Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 296

 

                                                                

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******-х нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох эрүүгийн 182291 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЯ регистрийн дугаартай, бие эрүүл гэх, ******* овогт М-Б.

            Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хүлэмжийн 2 тоотод  хадам ээж буюу хамтран амьдрагч *******ийн ээж *******гийн гэрт амьдрах явцдаа 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн орчим хохирогч *******ийн цүнхнээс 25000 төгрөг болон Худалдаа Хөгжлийн банкны виза карт зэргийг хулгайлж дээрх картыг АТМ-д уншуулж 800.000 төгрөг авч нийт 825.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

-Худалдаа хөгжлийн банкны данс эзэмшигч Э. тоот дансны 2018 оны 08 сарын 16-ны өдрийн мэдээлэл /хх-ийн 10/

-Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/

-Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/

-Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19/

-Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20/

- Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хүлэмжийн 2 тоотод  хамтран амьдрагч *******ийн ээж *******гийн гэрт хамтран амьдарч байхдаа 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн орчим хохирогч *******ийн цүнхнээс 25000 төгрөг болон Худалдаа Хөгжлийн банкны виза карт зэргийг хулгайлж дээрх картыг АТМ-д уншуулж 800.000 төгрөг авч нийт 825.000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2018 оны 05 дугаар сарын сүүлээр хадам ээж над руу залгаад байшин барьж байгаа чи ирж туслах уу гэхэд нь би зөвшөөрч 2018 оны 06 дугаар сараас хадам ээж гийн гэрт эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан. Тэгээд байшингаа 2018 оны 08 дугаар сард барьж дуусгасан юм. ...гэр рүү орж зурагтын тавиур дээр байсан хадам эгч цүнхэнд байсан Худалдаа хөгжлийн банкны виза картыг аваад түрийвчинд байсан 25000 төгрөгийг хамт аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ , түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү охиных нь бие муудаад хүүхдийн тасагт хэвтэж байгаа бөгөөд хүргэн Б-х нь эхнэр хүүхдээ эргэнэ гээд хоол, цай аваад гэрээс гараад ээжийг явсан хойгуур гэрт ирж миний түрийвчинд байсан 25000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны виза картыг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө охин барьж байгаа байшин руугаа явсан. Үүний дараа манай хүргэн Б-х эмнэлэгт хэвтэж байгаа эхнэр хүүхдээ эргэхээр хоол цай аваад гэрээс 07 цаг 50 минутын орчим гарсан. ...гэртээ ороход гаднаас хүн орсон юм шиг байхаар нь манай гэрт хэн орсон бэ гэхэд танай хүргэн Б-х ирээд малгайгаа мартсан байна гээд надаас түлхүүр аваад орно гэж хэлсэн. ...Б-х нь манай бага охин хамт амьдраад 3 жил орчим болж байгаа бөгөөд барилгын ажилд тусалдаг байсан. ...Б-х нь манай охинтой амьдарч байсан учир манай гэрт орж гарах эрхтэй боловч манай охин эд зүйлсийг авч захиран зарцуулах эрхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,  гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...би 2016 оноос хойш 2018 оны 08 дугаар сар хүртэл найзлаж нөхөрлөж байсан. Бид хоёр дундаасаа 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр охинтой болсон... Б-х 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хэрэг гарах үе хүртэл манай гэрт хамтран амьдарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад 08 цагаас 09 цагийн орчим гаднаас эгчийн хүргэн гэдэг ах манайд орж ирээд ах нь гэрээсээ малгайгаа авах гэсэн юм түлхүүр өгч бай гэхэд нь түлхүүрийг нь өгсөн удалгүй буцаагаад оруулж өгсөн... хүргэн нь эгчтэй хамт амьдарч байсан болохоор би түлхүүрийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/ худалдаа хөгжлийн банкны данс эзэмшигч тоот дансны 2018 оны 08 сарын 16-ны өдрийн мэдээлэл /хх-ийн 10/, телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******-х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх, тэнсэгдсэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 825000 төгрөгийг нэхэмжилж байгаа ба хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч *******-х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч *******ийн тоот дансанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400000 /дөрвөн зуу/ мянга төгрөгийг шилжүүлсэн байх ба үлдэгдэл 425000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч *******т олгобол зохино. 

Мөн шүүгдэгч *******-х нь хохирогчид учруулсан хохирлын үлдэгдэл 425000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж байх тул уг хугацаанд нь үлдэгдэл мөнгийг нөхөн төлөхийг шүүгдэгчид даалгах нь зүйтэй байна.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD бичлэг 1 /нэг/ ширхэгийг хэрэгт нь хавсарган үлдээж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЯ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ба эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг өгсөн болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч *******-х нь тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-д  хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс гэм хорын хохиролд 425,000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 425,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны дотор хохирогчид төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгасугай.  

9. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD бичлэг 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, бичгийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгчийн ЖЯ дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР