Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/00553

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/00553

 

 

 

 

Ж нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16ы өдрийн 101/ШШ2019/00258 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж хариуцагч Ч холбогдуулан  хувийн сууц болон газрын худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ... хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийг Ж нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг Ч даалгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Д.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ж миний бие Ч-дтэй олон жилийн өмнөөс найз нөхдийн харилцаатай байсан ба Ч нь том охиныхоо хамтаар Франц улсад амьдарч байгаад ирсэн учир тухайн үед өөрийн гэх орон гэргүй байсан үедээ надтай уулзах хүсэлтэй байгаагаа манай эхнэрийн найз У дамжуулан хэлж, манай гэр бүлийн амьдарч байсан ... хашаа байшинг худалдаж авмаар байна надад зарчихаач гэсэн саналыг тавьсан. Тухайн үед манайх хашаандаа найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. 88,5 мкв талбай бүхий мансардтай 2 давхар байшинтай, 9x4 болон 5x4 хэмжээтэй 2 зуны байшинтай, 7x4,6x4 болон 10x4,5 хэмжээтэй 3 өвлийн байшинтай, 12x3,5 хэмжээтэй ногооны хүлэмжтэй хүнсний ногоо тариалдаг талбайтай, гүний худаг гээд маш их тохижилтыг хийсэн байсан. Манайх дэлгүүрээ сарын 300 000 төгрөгөөр, өвлийн байшинг томыг нь 80 000 төгрөгөөр, жижгийг 40 000 төгрөгөөр, зуны байшинг 5-10 сарын хооронд сарын 100 000 төгрөгөөр түрээсэлж тухайн үедээ л боломжийн амьдардаг байсан. Ч-дг удаа дараа гуйгаад байхаар нь түүнд хашаа байшингаа 25 000 000 \хорин таван сая\ төгрөгөөр худалдахаар болсон. Худалдах худалдан авах гэрээгээ хийхээр нотариат дээр очиход Ч нь худалдах худалдан авах гэрээг өндөр үнээр бичихээр би татвар их төлөх юм байна, хашаа байшингийн мөнгийг нь асуудалгүйгээр өгнө гээд байхаар нь би түүнд бүрэн итгээд худалдах худалдан авах гэрээн дээр газрын үнийг 500 000 төгрөгөөр, байшингийн үнийг 1 500 000 төгрөгөөр бичиж нотариатаар гэрчлүүлж, хашаа байшингаа Ч-дгийн нэр дээр албан ёсоор шилжүүлж өгсөн. Ч хэлэхдээ хашаа байшингийн мөнгийг банкнаас зээл авахаараа бөөнд нь өгөн гэхээр нь мөнгөө аваагүй байж хашаа байшингаа султгаад манайх нүүсэн. Үүнээс хойш өр төлбөрөө байнга шаардаж, Ч бага хэмжээгээр мөнгө өгч байсан. Хамгийн сүүлд Ч миний Хас банкны 5000420633 тоот дансанд 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 500 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 200 000 төгрөг, Хаан банкны 5062126979 тоот дансанд Ч-дгийн охин н.Мандахаас 100 000 төгрөг шилжүүлсэн. Зээлээ хөөцөлдөөд байна удахгүй бүтнэ одоохондоо энийг авч бай хэмээн цөөн хэдэн төгрөг уван цувуулж өгч байсан ба энэ олон жилийн хугацаанд Ч-дтэй уулзаж мөнгөө бөөнд нь авах хүсэлтээ байнга хэлж байсан. Зарим үед Ч нь намайг хуураад, зарим үед охиноороо байхгүй гэж хэлүүлээд эсвэл гадаад явсан удахгүй гэх мэтээр байнга зугатаадаг болсон. Олон жилийн хугацаанд бага багаар бүр 40 000 төгрөг хүртэл өгч байсныг гэрчлэх хүн байгаа. Нэгэнт Ч нь худалдаж авсан хашаа байшингийнхаа үнийг төлөхгүй нь тодорхой болж, намайг хуурч байсан гэдэг нь батлагдаж байх тул би өөрийнхөө өмчлөлийн хашаа байшинг буцаан авахаар шүүхэд хандсан. Иймээс 2009 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ болон 2009 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ... дугаартай газрыг болон ... гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн ...дугаартай хувийн сууцыг Ж миний нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг Ч даалгаж, Ч баримттайгаар 4 150 000 төгрөг, баримтгүйгээр 50 000, 60 000 төгрөг, нийт 8 300 000 орчим төгрөг болж байгаа. Ч-дгийн иргэн надтай дүр үзүүлж хийсэн худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Би 35 000 000 төгрөгөөр зарна гэхэд ярьсаар байгаад 25 000 000 төгрөгөөр авахаар болсон. Ч төсөл бичээд зээл авах болсон, удахгүй мөнгийг нь өгнө гэж, 2013 оны 5 дугаар сард 29-р сургууль дээр хүрээд ир гэсэн боловч бас л худлаа байсан ба мөнгө өгөөгүй. Очих болгонд хэдэн төгрөг л өгдөг байсан. 2014 оноос хойш олдохоо больж, утсаа ч авахгүй болсон. Нийт өгсөн мөнгө нь 8 317 000 төгрөг. Хашаанд байсан мансарттай байшинг өөрчилж 2 давхар болгосон байна. Хэрэв мөнгөө өгсөн бол ингэж маргаан үүсгэхгүй байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4, 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож байгаа. Үнийн дүнгээсээ эхлээд хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд мөнгийг олон удаа өгч байгаа нь хугацааг тасалдуулсан. Өгсөн мөнгөний дүн зөрж байгаа боловч энэ нь хэрэгт ач холбогдолтой биш. Учир нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Жинхэнэ 25 000 000 төгрөгийн хэлцлийг халхавчлаад 1 500 000 төгрөгийн гэрээг дүр үзүүлэн хийсэн. Энэ нь хууль зөрчөөд байна. Мөнгө төлж байгаа баримтаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь нотлогдож байна гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч Ж бид хоёр олон жилийн өмнөөс бие биенийгээ таньдаг байсан ба нэгнийхээ гэр бүлийг ч хүртэл сайн мэддэг. Тухайн үед Ж нь банкны барьцаанд байгаа ... ... гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн ... дугаартай хувийн сууцыг банкны зээлийн барьцаанаас чөлөөлөөд хариуд нь тохирох үнэ хөлсийг нэмээд өгчих гэсэн саналыг удаан хугацаанд тавьсан. Тухайн үед байшин банкны барьцаанд хураагдах гээд Ж д зайлшгүй бусдад худалдаж, банкнаас чөлөөлүүлэх шаардлага байсан. Миний хувьд хашаа байшин авах хэрэгцээ байгаагүй. Учир нь Монголд ирээд 2 орон сууц, нэг хашаа байшин худалдаж авсан байсан. Гэтэл Ж манай эхнэрийн ах дүү нар авах гээд байна. Би эхнэрийнхээ ах дүү нарт өгмөөргүй байна, манай эгч Б архи уугаад ... байрыг сүйтгэж байна. 15 000 000 төгрөгөөр аваад үнэ мөнгийг нь боломжоороо төлчих гээд гуйгаад байсан. Үүний үндсэн дээр би охин Цярилцаж, охин маань Монголд сайн дурын үйл ажиллагаа явуулах хүсэл байна, ойр хавийнх нь хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг тэжээх сайн дурын үйл ажиллагаа явуулж болох юм гэж хэлсэн. Ингээд 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ж тай 15 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу миний бие Ж тай 13 дугаар хороололд байрлах Хаан банк дээр очиж зээлийг нь төлж өөрийн өмчлөлийн хөрөнгөө банкны барьцаанаас чөлөөлсөн. Мөн үүнээс хойш Ж г мөнгөний хэрэгцээ гарлаа гэж шаардах бүрт бэлэн болон бэлэн бусаар мөнгө өгч байсан. Мөн 3 600 000 төгрөгийн үнийн дүн бүхий эксел болон элентра маркийн машиныг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Энэ мэтчилэн түүнд өгсөөр 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэхэд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, үнийг төлж дуусгасан. Энэ нь Ж дансны хуулга, миний өөрийн хөтөлж байсан хар дэвтэр, мөнгө шилжүүлсэн банкны баримт, Ж нэр дээр шилжүүлсэн 2 машины бичиг баримт, мөн түүнд бэлнээр мөнгө хүргэж өгдөг байсан миний жолоочийн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Дээрхээс үзвэл энэхүү гэрээний хувьд талуудын хэрэгцээ, гэрээг байгуулах болсон хүсэл зориг анхнаасаа тодорхой байсан. Мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч тал гэрээний зүйл болох хашаа байшинг миний нэр дээр шилжүүлэн өгч, худалдан авагч тал болох Ч миний бие тохиролцсон ёсоор Ж д шаардагдах бүрт мөнгийг шилжүүлсэн. Тиймээс энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Би ...тоотод амьдарч байгаагүй. Худалдаж авсан цагаасаа эхлэн байшинг нурааж, дахин шинэ байр барин, засаж янзалсаар 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ...санг байгуулан тус газар өнчин, ядуу хүүхдүүдийн өдөр өнжүүлэх байгуулан тэдэнд туслалцаа үзүүлэж, хооллож эхэлсэн ба өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

 

Намайг хашаа байшинг авах үед дэлгүүрийн зориулалттай нэг байр байсан ч үйл ажиллагаа явуулж, түрээсэлсэн зүйл байгаагүй мөн хашаанд байрлах байшин бүгд хоосон нэлээд муудаж, бохирдсон байдалтай байсан. Үүнийг би хүлээн аваад засч янзлаад одоо өмнө байдлаасаа огт өөр танигдахын аргагүй болсон. Их олон байшин байсан мэтээр ярьж байгаа боловч үнэндээ хашаанд 2 тусдаа үргэлжилсэн байшин л байсан. Энэ нь тухайн үеийн кадастрын зураг болон миний авсан фото зургаар нотлогдоно. Уг үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаа худалдах хүсэл зоригийн дагуу гэрээ хийсэн. Гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ч холбогдох 2009 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн ........... байрлах эрхийн улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэгдсэн 211.5 мкв хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэгдсэн 700 мкв газрыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, уг хувийн сууц болон газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж давж заалдах гомдолд: Миний бие 2009 оны 4 дүгээр сард .................. хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн 211,5 мкв хувийн сууцын эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэгдсэн 700 м.кв газрыг өмчлөгч байсан. Энэ үед дээрхи хашаанд найман нэрийн хүнсний дэлгүүр бүхий мансардтай 2 давхар байшин, 9*4 болон 5*4 хэмжээтэй 2 зуны байшин, 7*4,6*4 болон 10*4,5 хэмжээтэй 3 ш өвлийн байшинтай. 12*3,5 хэмжээтэй хүнсний ногоо тариалдаг ногооны хүлэмжтэй, хашаандаа гүний худаг гээд өөрийн хэмжээндээ маш сайхан хашаа байшин байсан.

Би Ч-дтэй анх хашаа байшингаа 35 000 000 төгрөгөөр худалдана хэлж байсан ба тэрээр гуйсаар байгаад үнийн дүнгээ 25 000 000 төгрөг дээр тохирсон. Нотариат дээр очоод би мөнгөө удахгүй өгчихнө та энэ гэрээн дээр гарын үсэг зурчих хэмээн гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч би Ч-дтэй худалдах худалдах тал дээр ярьж тохирсон асуудал байгаа боловч гэрээ байгуулахдаа хуулийн дагуу шударга хийгдээгүй хэмээн шүүхэд хандсан. Ч нь надад нотариатаар орохдоо мөнгийг одоо өгнө хэмээн итгүүлж 1 500 000 \нэг сая таван зуун мянган\ төгрөгийн гэрээг өнгөн дээрээ хийсэн дүр үзүүлж, дээрхи мөнгөн дүн нь өнгөцхөн юм, гэхдээ хоёулаа ярьснаараа хэмээн хөнгөмсөг итгэл төрүүлснээр би хууртаж өнөөдрийг хүртэл хохирч явна. Үнэн хэрэг дээрээ өөр мөнгөн дүнгээр тохирсон өөр хэлцэл байсныг хэрэгт авагдсан гэрчүүд болон өөрийнх нь тайлбараар нотлогдоно. Энэ нь Ч-дгийн надад цувуулж өгсөн мөнгөөр нотлогдоно. Би хашаа байшингаа 25 000 000 төгрөгөөр худалдсан, 1 500 000 төгрөгөөр бол худалдахгүй байсан. Хашаан дотроо дэлгүүр, өвөл зуны 6 байшинтай газар 1 500 000 төгрөг байхгүй нь ойлгомжтой. Хүсэл зориг минь 25 000 000 төгрөг байсан болохоос 1 500 000 төгрөг байгаагүй. Дээрхи гэрээг хийхдээ Ч нь надтай дүр үзүүлж хийсэн гэдгийг би анхан шатны шүүхэд удаа дараа тайлбарласан. Өнөөдрийг хүртэл энэ олон жил хашаа байшингийнхаа мөнгийг олж авах гэж маш их зовж байна. Ч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, иргэн миний олон жил хөдөлмөрлөж босгосон хөдөлмөрийг минь завшиж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэтэрхий нэг талыг харсан шударга бус шийдвэр болсон хэмээн үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Ч холбогдуулан хувийн сууц болон газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, .............. байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг Ж нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 9-10 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд талууд 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ................. бүхий хувийн сууцыг 1 500 000 төгрөгөөр, 700 м.кв газрыг 500 000 төгрөгөөр худалдаж, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч Ч нь 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн ...дугаартай дээрх хаягт байрлах үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ................. дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. /хх96-97/

 

Нэхэмжлэгчийн уг гэрээнд газрыг 500 000 төгрөгөөр, хувийн сууцыг 1 500 000 төгрөг гэж тусгасныг бодит байдалд нийцээгүй, хувийн сууцаа, газрын хамт 25 000 000 төгрөгөөр худалдсан гэх, хариуцагч мөн 15 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх тайлбараас үзэхэд дээрх гэрээнд тусгагдсан үнэ анхны тохиролцсон үнэ биш байна. /хх1, 32/

 

Түүнчлэн, талуудын хоорондын маргаан төлбөрийн үлдэгдэл бүрэн гүйцэт төлөгдсөн эсэхээс үүссэн бөгөөд хариуцагч нь хашаа байшинг 15 000 000 төгрөгөөр худалдан авсан, нийт 17 747 000 төгрөг төлж үүрэг биелэгдсэн гэж, нэхэмжлэгч гэрээний дагуу 8 317 000 төгрөг авсан гэдэг. /хх84, 158/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд бичгийн баримт болон талуудын өөрсдийн нь гаргасан тайлбар хамаарна. Зохигчдын хэн аль худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдэг дээр маргадаггүй, харин гэрээнд заасан бага үнийн дүн гэрээний үнэ биш татвараас зайлсхийх зорилготой байсан, анхнаасаа дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж маргадаг. /хх158-159/

 

Уг гэрээний үнэ тогтоосон хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэлд хамаарч болно.

 

Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болохоор байх ба гэрээнд бодитой тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бичигдээгүй байгаа нь уг хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэх хуулийн зохицуулалттай. Маргаан бүхий хэлцэл нь хариу төлбөртэй, эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ бөгөөд гэрээний нэг тал эд хөрөнгө шилжүүлж, нөгөө тал хариу төлбөр төлөх үндсэн тохиролцоо гэрээнд бүрэн тусгагдсан, хуулиар тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан, зохигчид худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Гэрээний гол зүйл буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, түүний үнийг төлөхөөр талууд бодитой тохиролцсон байх тул уг хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг арилгуулах, харилцан буцаах замаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаж буй этгээд өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлно. Нэхэмжлэгч тухайн эд зүйлийн үнийн үлдэгдлийн талаар шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16ы өдрийн 101/ШШ2019/00258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ