Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/27

 

Ц.У*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Урангоо

Шүүгдэгч Ц.У*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 20265/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ц.У*******д холбогдох эрүүгийн 2531000000382 дугаартай, 316/2026/0012/Э/208/2026/0017 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Б******* ургийн овогт Ц******* У*******, Мон******* Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр С****** аймгийн С******* суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Б** ******* ******* ******* ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт С****** аймгийн ******* сумын ** дүгээр баг ** дугаар гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:*******/

Шүүгдэгч Ц.У******* нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг, * дүгээр багт байрлах “******* *******” хүнсний дэлгүүрийн арын төв зам дагуу “ Сонато” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ц.У*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Б******* ургийн овогт Ц******* У******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.У*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.У*******гийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 07 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.У*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял шийтгэснийг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолон,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Шүүгдэгч Ц.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа давьж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуульч, өмгөөлөгч Д.Ариунтуяа миний бие шүүгдэгч Ц.У******* гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Ц.У******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт болон өөрийн гэм буруугийн тал дээр огт маргаагүй бөгөөд хууль зөрчсөн буруутай үйлдэл хийснээ ухамсарлан ойлгож, маш ихээр гэмшиж байгаа.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хийсэн дүгнэлтэд “... Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл  байдал тогтоогдоогүй...” хэмээн дүгнэсэн атлаа торгох ялын хэмжээг хэт өндрөөр оноож, хэрхэн яагаад өндрөөр оноох болсон талаараа шийтгэх тогтоолдоо үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг щ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж боломжтой юм. Мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй нөхцөл байдал болон түүний хувийн байдал болох ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл 15 ам бүл-ээ тэжээдэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулах нь шүүх болон шүүгчид хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал мөн боловч шүүг, эгчид оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж, чанар, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зохистой байдлаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үздэг.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээ хэт ихэдсэн буюу хүндэдсэн гэж үзэж байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01-р сарын 19-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Шүүхийн хэлэлцүүлгийг шатанд өрхийн орлого 2,000,000 төгрөг төлдөг олдог. Зээл гээд 1,600,000 төгрөг төлдөг гэж хэлж байсан. Тухайн байдлаас хамаараад зорчих эрх хязгаарлах ялын саналыг гаргаж байсан. Шүүхээс хөнгөрүүлэх эсэх тал дээр эрх хэмжээний дагуу шийдвэрлэх тул тусгайлан гаргах саналгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ц.У*******д холбогдох эрүүгийн 2531000000382 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокурорын газраас шүүгдэгч Ц.У******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.У******* нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг, * дүгээр багт байрлах “******* *******” хүнсний дэлгүүрийн арын төв зам дагуу “ Сонато” маркийн улсын дугаартай Тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/3Ш/298 дугаартай шүүгчийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тэмдэглэл, цагдаагийн ахлагч Н.Г бичсэн “...Ц.У******* нь 2.50 хувийн согтуурсан мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх тэмдэглэл /хх-ийн 06-р тал/

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн өгсөн: “...Тиймээ би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 018-021-р тал/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 04-р тал/, 

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар /хх-ийн 057-058-р тал/,

-Шүүгдэгчийн иргэний баримт бичгүүдийн лавлагаа /хх-ийн 025-029-р тал/,

-Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 026-р тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.У******* гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар түүнд хуульд заасан 7000 нэгж буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

5.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Шүүгдэгч Ц.У******* нь хэргийн зүйлчлэл, гэм буруугаа асуудал дээрээ маргаагүй, одоо ч маргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн анхны мэдүүлгээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн байна. Ц.У******* нь ганцаараа ажил хийдэг, ам бүл 5-уулаа амьдардаг зэрэг нөхцөлийг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээ хэт ихэдсэн буюу хүндэтсэн гэж үзэж байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгуулийн хэмжээг багасгаж өгөх” гэх талаар гаргасан гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

Учир нь: Шүүгдэгч Ц.У******* д оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэл хүний гэм буруугийн хэлбэр хувийн байдалд тохирсон байх ба ял шийтгэл хэт хүндэдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин түүний ажил хөдөлмөр эрхэлж ганцаараа ар гэрээ тэжээн тэтгэдэг, цалингийн зээлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг хэсэгчлэн төлөх хугацааг 07 сарын хугацаанд тогтоосныг уртасгаж 02 жилийн хугацаагаар болгож өөрчлөх боломжтой гэж дүгнэв.

6.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20265/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолын

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.У******* гийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойл*******т, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                            

         ДАРГАЛАГЧ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН

 

                          ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

                                                                                                      

                          ШҮҮГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ