Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00626

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00626

 

 

 

 

 

М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн 182/ШШ2019/00202 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М , хариуцагч М ХХК, НХХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагч нарын өмгөөлөгч М.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: М би 2001 оны 09-р сарын 03-ны өдөр М ХХК-д эдийн засагчаар ажиллаж эхэлсэн. Тасралтгүй 18 жил ажилласан бөгөөд 2004 оноос ..... менежер, 2007 оноос ..... захирлаар ажиллаж байгаад 2012 оноос ...... захирлаар ажлын байр сэлгэн ажилласан. 2014 оноос ..... захирлаар ажиллаж ирсэн бөгөөд 2015 оноос М ХХК-ийн охин компани болох НХХК-ийн гүйцэтгэх захирлаар хавсран ажиллаж ирсэн. Хүний нөөц байгууллагын соёлын газрын захирлаар ажиллахдаа М-тай 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 5 жилийн хугацаатай Контрактын гэрээгээр, НХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 3 жилийн хугацаатай Гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах гэрээ-гээр тус тус ажиллаж байсан.

Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр надтай байгуулсан дээрх гэрээнүүдийг цуцалж байгаа тухай дараах тогтоолуудыг удирдлагаас танилцуулсан ба М ХХК-ийн ТУЗ-ын ээлжит бус хурлын АН-ВоОМ 15/18 тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.7 болон надтай байгуулсан Контрактын 4.3 хэсэгт заасныг үндэслэн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас чөлөөлөх тухай, НХХК-ийн ТУЗ-ын ээлжит бус хурлын Дугаар №АН-ВоОМ 02/18 тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.7 болон надтай байгуулсан Гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах гэрээний 2.4 хэсэгт заасныг үндэслэн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас чөлөөлөх тухай тогтоолыг би 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан бөгөөд 8-р сарын 03-наас эхлэн үндэслэлгүйгээр ажлаас халагдах болсондоо гомдолтой байна. М ХХК-д 18 жил тасралтгүй ажиллах хугацаандаа миний бие байгууллагынхаа бизнесийн өсөлт, хөгжил дэвшлийн төлөө чин сэтгэлээсээ хандаж, өөрийн хариуцсан ажлыг зохих ёсоор, ёс зүйтэй, ур чадвартай хийж гүйцэтгэж, хамт олноо удирдан зохион байгуулж ирсэн бөгөөд аливаа нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй учраас намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Иймд намайг М ХХК-ийн Хүний нөөц, байгууллагын соёлын газар захирлын ажилд, мөн НХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Хариуцагч М ХХК-ийн тайлбарт: М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өөрт хууль ёсоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд иргэн М тэй 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №14-С-5 тоот Контрактыг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгож, албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх шийдвэр нь Монгол Улсын Хөдөлмөрийн хууль тогтоомж болон дээрх гэрээнд заасан үндэслэл, нөхцөл шаардлагыг хангаж байсан тул М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Иймд М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч НХХК-ийн тайлбарт: НХХК-ийн ТУЗ-өөс компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, дүрмийн 7 дугаар зүйлийн 7.50 дахь хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус хурлаас санал нэгтэйгээр иргэн М тэй байгуулсан гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах контрактын гэрээг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас нь чөлөөлсөн нь гэрээ болон хуульд нийцсэн болно. Иймээс М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М ийг М ХХК-ийн ....... соёлын газрын захирал, НХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 57 190 154 төгрөгийг М ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч М т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч М-ийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг М ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагч М ХХК-аас 443 901 төгрөгийг, хариуцагч НХХК-аас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянгын давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн АН-ВоРМ 15/18 тоот тогтоолыг хууль бус гэж үзэхдээ "... М тэй байгуулсан контрактыг цуцлахдаа ямар нэг үндэслэл заалгүй цуцалсан, цуцлах мэдэгдлийг өгөхдөө нэг сарын хугацаа олгосон нь хуулиар тогтоосон минимум стандартыг зөрчсөн гэсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ. гэсэн заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д контрактад заасан үндэслэл буй болсон бол ажил олгогчийн санаачлагаар контрактыг цуцалж болохоор заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаас ялгаатай ойлголт болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. М ХХК нь М тэй контракт байгуулахдаа гэрээний 4.3-т Талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болох бөгөөд цуцлах тухай мэдэгдлээ нөгөө талдаа 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж тохирсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй хэмээн заасан иргэний эрх зүйн тулгуур зарчимд үндэслэн байгуулсан, хууль зөрчөөгүй болно.

Анхан шатны шүүх НХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд М ийг эгүүлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэн М ийг НХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд ажиллуулахаар байгуулсан контрактын гэрээг шүүх дүгнэхдээ ... энэ гэрээг иргэний эрх зүйн, тэр дундаа хөдөлмөрийн эрх зүйн аль нэг хариу төлбөртэй гэрээний төрөлд хамаатуулан зүйлчлэх боломжгүй байна ... Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзсэн боловч гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан нь эрх зүйн зөрчилтэй, учир дутагдалтай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.3,-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21,1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй тул шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн НХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн АН-ВоОМ02/18 дугаартай тогтоол М ийг НХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөхөд ТУЗ-ийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн нь хэргийн материалд /хх- ЗОх/ -д авагдсан бөгөөд уг тогтоолыг гаргахад ТУЗ-ийн нэг гишүүн болох нэхэмжлэгч М нь оролцсон, тус шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Мөн нэхэмжпэгч М нь 2018 оны 9 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын банкинд Захиргаа, хүний нөөцийн газрын захирлаар ажиллаж байгаа нь түүнийг ажилгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ч.Мөнхжаргал, Г.Үржинсүрэн нарыг гэрчээр асуухдаа тус хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцохоор ирсэн өмгөөлөгчийг хэрэгтэй танилцах боломжийг олгоогүй, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэрч нарыг асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн б.З.-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. гэж заасныг зөрчиж, хариуцагчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай бүрэн танилцах боломжийг олгоогүй, шүүхээс гэрч асуулгах нэхэмжпэгчийн хүсэлтийг хэлэлцүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

 

М ХХК нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан болон М тэй байгуулсан контракын 4.3-т заасан заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь заалтын дагуу түүнтэй байгуулсан контрактыг цуцласан ба ингэхдээ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүд бүгд иргэн М тэй гэрээний хугацааг дуустал хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн болно.

М ХХК нь Хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирлын албан тушаалд нэхэмжлэгч М ийг ажиллуулж ирсэн хугацаа буюу 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 4 жил цалин хөлсөнд нийт 1 022 287 465 төгрөгийг олгосон байх бөгөөд үүний зэрэгцээ ажилтанд орон сууцны 6 хувийн хөнгөлөлттэй зээлд хамруулж, жил бүр олон улсын эрүүл мэндийн даатгалын төлбөрт 2 000 ам.доллар, сар бүр утасны төлбөрт 100 000 төгрөг, албаны хэрэгцээнд Ланд крузер маркийн авто машин, шатахууны лимитгүй ашиглах хангамжаар хангаж ажиллуулж байсан тул хариуцагч нь нэхэмжлэгчийг хохироогоогүй. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00202 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М нь хариуцагч М ХХК, НХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч М нь хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 296 дугаар тушаалаар, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн контрактын гэрээний үндсэн дээр тус компанийн хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирлын албан тушаалд, хариуцагч НХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /1хх4-8, 16-20, 27, 31, 73, 128/

Нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээг хариуцагч М ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн AH-BoDM 15/18 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №14-С-5 тоот контрактын гэрээний 4.3 дахь хэсгийг үндэслэн дуусгавар болгож, корпорацийн хүний нөөц байгууллагын соёлын газрын захирлын албан тушаалаас нь чөлөөлсөн, хариуцагч НХХК-тай байгуулсан гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах гэрээг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хариуцагч НХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын AH-BoDM 02/18 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 15-SUB-005 тоот гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах гэрээний 2.4 дэх хэсгийг тус тус үндэслэсэн дуусгавар болгосон байна. /1хх29-30/

Хариуцагч М ХХК-тай байгуулсан гэрээний тухайд хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болох контрактын гэрээ байгуулагдсан талаар зохигчдын хэн аль нь маргаагүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Талуудын хоорондын контрактын гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд чөлөөтэй байгуулсан байх боловч нэхэмжлэгч буюу ажилтантай байгуулсан контрактын гэрээний 4.3-т талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болох бөгөөд цуцлах тухай мэдэгдлээ нөгөө талдаа 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан байна. Уг заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Уг гэрээ нь нэг талаас иргэний эрх зүйн гэрээний нэг төрөл мөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний төрөлд хамаарна.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны явцад контрактын гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийн талаар мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт нарийвчлан зохицуулсан.

Ажил олгогчийн зүгээс нэг талын санаачлагаар ажилтантай байгуулсан контракт гэрээг цуцлах үндэслэл бий болсоныг баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 буюу контрактын гэрээний 4.4 дэх хэсгийн 4.4.1-4.4.15 болон 4.5-4.6 дахь хэсэгт заасан гэрээг цуцлах ноцтой зөрчлийн талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэг тал санаачлан 30 хоногийн өмнө бичгээр ажилтанд мэдэгдэх замаар хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхийг ажил олгогчид олгосон уг заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Ийм хэлцэлд үндэслэн ажилтныг чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Контрактын гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтны хувьд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох бичилт хийхийг даалгахыг хариуцагч М ХХК-аас шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгчийг хариуцагч М ХХК-ийн хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 57 190 154 төгрөг шаардсаныг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаал болон талуудын тэгш эрхийн зарчимд нийцжээ.

Хариуцагч НХХК-тай байгуулсан гэрээний тухайд шүүх талуудын хооронд хийгдсэн гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасан гэрээг тайлбарлах журамд нийцээгүй.

Зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна. Хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 31 дүгээр бүлэгт заасан бусдад ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний төрөлд хамаарах бөгөөд хөлсний хэмжээг тухайлан тохиролцоогүй нь тухайн гэрээг байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх талаар заасан тул төсөөтэй гэрээний зохицуулалтад хамаарах хуулийн заалтыг хэрэглэх боломжтой.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан, үндсэн ажилтай нь хавсруулан гүйцэтгэх ажлыг гүйцэтгүүлэх тухай талуудын тохиролцоо мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэг тал өөрийн хөдөлмөрөөрөө үйлчилгээ үзүүлэх, нөгөө тал хөлс төлөх үүргийг харилцан тохиролцсон хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэх үндэслэл болно.

Зохигчид хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 3 жилээр сунгасан байна. Гэрээний 2.5.1-2.5.8-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд нэг талын санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар тохиролцсон байх боловч дээрх зөрчлийг ажилтан гаргасан эсэх, ... нэхэмжлэгчийг цаашид өндөр хөлсөөр ажиллуулахад онцгой ур чадвар дутагдалтай ... гэх тайлбараа хариуцагч эргэлзээгүй баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний нэг тал болохынхоо хувьд тухайн гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх, урд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах шаардлага гаргах эрхтэй.

Хариуцагч талын гаргасан өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр гэрчийг асуусан гэх гомдол үндэслэлгүй байна. Шүүгч 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч М.Б хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хойшлуулсан байх ба энэ хугацаанд өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж шүүхэд хүсэлт гаргах замаар гэрчээс тодруулга авах боломжтой байжээ. /1хх173-174/

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн 182/ШШ2019/00202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгч М ийг НХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож гэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ийг хариуцагч НХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулахыг хариуцагч НХХК-д даалгаж гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514 101 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

А.МӨНХЗУЛ