Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/725

 

2026           06            03                                                                        2026/ДШМ/725

 

Э.М-ид холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч З.Б-,

шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Д.Батбаяр

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ШЦТ/861 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2503 01251 0107 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б- овогт Э-ын М-,  1999 оны 8 дугаар сарын 26-ны  өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ДЭ-/,

 

Шүүгдэгч Э.М- нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дулааны цахилгааны станцын урд замд 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цагийн үед  Тоyota Camry загварын Э-  УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.3 Жолооч гарцаар замд нийлэх замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, мөн дүрмийн 2-р хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох,хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч мотоциклтой мөргөлдөн мотоциклын жолооч З.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газар: Б- овогт Э-ын М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Шүүгдэгч Б- овогт Э-ын М-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Э-ын М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7/долоо/сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Э.М- нь өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Э.М-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж, шүүгдэгч Э.М-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд 1,160,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 10,296,000 төгрөг, нийт 11,456,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч З.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.М-ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан  бодит хохиролд төлөх төлбөргүй болохыг дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...

Нэг. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоогоогүй, нотлох баримтыг нэг талыг барьж үнэлсэн гэж үзэж байна. Миний хувьд зам тээврийн осол гаргасан нь үнэн боловч тухайн осол нь хоёр талын буруутай, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нөхцөл байдалтай байсан. Гэтэл уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд хүргэсэн нь үндэслэлгүй юм.Түүнчлэн уг хэрэг нь зөрчлийн шинжтэй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад зориудаар хүндрүүлж, гэмт хэргийн шинжтэй болгон өөрчилсөн. Энэ нь хэргийг шударга. бодитой шийдвэрлэх зарчимд харшилж байна.

Хоёр. Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хууль зөрчсөн тухай

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрэн, бодитой цуглуулаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт тухай бүр танилцуулаагүй ноцтой зөрчил гаргасан. Тухайлбал, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан атлаа надад танилцуулаагүй нь миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр. эргэлзээ үүсэхүйц нөхцөл байдал байгаагүй байхад дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүү. эргэлзээтэй байдлыг шүүх хангалттай үнэлээгүй.

Гурав. Хэргийн нөхцөл байдалд эргэлзээ байхад ял шийтгэл оногдуулсан тухай

Хэрэг учрал 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр болсон бөгөөд хохирогч нь түүнээс хойш тодорхой хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулж, тэр дундаа спортын тэмцээнд оролцсон нь гэмтлийн шинж, хүндийн зэргийг эргэлзээтэй болгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн нөхцөл байдалд эргэлзээ үүссэн тохиолдолд яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой байтал уг зарчмыг баримтлаагүй байна. Мөн тухайн ослын улмаас учирсан хохирол, гэмтлийн шинж чанар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд хүрээгүй, зөрчлийн журмаар шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Дөрөв. Миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухай

Мөрдөн шалгах болон шүүхийн шатанд миний эрхийг бүрэн хангаагүй, тухайлбал нотлох баримттай танилцах, санал гаргах, маргах боломжийг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдлыг алдагдуулсан.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 31-ний өдрийн 2026/ШЦТ/861 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”... гэжээ.

 

Шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн зүгээс миний үйлчлүүлэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч З.Б-ын биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь Э.М-ийн үйлдлээс үүсээгүй гэж үзэж байна. Хохирогч З.Б- нь хэрэг учрал болох үед биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба үүнээс хойш 20 орчим хоногийн дараа орон нутагт спортын тэмцээнд оролцсон байдаг. Тухайн спортын тэмцээнд оролцохдоо хүндэвтэр гэмтлийг авсан байх боломжтой. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ц.О- нь “урд чагтан холбоосны урагдал гэмтэл тамирчин хүнд үүсэх боломжтой. Урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдалттай үед аяндаа эдгэрэх хүртэлх хугацааг хүлээдэг байгаа, зургаан долоо хоног хүртэл хөдөлгөөнийг хязгаарладаг, ер нь нэлээн өвдөлт ихтэй хавагнадаг” гэж мэдүүлжээ. Энэхүү нөхцөл байдал нь Э.М-ийн буруутай үйлдлээс хохирогч З.Б-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан нь эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ШЦТ/861 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Э.М-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч З.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гэмт хэрэг гарч, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж, MRI-д харуулж, чагтан холбоосны урагдалтай гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийн дагуу шинжээчийн дүгнэлт гарсан. Тэмцээнд явсны дараа дахин MRI-д үзүүлсэн зүйл байхгүй. Баянхонгор аймаг руу тэмцээнд оролцсон нь үнэн. Би дотлогчийн байрлалд биш хамгаалагчийн байрлалд тоглодог. Ганцхан тэмцээнд оролцсон, тийм зураг байсан. Явахгүй бол цалингаа авч чадахгүй учраас өвдгөө боож, тариа хийж, эм ууж тоглосон...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.М- нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дулааны цахилгааны станцын урд замд 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цагийн үед  Тоyota Camry загварын Э-  УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.3 Жолооч гарцаар замд нийлэх замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, мөн дүрмийн 2-р хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох,хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч мотоциклтой мөргөлдөн мотоциклын жолооч З.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 7/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12/,

- хохирогч З.Б-ын: “...Би өөрийн дүү болох Баттулгын хамт 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 17 цагийн орчим өөрийн эзэмшлийн Кавасаки нинжа 300 загварын мотоциклтой Дулааны цахилгаан станцаас Гурвалжингийн гүүр явах замд байрлах Сод Монгол ШТС-ын хойд талын зам дээр баруунаас зүүн тийш чиглэлд 4 эгнээтэй зорчих хэсгийн дунд байрлах үргэлжилсэн цагаан шугам дагуу явж байтал О- УНХ улсын дугаартай цагаан өнгийн camry загварын автомашин Сод Монгол ШТС-с гаран зорчих хэсгийн 1,2-р эгнээг хөндлөн гарч үргэлжилсэн цагаан зураас даван миний баруун талаас намайг мөргөсөн. Тэгээд би газарт унаад босох гэхэд чадахгүй байхаар нь Б- намайг түшиж босгоод замын хажуу тал руу гарган буцаж яваад миний мотоциклийг авч ирсэн. Намайг мөргөсөн машины жолооч бууж ирээд яаж яваад байгаа юм гээд над руу уурлахаар нь би чи яахаараа дүрэм зөрчиж эргэдэг юм гээд уурлахад тухайн залуу түргэн тусламж дуудаж өгсөн. Тэгээд түргэн тусламж ирээд намайг гэмтэл явах талаар зөвлөхөөр нь намайг мөргөсөн залуутай хамт гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд шөрмөсний урагдал, суналт, хальсны урагдал гэх мэт гэмтэлтэй байна гэхэд намайг мөргөсөн залуу цагдаа дуудаад хэрэггүй, би таны хохирлын барагдуулъя гэхээр нь хамт эмнэлэгт үзүүлэн тухайн залуу миний МРИ, томографын төлбөрийг төлөөд яваад өгсөн. Тухайн үеэс хойш бид 2 уулзаагүй ба би цаашид гэмтлүүдээ эмчлүүлэх шаардлагатай байна гэж ярихад миний хохирлыг барагдуулахгүй гэж над руу уурласан. Би 5 удаа физик эмчилгээ хийлгэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Би Хасу мега старс волейболын клубийн гарааны хамгаалагч хийдэг ба 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдөр үндэсний дээд лиг эхлэх ба би тухайн ослоос болж тэмцээндээ орж чадахааргүй болсон, мөн 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаан- Үүр хот руу тэмцээнд явах байсан боловч гэмтлээс болж явж чадахааргүй болсон. Миний эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учирсан, мөн манай би Хасу мега старс клубийн тоглогч тул манай баг надад учирсан гэмтлээс болж оролцож чадахгүй их хэмжээний хохирол амсаж байгаа тул хуулийн дагуу шалгаж өгнө үү...” /хх 18-19/,

- иргэний хариуцагч Ч.О-ийн: “...Toyota Camry загварын О- УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 22/,  

- гэрч А.Б-ын: “...Би 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн ах болох Б-ын хамт Кавасаки нинжа 300 загварын мотоциклтой ДЦС-4 явах замд Сод монгол ШТС-н замын хойд талд явж байтал (би ардын суудалд зорчиж явсан) баруун гар талын Сод монгол ШТС-с цагаан өнгийн Toyota Camry загварын О- УНХ автомашин гарч ирээд 2 машины урдуур ороод бид хоёрын баруун талаас мөргөөд мотоциклтой хамт унагаасан. Тэгээд би босож ирэхэд Б- ах босож чадахгүй байхаар нь би хажуу талаар нь түшээд замаас гаргаад буцаж очоод мотоциклоо замаас холдуулсан. Бид хоёр баруунаас зүүн чиглэлтэй замын хамгийн зүүн талын буюу 2-р эгнээний баруун талын үргэлжилсэн цагаан шугам дагаад явж байсан...” /хх 24-25/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн ЕГ0725/12674 дугаар шинжээчийн дүгнэлт: “...3.Б--н биед баруун шаант ясны дээд гадна булууны ясны эдийн хаван-няцрал, тахим, тавхайн булчингийн хальсны бага зэргийн урагдал, урд, арын чагтан холбоосын суналт, баруун гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 41-43/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0525/1344 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ц.Бадралын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0725/12674 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. 3.Б-ын биед баруун өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт, баруун шаант ясны дээд гадна булууны ясны эдийн хаван-няцрал, тахим, тавхайн булчингийн хальсны бага зэргийн урагдал, урд, арын чагтан холбоосын суналт, баруун гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” /хх 49-5 2/

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0526/42 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Урьд гаргасан 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн ЕГ0725/12674 дугаартай шинжээчийн дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0525/1344 дугаартай дахин шинжилгээний дүгнэлттэй санал нэг байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр авто осолд орох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Б-ын биед баруун өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт, баруун шаант ясны дээд гадна булууны ясны эдийн няцрал, тахим, тавхайн булчингийн хальсны бага зэргийн урагдал, урд, арын чагтан холбоосын суналт, баруун гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /хх 56-61/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0825/4462 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Шинжлүүлэгч З.Б- РД:ЙБ-/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” /хх 72-74/,

- "Авто тээврийн үндэсний төв"-ийн ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт: “ О-УНХ улсын дугаартай цагаан өнгийн Toyota Сamгу маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн баруун урд их гэрлийн гаднах бүрхүүл, цайр хагарч суурь хугарсан эвдрэл гэмтлээс холын гэрэл асахгүй. Ойрын гэрэл, эргэх дохио асаж байгаа. Урд гупер баруун хэсэгт цуурч, зурагдсан. Урд нүүр баруун хэсэгтээ цуурч хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Уг гэмтэл нь ослын улмаас үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна. Зүүн талын их гэрэл хол ойр дээр шилжиж асдаг, баруун талын ойрын гэрэл асдаг, урд ба хойд дохионууд, хойд оврын гэрлүүд асдаг. Урд их гэрлийн гаднах бүрхүүл, цайр хагарч суурь хугарсан эвдрэл гэмтлээс холын гэрэл асахгүй байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 23700cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ Ocd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10600cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 15600cd (стандарт 10000-225000cd) байна. Шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.6кН, баруун талдаа 2.7кН, зөрүү нь 4% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.4кН, баруун талдаа 1.2кН, зөрүү нь 14%, (стандарт <30%) авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой. Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна. Спидометрын заалт 196831км. Уг тээврийн хэрэгслийн хянах дээр заасан дээд хурд 180 км/цаг байна...” /хх 79-83/,

- Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний  тайлан: “...үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 1.055.000 төгрөг...” /хх 95-96/,

- Мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1719 дугаар магадалгаа: “...Жолооч Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, мөн дүрмийн 2-р хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Мотоциклын жолооч 3.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /хх 105-106/,

- шүүгдэгч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 9 дүгээр сарын 3-ний өдрийн 17 цагийн орчим О-УНХ улсын дугаартай Toyota Camry загварын тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр Х- 8Х-, охин Х-, хадам ах Л- нарын хамт Дулааны цахилгаан станц явах замд байдаг Сод Монгол ШТС-с бензин аваад хөдөлсөн. Намайг шатахуун түгээх станцаас гарах үед зүүнээс баруун чиглэлтэй 2 эгнээ замд түгжрэл үүссэн байсан ба би баруунаас зүүн чиглэлтэй явах зорилготой тухайн урсгал түгжрэлгүй байсан тул зүүн тийш дохиод өгөхөд түгжрэлтэй чиглэлийн 1,2-р эгнээнд явж байсан тээврийн хэрэгслүүд надад зам тавьж өгөхөөр нь би урдуур нь орж буцаж эргэх үед цагаан өнгийн мотоцикл зүүнээс баруун тийш явдаг хөдөлгөөнтөө зорчих хэсгийн 2-р эгнээний урд талын давхар зураасны хойд талаар буюу урсгал зөрсөн байдалтай явж байгаад намайг үргэлжилсэн давхар зураасыг урд дугуйгаараа даваад зогсож байтал ирээд миний жолоодож явсан автомашины баруун урд талын гэрлийг мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад ирэхэд тухайн мотоциклтой зорчиж явсан 1 залуу нь газарт суучихсан, 1 залуу нь зогсож байхаар нь очоод би эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөд би тухайн залууд хандаж түгжрэл үүсгээд байгаа болохоор машинаа холдуулаад тохиролцъё гэхэд мотоциклийн жолооч залуу зөвшөөрсөн. Түргэн тусламж 1 орчмын дараа ирэн үзээд хүнд бэртэл байхгүй байна, та нар шаардлагатай гэж үзвэл гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь би тухайн 2 залууг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Удалгүй тухайн залуугийн эгч нь гэх хүн ирээд манай дүү тамирчин хүн байгаа юм, хувийн эмнэлэгт үзүүлээд нарийн шинжилгээнд орох хэрэгтэй гэхээр нь ГССҮТ-н хойд талд байрлах хувийн эмнэлэгт тус бүр 1 шинжилгээнд орсон. Би тухайн үед мотоциклийн жолооч болон зорчигчийг эмнэлгийн байгууллагад үзүүлж шаардлагатай шинжилгээнд оруулаад 800.000 төгрөг орчим төлөөд хоёр талаас дугаараа өгөөд салцгаасан. Надад өөр нэмж ярих зүйл...” /хх 27-29/, “...үргэлжилсэн цагаан шугам давах үед миний зүүн гар талаас мотоциклтой хүн замын голоор урсгал сөрсөн байдалтай орж ирээд миний машины баруун урд хэсэгт мөргөөд унасан. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад очиход мотоциклтой 2 хүн замын хажууд байсан блок дээр сууж байсан. Биеийн байдал нь гайгүй зовуурьгүй харагдаж байсан. Тэгээд би түргэн тусламж дуудаад тэр 2 хүнийг үзүүлэхэд эмч нь гайгүй байна ГССҮТ-д очиж үзүүлээрэй гэж хэлсэн тэгээд би тэр 2 хүнийг машиндаа суулгаад ГССҮТ-д очиж үзүүлэхэд гэмтэлгүй байна гэж хэлж байсан. Тэгээд тэр гомдол гаргасан гэх залуугийн эгч нь гээд нэг эмэгтэй ирээд манай дүү тамирчин хүн байгаа юм бид нар дүүгээ хувийн эмнэлэгт үзүүлмээр байна гэхээр нь Гэмтлийн хойд талд байдаг хувийн эмнэлэгт шинжилгээ өгсөн. Эхний шинжилгээг нь тэр 2 хүн хоёулаа өгсөн тэгээд дахиад шинжилгээ өгнө гэхдээ 7 хоногийн дараа өгнө гэхээр нь тэр өдрөө салаад явсан. Тэгээд 9 хоногийн дараа дахиж шинжилгээ өгөөд зүгээр байна гэж хэлсэн тэгэхэд тэр залуу би хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ чи төл гээд байхаар нь би зүгээр байгаа юманд мөнгө төлөхгүй гэж хэлсэн тэгсэн чинь л намайг харааж зүхээд уурлаад чи хэнээр оролдсоноо харна аа гэх зэргээр хэлж байсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргасан юм шиг байна лээ. Би тухайн үед нь хэлсэн мотоциклыг нь засаад өгье гэж хэлсэн тэгтэл өөдөөс мөнгө нэхээд л байсан. Би тухайн үед хүний алхалтын хурдтай л адилхан явсан байх. Эсрэг урсгал руу орж байсан болохоор би удаан орж машин ирж байгаа эсэхийг хараад явж байсан юм...” /хх 117/,

- шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 119-122/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 123/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Э.Мөнхоржийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.М-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гаргасан зөрчил нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэж дүгнэн, түүний уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар зөв тайлбарлан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар мэргэшсэн мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт гаргадаг бөгөөд шүүгдэгч Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, мөн дүрмийн 2-р хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно гэсэн заалтыг зөрчсөн, мотоциклын жолооч 3.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно гэсэн заалтыг тус тус  зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан талаар Мөрдөгчийн магадалгаа гарсан, шүүгдэгч, хохирогчийн энэхүү болгоомжгүй үйлдлийн улмаас 3.Б-ын биед баруун өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт, баруун шаант ясны дээд гадна булууны ясны эдийн хаван-няцрал, тахим, тавхайн булчингийн хальсны бага зэргийн урагдал, урд, арын чагтан холбоосын суналт, баруун гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй байх бөгөөд хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй байдлаар нотолсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг болдог.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.М-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7/долоо/сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Э.М-оос ...осол гаргахад 2 тал 2-лаа буруутай зөрчлийн шинжтэй үйлдэл байхад эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн надад танилцуулаагүй, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд миний эрхийг бүрэн хангаагүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяраас ...Э.М-ийн буруутай үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь эргэлзээтэй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн гомдлыг тус тус давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

1. Шүүгдэгч Э.М-ид холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоохоор 3 удаагийн буюу 2025 оны 10 дугаар сарын 3,  2025 оны 10 дугаар сарын 23, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг тухай бүрд шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарт тус тус танилцуулж, тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт баримтаар авагдсан байх тул шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх” буюу “in dubio pro reo” зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдах зорилгыг хангахын тулд гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчилдэг бөгөөд хуульт ёсны шууд тусгал болж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” зарчмыг баримтална.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй гэх 2 оюун дүгнэлтэд тулгуурладаг ба аливаа дур зорго, хэлмэгдүүлэхээс хүнийг хамгаалах шүүхийн үүргийг тодорхойлдог учиртай.

Уг хэргийн хувьд шүүгдэгч Э.М- Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч З.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан,  эдгээр гэмтэл нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болох талаар шинжээч дүгнэлтдээ дурдсан байна.

Иймээс тусгай мэдлэгийн хүрээнд гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх учиргүй юм. Өөрөөр хэлбэл хохирогч гэмт хэрэг гарсны дараа волейбол тоглож дээрх гэмтлийг өөртөө учруулсан гэж үзэхгүй юм.

Дээрх гэмт хэргийг гарахад хохирогч, шүүгдэгч нар буруутай болох нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогддог боловч энэ нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзэх асуудал биш болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.М- тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч З.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр тогтоогдсоныг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол”, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг”-т тооцно гэж тус тус хуульчилсан.

Энэхүү хуулийн хүрээнд анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 10.296.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба үүнийг давж заалдах шатны шүүхээс 50 хувь бууруулж 5.148.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Учир нь мөрдөгчийн магадалгаагаар хохирогч мотоциклын жолооч 3.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана” гэж хуульчилсан.

Тодруулбал тухайн зам тээврийн осол гарахад хохирогч З.Б-ын болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн тул шүүх гэм хорын хэмжээг багасгах боломжтой гэж үзсэн.

Иймд шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ШЦТ/861 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

7 дахь заалт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд 1,160,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 10,296,000 төгрөг, нийт 11,456,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч З.Б-д олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд 1,160,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5.148.000 төгрөг, нийт 6.308.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч З.Б-д олгосугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Л.ГАЛБАДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАЯРМАА