Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1316

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн ҮД:03-87,

хохирогч М.Отгонцэцэг, М.Норовсамбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б холбогдох эрүүгийн 1803 0050 60342 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.Б

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Т.Б нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 49 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд “Рокмон” ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 83-64 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Норовсамбуугийн жолоодон явсан Т.Пробокс маркийн 32-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.Отгонцэцэг, жолооч М.Норовсамбуу нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь мэдүүлэхдээ: Би гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Отгонцэцэг мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй, бидэнд учруулсан хохирлоо төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилэх болно гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Норовсамбуу мэдүүлэхдээ: Гомдол саналгүй, одоогоор баримтаар гарсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Отгонцэцэгийн: ...2018.06.08-ны өдөр Налайх орох гээд таньдаг ах М.Норовсамбуу ахын автомашинтай Хонхорын арын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал эсрэг урсгалд явж байсан автомашин гэнэт зүүн гар тал руугаа эргэснээр зам тээврийн осолд орсон. Би Пробокс маркийн 32-47 УНҮ улсын дугаартай автомашины урд талын суудал дээр суудлын бүсээ зүүчихсэн явж байсан. Өдрийн цаг байсан учир үзэгдэх орчин чөлөөтэй, эерэг урсгалтай 2 эгнээ зам байсан. Миний сууж явсан автомашины урд автомашин байгаагүй. Миний нурууны хоёр үе мултарсан, нурууны зөөлөн эд гэмтсэн байгаа. Гэмтлийн улмаас нуруундаа хагалгаа хийлгэж төмөр суулгуулсан. Дохио өгснийг бол хараагүй, хөгжим сонсоод явж байтал гэнэт л тийм явдал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Норовсамбуугийн: ...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ байж байтал танил Отгонцэцэг гээд эмэгтэй Налайх хүргээд өгөөч гэсэн юм. Тэгээд “Ургах наран” хороолол өнгөрөөд Хонхорын замд ертөнцийн зүгээрээ баруунаасаа зүүн чиглэлтэй явж байтал Хово маркийн автомашин зүүнээс баруун чиглэлтэй явж байснаа гэнэт зүүн тийшээ эргэснээс болоод зам тээврийн осол гарсан. Би тухайн үед 60-62 км/цагийн хурдтай явж байсан, 5-7 метрийн зайд тулаад очтол уг автомашин эргэчихсэн юм. Зам тээврийн осол болсны дараа түргэн тусламжийн машин ирээд би Налайхын эмнэлэг рүү Отгонцэцэгийн хамт үзүүлэхээр явсан юм. Жолоочоос эмчилгээ болон автомашины үнэлгээ хийлгэсний төлбөрт 5.600.000 төгрөг гаргаж өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Бийн: ...Хохирогч Отгонцэцэгт бензин шатахуун, эмчилгээний зардалд 505.000 төгрөг эдгээрийн баримтыг хэрэгт хавсаргасан, нурууны хагалгааны мөнгө 650.000 төгрөг, өөрөөс нь гаргасан эмчилгээний зардлын 645.000 төгрөг гээд нийт 1.805.190 төгрөг өгсөн. М.Норовсамбууд автомашины засвар болон эмчилгээний зардалд нийт 5.600.000 төгрөг өгч барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 164-165 дугаар тал/,

  • Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14 дүгээр тал/,
  • Хохирогч М.Отгонцэцэгийн өвчний түүх /хх-ийн 35-47 дугаар тал/,
  • Хохирогч М.Отгонцэцэгийн хохирлын баримтууд /хх-ийн 49-57, 59-72 дугаар тал/,
  • Хохирогч М.Норовсамбуугийн хохирлын баримтууд /хх-ийн 101-102 дугаар тал/,
  • “Арвижих Эстимэйт” ХХК-н автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 107-109 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7364 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. М.Отгонцэцэгийн биед сээрний 2-р нугаламын шахагдсан хугарал, бүсэлхийн 4-р нугаламын шахагдсан хугарал, хамар ясны хугарал, баруун эгэм, баруун шилбэнд зулгаралт, баруун тавхайн урд хэсэгт зулгарсан шарх, шарх цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 113-114 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7462 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.М.Норовсамбуугийн биед өвчүү, баруун 2-р хавирганы хугарал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 119 дүгээр тал/,

- Шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд /хх-ийн 192-194, 196-200 дугаар тал/,

- Хохирогч М.Норовсамбуугийн зүгээс хохирол бүрэн төлөгдсөн тул гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 205 дугаар тал/,

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан Т.Бийн хүсэлт болон прокурорын тогтоол /хх-ийн 206, 209 дүгээр тал/,

           - Шүүгдэгч Т.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166, 167 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд: Т.Б нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 49 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд “Рокмон” ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 83-64 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Норовсамбуугийн жолоодон явсан Т.Пробокс маркийн 32-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.Отгонцэцэг, жолооч М.Норовсамбуу нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 49 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд “Рокмон” ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 83-64 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Норовсамбуугийн жолоодон явсан Т.Пробокс маркийн 32-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.Отгонцэцэг, жолооч М.Норовсамбуу нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирлын болон хохирол төлсөн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

            Иймд Прокуророос Т.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Т.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

          Тээврийн Прокуророос Т.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       Т.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

         Шүүгдэгч Т.Бөд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

          Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 167 дугаар тал/

          Шүүгдэгч Т.Б нь хохирогч М.Отгонцэцэг, М.Норовсамбуу нарт учирсан хохирлыг төлсөн байх бөгөөд шүүгдэгчийг одоогоор нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Хохирогч М.Отгонцэцэг, М.Норовсамбуу нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгч Т.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Т.Б Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад одоогоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.    

          5. Хохирогч М.Отгонцэцэг, М.Норовсамбуу нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Т.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ