| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2338003290229 |
| Дугаар | 2026/ДШМ/22 |
| Огноо | 2026-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/22
Л.Бод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч: Л.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,
Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн давж заалдах гомдлоор Л.Бод холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Еовогт Лийн Б, 000 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 000 настай, эрэгтэй. бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр баг Сгэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан /регистрийн дугаар РК-000/.
Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Быг “Б.Бг дээрэлхлээ” гэсэн шалтгаанаар зодож, биед нь хамар ясны хугарал, зулай, дагзанд шарх, баруун дээд зовхи, зүүн бугалга, хамар, баруун гарын чигчий хуруунд цус хуралт, баруун бугуй, баруун гарын чигчий хуруунд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Еовогт Лийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лийн Быг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бод оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Бод оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Боос эмчилгээ, унааны зардал 209,290 (хоёр зуун есөн мянга хоёр зуун ер) төгрөг, гар утас, түлхүүрийн үнэ 175,000 (нэг зуун далан таван мянга) төгрөг, нийт 384,290 (гурван зуун наян дөрвөн мянга хоёр зуун ер) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Л.Боос 130,000 (нэг зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 000 тоот дансанд оруулж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Л.Б нь Д.Быг зодсон болох нь хангалтгүй хүрэлцээгүй, эргэлзээтэй, нотлогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн” болон Эрүүгийн хуулийн 1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн нь эргэлзээтэй байхад хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримтуудаас дурдахад
:1 .Хохирогч Д.Б өөрөө 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Б нь над руу утсаар залгаад Хөвсгөл аймгийн М сумын 9-р багт байрлах Сондор худалдааны төв дээр хүрээд ир гэж хэлсэн. Би ганцаараа яваад очиход Б, Б болон нэг үл таних залуу байсан. Тэр гурав 000ХӨҮ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгсэл дотор архи, согтууруулах ундаа хэрэглээд байж байсан Болдоо гэх залуу надад хандаж “чи яагаад Бг дээрэлхээд байдаг юм” гэхээр нь би маргаан үүсэх юм байна гэж бодоод харилаа гээд машинаас нь буугаад гудмаар алхаад явж байтал араас машинтайгаа давхиж ирээд Болдоо бууж ирээд “чи Бгийн утсыг нь авчихлаа ш дээ” гэж хэлснээ эхлээд Болдоо гараараа миний хамар луу цохисон. Бас газраас чулуу аваад миний тархи толгой руу цохиж нүдсэн. Нөгөө залуу нь бас машинаас бууж ирээд миний толгой руу гараараа цохиж зодсон. Болдоо машин луугаа гүйж очсоноо сүхний модон иш бариад хүрээд ирсэн. Тэр модон ишээрээ миний толгой тархи луу цохиж зодсон. Баасанхүү тэр хоёрыгоо салгахгүй болиулахгүй хашаа налсан байдалтай согтуу хараад зогсоод байсан. Сүүлд нь тэр үл таних залуу чулуугаар миний толгойг цохисноос хойш би юу ч санахгүй байна. Тэр үед би ухаан алдчихсан. Нэг мэдсэн Л ах намайг цагдаа дээр аваад ирсэн байсан. Тэгээд би эмнэлэгт очиж толгойдоо оёдол тавиулсан. Болдоо согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодоод байсан. Эхлээд Болдоо гараараа миний хамар луу 2-3 удаа цохисон. Бас чулуу аваад миний толгой руу цохисон. Хамрын яс хугарсан, мөгөөрсөн яс цаашаа цөмөрсөн гэж байсан. Бтой байсан үл таних залууг одоо харвал танина. Л.Бтой адилхан намхан туранхай дуу майжиг хөлтэй хүн байсан” гэж мэдүүлсэн атлаа 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө “Бтой хамт байсан үл таних залуу бол намайг зодоогүй зүгээр л Быгоо надаас салгах гээд байгаа юм уу яах гээд байгаа нь мэдэгдэхгүй над руу дөхөж ирээд байсан болохоор би андуурсан байна. Миний биед учирсан гэмтлүүдийг Б ганцаараа намайг зодож учруулсан ”гэж хоёр өөр мэдүүлэг өгсөн, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй. Хохирогч хүн үнэн зөв мэдүүлэг өгөх л үүрэгтэй. Мөн хохирогчийн мэдүүлэг гэрч Б.Бгийн мэдүүлэгтэй зөрж байгааг анхаараагүй /Хэрэг гарсан гэх өдрөөс хойш 5-6 хоногийн дараа мэдүүлэг өгсөн/. Гомдол мэдээллийн 736 дугаарт 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр М сумын 000тоотын гадаа Д.Б бусдад зодуулсан гэж эгч Д.Д нь гомдол гаргасан /хэнд зодуулсан нь тодорхой биш/. Манай хүү Л Б нь 9 сарын 28-нд хүнд зодуулсан гар утас гэрийн бүх түлхүүр эдгээр зүйлсийг зодсон 3 хүн авсан байгаа. Энэ хүмүүсээс гэрийн түлхүүрээ авмаар байна, өргөдөл бичсэн Д.Д гэж өргөдөл бичсэн /хэнд зодуулсан нь тодорхой биш гар утас, гэрийн түлхүүр Л.Быг авсан гэдгийг хэн ч нотлоогүй/. Мөн гэрч Л.Л 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “2023 онь 9 дүгээр сарын 25-ны өдөр манай дүү гэртээ ирэхдээ нүд нь хөх болсон ирсэн. Яагаад хөх болсон гэхэд Б гэдэг хүүхэн нүдийг нь цохьсон гэж хэлсэн. Миний төрсөн дүү Дийн Б нь 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад миний гар утас руу залгаад ах намайг хүн зодоод байна гэхээр нь би хаана юм гэхэд М сумын 14-р баг Мдэлгүүрийн гудамжинд гэхээр нь 5-10 минутын дараа очиход 000 ХӨҮ улсын дугаартай приус -11 ногоон өнгийн машинтай 2 согтуу хүн Б гэдэг эмэгтэй хүнтэй уулзаад зогсож байсан. ...Быг жолооч эрэгтэй машинаасаа бууж ирээд 2-3 удаа толгой хэсэгт гараараа цохисон” гэж мэдүүлсэн байна.
Гэтэл хохирогч Д.Б нь өмнөх өдрүүдэд Б гэдэг хүүхэнтэй зодолдсон нүд толгой тархиндаа гэмтэлтэй байсан байна. Энэ асуудлыг шалгаж гэмтлийн зэргийг тогтоох гэмтэл хэзээ учирсныг тогтоох зайлшгүй шаардлагатай байсан. Мөн гэрч Д.Л нь хохирогч Д.Бын төрсөн ах бөгөөд нэг санаа зорилготой хүмүүс байгаа учраас гэрчийн мэдүүлэг үнэн зөв гэхэд эргэлзээтэй. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай дүү гэртээ ирэхдээ нүд нь хөх болсон ирсэн. Яагаад хөх болсон гэхэд Б гэдэг хүүхэн нүдийг нь цохисон гэж мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, хэн, хэрхэн үйлдсэн гэдэг нь тодорхой биш байгаа юм. Гэрч Б.Б мэдүүлэхдээ “2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цаг 45 минутын үед манай гэрийн гадаа Д.Б мотоциклтэйгээ давхиж ирээд “утсаа авахгүй яадаг пизда вэ” гэхээр нь би түүнд “би чиний утсыг авах албагүй” гэж хэлсэн Б намайг хөлөөрөө хавсарч унагаасан би чулуун дээр унасан. Миний толгой руу гараараа цохисон, бид хоёр нилээн зууралдсан арай хийж тэрнээс зайгаа барих үедээ би утсаараа түүний ахын /Б гэж дууддаг/ 000 дугаар луу залгаж болж байгаа явдлын талаар хэлсэн. Д.Б ахдаа намайг хүнээр зодуулж байна гээд худлаа хэлээд байсан. Би ах руу нь мессеж бичсэн нэг мэдэхэд би гэртээ байж байхад Д.Б-ын хоёр ах нь манай гэрт орж ирээд “чи манай дүүг хүмүүсээр зодууллаа, тэр хүмүүсийнхээ дугаарыг өг гэхээр нь би хамт гарч цагдаа дээр ирсэн. Тухайн өдөр Б гэх залуутай уулзаагүй” гэж мэдүүлжээ. Үүнээс үзэхэд 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Д.Б нь мөн Б.Б-тэй зодолдсон байх магадлалтай байх бөгөөд гэрч Б.Б нь тухайн өдөр Бтой уулзаагүй гэдгээ мэдүүлсэн байна /Мэдүүлгүүд зөрүүтэй/. Иймд хохирогч Б нь миний үйлчлүүлэгч Л.Быг хардалтын улмаас гүтгээд байна уу, зодуулсан хүнээ сайн танихгүй байна уу гэдэг нь тодорхой биш байна. Хохирогч хэнд зодуулснаа хангалттай сайн мэдэхгүй, эх сурвалжийг эргэлзээгүй тогтоож чадаагүй байхад таньж олуулах ажиллагааг нэг хүсэлт зорилготой хүмүүсээр хийлгэсэн нь учир дутагдалтай байна /таньж олуулах ажиллагааг нотлох баримтын шаардлага хангахгүй мөн миний үйлчлүүлэгч Л.Б нь архи дарс уудаггүй болох нь тогтоогдсон байдаг/. Өмгөөлөгч миний бие прокурорт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Д.Б хэрэг болсон өдөр хэн хэнтэй юу гэж утсаар ярьсан болох, утасны биллийг авах, үл таних залууг олж гэрчээр мэдүүлэг авах, тухайн өдөр ах, дүү Д.Б, Д.Л нар хоорондоо хэдэн цагийн үед утсаар харилцсан болох утасны биллүүдийг авах, Гэрч Б.Б нь “хохирогч гэх Д.Бын ах Борхүү гэж дууддаг хүнтэй 000 дугаар луу залгаж болж байгаа явдлын талаар хэлсэн. Д.Б ахдаа намайг хүнээр зодуулж байна гээд худлаа хэлээд байсан. Би ах руу нь мессеж бичсэн...” гэж мэдүүлдэг тул мөн Б.Б, Борхүү нарын утасны биллүүдийг шалгаж тухайн өдөр хэдэн цагийн үед хэрүүл маргаан болсон эсэхийг тодруулахаас гадна тухайн өдөр хэрэг болсон нь үнэн эсэхийг тогтооход ач холбогдолтой гэж үзэж удаа дараа хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг сайтар шалгаагүй байна. Иймд ...анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн үнэн зөвийг тогтоож, намайг цагаатгаж өгөхийг шүүхээс хүсэж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэрэгт эргэлзээгүй, үнэн зөв, хангалттай нотлох баримт авагдаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Л.Бод холбогдох эрүүгийн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
1.Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Быг “Б.Бг дээрэлхлээ” гэсэн шалтгаанаар зодож, биед нь хамар ясны хугарал, зулай, дагзанд шарх, баруун дээд зовхи, зүүн бугалга, хамар, баруун гарын чигчий хуруунд цус хуралт, баруун бугуй, баруун гарын чигчий хуруунд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх “Л.Бын хохирогч Д.Бын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байх шинжийг агуулах бөгөөд Л.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан “...Шүүгдэгч Л.Б нь Д.Быг зодсон болох нь хангалтгүй хүрэлцээгүй, эргэлзээтэй, нотлогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуулийн 1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн нь эргэлзээтэй байхад хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна...” гэх гомдлын тухайд:
Л.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Баар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19- 20, 23-р тал/, гэрч Д.Лоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21- 23-р тал/, хохирогч Д.Бын өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27, 31, 33-р тал/, гэрч Д.Лийн мэдүүлэг /хх-ийн 41-42- р тал/, гэрч Б.Бгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 50, 54-р тал/, гэрч Б.Бгийн 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Б, гэрч Б.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 57-58-р тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-р тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Ч.Жы 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-924/8773 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-74-р тал/, “Юнител” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12-01/1802 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 97-99-р тал/, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаартай албан бичиг, хавсралт /ххийн 101-102-р тал/, “Юнител” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 05- 01/9713 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 104-106-р тал/, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай албан бичиг, холбогдох баримт /хх-ийн 109-111-р тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17-р тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба Л.Бын гэмт үйлдлийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
5.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
6.Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа өгсөн мэдүүлгийг харьцуулахад Л.Бтой хамт байсан үл таних залуу зодсон эсэх талаар зөрүүтэй мэдүүлсэн байх хэдий ч Л.Бод зодуулсан талаар тогтвортой мэдүүлсэн, Б.Б зодоогүй талаар тодорхой мэдүүлсэн байх тул шүүх уг мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн нь үндэслэлтэй.
7.Мөн хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлгийг баталгаажуулах зорилгоор мөрдөгч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан байх бөгөөд уг ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна /хх-н 19-23-р тал/.
8.Түүнчлэн шүүхээс хохирогч Д.Б, гэрч Д.Л нарын мэдүүлэгт дурдагдсан Л.Б, Б.Б нартай хамт байсан гэх хүнээс мэдүүлэг авах, гэрч Б.Б, хохирогч Д.Бын өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүхээс гарсан энэхүү шийдвэрийг биелүүлээгүй, орхигдуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
9.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ