| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2531000000082 |
| Дугаар | 2026/ДШМ/28 |
| Огноо | 2026-03-10 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/28
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Б.Содномиший
Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЗ/62 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр М.Ц*******т холбогдох эрүүгийн 2531000000082 дугаартай, 208/2026/0018 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц******* овогт М******* Ц*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр У******* хотод төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймаг, А******* сум, * дүгээр баг, *-** тоотод оршин суух хаягтай, /РД: ******* /;
Яллагдагч М.Ц******* нь Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн А******* сумын * дугаар баг, ** тоотод байхдаа иргэн З.Б******* маргалдаж улмаар хэвлий хэсэг рүү хутгалсны улмаас түүний биед хэвлийд шарх, хэвлийн ханын булчин зөөлөн эдийн шарх, хэвлийн хий хуралдах гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: М.Ц*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2. 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь заалтад заасныг баримтлан яллагдагч Ц******* овогт М******* Ц*******т холбогдох эрүүгийн 2531000000082 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцаан,
Яллагдагч М.Ц******* т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, ...эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг тайлбарлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Содномишийгийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
....Шүүгчийн захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны хэргийн газрын үзлэгийг Сэлэнгэ аймгийн А******* сумын ** дугаар баг ** тоот хашаанд байрлах байшин дотор хийсэн бөгөөд хэргийн газрын үзлэгийг дотор хийсэн шалтгаан нь байшин цус мэт зүйлээр бохирлогдсон, угаалтуурт цустай зүйл угаасан, гал тогооны өрөөнд хутганы иж бүрдэл байсан бөгөөд 1 ширхэг хутгыг цэвэрлэсэн байдалтай хажууд нь тавьсан нөхцөл байдал тогтоогдсон тул байшин дотор хэргийн газрын үзлэгийг хийсэн. Гэвч хохирогч 3.Б******* “...бид нар гэрээс гараад явах гэж байхад Улаанаа түрүүлээд гэр рүүгээ явсан. Ингээд би үүдэнд зогсож байхад Ц******* намайг “хөөе” гээд дуудсан. Эргээд хартал Ц******* намайг 1 удаа хутгалчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Г******* “... эгчийн гэрт очсон чинь Б гээд залуугийн хамраас цус гарсан байдалтай байшингийн үүдэнд сууж байсан” гэх мэдүүлгээр тус тус гэмт хэрэг байшингийн үүдэнд үйлдэгдсэн болох нь ач холбогдолгүй,
Хэн нь түрүүлж хүний эрүүл мэндэд халдсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Тодруулбал:
Хохирогч 3.Б ийн “..би Б хойд өрөөнд оруулах гээд тэврээд явах гэтэл Ц******* намайг учир зүггүй цохиод унагаасан. Тэгээд би цусаа гоожуулаад... байшингийн зурагтын урд талд хэвтээд л байсан” гэх мэдүүлэг, Гэрч О.М “... Ц*******, Б хоёр хоорондоо юунаас ч мэдэгдэхгүй маргалдаад эхэлсэн. Маргаан эхлэх үед би гэрээс гараад хашаанд байрлах жорлон руу орж бие засчхаад буцаад ороход Б угаалтуурт цусаа угаагаад зогсож байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Г******* ..”Явах гэж байтал дэлдэн хашааны банзаар цохиод байх шиг болсон...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, М.Ц*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл баримтуудаар эхлээд М.Ц******* нь 3.Б******* нүүр хэсэгт цохиж, хохирогчийн хамраас нь цус гарсан, түүний дараа хохирогч 3.Б нь М.Ц******* ын мөр хэсэгт цохисон болох нь тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлаас хохирогч 3.Б, яллагдагч М.Ц******* нарын хооронд л таарамжгүй харилцаа үүссэн болох нь илэрхий байх бөгөөд үүний улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн.
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Хутган дээрээс гарын мөр илрээгүй тул цааш шинжилгээ хийх боломжгүй" гэх дүгнэлт гарсан. Мөн хэргийн газрын үзлэгээр 1 гэж дугаарласан газарт хутга цэвэрлэгдсэн байдалтай байгаа зураг хавтаст хэрэгт авагдсан бөгөөд хутга нь бага хэмжээний хүрэн улаан цус мэт зүйлээр бохирлогдсон талаар хэргийн газрын үзлэгт дурдсан. Хэргийн газрын үзлэгийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хийсэн бөгөөд хутганд 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шинжилгээ хийсэн. Энэ хугацаанд хутган дээрх бохирлогдсон зүйл урвалд орох бүдгэрэх боломжтой. Дээрх нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх" гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий дүгнэж бичсэнээс ямар ажиллагааг хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл агуулга, хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтойг нягтлан шалгах бололцоогүй байна. Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой.
Мөн н.У гэрчээр мэдүүлэг авхуулах тухай өмгөөлөгч М.Гансүхийн хүсэлтийг шүүх хүлээж авсан эсэхэд ерөнхий дүгнэлт хийсэн. Тодруулбал 2026 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өмгөөлөгч М.Гансүх нь “би өнөөдөр л ийм зүйл сонслоо, иймд шинээр гэрчээр мэдүүлэг авах хүсэлтэй байна" гэх агуулга бүхий хүсэлтийг н.Ууг******* “Б би хатгачихсан гэж хэлснийг сонссон” гэх агуулга бүхий бичгээр гаргасан хүсэлтийн хамт шүүхэд гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэнээр н.Ууганцэцэг нь яллагдагч М.Ц******* ын дүү буюу хамаарал бүхий харилцаа хүн, ашиг сонирхлын зөрчилтэй түүнчлэн гэмт хэрэг гарах үед байгаагүй, шууд нотлох баримтыг нэрлэн заахгүй, ач холбогдолтой мэдээллийг мэдэж байгаа хүн биш байх тул М.У гэрчээр мэдүүлэг авах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байх бөгөөд хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан “Таньж олуулах” ажиллагааг дахин хийж гүйцэтгэх шаардлагагүй буюу хэргийн газрын үзлэгээр авагдсан гэрэл зургийн үзүүлэлт болон шинжээчийн дүгнэлтээр хутган дээрээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтат мэдээлэл олдоогүй тул хохирогч З.Б, гэрч О.М, гэрч Э.Б нарыг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилсан байна.
Иймд захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2026/Ш3/62 дугаартай дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...6 сард яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлэхээр болтол оны өмнө энэ хэрэг шүүх рүү шилжсэн. Манай үйлчлүүлэгч удаа дараа прокурор дээр очиход хутга нь алга болчихсон. Хэрэг дотор шинжээч авч явсан гэх үг, өгүүлбэр нэг ч байдаггүй.
Хэргийн газрын үзлэг байсан. Гэр дотор нь цус асгарчихсан түүний зургийг авчихсан гэж хэлж байна. Хохирогч, яллагдагч нар нь гадаа хутгалуулсан гэх зүйлийг хэлдэг. Энэ асуудлыг үзээд байшинд байсан уу гэдгийг хармаар байна. Тийм учраас хэргийн газрын үзлэгийг хийлгэмээр байна. Хэргийн газрын үзлэгийг нөхөн хийгээд ямар ач холбогдолтой вэ гэсэн зүйлийг хэлж байна. Бид нар хэргийг өмгөөлж байгаа өмгөөлөгч, хэрэг шийдэх гэж байгаа шүүх бүрэлдэхүүн харах ёстой.
Шалгавал зохих 3 дахь асуудал байгаа. Миний үйлчлүүлэгч М.Ц******* ыг гадаа сууж байхад банзаар цохисон гэдэг. Энэ үйлдлийг мөн хэргийн газрын үзлэг дээр үзээгүй. Энэ дээр ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийх ёстой. Миний үйлчлүүлэгч гэмтэл учирсан, учраагүй нь хамаагүй. Тухайн үед толгой нь хавдчихсан байсан гэж байгаа. Тэрний дараа ямар зүйл ангиар зүйлчлэхийг харах ёстой. Мөрдөн шалгах ажиллагааг мухарлаж шалгая гэхээр хийхгүй гээд байгааг нь огтоос ойлгохгүй байна. Шүүх байгууллага хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой болов уу гэж урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр М.Ц******* т холбогдох эрүүгийн 2531000000082 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас М.Ц******* т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
2.Яллагдагч М.Ц******* т холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ.
Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.
5.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймаг сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЗ/62 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЗ/62 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.
3.Яллагдагч М.Ц******* т урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр хэрэглэсүгэй.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ