| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2438000000412 |
| Дугаар | 2026/ДШМ/20 |
| Огноо | 2026-05-13 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/20
О.Б, У.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг, Б.Амаржаргал
Хохирогч: Л.Б,
Хохирогчийн өмгөөлөгч: Л.Цогтбаяр,
Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Л.Бийн давж заалдах гомдлоор О.Бод холбогдох 0000 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, Д овогт Оын Б, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.
2.Монгол Улсын иргэн, Х овогт У-ийн Т, 000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.
О.Б, У.Т нар нь бүлэглэн 000 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Б сумын Ббагийн “Н” гэх газарт иргэн Л.Бтэй маргалдаж зодож биед нь зүүн хавирганы зөрүүгүй, 9-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 10- ны өдрийн 2026/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Уийн Тад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээ зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д овогт Оын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д овогт Оын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оын Быг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бод оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О.Бод оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Л.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон 33,231,572 /гучин гурван сая хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун далан хоёр/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Боос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.С-т даалгаж шийдвэрлэжээ.
Хохирогч Л.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Т, Б нар нь үйлдлээрээ санаа зорилгоороо нэгдээгүй, үзэл бодол санал зорилгоороо нэгдээгүй бас нэгдээгүй гэж үзээд намайг шөнө орой унтаж байхад орж ирээд архи нэхээд архи байхгүй гэхээр бүлэглэн үгийн сөгөөгүй ядуу гуйлгачингаар дуудаж бүлэглэн зодож нүдэж намайг амьд явахын аргагүй гэмтээсний улмаас Улаанбаатар хот руу явж эмчилгээнд орж, шөнө оройгүй цонхны дэргэд уйлж өвдөж байсныг тоолгүй тэд нарын талд шүүх шийдсэнд маш их гомдолтой байгаа хүн насаараа зовж амьдрах гэмтэлтэй одоо хүртэл байнгын эмчилгээнд, уушгинд сайн гэх шувууг хүртэл худалдаж авч идэж явж байхад яагаад бүлэглэн зодсон хүмүүсийн нэг нь зүгээр болоод нөгөө нь зөвхөн торгууль авчихав гэж үзэж гомдол гаргаж байна. Би энэ эрүүгийн хэрэгт хохирогчоор дуудан асуугдаж эхэлсэн цагаас эхлэн миний хохирлыг огт төлөөгүй ба сая шүүх хурал дээр хэдхэн төгрөг өгсөн би ч тэрийг нь хэрэглээгүй гомдолтой учир. Хохирогч миний гомдол бол анхан шатны шүүхийн тогтоолыг уншихад миний болон манай эхнэр Т гэрч Мнарын мэдүүлэг нь үнэлэгдэхгүй, тэдний өмгөөлөгч нарын мэдүүлэг шүүгдэгч нарын мэдүүлгээр шийдсэнд гомдож байна. Анхан шатны шүүх нь хэрэгт бодит, үнэн дүгнэлт хийсэнгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож намайг бүлэглэн зодсон О.Б, У.Т нарт холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэж гомдол гаргаж байна.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санА байна.” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...У.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй нь үндэслэлтэй байх тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч У.Тын өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг хамгийн их зодсон нь У.Т байдаг. Гэтэл түүнийг ямар ч буруугүй гэж үзээд О.Быг дангаар нь буруутгах үндэслэл байхгүй гэж бодож байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “О.Б, У.Т нар бүлэглэн 000 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Б сумын Ббагийн “Н” гэх газарт иргэн Л.Бтэй маргалдан зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хохирогч, гэрч, шинжээч, иргэдийн төлөөлөгч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээч, улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал болон хэрэг авагдсан бусад баримтыг шинжлэн судлахад У.Т, О.Б нарын бүлэглэн гүйцэтгэх хамтын оролцоо хангалттай тогтоогдоогүй, У.Тын хохирогч Л.Бийн нүд рүү хатгасан үйлдэл нь хохирогчийн бие эрх чөлөөнд халдах гэсэн гэм буруугийн санаа зорилго тогтоогдоогүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй, хохирогчид хор уршиг учраагүй болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч У.Тад холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, шүүгдэгч О.Быг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдсон” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдА нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хохирогч Л.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, энэхүү гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх шинжийг агуулах бөгөөд О.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.Б, иргэний нэхэмжлэгч Г.А, гэрч Б.Д, У.Т, Ж.Б, шинжээч Г.А нарын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26/02 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 000 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, цээжний тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээний зураг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 30-ны А/611 тоот тушаалаар баталсан Л.Бийн өвчний түүх, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 515 дугаартай дүгнэлт, шүүгдэгч У.Т, О.Б нарын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Харин У.Т нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах талаар урьдчилан О.Бтой үгсэн тохироогүй, үйлдлээрээ санаатай нэгдээгүй болох нь хохирогч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Түлхсэн юм байхгүй. ... зодоогүй, У.Т орж ирээд гуйлгачныг алаад өгнө гэсэн. ...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Быг болиулах санаатай өөр рүүгээ татсан чинь Б нь Бийн цээж хэсэг рүү өшиглөсөн. Быг аваад би гэрийн үүдний ойролцоо байж байхад гаднаас манай аав Б орж ирээд та нар явцгаа гээд Тыг гэрээс гаргасан. ...Тухайн үед Т бол алаад өг, гүйцээгээд өг гэж миний хажууд бол хэлээгүй. Би ийм зүйл сонсоогүй. Т эгчийн мэдүүлэгт хэлсэн шиг Б, Т нар ээлжилж очиж Бийг зодож цохисон асуудал байхгүй... Тухайн үед Б ахаас Быг салгах үед Т нь нүд рүү хатгасан талаар ерөөсөө хэлээгүй...” гэх мэдүүлэг, гэрч У.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн өгсөн: “... Ингэж байхад гаднаас миний төрсөн ах Т орж ирээд алаад өг, гүйцээгээд явъя гээд орилоод байсан. Ингэж байснаа Т ах гэрээс гараад мод барьж орж ирээд гараад ир Шийн пизда чамайг алаад явна гэж хэлээд орилж байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн өгсөн: “...Бийн гэр рүү орсон чинь Б надад Т нүд рүү хатгасан, Б нь өшиглөсөн гэж хэлсэн. Хаашаа өшиглөсөн гэдгээ харин хэлээгүй...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 000 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай дүгнэлтэд “...Л.Бийн биед зүүн нүдний өөхлөлт тогтоогдсон ба энэ нь гэмтлийн болон бусад шалтгаантай эсэхийг тогтоох боломжгүй байна..” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд, түүний эхнэр гэрч У.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгээс үзэхэд У.Тын үйлдэл, оролцооны талаар тогтворгүй, үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлсэн байх ба мэдүүлгүүд нь гэрч Б.Д, Ж.Б нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул шүүх Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харуул овогт Уийн Тад холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ. Дээрх үндэслэлээр О.Б нь энэхүү гэмт хэргийг бүлэглэж хамтран үйлдээгүй болох нь тогтоогдсон тул Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Оын Бод 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилснийг буруутган дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий, хууль сануулсан шинжээчид гаргасан байна. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул дээрх үндэслэлээр хохирогч Л.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хохирогч Л.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Н.БАЯРХҮҮ