Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01491

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2022             08           12                                            210/МА2022/01491


Э.Эы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01782 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Эы хариуцагч Д.Ад холбогдуулан 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Д.А, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би Б.Ариунаагийн нөхөр О.Энх-Эрдэнийг Хурд мебель тавилгын үйлдвэрт 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр мужаанаар авч, О.Энх-Эрдэнийн ажиллах хугацааны цалинд 3,557,000 төгрөг өгч, мөн өөрийн эзэмшлийн 08-79 УБУ улсын дугаартай приус-20 маркийн машиныг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр О.Энх-Эрдэнийн эхнэр болох Д.Агийн нэр дээр шилжүүлж худалдах, худалдан авах талаар тохиролцож худалдсан. Уг автомашин тухайн үед Би Эй Эн Кэй Эм Эн ХХК-д барьцаанд байсан, барьцааны төлбөрийг би төлж, Д.Агийн нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргаж байсан. Иймд Д.Агаас машины үнэ 13,500,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би Э.Этай гэрээ хийгээгүй, энэ хүн манай нөхрийг манайд ажиллаад өгөөч гэж удаа дараа гуйсан, манай нөхөр өөрөө компанитай, үйл ажиллагаа нь эхэлчихсэн байсан тул татгалзаж байсан боловч маш их ашигтай санал тавьж байсан.Манай нөхөр өөрөө ашиг орлого олох бүрэн боломжтой байгаа учраас доод тал нь 5,000,000 төгрөгийн цалин өгнө гэж тохирвол тодорхой хугацаанд хамтран ажиллаж болно гэж хэлсэн.Тэгэхэд Э.Э найзад нь бэлнээр шууд өгөх мөнгө байхгүй.Харин приус 20 маркийн машин байна, энэ машиныг хөлсөнд авч болно гэж хэлсэн.Ингээд манай нөхөр өдрийн талд нь Э.Эгийн ажлыг хийгээд талд нь өөрийнхөө ажлыг хийж илүү цагаар ажиллахгүй гэж амаар тохиролцсон.Тухайн машиныг 7 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлж авах байсан боловч чадаагүй.Учир нь Э.Э манай дүү машиныг унаад хөдөө явсан байна дараа нь шилжүүлье гэсэн.Гэтэл маргааш нөгөө машин нь зам тээврийн осолд орчихсон байсан.Ингээд манай нөхөр тэр үед цаашдаа ажиллах боломжгүй, угаасаа би өөрөө машинтай гэж хэлэхэд, Э.Э найз нь машины засварын мөнгийг хасаад өгье гэсэн ингээд цааш хамтран ажиллаж машиныг хүлээн авахад тэр машиныг бид хоёр өөрсдийн мөнгөөр боломжоор нь засаж янзалсан. Би Э.Этай машин авахдаа анх удаа уулзсан. Манай нөхөр амжихгүй байна намайг очоод уулзчих гэсэн. Тэгээд Э.Э нэгэнт нэг гэр бүл учраас миний нэр дээр машиныг шилжүүлж өгсөн, энэ машиныг миний нөхөр О.Энх-Эрдэнэтэй хамтран ажиллах гэрээг амаар тохирч гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Д.Агаас 13,500,000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай Э.Эы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Э.Энхбат би нөхөр О.Энх-Эрдэнэтэй 2 жилийн гэрээ байгуулсан боловч 1 сар хагас ажиллаад шалтгаангүй гарсан. Д.А нь өөрийн биеэр ажил дээр ирж танаас манай нөхөр О.Энх-Эрдэнэ машин авч байгаа юм байна, би худалдан авч буй машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж ярилцан бид хоёр тохиролцсон болно. Авто тээврийн үндэсний төв дээр автомашины нэр шилжүүлэх үед ээ 13,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашин авч байгаагаа мэдэж байсан. Би ажлын хөлсөнд автомашин өгнө гэж тохиролцоогүй, О.Энх-Эрдэнийг ажиллах хугацаанд нь цалинг бүрэн шилжүүлсэн. Бидний аман тохиролцоогоор хийсэн худалдах худалдан авах гэрээний дагуу Д.А нь мөнгө өө шилжүүлээгүй байхад гэрээ хийгээгүй тохирсон үнэ байхгүй гэж шүүхээс илтэд буруу тайлбарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Э.Э нь миний нөхөр н.Энх-Эрдэнийг тавилгын үйлдвэртээ тавилга хийлгэж хөлсөөр ажиллуулсан. Ажлын хөлсөнд нэхэмжлэгч автомашиныг өгсөн учраас миний бие өөрийн нэр дээр шилжүүлсэн. Амаар ярилцан тохиролцож, тавилга хийж нэхэмжлэгчид 2 сарын турш нийт 153,000,000 төгрөгийн орлого оруулсан ажлын хөлсөнд тухайн автомашиныг авсан. Төлөлтийг манай нөхөр бүрэн барагдуулж дуусгасан. Автомашиныг шилжүүлсэн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр надруу холбогдож иргэний үнэмлэхээ аваад ирээ, Д.Энхтайвантай хөлсөөр ажилласан ажлын хөлсөнд автомашиныг шилжүүлэн авахаар болсон, тавилгын захиалга ихтэй, ажилтай байсан учраас намайг өөрийн нэр дээр шилжүүлээд авчих гэж хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Д.Агаас автомашин худалдсан гэрээний үнэд 13,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч автомашиныг худалдан аваагүй, нөхөр О.Энх-Эрдэнийн ажлын хөлсөнд тооцож өгсөн гэж маргажээ. /хх1, 43-47/

3. Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ автомашиныг нөхрийнх нь ажлын хөлсөнд тооцож өгсөн гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний нөхөр О.Энх-Эрдэнэ гэрчээр мэдүүлэг өгөхдөө Э.Э надтай тохирч хамтран ажиллах гэрээ хийж, ажлын хөлсөнд автомашин өгсөн гэх агуулгаар мэдүүлжээ. /2хх 113-115/

О.Энх-Эрдэнэ, Э.Э нарын хооронд автомашинтай холбоотой гэрээний харилцаа үүссэн эсэх, гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд О.Энх-Эрдэнийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг шүүх тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүх автомашины өмчлөх эрх шилжих хэлцэл Э.Э болон О.Энх-Эрдэнэ нарын хооронд хийгдсэн эсэхийг дүгнэхгүйгээр Э.Э, Д.А нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь нотлогдохгүй байна гэж хариуцагчийн татгалзлын үндэслэлд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                ШҮҮГЧИД           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

          Д.БЯМБАСҮРЭН