Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/19

 

 

 

 

 

  2026        05        13                                         2026/ДШМ/19

 

  Б.Бд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг, Б.Манлайбаяр,

Хохирогч: Б.Э,

Хохирогч нарын өмгөөлөгч:Б.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч нарын өмгөөлөгч Б.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б овогт Бын Б, .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Б сумын .. дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

Б.Б нь 000 оны 11-р сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Шсумын 2 дугаар баг Шын шил гэх газар******* маркийн 0000ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хориглосон газарт түр зогсолт хийхдээ МУ-ын 3ХД-ийн 9.3 “ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй /эсхүл байхгүй/ тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд” мөн дүрмийн 9.5 “ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслийн суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна. Мөн дүрмийн 14.10 “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Тоёота Пасса маркийн 0000ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь мөргөж Б.Э, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бын Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Баас 4,360,815 (дөрвөн сая гурван зуун жаран мянга найман зуун арван тав) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд, 9,844,890 (есөн сая найман зуун дөчин дөрвөн мянга найман зуун ер) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бад, иргэний хариуцагч С.Нгээс 7,360,815 (долоон сая гурван зуун жаран мянга найман зуун арван тав) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд, 12,844,890 (арван хоёр сая найман зуун дөчин дөрөв мянга найман зуун ер) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бад тус тус олгож, Эрүүгийн 0000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э орон сууц хөлсөлсөн зардал, замын зардал, эмчилгээний зарим зардал нийт 13,453,474 төгрөгийн хохирол болон цаашид гаргах эмчилгээний зардлаа хохирогч Д.Б малчин хөлсөлсөн зардал, асрагч хөлсөлсөн зардал, замын зардал, эмчилгээний зарим зардал нийт 16,085,565 төгрөгийн хохирол болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч С.Н нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э. Д.Б нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд зарцуулсан зайлшгүй зардлыг нотлох баримтыг үнэлж, хохирлыг тооцож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хохирлоос хасч тооцсон шүүхийн хууль зүйн дүгнэлтэд маргаж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. ...Үүнд:

1.Б.Э удаа дараагийн мэс заслын хагалгаа хийлгэхэд эмнэлэгт хүргэгдэхийн тулд эмчилгээгээ, физик эмчилгээ хийлгэхийн тулд би байнга тээврийн хэрэгсэлд шатахуун хийж эмнэлэгт хүргэгдэж эмчилгээгээ хийлгэж байсан тул шатахууны зардал эмчилгээ хийлгэхэд гарсан зайлшгүй зардал байсан. Гэвч яг ямар машинд ямар зорилгоор шатахуун хийж зарцуулаад байгаа нь тодорхойгүй гэх шалтгаанаар нотлох баримтыг хасч шийдвэрлэсэн нь ...эмчилгээгээ хийлгэж эмчийн хяналтад эмчлүүлэхийн тулд зарцуулсан шатахууны зардлыг шүүх зорилго тодорхойгүй зардал гэж үзэж дүгнэсэн дүгнэлт Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан хуулийн заалт, агуулгатай нийцэхгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2.Орон сууц хөлсөлсний зардлыг гэрээний 2.2 дахь заалтад байр хөлсөлсөн зардлыг хөлсний байр хүлээлгэн өгөх өдөр төлнө гэж заасан байтал 2025 оны 12 сарын 31-ний өдөр төлсөн нь ойлгомжгүй. Мөн байр хүлээлцсэн баримтад гараараа байрны хөлсний төлбөрийг 2025 онд багтааж төлнө гэж гэрээнд гараар нэмж бичиж засвар оруулсан нь эргэлзээтэй гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн. Анхан шатны шүүх иргэний хуульд заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг энэхүү хуулийн заалтыг өөрийн үзэмжээр үнэлэн дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

...Энэ байдлыг анхан шатны шүүх хуралдаан дээр тодруулаагүй атлаа ойлгомжгүй байна гэж дүгнэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг харуулна.

3.Асрагч хөлсөлсний зардлыг төлсөн баримтгүй гэнэ. Шүүх хэргийн бодит байдал, мэндэд учирсан гэмтлийн бодит нөхцөл байдалд нийцсэн дүгнэлт хийсэнгүй. Хохирогч Бын мэдүүлэгт ...Миний охин, хүргэн, хүү, дүү нар ажлаасаа чөлөө аваад ардаа байгаа үр хүүхдүүдээ орхиод олон хоног намайг харж асарч байсан. Эдгээр хүмүүс бүгд ардаа амьдралтай, зээлээс зээлийн хооронд амьдардаг хүмүүс олон хоног сараар ар амьдралаа орхиод намайг асрах боломжгүй байсан тул бид асрагч хөлсөлж асруулсан бөгөөд асрагч зайлшгүй хөлслөхөөс өөр арга надад байгаагүй, ...гэж тайлбараар түүний зүгээс асрагч хөлсөлж эмчлүүлж байсан зардал зайлшгүй гарсан зардал болохыг анхан шатны шүүх анхаарч дүгнээгүй.

4.Д.Б нь эхнэр Эы хамт Хөвсгөл аймгийн Түнэл суманд мал маллаж амьдарч байсан хүн. Осолд орноос хойш мал гэр орноо эзэнгүй орхиж болохгүй байсан тул Г.Бат-Эрдэнэд  хөлс төлж малаа харуулсан энэхүү зардал зайлшгүй зардал байсан. Гэвч анхан шатны шүүх малчин хөлсөлсөн гэрээ, төлбөрийн баримтуудад малчны тамга тэмдэг байхгүй байгаа тул уг гэрээ хэлцлийг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцсэн хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй.

5.Сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирлыг анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин хэмжээгээр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Б.Э, Д.Б нарын хувьд сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин хэмжээгээр гаргуулахаар нэхэмжилсэн. ...Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал бие мах бодийн гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал, хохиргогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм буруугийн байдал зэргийг бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж шийдвэрлээгүй гэж үзэж хохирогч нарын зүгээс гомдолтой байдаг.

Иймд ...шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг: “...хохирогчийн эрх зүйн байдал, эрх ашгийг дордуулсан шийдвэр гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, хохирол төлбөрийг бүрэн гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүх зайлшгүй гарах зардал гэж үзэх нөхцөл байдалд дүгнэлт хийж чадаагүй тул гомдлынхоо үндэслэлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нарын өмгөөлөгч Б.Амаржаргалын давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Б нь 000 оны 11-р сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Шсумын 2 дугаар баг Шын шил гэх газар******* маркийн 0000ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хориглосон газарт түр зогсолт хийхдээ МУ-ын 3ХД-ийн 9.3 “ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй /эсхүл байхгүй/ тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд” мөн дүрмийн 9.5 “ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслийн суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна. Мөн дүрмийн 14.10 “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Тоёота Пасса маркийн 0000ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь мөргөж Б.Э, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Уг зорилгын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг … яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зохицуулсан.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүгдэгчид хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь хууль ёсны болон шударга ёсны зарчмуудад нийцжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий, хууль сануулсан  шинжээчид гаргасан байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Амаржаргалын давж заалдах гомдлын тухайд:

1.Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хохирогч нарын гаргаж өгсөн нотлох баримтыг нэг бүрчлэн хянан үзэж, өөрийн дотоод итгэлээр үнэлэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирлыг Иргэний хуулийн 497, 499, 505, 510, 511 дүгээр зүйлүүдэд нийцүүлэн шийдвэрлэж, тэдний хохирол төлбөр нэхэмжилсэн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн шийтгэх тогтоолд хохирогч нарын шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг тодорхой тусгаж, тэдний орон сууц, малчин, асрагч хөлсөлсөн зардал, замын зардал, эмчилгээний зарим зардал болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй ба шүүхийн дүгнэлтийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хохирогч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах бөгөөд шийтгэх тогтоолд нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн баримтыг холбогдох шаардлагыг ханган бүрдүүлж, гэм буруутай этгээдээс  дээрх төлбөр, зардлаа шаардах боломжтой байна.

2.Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг”-ийн хувь 9-15, нөхөн төлбөрийн хэмжээ “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” байхаар тогтоосон.

Дээрх жишиг аргачлалын 3 дахь хэсгийн 3.8-д зааснаар “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, ...шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал ...зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан” нөхөн төлбөрийг ямар хэмжээгээр тогтоох нь  тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан өөрийн эрх хэмжээний хүрээнд хохирогч тус бүрийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон нь Иргэний хуулийн холбогдох зүйл, заалт болон дээрх жишиг аргачлалд нийцсэн байх тул уг төлбөрийг хүснэгтэд заасан дээд хэмжээгээр тогтоогоогүй гэж шүүхийг буруутган дүгнэх үндэслэлгүй.

3.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэж, хохирлын талаарх нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэлтэй байх шаардлага хангасан гэж дүгнэх үндэслэл болж байх ба харин хохирлыг тогтоохдоо холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд дээрх үндэслэлээр хохирогч нарын өмгөөлөгч Б.Амаржаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогч нарын өмгөөлөгч Б.Амаржаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

                              ШҮҮГЧИД                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                Б.СОСОРБАРАМ