| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2533000250007 |
| Дугаар | 2026/ДШМ/29 |
| Огноо | 2026-03-10 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/29
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Т.Солонго
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Б.О*******д холбогдох эрүүгийн 2533000250007 дугаартай, 150/2025/0035/Э/208/2025/0085 индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
М****** овогт Б******* О*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг, Б******* оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: ******* /
Шүүгдэгч Б.О******* нь 20** оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг “******* б*******” гэх газраас иргэн Б.Б******* өмчлөлийн 1 тооны тугалыг хулгайлж өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклдоо ачиж авч явж бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.О*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч М***** овогт Б******* О*******ы бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Шүүгдэгч Б.О*******ы г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.О*******ы эзэмшлийн ******* улсны дугаартай Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “” маркийн мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон,
Шүүгдэгч Б.О******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О******* д авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аван,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:
Яллагдагч Баттөмөр овогтой О******* ******* би Сайхан сум дахь сум дундын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хоригдсон байгаа.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийг журамлан 1 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Иргэн би Б.Б******* өмчлөлийн 350,000 төгрөгөөр үнэлэгдсэн 1 тооны тугалыг буцаан өгч бүрэн төлж дуусгасан. Хохирогч гомдол саналгүй гэсэн.
Би өмнө нь ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээн байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ ухамсарлаж байна.
Миний эхнэр хөгжлийн бэрхшээлтэй, асрамж шаардлагатай бөгөөд бага насны 2 хүүхэдтэй. Хөдөлмөрийн чадвартай хүн нь би байна. Миний хоригдож байгаа байдал нь гэр бүлийн амьжиргаанд хүндээр нөлөөлж байна.
Учруулсан хохирлын хэмжээ бага, нийгэмд учруулсан хор уршиггүй, нөхөн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэмшлийн байдал, гэр бүлийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна.
Иймд 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар гаргаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Тухайн үед Б.О******* нь үхрээ хариулж явж байхдаа мотоциклтойгоо явж байсан. Түүнээс тугалсан үхрийг очиж авъя гэсэн санаа байгаагүй. Тийм учраас уг хэргийг мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байгаа. Мөн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Эхнэр нь 60 хувийн чих нь сонсголгүй. Сургуулийн насны хоёр хүүхэдтэй учир хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
... Шүүгдэгчийн хувьд хохирохоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү хэмээн гомдол гаргасан гэж ойлгосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбараар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг давхар гаргаж байна гэж ойлголоо. Хэргийн зүйлчлэлийн хувьд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдсэн. Хэргийн зүйлчлэлийн тухайд машин механизм хэрэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Харин шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Хэдий прокурор эсэргүүцэл бичээгүй ч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учир дээрх тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдлын агуулга нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаад байгаа үйл баримт тогтоогдож байна. Тийм учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.О******* д холбогдох эрүүгийн 2533000250007 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.О******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг “******* б*******” гэх газраас иргэн Б.Б******* өмчлөлийн 1 тооны тугалыг хулгайлж өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн мотоциклдоо ачиж авч явж бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.Б******* өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 04-ний манай улаан халзан үнээ хээлтэй байж байгаад гэрийн гадаа манай гэрийн зүүн тугалаад улаан халзан сэрвэй цагаан охин тугал гарсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай тугалсан тугалаа дагуулчихсан тал дээр байж байхыг өдрийн 15:00 цагийн орчимд байхаар нь аяар ирж авъя даа гэж бодоод 18:00 цагийн орчимд үхэр байсан газраа ирсэн чинь үхэр нь байгаад тугалсан тугал байхгүй үнээ маань мөөрчихсөн зогсож байсан. Тэгээд манай үнээ байсан газраар мотоциклийн мөр байсан. Тэгээд тэр хавьдаа хайгаад олоогүй байж байгаад харьяа цагдаагийн байгууллагадаа бүртгүүлчихсэн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/
-Гэрч Л.Г өгсөн: “...О******* ы хар халзан үнээ нь 2024 оны 05 дугаар сарын эхээр тугалах гээд хээлтэй байсныг мэдэж байсан. Тэгээд тэр үед манай гэрт О******* өөрөө мотоциклтойгоо ирээд манай хар үнээ пойлны хажууд тугалж чадахгүй байна. Хамт очоод таталцаад гаргаад өгөөч гэхээр нь би хамт явж тугалыг татаж гаргахад хар үнээний тугал нь буруу байрлалтай буюу бөгсөөрөө гараад бүтээд үхчихсэн гарч ирсэн. Тэгээд л татаж гаргачхаад би шууд гэртээ харьсан. Харин О******* тэндээ үлдсэн. Тухайн хар халзан үнээнээс татаж гаргасан тугал нь толгой хэсэг нь цагаан, үлдсэн их бие нь хар өнгийн тугал байсан. Тэгэхдээ харж байхад тугалаад удаагүй хар халзан үнээндээ малын хашаандаа буюу малын хашаан дотроо улаан халзан тугал амлуулчихсан харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/
-Гэрч Б.Х өгсөн “...2024 оны 05 дугаар сарын эхээр манай улаан халзан үнээнээс тугалаад 3 хонож байсан улаан халзан 1 тооны тугал бэлчээрээсээ алга болсон гэж хэлж байсан. Тэгээд тэр хавиар манай аав хайгаад олоогүй гэсэн. Харин тухайн үе буюу тугал алга болсон гэх газар мотоциклийн мөр гарсан байна гэж надад утсаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/
-Гэрч Д.Н өгсөн: “...Манай нөхөр Б.О******* нь хөдөө малаа маллан амьдарч байгаа. Харин саяхан манай нөхөр цагдаа сэргийлэх гээд яваад байхаар нь нөхрөөсөө асуусан чинь 2024 оны 05 дугаар сард хөдөө бэлчээрт бусдын нэг тооны тугал буюу нялх юм байхаар нь олоод хашаандаа авчраад тэжээж байсан чинь нөгөө тугал маань үхчихсэн л гэж надад хэлсэн. Би одоо малдаа ойртоогүй 5 жил орчим болж байна. Манайд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн маркийн цэнхэр өнгийн мотоцикл байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/
-Дархан-Уул аймгийн “Ашид-Билгүүн” ХХК-ны 2025 оны 01 сарын 31-ний өдрийн 1001915 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1 тооны тугалны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 350,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, /хх-ийн 56-58-р хуудас/,
-Дархан-Уул аймгийн “Ашид-Билгүүн” ХХК-ны 2025 оны 01 сарын 31-ний өдрийн №TXY-925-911192 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... Б.О*******ы эзэмшлийн ******* улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монгол улсад орж ирсэн DY150 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 800,000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн 67-68-р тал/,
-2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримт зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
3.Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Б.О*******ыг машин механизм ашиглан мал хулгайлах гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн.
Өөрөөр хэлбэл тэрээр өөрийн үнээ нь тугалаад тугал нь бүтээд үхсэн тул эх үхэр нь мөөрөөд байсан гэх шалтгаанаар айлын бэлчээлт тугалсан нялх тугалыг сэм аргаар авч өөрийн мотоциклоор тээвэрлэн хашаандаа авчирч өөрийн үнээнд амлуулан хөхүүлж үхэр малдаа ижилсүүлэн авч бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн үйлдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4.Шүүгдэгч Б.О*******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадсан хуулийн үндэслэлтэй нотлох баримтууд байна.
5.Шүүгдэгч Б.О*******ы гаргасан “...Би өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгож байна. Эхнэр хөгжлийн бэрхшээлтэй, өөр хөдөлмөрийн чадвартай хүн байхгүй, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хорихооос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх талаарх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д “1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
2-д “Энэ гэмт хэргийг: 2.4-д “машин механизм ашиглаж”.... ...үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид тухайн зүйл ангид заасан доод хэмжээнээс доош татаж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар түүнд тухайн зүйл хэсэгт заасан 02 жилийн хорих ялаас доош татаж хамгийн бага хэмжээгээр оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх, нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О*******ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,
1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ