Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/35

 

Г.Э*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Урангоо,

Яллагдагч Г.Э*******,

Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЗ/71 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Г.Э*******д холбогдох эрүүгийн 2531000220322 дугаартай 208/2026/0023 индекстэй, 3 хавтас хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овогт Г******* Э*******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг ******* сумын *-р баг, Т******* *-р гудамжинд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ******* /

Яллагдагч Г.Э******* нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* гэх газраас хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр 222.75м2  нойтон нарс модыг бэлтгэж, тээврийн хэрэгслээр тээвэрлэн экологи эдийн засагт 52,264,723 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Г.Э*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар яллагдагч Г.Э*******д холбогдох эрүүгийн 2531000220322 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

Яллагдагч Г.Э*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, ...шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Урангоогийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:

...Шүүгчийн захирамжийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Тус прокурорын газраас яллагдагч Г.Э******* г 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* гэх газраас хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр 222.75м² нойтон нарс модыг бэлтгэж, тээврийн хэрэгслээр тээвэрлэн экологи эдийн засагт 52,264,723 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Тухайлбал:

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Гэрч Б. “...Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчим Э*******, Ч, Г нарын хамт Сэлэнгэ аймгийн ******* суманд байрлах ******* гэх газар руу явсан юм. Би тухайн үед ууланд очоод оосорлогч ажилтай бөгөөд Э******* ах хөрөөчин хийж Ч, Г нар нь уулнаас мод буулгах ажил хийсэн. Тухайн үед 6 өдөр ууланд мод модон материал бэлтгэсэн бөгөөд өдөрт хоёр удаа Сэлэнгэ аймгийн ******* сумын төвд байрлах “ ” ХХК-ний хашаанд буулгадаг бөгөөд тухайн үед Canter rэх машинаар Э******* Г, Ч нар нь тээвэрлэлт хийдэг байсан бөгөөд бид нар ихэвчлэн оройгоор хашаанд нь мод модон материал буулгадаг байсан. Би тухайн мод модон материал бэлтгэсэн гэх Сэлэнгэ аймгийн ******* сум ******* гэх газрыг зааж өгч чадна...” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Гийн “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын *дүгээр баг Хөцөр гэх газар байрлах уулнаас доош буулгаж бэлтгэсэн байсан моды чихэр болсон бөгөөд тухайн үед надтай хамт Ч нь өөрийнхөө улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэлтэй, харин Э******* нь “Ниссан Атлас-200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан. Тухайн үед миний тээврийн хэрэгсэл дээр нийт 4 метрийн урттай 7 ширхэг нойтон нарсан гуалин мод ачаад дараа нь Ч гийн машин дээр 4 метрийн урттай 7 Ширхэг мод ачаад харин Э******* ахын машин дээр ачих модыг Э******* ах ******* гэх газар байрлах уулнаас бэлтгээд доошоо улаан өнгийн 82 трактороор доош чирч буулгаад 4 метрийн урттай болгож тайраад сэрээтэй ковшоор машин дээрээ ачаад бид нар шууд ******* сумын төв рүү орж ирээд “ навга” ХХК-ний хашаа дотор буулгасан юм. Ингээд би орой 18 цагийн орчим ******* сумаас өөрийн машинтай гараад ******* гэх газар очиход Э*******. Ч нар нь өөрсдийнхөө машинтай очсон байсан. Ингээд миний тээврийн хэрэгсэл дээр нийт 4 метрийн урттай 7 ширхэг гуалин нойтон нарсан мод ачаад дараа нь Э*******, Ч нар нь тус тус өөрсдийнхөө машин дээр 4 метрийн урттай 7 ширхэг нойтон нарсан мод ачаад бид нар уг газраас хөдлөөд ******* сумын төв байрлах “ ” ХХК-ний хашаа дотор модыг буулгаад гэртээ харьж амарсан. Тухайн үед Э******* нь машинууд дээр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газраас нойтон нарсан модыг хөрөөдөөд дараа нь улаан өнгийн 82 трактороор Ч нь чирээд 4 метрийн урттай хөрөөдөж бэлтгээд сэрээтэй шар өнгөтэй ковш машинаар машинууд дээрээ ачдаг байсан. Би нийт 6 удаагийн тээвэрлэлт Э******* ахад хийж өгсөн бөгөөд хашаа дотор нь буулгаж өгөх болгонд урьд өдөр нь буулгасан мод модон материал байхгүй байдаг байсан...” гэх мэдүүлэг,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 002 дугаартай “...222,75 м куб мод байна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд гэрч Б.Сосор нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газар хууль бус мод бэлтгэсэн газрыг зааж, тухайн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад 67 ширхэг мод тайрсан болох нь тогтоогдож байна. Тухайн 67 ширхэг хожуул тайрдсанд шинжээч 222,75 м куб мод байна гэж дүгнэсэн байна.

Мөн гэрч Б.Г нь нэг удаагийн тээвэрлэлтээр 7 ширхэг гуалинг 4 метрийн урттайгаар 6 удаа тээвэрлэсэн, С.Ч болон Г.Э******* нар нь мөн хэмжээний модыг 6 удаа тээвэрлэсэн гэж мэдүүлэх ба гэрч нарын мэдүүлгийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд дээрх 67 ширхэг нарс модыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх үйл баримтыг тогтоосон.

Тодруулбал Б.Э******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг ******* гэх газраас 67 ширхэг модыг тайрч бэлтгэн, тээвэрлэсэн буюу гэмт хэрэг үйлдэгдээд төгссөн байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслэн өнгөрсөн үйл баримтыг сэргээн дүрсэлсэн нотлох баримтуудаар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* гэх газраас 6 өдөр мод бэлтгэж, тээвэрлэн “ ” ХХК-ийн хашаанд буулгадаг байсан талаар гэрчүүд тодорхой мэдүүлдэг ба 67 ширхэг хожуулаас хэмжилт хийн тусгай мэдлэгийн хүрээнд итгэлцүүрийн аргыг үндэслэн 222,75 м куб мод бэлтгэсэн талаар шинжээч дүгнэлт гаргасан байна.

Гэтэл шүүх гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг урьдаас эргэлзээтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийжээ.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байхад ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэн талаар дурдаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 2026/Ш3/71 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн, шүүх хуралдаанд бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Яллагдагчийн хувьд гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн асуудал дээр маргаагүй. Хэргийн бодит байдлыг тогтоохдоо хохирол хор уршгийн хэмжээг тогтоож чадаагүй гэж бид нар үзсэн. Яагаад гэвэл нэгдүгээрт хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа шинжээч нь механикаар мөрдөгчийн авчирсан хожуулын диаметрийн хэмжээг тооны машин дээр тоолж үзээд хохирол гаргаад байгаа юм. Дархан-Уул аймагт явж байгаад энэ хүн 400 палк авч явсан. 400 палк нь 36,2 м куб мод болоод байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 67 ширхэг модноос чи 2500 палк хулгайлсан байна гэж дүгнэж байгаа. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна. Тийм их хэмжээний модыг бэлтгээд палк болгох боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан тодорхой гэрчүүд, шинжээчийн дүгнэлтүүд бий. Түүнээс харахад хажуу талын хашаанд хэчнээн хэмжээний мод буулгасан, тэр нь хэдэн м куб мод байсныг тогтоох бүрэн боломж байсан. Шинжээч дүгнэлт гаргаж 222,75 м куб гэж дүгнэлт гаргахдаа бүх модны уртын хэмжээг 20 метрээр авчихсан. Гэтэл хожуулын диаметрийн хэмжээ бүгд өөр, өөр байгаа. Гэх мэтчилэн бодитой гараагүй харагдаад байна. Цаашлаад харахаар 50,000,000 төгрөг болчихдог. Дахин 3 дахин үржүүлэхээр 150,000,000 төгрөг болоод байгааг анхаарч харна уу. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.Э******* д холбогдох эрүүгийн 2531000220322 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Яллагдагч Г.Э******* д холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж, 2026 оны 02 дугаар сарын 03-ний өдөр 71 дугаартай захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар гэрч Б.Сосор, Б.Г, нарын мэдүүлэг “камерын үзлэг хийсэн” тэмдэглэлээр хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон 67 ширхэг хожуулаас тайрч бэлтгэсэн модыг яллах дүгнэлтэд дурдсан 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд бэлтгэх боломжтой эсэх гэрч нарын мэдүүлэг камерын бичлэгтэй харьцуулан дүгнэлт хийж Д.Э******* гийн бэлтгэсэн гэх модны хэмжээг бодитой тогтоох нь зүйтэй гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЗ/71 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЗ/71 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                            

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                               ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                            

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН