Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1401

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий ҮД:02-94 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г холбогдох эрүүгийн 1806 0656 11649 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Г

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

С.Г нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” агуулах төвийн автомашины зогсоол дээр байсан иргэн А.Ганзоригийн эзэмшлийн 70-97 УНП улсын дугаартай “Тоёота Королла” автомашинаас цүнхтэй хүүхдийн шинэ хувцас, бэлэн 200.000 төгрөг, бичиг баримт болон эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г нь мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээсээ том оворын машинд суугаад явж байх замдаа дэлгүүрээс ганц пиво авч уугаад “Номин” агуулах худалдааны төвийн тэнд буусан. Тухайн үед 2 дүү маань ойр ойрхон өнгөрчихсөн болохоор сэтгэл санаа хэцүү байсан. Тэгээд явж байтал замд нэг онгорхой машинд цүнхтэй эд зүйл байхаар нь авсан. Би өөрийнхөө хийсэн зүйлийг буруу гэдгийг ойлгоод цүнхтэй эд зүйлийн цагдаагийн байгууллагад аваачиж өгсөн. Удалгүй цагдаагаас дуудсан. Хохирогч одоо гомдолгүй гэсэн гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Ганзоригийн: ...Би эхнэр, хүүхэд, ээжийн эгчийн хүүхэд бид хэд “Дүнжингарав” худалдааны төв зэрэг гадуур дэлгүүр хэсэж яваад хамгийн сүүлд Чулуун овооны “Номин агуулах чөлөөлөх худалдааны төв” автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 70-97 УНП улсын дугаартай автомашиныг байршуулаад ахын хүүхэд Эрмүүнийг үлдээгээд дэлгүүр орчихоод гараад ирэх хооронд хүүхэд унтсан машины цонх хагас нээлттэй дотор нь байсан цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан. Тухайн цүнхэнд бэлэн 200.000 төгрөг, эд зүйлс, хүүхдийн бэлэн хувцас шинэ зэрэг эд зүйлс байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Бэлэн хувцаснууд хүүхдийн 2 ширхэг куртик 100.000, хүүхдийн 3 ширхэг өмд 85.000, 3 ширхэг трико 8000, 3 ширхэг фудволк 45.000 зэрэг эд зүйлсүүдийг худалдаж авсан байсан. Миний алдагдсан байсан түрийвч 35.000 төгрөгөөр худалдан авч байсан. Ямар нэгэн санал гомдол гээд байх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Анхбаярын: ...”УВТ” ХХК-иас 2018 оны 05 дугаар сараас хойш хайрга, ачаа зөөж байгаа ба 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байхад дээрх компаниас хайрга зөөгөөд Баянзүрх дүүргийн Улаанхуаран гэх чиглэл рүү явах гэж байхад үйлдвэрийн дарга Энхболд /99022314/ нь манай ажилчин Улаанбаатар хотын зүүн зүгт гэртэй юм, зам дагуу буулгачих гэсэн. Тэгээд аваад явсан ба Баянзүрх дүүргийн Чулуун овоо “Номин” дэлгүүрийн үүдэнд буусан. Би тэр хүний нэр, утасны дугаарыг нь мэдэхгүй, гэр нь Баянзүрх дүүргийн  товчоо орчим гэж байсан. Ямар хувцастай байсан талаар санахгүй байна. Дээрх Энхболд гэдэг хүнээс асуувал мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн С.Гийн: ...Тухайн үед ажил дээрээсээ гэртээ харихаар ажлынхаа хүний ачааны том машинд суугаад явж байгаад замдаа Номин худалдааны төвийн гадаа зогссон. Тэгэхээр нь би буцаж автобусны буудал руу алхаж байсан чинь цагаан өнгийн жижиг тэрэг хаалга нь дэлгэсэн, цонх нь онгорхой байсан. Машин дотор арын суудал дээр нэг хүүхэд унтаж байсан урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр сурагчийн цүнх байхаар нь авсан. Тэгээд автобусны буудал ороод гэр рүүгээ явсан. Гэртээ очоод цүнхийг онгойлгоод үзэхэд хүүхдийн пудволк, өмд, куртик, түрийвч зэрэг байсан. Уг түрийвчинд 300 төгрөг байсан. Тэгээд 2 хоногийн дараа нь дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн жижүүрийн дээр уг цүнхтэй хувцас эд зүйлийг аваачиж өгөөд энийг олсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,

- Шүүгдэгч С.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24, 25 дугаар тал/

- Эд хөрөнгийн үнэлгээ /хх-н 20 дугаар тал/,

- Хохирогч А.Ганзоригийн хохирол, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Гийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” агуулах төвийн автомашины зогсоол дээр байсан иргэн А.Ганзоригийн эзэмшлийн 70-97 УНП улсын дугаартай “Тоёота Королла” автомашинаас цүнхтэй хүүхдийн шинэ хувцас, бэлэн 200.000 төгрөг, бичиг баримт болон эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэгт  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул      С.Гт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” агуулах төвийн автомашины зогсоол дээр байсан иргэн А.Ганзоригийн эзэмшлийн 70-97 УНП улсын дугаартай “Тоёота Королла” автомашинаас цүнхтэй хүүхдийн шинэ хувцас, бэлэн 200.000 төгрөг, бичиг баримт болон эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн С.Гийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Г нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 25 дугаар тал/

           Хохирогч А.Ганзориг нь гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

            1. С.Г бусдын эд хөрөнгийг нууцаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Гийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар С.Г нь 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж С.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

         

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.АЛТАНЦЭЦЭГ