Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1304

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Т.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г холбогдох эрүүгийн 1806 0591 41528 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.Г

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Т.Гнь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Чинзоригийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Гнь мэдүүлэхдээ: 2018 ны 07 дугаар сарын 07-ны өдөр ажлын байрандаа найзын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Налайх дүүрэг рүү явсан. Налайх дүүргийн наадмаар манай найзын уясан морь айрагдлаа гэхээр нь баяр тэмдэглэх гэж очсон. Тэнд очоод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би тэр өдрийнхөө 23 цаг орчимд Улаанбаатар хот явах унаанд суусан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир Н.Чинзоригтой яаж маргалдсан эсэхээ санахүгй байна. 7 дугаар сарын 14-ний өдөр өөрийн биеээр Н.Чинзоригтой уулзаж юу болсон талаар асууж тодруулсан. Н.Чинзоригт “би тухайн үед эрүүл байсан. Чи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан ба намайг хэл амаар доромжлоод байсан учир цагдаа дуудаж чамайг эрүүлжүүлэхэд өгсөн гэж хэлсэн. Би Чинзоригоос уучлалт гуйгаад 400.000 төгрөгийн хохирол барагдуулсан гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Чинзоригийн: ...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим Налайх дүүргийн “Бизон” буудлаас 87-99 дугаартай цагаан өнгийн машинд суухад 30 орчим насны эрэгтэй хүн хойд талын суудалд суугаад хөдлөөд Хонхорын орчим явж байхад хойд талд сууж явсан залуу надаас чи ямар боловсролтой вэ гэж асуухаар нь би дээд боловсролтой гэхэд чи ямар чиглэлээр суралцсан бэ гэхээр нь би маркетингийн чиглэлээр суралцсан чи бандааш Гантулгын сургуулийг төгссөн юм байна гэхээр нь бид хоёр өөр сургууль төгссөн гэхэд надаас чи марко эдийн засаг мэдэх үү бандааш Гантулгын дүү нь байна гээд араас боохоор нь би гарыг нь тавиулаад чи яаж байна гээд эргээд харсан чинь миний зүүн шанаанд гараараа нэг удаа цохисон. Тэр үед машин зогсоод би бүсээ тайлаад буугаад очиход тэр залуу мөн адил буучихсан байсан. Тэр залууг би хувцаснаас нь барих гэхэд миний зүүн гарын эрхий хурууг хазсан. Тэгээд тавиач гэхэд тавихгүй байхаар нь өвдсөндөө болоод тэр залуугийн хамрын нүх рүү нь гараа хийгээд дээш нь татаад тавиулсан. Тэгээд тонгороод газар унагаасан чинь босож ирээд миний гэдэснээс мөн адил хазахаар нь чихны арын хонхорхойд нь дараад тавиулсан. Тэгээд  би толгой дээр нь өвдөглөж байгаад жолооч залуугаар цагдаа дуудуулсан. Тэгсэн тэр залуу тавьчих гээд гуйгаад байхаар нь би тавьсан чинь эргээд гэдэсний баруун талаас хазсан. Тэгэхээр нь би дахин дараад тэлээнээс нь бариад цагдаа иртэл суусан. Миний зүүн гарын эрхий хуруу язарсан, гэдэс хоёр газар хазагдсан доод уруулын дотор талд язарсан байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бэхбатын: ...Энэ өдөр би орй 23 цагийн орчим Налайх дүүргээс Улаанбаатар хотруу таксидах гээд нэг хүнтэй зогсож байхад нэг согтуу залуу ирээд машины хойно суугаад хүн аваад хэрэггүй би төлбөрийг нь төлнө гээд нэг намайг хөдлөгсөн. Тэгээд тэр согтуу залуу миний хажууд сууж явсан залуутай хөлбөмбөг ярьж байгаад сүүлдээ сурсан сургуулийнхаа талаар ярилцаж байгаад мөргөлдөөд миний хажууд сууж явсан залуугийн хойноос нь боохоор нь би машинаа зогсоогоод та хоёр машин дотор зодолдолгүй гарцгаа гээд уурлахад эхлээд ард сууж явсан согтуу залуу буугаад миний урд миний хажууд сууж явсан залуу буугаад барилцах шиг болсноо миний хажууд сууж явсан залуу ёо гар гээд чарлаад байсан. Тэр үед нь би буугаад тойроод очиход согтуу залууг тонгороод газар унагаагаад дээр нь дараад намайг цагдаа дууд гэж хэлэхээр нь би 102 дугаарын утас луу залгаж дуудлага өгсөн. Тэгээд байж байхад согтуу залуу нь намайг тавьчих гээд тэр залуу согтуу залууг босгох гэхэд нь гэдэснээс нь хазсан. Тэгээд тэр залуу согтуу залууг доороо хийгээд суусан. Тэгтэл цагдаа нар ирсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Г: ...2018 оны 07 сарын 07-ны өдөр би Налайх дүүргийн наадам үзэхээр найз Баясгалангийн хамт 20 цагийн орчим очоод тэнд Баяротгон, Баясгалан, Баттөгсийн хамт бид Баяротгоны морь нь айрагдсан гээд нэг шил 0,75 л-ийн Соёмбо, нэг шил 0,75 л-ийн Вески ууцгаасан Налайх дүүрэгт очиход би Улаанбаатар хотод уучихсан халамцуу очисон юм. Тэгээд би согтсон байсан. Нэг мэдсэн би машин дотор сууж яваад дахин ухаан ороход Ургах наран хорооллын тэнд хүнтэй ноцолдож байгаад дахин тасраад нэг мэдсэн цагдаагийн машинд сууж байсан. Тэгээд дахин ухаан ороход эрүүлжүүлэх байранд байсан. Би согтуу байсан учир ухаан орж гараад байсан зүйлээ хэллээ. Тэгээд маргааш нь найз Баяр-Отгоноос юу болсон талаар асуухад Налайх дүүргийн такси зогсоол дээрээс намайг Улаанбаатар хот явах машинд суулгаж өгөхөд нь би тэр таксины жолоочид нь хаа хүртэл явах уу гэж асуугаад Офицер орно гэхэд нь би мөнгийг нь нэмээд өгнө намайг Алтай хотхон хүргээд өгөөрэй гэж хэлээд суугаад явсан гэж хэлж байсан. Би дараа нь Чинзориг гэдэг залуутай уучлал гуйхад надад эмчилгээний зардал 300,000 төгрөг авна гэхээр нь би тэр мөнгийг нь дансаар шилжүүлэн надад ямар нэгэн гомдол санал байхгүй өргөдөлөө авна гээд гар бариад бид салцгаасан. Надад өөр ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8489 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Чинзоригийн биед зүүн гарын эрхий хурууны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийн зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/

          - Шүүгдэгч Т.Г иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17-19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд: Т.Гнь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Чинзоригийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч Т.Гнь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Н.Чинзоригийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Т.Г гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Т.Гнь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Н.Чинзоригийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

           Иймд Прокуророос Т.Г гэм буруугийн санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Т.Гэрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Т.Гнь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 19 дүгээр тал/

           Хохирогч Н.Чинзориг нь гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Т.Гэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгч Т.Гэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар  зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Т.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Гнь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Т.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

         

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.АЛТАНЦЭЦЭГ