Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1488

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Үүрийнтуяа,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах ҮД:07-64 нарыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны ”Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т холбогдох эрүүгийн 1806 0215 31507 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Т

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Г.Т нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөөний 05:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 31 дүгээр байрны 5 дугаар орц дотор иргэн С.Гантулгын цүнхтэй эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: 2018 оны 03 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө би ганцаараа явж байгаад орон сууцны шатан дээр согтуу сууж байхаар нь  цүнхтэй зүйлийг нь булааж аваад зугтаасан. Зодож цохиогүй зодоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Гантулгын: ...Өчигдөр баяр тэмдэглэж байгаад нилээн согтуу 2018 оны 3 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө өглөөний 05 цагийн үед таксигаар гэртээ хүргүүлээд кодоо хийгээд орц руугаа ороод 2 давхарт шатан дээр үл таних эрэгтэй хүн толгой руу цохисон. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн уг хүн миний цүнхийг үүрээд гарч байсан. Тэгээд би эд зүйлээ үзэхэд халаасанд байсан “Самсунг Эс-5” загварын шар өнгөтэй утас, жижиг хар савхин хэтэвч, банкны виза картууд, иргэний үнэмлэх, сим карт, 2 ширхэг гэрийн түлхүүр, 8000 төгрөг, цагаан саарал өнгийн хул шар оруулгатай үүргэвч, үүргэвчин дотор Эм Эс Ай брэндийн зөөврийн компьютер, судалгааны ажлын бичиг баримтууд, ажлын гэрээ зэрэг зүйлүүд байсныг дээрэмдсэн. Би таксинаас буугаад мөнгөө төлөөд орцныхоо кодыг хийгээд орж байгаагаа санаж байна...

...Шүүх хуралд ажил ихтэй учраас сууж амжихгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулж байгаа учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан гэмтэл шарх байхгүй байсан учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 48 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Тийн: ...Тэгтэл нилээн согтуу эрэгтэй хүн явж байсан. Хар өнгийн цүнх гартаа барьчихсан явж байсан. Тэгээд хойшоо харсан орцтой саарал 5 давхар хэд дүгээр байрыг  нь бол мэдэхгүй байшин руу орсон. Тэгэхээр нь орц руу дагаад орсон. Орцны хаалга онгорхой байсан. Нөгөө эрэгтэй 3 давхарт сууж байсан. Гараас нь цүнхийг нь булаагаад зугтаасан. Шууд явган явсаар байгаад 100 айлд гэртээ ирсэн. Гэрт хүн байхгүй байсан. Цүнхийг үзсэн. Цүнхэнд “Самсунг” маркийн гар утас, түрийвч байсан. Түрийвчинд мөнгө байхгүй байсан. Гар утсыг Монтел дээр аваачиж зарсан. 80.000 төгрөгөөр танихгүй таарсан хүнд зарсан. Нөүтбүүкийг нь Ардын эрхийн тэнд гудамжинд явж байсан хүнд зарсан. Хэтэвчинд мөнгө байхгүй болохоор нь хогон дээр хаясан. Хэрэг үйлдэх үедээ ганцаараа явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөнгөний хэрэг гараад хэрэг үйлдсэн. Согтуу залуу нилээн гуйвсан байдалтай цүнхтэй байхаар нь шүүрээд зугтаачихъя гээд дагаад орсон. Зодсон цохисон зүйл байхгүй. Надаас мэдүүлэг авсан байцаагч цохисон биз дээ гэхээр нь тэгээд мэдүүлчихсэн юм. Би шүүрээд зугтаасан. Тэр олон цагдаа нар ийм хэрэг олон гарсан, чи бүгдийг нь хийсэн гээд тал талаас айлгаад байсан. Би айснаасаа учрыг нь сайн ойлгоогүй. Бараг л унтаж байгаа юм шиг сууж байсан. Би шууд цүнхийг нь аваад зугтаагаад гүйгээд явсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ухаарч ойлгож байна. Манай гэр Архангай аймагт байдаг. Би хотод ирээд ямар ч мөнгөгүй болоод энэ хүний юмыг аваад зугтаачихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 44 дүгээр тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс:

...Дээрх бичлэгээс харахад хохирогч урд зүгээс, холбогдогч үйлчилгээний төвөөс буюу хойд зүгээс гарч ирж байлаа. Хохирогчийг булан тойроод гарч ирэхийг холбогдогч харах боломжгүй өнцгөөс холбогдогч гарч ирэн 31-р байрны хойд талаар хоорондоо 2 орцны зайтайгаар алхан хохирогч 04:39 цагт 5-р орц руу оров. Холбогдогч нь камерын бичлэгт хар бараан өнгийн урт куртиктай харагдах ба 04:39:26 секунтэнд 5-р орц руу орж байв. Холбогдогч этгээдийн царай зүс болон хохирогчийн өмссөн хувцас, царай зүс тодорхой харагдахгүй байв. Холбогдогч этгээд 04:34 цагт орцны харалдаа харанхуй руу ороод буцаад 04:41:38 цагт орц руу буцаж орж байлаа. Орцонд буцаж ороод холбогдогч 04:48:37 цагт орцноос цүнх үүрсэн байдалтай гарч ирэн 31-р байрны баруун тал руу гүйн 04:49:02 цагт 31-р байрны баруун талаар урд зүг рүү орон далд оров...гэх бичлэг /хх-ийн 45 дугаар тал/,

- Хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 46-47 дугаар тал/,

- “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24 дүгээр тал/,

           - Шүүгдэгч Г.Тийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30, 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд: Г.Т нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөөний 05:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 31 дүгээр байрны 5 дугаар орц дотор иргэн С.Гантулгын цүнхтэй эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөөний 05:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 31 дүгээр байрны 5 дугаар орц дотор иргэн С.Гантулгын цүнхтэй эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 438.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Г.Тийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөөний 05:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 31 дүгээр байрны 5 дугаар орц дотор иргэн С.Гантулгын цүнхтэй эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 438.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

           Иймд Прокуророос Г.Тийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч буй гэм буруугийн санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Г.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 30 дугаар тал/

           Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

            Шүүгдэгч Г.Т нь хохирогч С.Гантулгын хохирлын мөнгө болох 438.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд хохирогч С.Гантулга хохирогчоор дахин мэдүүлэхдээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 46-47, 48 дугаар тал/

            Шүүгдэгч Г. Төмөрчөдөрийн  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

            Шүүгдэгч Г.Т нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Гантулгад учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлж, гэмшиж буйгаа илэрхийлж байх тул хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

            Шүүгдэгч Г.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Г.Т бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т мөн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.Тт тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Тт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ