Хохирогч Ү.Рагчаа нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд эмчилгээний зардал гараагүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирлогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ болон хэргийн материалтай танилцахдаа, түүнчлэн бичгээр гаргасан хүсэлтээрээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 62 дугаар тал/
Шүүгдэгч Ж.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Оыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.От оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Ж.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ