| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1270/Э |
| Дугаар | 1318 |
| Огноо | 2018-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Бу.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,
хохирогч, шүүгдэгч Г.Ц, Х.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ц, Х.Э нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0374 41529 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Х.Э
2. Монгол улсын иргэн, Г.Ц
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Х.Х.Э, Г.Ц нар нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамжны 4 тоотод маргалдан харилцан зодолдож, Г.Ц нь Х.Х.Эы биед нь хөнгөн хохирол учруулсан, Х.Энь Г.Цг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: Та бүхний ажилд саад учруулсандаа хүлцэл өчье. Улсын яллагчийн зүгээс үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Г.Цгийн: …2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 1-4 тоотод байдаг салсан нөхөр болох Ядамцоогийн гэрт байхад бэр болох Х.Эгэх эмэгтэй орж ирээд чи салсан байж дахиж ирж мөнгө авах нь уу гэх мэтээр доромжлоод зайл гээд хөөгөөд байхаар нь би уурандаа ууж байсан цайтай аягаа урдаас нь шидсэн чинь над руу дайраад миний үснээс зулгаахаар нь би зөрүүлж зулгааж хоорондоо зодолдсон тэр хажууд байсан Ядамцоо салгасан. Энэ зодооноос болж энэ дүгнэлтээр гарсан гэмтэл миний биед учирсан бас Х.Эы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тухайн хэрэг гардаг өдөр Х.Э, бид хоёр л хоорондоо маргалдаж зодолдсон, өөр хүн зодоонд оролцоогүй. Миний хувьд энэ хүнд ямар нэгэн хар муу санаж муу харьцаж байсан удаа байхгүй, харин Х.Э ямар шалтгаанаар надад дургүй байдаг талаар бол мэдэхгүй байна. Миний биед одоо бол ямар нэгэн гэмтэл байхгүй. Надад Х.Эд ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Х.Х.Эы: ...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 1-4 тоотод манай хадам аав Ядамцоотой хуучин хамт амьдарч байсан Г.Ц гэх эмэгтэй согтуу ирээд агсам согтуу тавиад байхаар нь би орсон чинь үгийн зөрүүгүй миний өөдөөс шилэн аяга шидэж, миний баруун талын нүдэн дээр оносон. Тэгээд бид хоёр үснээсээ зулгаалгаад хоёр биенээ цохисон. Тэр үед хажууд байсан хүмүүс салгасан. Миний биед гарсан энэ гэмтлийг Г.Ц ганцаараа учруулсан, мөн Г.Цгийн биед учирсан гэмтлийг би бас учруулсан. Тухайн хэрэг гардаг өдөр бид хоёр харилцан зодолдсон. Одоо миний биед гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5233 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Г.Цгийн биед зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хацар, хамрын угалз, уруулын салстын цус хуралт, зулгаралт, 2 шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5240 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Х.Х.Эы биед баруун нүдний дээд зовхи, зулайн хуйх, дагзны хуйх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар тал/,
- Шүүгдэгч Х.Х.Эы иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 38, 54 дүгээр тал/,
- Шүүгдэгч Г.Цгийн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37, 55, 56 дугаар тал/,
- Шүүгдэгч Х.Х.Э, Г.Ц нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 57, 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.Х.Э, Г.Ц нар нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамжны 4 тоотод маргалдан харилцан зодолдож, Г.Ц нь Х.Х.Эы биед нь хөнгөн хохирол учруулсан, Х.Энь Г.Цг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Х.Х.Э, Г.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Х.Х.Э, Г.Ц нар нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамжны 4 тоотод 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр маргалдан харилцан зодолдож, Г.Ц нь Х.Х.Эы биед нь хөнгөн хохирол учруулсан, Х.Энь Г.Цг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчоор болон шүүгдэгчээр мэдүүлсэн Х.Х.Э, Г.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Х.Э, Г.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Х.Х.Э, Г.Ц нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 57, 58 дугаар тал/
Шүүгдэгч Х.Х.Э, Г.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Ц, Х.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Х.Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ц, Х.Энарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Ц, Х.Энар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Ц, Х.Энарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ц, Х.Энарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ